Радикал үзэл гэдгийг маш энгийнээр тайлбарлавал аливаа асуудлыг хэлэлцээр эсвэл дундын замаар биш. Харин үндсээр нь өөрчлөх, ихэвчлэн туйлширсан, хурц арга замаар шийдэх гэсэн эрмэлзэл юм. Энэ нь нийгэмд байх ёстой өөрчлөлтийн хүч байж болох ч улс төрийн зорилгоор ашиглагдахдаа бусдыг үгүйсгэх, үзэн ядах зэрэг хортой хэлбэрт шилждэг. Асуудлыг хэлэлцэх замаар ойлголцох биш зөвхөн хар, цагаан хоёр туйлт сонголт руу оролцогч талуудыг шахдаг.
Нэг хэсэг хүмүүсийн Facebook feed дээр гэнэт гарч ирсэн ураны цацрагт хордож гаж хөгжилтэй төрсөн мал амьтны тухай зураг, эвлүүлэг бүхий богино бичлэгийг санаж байна уу. Эсвэл гаднын улсын гар хөл болсон улс төрчид уул ус, газар нутгийг минь ухаж Монгол сөнөлөө. Үр хүүхэд минь сэндийчсэн газар шороотой, ядуу улсад үлдэх нь гэх агуулгатай элдэв пост, Орос ах нартайгаа байхад бид болоод л байдаг байсан гэх мэт агуулгууд.
Магадгүй та үүнийг сошиал орчинд эдгээртэй төстэй пост хараад бухимдаж, санал нийлэн Share дарсан бол таны тархинд үзэл санааны вирус аль хэдийнэ суучихсан байна гэсэн үг. Энэ бол санамсаргүй зүйл биш. Улс төрийн пи ар багууд таны айдсыг хэмжиж, түүнд тохирсон контентыг алгоритмаар дамжуулан гар утасны дэлгэц рүү чинь шидэж байгаа хэрэг. Тэд танд буу тулгах шаардлагагүй. Та өөрөө л тэдний бэлдсэн радикал далайд живж, өөрийгөө эх оронч гэж итгэсээр хэн нэгний эрх мэдэлд хүрэх шат нь болж хувирдаг. Тэд зүгээр л таны айдас, бухимдал, шударга ёсны төлөөх хүслийг тань ашиглан үзэл санааны вирусыг суулгаж байдаг.
Гэхдээ радикал үзэл санаа өөрөө заавал сөрөг утгатай зүйл биш. Түүхэнд шударга бус, гажуудсан тогтолцоог эвдэж, бодит өөрчлөлт авчирсан олон хөдөлгөөн анх радикал шаардлагаас эхэлж байсан. Боолчлолын эсрэг тэмцэл, эмэгтэйчүүдийн сонгох эрх, иргэний эрхийн хөдөлгөөнүүд тухайн цаг үедээ хэт туйлширсан гэж тооцогдож байсан ч өнөөдөр бидний хэвийн, зөв гэж үздэг үнэт зүйлсийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, радикал байр суурь нь заримдаа нийгмийг хөдөлгөх, мартагдсан асуудлыг ил гаргах чухал хүч байж чаддаг.
Аль Кайдагийн тактик
Радикал үзэл санааг шууд хүчирхийллээр тулгавал нийгэм түүнийг түлхэн зайлуулдаг. Тиймээс тэд нийгмийн халамж гэх багийг өмсдөг. Үүний хамгийн том жишээ бол Аль Кайда бүлэг Зүүн өмнөд Азид (Индонез, Филиппин) хэрхэн нэвтэрсэн тухай түүх юм.1990-ээд онд тус бүлэг “International Islamic Relief Organization” (IIRO) зэрэг буяны болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан ядуу буурай бүс нутгуудад асар их хөрөнгө оруулсан. Тэд төр засаг нь хүрч ажиллаж чадахгүй байгаа тосгодод сургууль, эмнэлэг барьж, үнэгүй хоол тарааж эхэлжээ. Хүмүүс тэднийг аврагчид гэж харж эхэлмэгц сургуулийн хөтөлбөрт нь өөрсдийн үзэл санаагаа шургуулсан. Энэ хөтөлбөр нь ардчилал бол таны дайсан, өрнөдийнхөн таны зовлонгийн шалтгаан гэх үзлийг хүүхэд байхаас нь тархинд нь суулгаж, яваандаа тэднийг амиа золиослогч болоход бэлэн хүний нөөц болгон бэлтгэсэн юм. Хүн өөрт нь тусалж байгаа хүнд итгэдэг бөгөөд тэр итгэл дээр нь тулгуурлан хортой үзэл санааг суулгахад хамгийн хялбар байдаг.
