Нигерийн 22 настай контент бүтээгч Рэйчел Ожуроми Парисын загварын долоо хоногийн үеэр Chanel брэндийн 2027 оны хавар, зуны коллекцийн шоунд анх удаа алхлаа. Өмнө нь Chanel-ийн шоунуудыг дэлгэцээр үздэг байсан түүний хувьд энэ мөч олон жилийн өмнөөс төсөөлж ирсэн мөрөөдөл нь бодит болсон үйл явдал байв.

Ожуроми мэргэжлийн модел биш бөгөөд багадаа мэдрэлийн мэс засалч болохыг хүсдэг байсан ч хожим кино урлагийн чиглэлээр суралцжээ. Богино хэмжээний кино хийж, цөөн үзэгчидтэйгээр бүтээлээ толилуулах үеэрээ Дебби Фасингатай танилцсан нь түүний амьдралын дараагийн үеийг эхлүүлсэн байна. Фасинга хожим түүний хамгийн сайн найз төдийгүй стилист нь болжээ.
Улмаар Ожуроми, Фасинга нар гэрэл зурагчин Odey Ikpä-тай хамтран Лагосын гудамж, өдөр тутмын орчныг ашигласан загварын контентууд хийж эхэлсэн байна. Тэдний Instagram, TikTok-д нийтэлдэг богино хэмжээний “fit-check” бичлэгүүд бусдынхаас ялгарч байв. Тансаг студи, тусгай зассан зураг авалтын талбайн оронд Лагосын бодит амьдралын дунд тод өнгө, өвөрмөц хослол бүхий хувцаслалтаа харуулдаг нь Ожуромигийн таних тэмдэг болжээ.
Түүний Chanel-д хүрэх замд нэг бичлэг онцгой нөлөө үзүүлсэн байна. Ожуроми Chanel-ийн Métiers d’Art 2026 шоунаас санаа авч, өөрийн хувилбарыг Лагост бүтээн сошиалд нийтэлжээ. Уг контент олны анхаарлыг татсаар Chanel-ийн бүтээлч захирал Маттью Блазид хүрсэн байна. Vogue España Ожуромиг Блази энэхүү бичлэгийг нь үзсэний дараа сонгосон гэж мэдээлжээ.
Ингээд 2026 оны аравдугаар сарын 5-нд Ожуроми өмнө нь зөвхөн төсөөлж байсан тайзан дээрээ гарлаа. Энэ мөч түүний хувьд Парист ирсэн явдалтай ч онцгой давхацжээ. Ожуроми 2020 онд нэг өдөр Парист амьдарч буйгаа төсөөлсөн бичлэгүүд хүртэл хийдэг байсан бөгөөд зургаан жилийн дараа анх удаа Парис хотод ирээд зогсохгүй Chanel-ийн шоунд алхсан байна.
