HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
INTERVIEW

Э.Цэндсүрэн: Алдаад ч хамаагүй хөгжмөө сүнстэй тоглож, уран бүтээлээ амьдруулах нь үнэ цэнтэй санагддаг

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 04 сарын 27

HumanZредакц энэ удаагийн ярилцлагаар Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, “Aydurecords”-ийн уран бүтээлч Э.Цэндсүрэнг онцолж байна. Бид түүнийг Цэнцээ гэж дууддаг билээ. Залуусын очих дуртай бүхий л арга хэмжээнд хуучиртайгаа хамт саатдаг авьяаслаг уран бүтээлч. Хуучир хөгжим болон хөгжимчний амьдралын тухай сонирхолтой яриаг хүлээн авна уу.

– Хөгжимчин болох аялал хаанаас эхэлсэн бэ гэдэг асуултаар яриагаа эхэлье?

– Намайг бага байхад манай гэр бүл хөгжимлөг уур амьсгалтай айл байлаа л даа. Аав минь дуу зохиодог. Ээж ятга, шанз, ёочин хөгжим тоглодог. Мэргэжлийн биш л дээ. Сонсголоороо л сурчихсан гэдэг юм. Манайх байнга л дуу хууртай. Хүмүүс манай гэрт зочлох дуртай. Тиймдээ ч жаахан байхаасаа л олон хүний урд гараад дуулчихдаг хүүхэд байсан болохоор урлагт хайртай болж өссөн л дөө. Хөгжимчин болох зөн совин байсан юм болов уу гэж боддог. 2006 онд Хөгжим бүжигт шалгуулахдаа морин хуурын ангид орохоор бэлдсэн. Харин мэргэжлийн багш намайг хараад гар, бие нь хуучир хөгжимд тохирох хүүхэд байна гээд ангиа сольж байсан. Тухайн үед би ихэнх ардын хөгжмийг тоглож мэддэг хэрнээ ганц мэддэггүй нь хуучир. Тэгсэн хэрнээ хуучир хөгжмийн ангид сонгогдоод орчихсон гэхүү дээ.

– Сонсоход таатай байдгаас хуучир хөгжмийн тухай хангалттай ойлголтгүй юм байна. Онцлог, түүх гарал нь хаанаас юм бэ?

– Хуучир бол Ази даяар өргөн дэлгэр тоглодог хөгжмийн зэмсэг. Зарим хүн Азийн хийл ч гэдэг. Хуучрын хөгжлийн төв бол яах аргагүй Хятад улс. Хятадад хуучрын нэр бол “Ху Чин” буюу нүүдэлчдийн хуур гэсэн утгатай үгнээс бүтдэг ханзтай. Хятадад бүх нумт хөгжмийг “Ху Чин” гэж нэрлэдэг. Манай морин хуур ч бас тэрэнд багтдаг. Хятадад хуучраар тоглож болох зохиолын, урын сангийн дуусашгүй сонголт бий. Өрсөлдөөн ихтэй. Зөвхөн хуучирт зориулж хөгжим бичдэг зохиолчидтой. Зэмсгийн хувьд ч гэсэн үсрэнгүй хөгжчихсөн учраас Хятад хөгжим юм биш үү гэж харах тал байдаг. Хятадад сурч байхад гадаадаас ирсэн оюутнууд хамгийн түрүүнд тэндхийн уран бүтээлээс тоглож сурдаг. Малайзын хуучирт зориулсан бүтээл гэдэг ч юм уу, тиймэрхүү зүйл би огт сонсож байгаагүй. Гэтэл Монгол Улс бол 1960-аад оноос мэргэжлийн сургалтаа хөгжим бүжигт эхлүүлчихсэн. Системтэй сургалтын эхлэлийг П.Мөнгөнцэцэг багшийн маань багш болох С.Цэвэлмаа тавьчихсан. Ерөөл, магтаал, ардын дуу хууртай. Дээрээс нь хуучир тоглож чаддаг маш олон хүнтэй. Лувсан, Түдэв, Балдан, Банзрагч гээд л. Хөгжмийн зохиолч Мөрдорж хүртэл хуучир тоглодог байсан юм билээ. Өнөөдрийн Үндэсний урлагийн их театр буюу тухайн үеийн үндэсний хөгжмөөр нийлсэн оркестр байгуулах санааг Мөрдорж гуай гаргаад, явцын дунд Зөвлөлт холбоот улсаас Смирнов гэж хөгжмийн мэргэжилтэн ирсэн гэдэг. Тэрээр, хуучир хөгжим дөрвөн утастай байхаараа найрал хөгжмийн хөгийг алдагдуулж байна. Тиймээс дээд хоёр утсыг аваад, доод хоёрыг нь үлдээе гэсэн юм билээ. Тэр цагаас хойш хоёр утастай болчихсон. Бодоод байхад анх Хөгжим бүжигт орж байхад дөрвөн чихтэй хэрнээ доод хоёр утсыг нь ашигладаг хуучир харагддаг л байсан.

