Мөрийтэй тоглоом тоглоод мөнгө олохгүй гэдэг дээр мөрийцсөн ч болж байна…

7 минут уншина

Олон гишүүнтэй фейсбүүк группүүдээр нөхөр маань ингэж тоглоод, тэгж алдаад яах ёстой вэ гэсэн постыг магадгүй та харсан байх. Угаас сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоомд донтож, хамаг хөрөнгөө алдсан залуусын тоо нэмэгдэж, түүний хэрээр гадагш урсах мөнгө хэдэн их наядаар хэмжигдэх болжээ. Харамсалтай нь тэд мөнгөнөөс гадна гэр бүл, орон байр, залуу нас, цаг хугацаагаа алдаад зогсохгүй амь насаараа хохирох тохиолдол ч бишгүй гарч байна.

Хэнд ч утсаа оролдож сууж байгаад л их хэмжээний мөнгө олоод байвал сайхан санагдах нь дамжиггүй. Харин ч бүр хожсон мөнгөнөөсөө аз жаргал мэдэрч, тэр мэдрэмжээ авахын тулд илүү их шунаж тоглодог. Гэвч энэ үйлдэл нь мөрийтэй тоглоом зохион байгуулдаг хүмүүсийн халаасыг түнтийлгэдэг бол нөгөө талд гэр бүлийнхнийх нь амар тайван байдал, сэтгэл санааг унагаж, санхүүгийн хохиролд хүргэдэг. Мөн мөрийтэй тоглоомын нийгэмд учруулах хор нөлөө их. Наанадаж мөрийтэй тоглоомд донтсон этгээд тоглох мөнгөө олохын тулд хулгай дээрэм хийх, залилах зэрэг гэмт хэргүүдийг ч үйлддэг.

СУДАЛГАА: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн тасагт мөрийтэй тоглоомын улмаас эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх хувь нь гэр бүлээрээ санхүүгийн асуудалд орсон байдаг. Үүнээс болж тэдний 60 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар амиа хорлох талаар боддог бол 40 орчим хувь нь амиа хорлох ямар нэгэн оролдлого хийсэн байдаг.

Тэгвэл гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 18-39 насны хүмүүс байдаг бөгөөд холбогдогчдын дийлэнх хувь нь эрэгтэй. Ийнхүү манай редакц мөрийтэй тоглоом тоглож байсан болон тоглодог хүний гэр бүлийн хүнээс тодруулга авсан юм.

Д.С

Анх 2019 онд манай найзууд “амархан мөнгө олдог” гэхээр нь тоглож үзэж байсан. Нээрээ л эхэндээ утсаа оролдоод л 10,20 мянгаа хэд нугалж олоод байхаар гоё санагдсан. Сүүлдээ мөнгөгүй болсон үедээ ах дүү, найз нөхдөөсөө мөнгө зээлнэ. Одохгүй бол утас, нөүтбүүкээ ломбардад тавиад ч хамаагүй тоглодог болчихсон байсан. Тоглох тусам л өрөнд ороод, санхүү хэцүү болсон болохоор нэг л өдөр больё гэж шийдсэн. Миний тооцооллоор нэг дор биш ч цувуулсаар 10 гаруй сая төгрөг алдсан байсан. Заримдаа мөнгө хэрэг болсон үед тоглочихмоор санагддаг ч сайн зүйлд хүргэхгүйг нь мэддэг болохоор оролдохоо больсон.

Л.Ж

Анх 19 настайдаа найзуудыгаа хараад тоглож үзсэн. Тоглох тусам өрөнд орж, өөрийгөө хянахаа больсон. Тав арван мянга байсан ч тоглочихдог. Тэгээд 2 жил шахуу тоглоод нэлээн ч өрөнд орсныхоо дараа өөрийгөө анзаарч эхэлсэн. Бас гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон болохоор илүү их өрөнд орж эрсдэлд орохоосоо өмнө больё гэж шийдсэн. Одоо бол огт тоглодоггүй. Тоглох хүсэл ч төрхөө больсон доо. Ер нь тэгээд архи дарс, мөрийтэй тоглоом хэзээ ч сайн сайхан зүйлд хүргэхгүй дээ…