Нобелийн шагналт Филиппин сэтгүүлч Мариа Ресса
Мариа Ресса Филиппиний жишээн дээр үүнийг орчин үеийн дижитал ертөнцөд хэрхэн хэрэгждэгийг тайлбарласан. Тэрбээр, “Хэрэв танд баримт байхгүй бол танд үнэн байхгүй. Хэрэв үнэн байхгүй бол итгэлцэл байхгүй” гэсэн байдаг. Рессагийн хэлснээр, сошиал медиагийн алгоритм нь бодит баримтаас илүүтэйгээр хүнийг уурлуулсан, айлгасан, туйлшруулсан мэдээллийг зургаа дахин хурдан түгээдэг. Филиппинд ерөнхийлөгч асан Дутертэгийн багийнхан троллын арми ашиглан сөрөг хүчнээ урвагч мэтээр харагдуулж, нийгмийг радикал үзлээр хордуулсан нь өнөөдрийн манай поп улс төрчдийн ашиглаж буй технологитой усны дусал мэт ижилхэн.
Аливаа радикал үзэл санаа үргэлж “бид ба тэд” гэсэн хуваагдлаас эхэлдэг. Улс төрийн технологичид нийгэмд байгаа бодит асуудлыг (авлига, тэгш бус байдал) аваад түүнд нь эзэн олж өгдөг. Тэд бол хариуцлага хүлээх ёстой хүмүүс. Тэд бол таны боломжийг хулгайлагчид. Энэ арга технологи танд нэг л танил санагдаж байна уу?
Ингэж дайсныг тодорхой болгосноор хүний тархины логик сэтгэлгээг унтрааж, тэмцэх инстинктийг нь асаадаг. Сошиал медиа алгоритм таныг зөвхөн өөрийнх нь талын мэдээллийг хүлээж авдаг орчинд хорьсноор энэ процесс дуусдаг. Ингээд л та зөвхөн нэг үзэл санааг л танд суулгах сошиал орчинд хоригдож байгаа юм.
Монголын улс төрд энэ үзэгдэл элбэг. Ихэвчлэн популизм хийдэг улс төрчид, өөрсдийгөө эх орончид гэж нэрлэсэн хүмүүсээс болж иймэрхүү технологи нийгэмд өрнөдөг. Тэд маш энгийн шийдлийг санал болгодог. Энэ хэдэн хүнийг л зайлуулчихвал бүх зүйл сайхан болно. Гэвч нийгмийн асуудал хэзээ ч тийм энгийн байдаггүй. Бүхэл бүтэн системийн асуудал байдаг. Радикал үзэл санаа нь сөрөг талаараа нарийн төвөгтэй асуудлыг хэт хялбарчилж, хүмүүсийн сэтгэл хөдлөл дээр тоглох замаар эрх мэдэлд хүрдэг хамгийн богино зам юм. Яг ийм байдлаар УИХ-ын гишүүн болсон улс төрчид одоо ч дахин сонгогдсоор л байдаг. Радикал үзэл санаа бол гаднаас ирдэг халдвар биш, харин бидний дотор байгаа шударга бус байдлын эсрэг тэмцэх хүслийг буруугаар ашиглаж буй манипуляци юм.
Хэн нэгнийг тэвчишгүй ихээр үзэн ядаж, гар зангидан суугаа тэр мөчдөө таны энэ байдлаас хэн ашиг хүртэж байгааг нэг удаа ч болов тунгааж үзээрэй. Мэдээж бас Радикал үзэл санааг