Хөгжимчин болохын тулд их олон жил сурдаг. Сонгодог хөгжмийн хүүхдүүд бол зургаан наснаасаа эхлээд насан туршийн мэргэжлээ сонгодог байх жишээтэй. Би 12 настайдаа хөгжимчин болно гэж сонгосноос хойш 10 жил сурсан. Цаашаа магистр болоод мэргэжил дээшлүүлээд явна. Хэрэв суръя гэвэл нэмж сураад л байдаг мэргэжил дээ.

– Хөгжимчин болох хүнээс сахилга бат, тэвчээр хатуужил их шаарддаг байх даа?

– Хүүхэд насаа бодохоор гадаа тоглоод л, найзуудтайгаа цагийг өнгөрөөсөн үе ховорхон санагддаг. Хөгжим гоё боловч нөгөө талаасаа хүнийг дэгтэй, тууштай болгодог. Заримдаа хүсэхгүй байсан ч гэсэн хийхээс өөр аргагүй мэргэжил. Чөлөөт цагаараа хөгжмөө давтана. Хажуугаар нь ерөнхий эрдмээ давхар үздэг учраас завгүй хүүхэд байжээ. Сэтгэлээс сэтгэлд хүрсэн сүнстэй тоглохын тулд олон жил бэлдэх хэрэгтэй юм болов уу. Энд маш нарийн зүйл яригдана л даа. Хурууны хэдхэн милиметр дээр л зөрүү яригдана шүү дээ. Тэгэхээр хүний оюун тархинаас гарч буй бүтээлийг хөгжмөөр дамжуулж эхлэхдээ л сүнстэй байх ёстой. Тоглож эхлэхдээ л амьсгаагаа авдаг ч юм уу. Заримдаа зохиолтойгоо удаан хугацаанд ажиллаад ирэхээр нэгэн цул болчихдог. Нэг удаа зураачтай уран зургийн галерей үзэж байхад “Энэ амтагдаж байгаа биз дээ” гэж асуугаад байсан юм. Тухайн үедээ би амталж чадахгүй байсан л даа. Гэхдээ сүүлд яг тэр зураачийн хэлсэн “амтагддаг” мэдрэмжийг хөгжмөөсөө авдаг болсон. Заримдаа арааны шүлс асгараад, чимчигнэх шиг болдог. Миний хувьд ямар ч өө, алдаагүй хэрнээ сүнсгүй тоглож байснаас бага зэрэг алдаад ч хамаагүй амьдруулах нь үнэ цэнтэй санагддаг. Яагаад гэвэл урд сурч байхдаа амьгүй тоглолт олон удаа үзэж байсан. Сонсоход ямар ч өөгүй. Бүх зүйл төгс. Тэгсэн мөртөө тэндээс юу ч мэдрээгүй. Ингэж бодохоор хөгжмийн зохиолд том жижгийн ялгаа байдаггүй ч юм шиг. Жижигхэн дуу хүртэл хүний сэтгэлийг уяраадаг шүү дээ. Тийм болохоор баялаг ертөнцтэй байх ёстой юм шиг. Тэр хүн дотроо ямар байна, түүнтэй ижил уран бүтээл гарна байх.

