УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2026 оны наймдугаар сарын 24) — Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн өртгийн сүлжээнд хөрөнгө оруулж буй малчид, хоршоод, жижиг, дунд үйлдвэрүүд болон хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ногоон, хүртээмжтэй бүс нутгийн агробизнесийн сан (GIRAF)-г албан ёсоор нээлээ.

АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Аймаг, сумын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Ногоон уур амьсгалын сангаас олгосон 92.6 сая ам.доллар, мөн арилжааны банкуудаас төвлөрүүлэхээр төлөвлөж буй нэмэлт 25 сая ам.долларын санхүүжилтээр уг санг байгуулжээ. Тус сан нь бэлчээрийн тогтвортой менежмент, мал аж ахуйн үйлдвэрлэл болон хөдөөгийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжинэ. Ингэхдээ хөнгөлөлттэй зээл, зээлийн батлан даалт, бичил санхүүжилт болон инновацын буцалтгүй тусламжаар дамжуулан Монголын хөдөөгийн эдийн засагт олон жил тулгамдсан санхүүжилтийн бэрхшээлийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах юм.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жухюн Жон:
“GIRAF сан нь Монгол Улсын хөдөөгийн хөгжлийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх санхүүжилтийн шинэ арга барил юм. Тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл болон бэлчээрийн менежментийг сайжруулахад тохирсон санхүүгийн шийдлүүдийг санал болгосноор ажлын байр бий болгох, хөдөөгийн эдийн засгийг бэхжүүлэх, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, гамшгийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд тусална” гэв.
Сэрүүн бүсийн өвслөг тал хээр Монгол Улсын газар нутгийн 82 орчим хувийг эзэлдэг. Үүнд түшиглэсэн мал аж ахуйн салбар нь улсын нийт ажил эрхлэлтийн дөрөвний нэг орчим, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг бүрдүүлдэг. Гэвч эдгээр экосистем болон түүнээс амьжиргаагаа залгуулдаг орон нутгийн иргэд цөлжилт, бэлчээрийн доройтлын өсөн нэмэгдэж буй дарамтад өртөж байна.
Тус сан эхний ээлжид 37.5 сая ам.долларын санхүүжилт олгоно. Үүнд гурван сая ам.долларын буцалтгүй тусламж багтаж байгаа юм. Уг санхүүжилтийг хөдөө орон нутгийн бизнесүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зээлийн батлан даалт болон ногоон инновацыг дэмжих буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно. Малчид, малчдын хоршоодыг оролцуулсан арилжааны түншлэл болон үр өгөөжийг хуваарилах зохицуулалттай аж ахуйн нэгжүүдэд тэргүүн ээлжид дэмжлэг үзүүлэх юм.
Мөн газарзүйн орон зайн мэдээлэл болон зайнаас тандан судлах технологид суурилсан дижитал мөшгөх, хяналт-шинжилгээний систем нэвтрүүлж, хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хянахын зэрэгцээ байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлсэн үр нөлөөг хэмжинэ.
GIRAF сан 2034 он гэхэд 500 орчим жижиг, дунд үйлдвэр, хоршоо болон 1,000 бичил аж ахуйн нэгжийг дэмжих төлөвтэй байна. Ингэснээр малын гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт болон хөдөөгийн иргэдийн амьжиргааны тэсвэрлэх чадварыг сайжруулахад хувь нэмэр оруулах юм.
Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой, хүртээмжтэй, тэсвэртэй өсөлтийг дэмждэг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. АХБ гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран олон талт, нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд санхүүгийн шинэлэг хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашиглан иргэдийн амьдралыг өөрчлөх, чанартай дэд бүтцийг хөгжүүлэх, дэлхий эх орноо хамгаалах чиглэлээр ажилладаг. 1966 онд байгуулагдсан АХБ нь 69 гишүүн оронтой бөгөөд тэдгээрийн 50 нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс юм.