Б.Д

Манай нөхөр цахим мөрийтэй тоглоомыг хоёр жил тоглосноос болж машинаа зарж цалингийн болон, хувь хүнээс олон сая төгрөг зээлж өрөнд орсон. Жилийн өмнө тоглохоо больсон ч манай гэр бүл одоог хүртэл санхүүгийн тогтвортой байдлаа олж аваагүй л байгаа. Мөн дээрээс нь гэр бүлийн маргаан өдөр болгон гардаг гэхэд хилсдэхгүй. Энэ байдал гурван жил үргэлжилж байгаа гэсэн үг. Эд хөрөнгөө зарж, их хэмжээний өр нэхэгддэг болсон үеэс нь би түүнийг мөрийтэй тоглож байгааг нь анзаарсан юм. Түүнээс өмнө нь гар утасны хэт донтолттой болсон байна л гэж ойлгодог байсан. Учир нь шөнө ч унтахгүй, авир ааш нь өөрчлөгдөж, худал ярих нь ихэссэн. Гэмт хүн гэлбэлздэг гэж утасных нь ойрхон зөрөх төдийд уурлаж, дургүйцдэг болсон. Тийм хүнээс юм асууна гэдэг бүр бүтэшгүй, болохгүй болсон. Манай гэр бүл залуу гэр бүл тул өөрсдийн гэсэн орон гэргүй. Түрээсийн байраар амьдраад зургаан жил болж байгаа. Нялх хүүхэдтэй. Түүнээс яах гэж ийм сонголт хийснийг нь асуухад хурдан хугацаанд амьдралын хэрэгцээгээ хангах мөнгө олохыг хичээсэн гэсэн. Гэвч тэр сонголтоо буруу хийж маш их зүйлсийг алдсан. Мөнгө санхүүгээрээ хохирохын зэрэгцээ гэр бүлийнхээ тогтвортой харилцаа, нэг нэгэндээ итгэх итгэл, хүүхдийнхээ эрсдэлгүй ирээдүй гээд… Энэ үеүдэд дөнгөж төрсөн миний сэтгэл санааны хямрал, бие махбодын ядралт, сэтгэл гутрал зэргийг ярихаас ч халшрам. Тийм дээ ч бидний харилцаа одоог хүртэл аргацаасан гэмээр халуун дотно биш болсон. Амархан олддог мөнгө гэж ер байхгүй гэдэг үг ч бий. Бага чулуугаар их чулуу хөдөлгөдөг мөрийтэй тоглоомын цаадах хар балагт бүү хөл дүрээрэй.

Мөрийтэй тоглоом нь хар тамхинаас илүү донтуулдаг. 

Мөрийтэй тоглоомд донтох шалтгаан

Хүн байнгын ажил орлогогүй байх, нийгмийн байр суурь нь тодорхойгүй, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөөгүй, зорилго зорилт нь тодорхой биш зэрэг шалтгаанаас болж чөлөөт цаг хэт их гарснаас аливаа зүйлд донтох магадлал ихэсдэг байна. Нөгөөтээгүүр сэтгэлзүйн хүчин зүйл буюу буруу амьдралын хэв маяг, ганцаардал, хийж буй ажил нь таалагддаггүй зэрэг таагүй байдлаасаа түр ч болов холдож, өөрийн сэтгэл хөдлөлийг дарахын тулд тоглож эхэлдэг. Мөн мөрийтэй тоглоом тоглоод хожиход тухайн хүнд аз жаргал, сайхан мэдрэмж авах даавар буюу допамин даавар ялгардаг. Мөрийтэй тоглоомоос энэ мэдрэмжийг нэг л мэдэрсэн хүн өдөр тутмын аз жаргал, сэтгэл ханамжтай байдлыг мэдрэхээ больдог. Ингээд энэ аз жаргалыг мэдрэхийн тулд дахин дахин мөрийтэй тоглоом тоглосноор донтолт эхэлдэг ажээ.

Тэгвэл таны ойр дотны хүн ийм төрлийн хамааралтай болчихсон байвал дараах шинж тэмдэг илэрнэ…

-Санаашрах, элдэв юманд идэвхгүй хандах

-Мөнгө төгрөгний асуудал гарах

-Үнэнээ хэлэхгүй янз бүрийн шалтаг хэлэх

-Гар утаснаасаа салахгүй, машиндаа, нойлдоо, гэрийнхнээ унтсаны дараа тоглох

-Зан ааш нь өөрчлөгдөх, хурц ширүүн болох…

ЯАГААД МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ТА ХОЖИХ БОЛОМЖГҮЙГ ТАЙЛБАРЛАХ НЬ:

Үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд байдаг гэдэг шиг амархан олддог мөнгө огт байхгүй. Магадгүй та аз ёндоондоо найдаж болох ч мөрийтэй тоглоом тоглоод баяжсан хүн гэж нэгээхэн ч үгүй. Учир нь гэмт этгээдүүд нь poker буюу мөрийтэй тоглоомын аппликейшн, сайт нээж, хэд хэдэн аккаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл цахим тоглоомын өрөө /ширээ/-нд 6 иргэнийг нэг группт оруулж байгаа боловч үнэндээ 6 иргэний олонх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг. Үүнийг сонирхогч иргэнд олон тоглогчтой мэт сэтгэгдэл төрүүлэн мөнгө хожих боломжийг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл та 5 хүнтэй ганцаараа тоглож, нөгөө талд бүх хөзрийг харж байдаг. Мэдээж тэд их мөнгө олохын тулд бага хэмжээний мөнгийг тоглогчид өгөх нь тодорхой. Харамсалтай нь тэр олсон жаахан мөнгөндөө амтшиж эхэлснээр тоглогч бүх зүйлээ алдахад хүрнэ…

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

HUMANZ РЕДАКЦ

TAGGED:
Түгээх