– Хүсээгүй байсан ч хийдэг гэхээр шантрах үетэй их таардаг байх нь ээ?

– Хөгжмийн сургуульд ороход хаа сайгүй төрөл бүрийн хөгжим дугараад л үнэхээр гоё. Би өөрөө ч хуучир гэдэг чинь ийм сайхан хөгжим юм уу гэж дурлаад л. Сэтгэгдэл аягүй өндөр эхэлж байснаа шантраад доош орчихно. Тэр дунд янз бүрийн л юм тохиолдож байгаа юм. Би үнэхээр хуучирчин болох хүн мөн үү, биш үү гэж эргэлзэнэ. Ятга нь гоё дугараад байгаа юм биш үү. Ийшээ ч ордог байж уу гээд л. Миний бодлоор хүн “Энэ яг мөн юм байна” гэдэг мэдрэмжээ олох хүртэл нэлээн хэдэн жилийг туулах юм билээ. Бараг л долоон жилийн дараа надад тэр мэдрэмж минь ирж байж бат шийдсэн. Ингэж дурлах хүртэл нэлээн уддаг л даа. Анх сурч байгаа ч юм уу, эсвэл хөгжмөөр сурч байгаа хүүхдүүд замын дунд хэсэгхэн дайрах доош хэмнэлтэй үедээ битгий шантраасай гэж боддог. Анх 50,60 хүүхэд нэг ангид орно. Ахлах ангиа төгсөхдөө 20 гаран болоод л. Курс төгсөхдөө 10 гаран болоод л. Үүнээсээ шигшигдээд 5,6 нь л мэргэжлээрээ ажилладаг. Аягүй цөөхүүлээ л байдаг.

– Хятадад хуучир сурахаар очих мэдрэмж, орчин ямар байсан бэ?

– Хуучирч болно гэдгээ шийдчихсэн болохоор сургуулиа төгсөөд энэ хөгжмийн хөгжлийн төвд нь очиж суръя гэдэг хүсэл байсан. Тэрийгээ хадгалсаар байгаад очсон. Хятадууд маш эрт босдог хүмүүс. Вичатаар янз бүрийн хүрээлэл үүсгээд, олон төрлийн зүйлээр өөрсдийгөө сорьдог. Надад ч бас ганцаараа байх хугацааг өөртөө зориулж, шинэ зүйл сурна гэсэн “өлөн” зан байсан юм. 60 хоног ч билүү үүрийн 05.00 цагт босож гүйж үзээд л. Энэ дунд манай мэргэжлийн багш “Чи өглөө босонгуутаа бэлдэж байвал хөгжимчин болох гэж байна л гэж ойлго” гэдэг байсан. Өглөөний нэг цаг өдрийн хоёр цагтай тэнцдэг гэдгийг тэнд байх хугацаандаа нэлээн ашигласан. Шанхайд оюутнуудаараа нийлээд ярилцана. Юу, юу мэдэж чаддагаа ээлжлэн нэгэндээ хуваалцана. Үнэхээр бүтээлч хүрээлэл. Сар бүр нэг ном уншихаар хүн жинхэнээсээ өөрчлөгддөг юм байна лээ. Ямар ч хамаагүй агуулгатай ном уншсан хэрнээ тэндээс хөгжимдөө хэрэгтэй зүйл олж авдаг байсан. Одоо бол уран зохиолын ном уншдаг. Зарим хөгжмийн бүтээл уншиж буй номыг хэлээд байгаа ч юм шиг хоорондоо холбоотой. Үүнийг мэдэрчихээр хөгжмөө өшөө илүү амилуулахад хэрэг болдог. Зарим хөгжмийг сүнстэй, амьд тоглоход миний амьдралын туршлага хүрэхгүй байж болно шүү дээ. Би бүх зовлонг туулаагүй болохоор. Тэр үед нэг сайхан уран зохиолын ном уншихад үйл явдал нь холбогдоод, тоглоход тусалдаг.

– Тоглох дуртай ч юмуу, сэтгэгдэл үлдээсэн бүтээл гэж байдаг уу?

– Нэг бүтээлийг хөгжимчин ямар он цагуудад тоглож байгаагаас хамаараад мэдрэмж нь өөр байдаг. Б.Шаравын “Аяз” бүтээл санаанд орж байна. Эхлээд тэр бүтээлийг тоглохоор ээж бодогддог байсан юм. Ээж өглөө босоод л, цайгаа чанаад л. Над руу асгарах дуусашгүй хайр нь тэр хөгжим дээр над руу асгараад л байгаа юм шиг. Дараа аавыг бурхан болсны дараа энэ бүтээлийг тоглохоор аав бодогддог болчихсон. Бид Ховд аймгийн Чандмань сумын айл байсан л даа. Нутагтаа жил болгон очиж чадахгүй. Хааяа нэг очиж сайхан байж байгаад буцна. Манай аав хэр баргийн юманд уйлахгүй л дээ. Тэгсэн мөртлөө нутгаасаа гарахдаа л уйлчихдаг. Хожим энэ бүтээлийг тоглоход яг аавын уйлж буй дүр зураг бодогдсон. Энэ талаасаа хөгжмийн бүтээл үнэхээр баялаг.

– АНУ-ын Төрийн департментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны санаачилга болох “OneBeat” хөтөлбөрт тэнцсэн түүхээ яриач?

– One beat хөтөлбөрт надаас өмнө манай улсаас хоёр уран бүтээлч явсан юм билээ. Миний хувьд хөтөлбөрийн шалгаруулалтад хоёр удаа материалаа өгсөн. Гурав дахь оролдлого дээрээ тэнцээд маш их баярласан. One beat гэдэг залуу уран бүтээлчдийг урлангаар хангах хөтөлбөрт жилд 5000 өргөдөл очдог. Тэр дундаас шилдэг 25 уран бүтээлчийг шалгаруулдаг. Миний хувьд энэ хөтөлбөрт хамрагдаад АНУ-ын Флорида мужид очиж уран бүтээл хийж байсан. Олон төрлийн хөгжим мэдрэхэд тусалсан хөтөлбөр л дөө. Орон орны залуустай хамт соёлтой нь танилцаад л, хамтарч уран бүтээл хийдэг. Дараа нь Флоридагийн хотуудаар аялан тоглолт хийж явдаг. Ийм орчинд хэсэг байхад өөрийгөө зарим зүйл дээр хүлээстэй байсан гэдгийг анзаарсан. Хөгжим бүжигт бол алдаа гаргахаасаа айдаг. Өөгүй, цэвэр тоглох ёстой. Харин тэнд алдаа нь хүртэл уран бүтээл.

Хөгжимчинд тайзны айдас гэж том асуудал бий. Үүнийг онолоор даван туулах ямар ч боломжгүй. Цэвэр практик.

– Анхны тоглолтоо хэзээ хийж байв. Хамгийн сэтгэлд хүрсэн тоглолт аль нь вэ?

– 2014 онд анх “Folk music classic” бүрэн хэмжээний тайлан тоглолтоо улсын Филармонид хийж байсан. Хамтарч ажилладаг Kush ах маань продюсер хийж өгсөн. Түүний дараа Дотоод хөрөг, Романтик стрингс, Тал нутгийн магтуу гээд л тоглолтууд хийсэн л дээ. Бүгд өөр, өөр мэдрэмж өгдөг. Энэ дундаас бэлтгэл муу байх л хамгийн муухай мэдрэмж. Тухайн зохиолоосоо өөрөө гоё, сайхныг нь мэдэрч хүмүүст хуваалцах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр бэлтгэлээ сайн хангаж байж өөртөө итгэлтэй болно. Тэрнээс зүгээр л хар дээр цагаан, цагаан дээр хараар бичсэн нот уншихыг компьютер ч хийчихнэ.

Дотоод хөрөг тоглолт хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн нь мэдрэгддэг. Аргагүй биз дээ. Би чин сэтгэлээсээ энэ тоглолтыг хийхийг хүссэн юм. Шанхайд байхдаа янз бүрийн шинэ зүйл сураад л, түүнийгээ шингээж хөгжмөө тогломоор байхад боломж гарч ирдэггүй. Тэгээд чин сэтгэлээсээ тоглохын хүслэн болж эх орондоо ирээд хийе гэж хийсэн тоглолт. Өөрийгөө нотлох гэж биш. Зүгээр л алдаад ч хамаагүй хаана яваагаа харъя гээд. Нэг сар орчим төгөлдөр хуурчтайгаа вакум орчинд ажилласан. Золзаяа багшийнхаа гэрт нь бараг амьдарсан байх шүү. Өдөр шөнөгүй бэлтгэл хийсэн. Тэгээд тоглолтоо хийснийхээ дараа “Би ямар гоё мэргэжил сонгоо вэ” гээд аз жаргал мэдэрсэн.

Заримдаа одоог хүртэл хөгжимчин болоогүй юм шиг санагддаг. Хэрэв би нэг сар бэлтгэлээ хийхгүй бол анхны хэмжээндээ очих гэж хоёр сар хичээдэг ч юм уу. Нэг сурсан чадвар хадгалагдаад үлдэнэ гэж байхгүй болохоор өдөр бүр давтдаг. Хөгжмөөсөө холдох үе гарна л даа. Хэсэг хол байсны дараа тоглохоор хөгжмөө саначихсан байдаг. Яг л хүн шиг.

– Хөгжимчин тайзан дээр уран бүтээлээ тоглож байхдаа үзэгчдээс ямар нэгэн зүйл хүлээдэг болов уу?

– Хөгжмийг өөр зүйл хийж байхдаа давхар сонсож болох юм шиг санагддаг шүү дээ. Машин барьж байхдаа, утсаа оролдонгоо гэдэг ч юм уу. Гэтэл мэргэжлийн төвшний чанартай хөгжим гэж байна. Чихнийхээ араар тэгсгээд сонсож болдоггүй. Бүтэн романы санааг тэр хөгжмөөр илэрхийлэх хэмжээний том бүтээл байна. Түүнийг бол ухаан зарж, тухайн мөчдөө оршиж байж жаахан ч гэсэн мэдрэмж авч үлддэг. Гэтэл хөгжим сонсох гэж ирчхээд өөр зүйл хийгээд байвал өнөө бүтээл чихний хажуугаар нь л өнгөрнө. Хөгжимчин таны анзаараагүй өнгөрөөсөн 10 секундийг гаргах гэж хөгжимтэйгөө 10 сар ажилладаг. Тоглолтын уур амьсгалд сонсож мэддэг, ямар хөгжим сонсох гэж ирснээ ойлгочихсон үзэгчид байхаар амьд холбоос үүсдэг. Хөгжимдөө орчихсон тоглож байгаад л нэг үзэгч рүүгээ харахад түүний нүд маш их зүйлийг хэлдэг. “Энэ мөн байна” гэсэн харц. Зуун хүн дундаас ганцхан нь тийм харцтай байхад л би давхар хөглөгдөөд явчихдаг.

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

HUMANZ MEDIA AGENCY

СПОРТ | Цэргийн баярын барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Улаанбаатар” өвлийн наадмыг зорих иргэдэд автобусаар үйлчилнэ
ТАНИЛЦ: Хүүхэлдэйн театрын гуравдугаар сарын тоглолтын хуваарь
Өнөөдөр Дэлхийн “ХҮҮХДИЙН ӨДӨР” тохиож байна
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?