Сөрөг хүчнээс итгэл алдрал руу | Ардчилсан нам үнэт зүйлээ дахин тодорхойлох цаг иржээ

5 минут уншина

Монголын түүхэнд Ардчилсан нам ардчиллын бэлгэдэл, эрх чөлөөний эгшиглэнт үгтэй цоо шинэ эхлэл байлаа. 1990 оны цасан шуургатай жагсаалаас өнөөдрийн УИХ-ын танхим хүртэл энэ нам нийгмийн өөрчлөлтийн төвд зогсож байсан. Гэвч өнөөдөр олон нийт, тэр дундаа шинэ үеийн залуусын нүдэнд Ардчилсан нам бол зүгээр л “сөрөг хүчин” хэмээх тодотголтой хэвшмэл ойлголтоор хүлээн зөвшөөрөгддөг болжээ.

1990 оны Ардчилсан хувьсгалын дараахан Ардчилсан нам (тухайн үеийн ардчиллыг хүсэгч хөдөлгөөнүүдийн нэгдэл) МАХН-ын эсрэг анхны системтэй сөрөг хүч болон гарч ирсэн. Гэхдээ энэ нь зүгээр л эрх баригчдад шүүмжлэлтэй хандах зорилготой сөрөг хүчин биш. Харин ардчиллын үнэт зүйлсийг нутагшуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн шинэ тогтолцоог төлөвшүүлэх эрх мэдэлтэй улс төрийн хүчин байх эрмэлзэлтэй байв.

1992 оны Ардчилсан Үндсэн хуульд Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, намууд эрх тэгш өрсөлдөх ардчилсан тогтолцоог хуульчилсан нь Ардчилсан намын туйлын зорилгын нэг байсан. Ардчилсан нам бол сөрөг хүчин байх заяатай биш. Эрх мэдлийг олон нийтэд ээлтэйгээр ашиглаж, нийгмийг өөрчлөх хүсэлтэй, түүхэн зорилготой нам байсныг эрүүл ухаантай эрхэм Ардчилагчид санаасай.

2019-2020 оны үед, нийгмийн бухимдал туйлдаа хүрч, олон нийт хариуцлагатай улс төрийн соёлыг шаардаж эхэлсэн тэр цагт  залуус Ардчилсан намаас тодорхой өөрчлөлт, шинэ үеийн төлөөллийг хүсэн хүлээж байв. Шинэ залуу гишүүдийн оролцоо, залуусын дэмжлэгээр Ардчилсан нам “шинэ амьсгал” авч байгаа мэт мэдрэмж төрж байсан уу гэвэл тийм. Энэ нь зөвхөн намын нэр хүнд төдийгүй, ардчилалд итгэх итгэлийг ч тэтгэж байв.

Тухайлбал, тухайн үед намын дотоодод боловсролтой, нээлттэй, шинэ үеийн төлөөллүүд дэвшиж гарч ирсэн нь залуу сонгогчдын итгэлийг төрүүлсэн. Улс төрийн бодлогын клубууд, нээлттэй хэлэлцүүлэг, цахим харилцааны шинэ хэлбэрүүдийг ашиглаж эхэлсэн нь “Арчилсан нам өөрчлөгдөж байна” гэх хүлээлт үүсгэж байсан. Гэвч энэ хүлээлт удаан үргэлжлээгүй. Бодлогын тууштай байдал, ил тод байр суурь, залуу үеийн дуу хоолойг хамгаалах зарчимт алхамуудын оронд намын дотоод зөрчил, тодорхой бус шийдвэрүүд, хариуцлагагүй улс төр давамгайлж эхэлсэн.

Хамтарсан засагт орсон нь хямд эвлэрэл үү, хүнд алхам уу?

2024 оны арваннэгдүгээр сард Ардчилсан нам УИХ дахь гишүүдийн тодорхой хэсгээрээ хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргасан. Энэ нь эхэндээ улс орны эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулах, хариуцлагыг хуваалцах зорилготой мэт тайлбарлагдаж байсан ч бодит байдал дээр Ардчилсан нам сөрөг хүчний үндсэн үүргээ ор тас орхигдуулсан гэх шүүмжлэл дагуулсан.

Нийгмийн сүлжээнд “Одоо хэн эрх баригч, хэн сөрөг хүчин юм бэ?”, “Ардчилсан нам залуусын итгэлийг наймаалцлаа” гэх мэт сэтгэгдэл давамгайлж, залуусын дундах итгэл найдвар орвонгоороо эргэж эхэлсэн. Хамтарсан засгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүмжлэлтэй байр сууриа хадгалахыг оролдсон зарим гишүүддээ намын дарга хариуцлага тооцох тухай мэдэгдсэн нь Ардчилсан нам дотроо ч, гадагшаа ч шинэчлэл гэхээсээ илүү “эрх мэдлийн ширээний хуваарилалт”-д анхаарч байгаа мэт харагдуулсан.

Ийнхүү хүлээлт, итгэлцлийг сэргээх гэж эхэлсэн үйл явц эрх мэдэлд хүрэх богино хугацааны тохиролцоогоор төгсгөл болсон мэт харагдаж байна.

2024 оны сүүлчээр залуусын оролцоотойгоор зохион байгуулсан фокус бүлгийн ярилцлага, санал бодлын судалгаанаас харахад Ардчилсан намын өнөөгийн байр суурь, үйл ажиллагаанд олон нийт, ялангуяа шинэ үеийн залуус тодорхойгүй, туйлбаргүй хандлагатай байна. Оролцогчид намын бодлогын залгамж чанар муу, дотоодын зөрчил, тууштай бус байдал нь сөрөг хүчин байх үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүйд хүргэж байгаа талаар дурдаж байв. Мөн үнэт зүйлсийн тухай ойлголт тодорхой бус байгаа нь итгэл, хүлээлтэд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ.

Хамтарсан засгийн сургамж

Германд Христийн ардчилсан нам (CDU) олон жилийн турш Социал демократ намтай (SPD) хамтран “Их эвсэл” байгуулж ажилласан ч нам доторх зарчим, бодлогын ялгаагаа тодорхой байлгаж чадсан нь урт хугацаанд олон нийтийн итгэлийг хадгалсан шалтгаан болсон. Харин Грект эсрэг тэсрэг байр суурьтай намууд эвсэл байгуулах үедээ олон нийтийн дунд хэт хямд эвлэрэл хийсэн гэх эргэлзээнд орж, эцэст нь нэр хүнд нь унасан түүх бий. Эдгээр жишээнээс харахад, эвсэл байгуулах нь өөрөө асуудал биш, харин тэр эвсэлд ямар байр суурьтай, ямар зорилгоор, ямар нөхцөлтэйгээр орсон бэ гэдэг л хамгийн чухал юм.

Итгэл сэргээх зам нь хэн болохоо дахин тодорхойлоход оршино

Ардчилсан нам өнөөдөр нэг сонголтын өмнө зогсож байна. Сөрөг хүчний үүргээ дахин ухамсарлаж, олон нийтийн дуу хоолой, шүүмжлэлийг бодлогын хэлбэрт хөрвүүлж чадвал шинэ үеийн дэмжлэгийг дахин хүлээж магадгүй. Харин эрх мэдлийг богино хугацаанд хуваалцаж, суудлын тоонд анхаарсан хэвээр байвал, тус намын нэр хүнд, итгэлцлийн суурь бүрмөсөн нурж мэднэ.

Эцэст нь нэг л зүйл тодорхой. Өнөөдөр залуус намуудын уриа, логогоор биш, үнэт зүйл, хариуцлагаар нь дүгнэдэг болсон. Ардчилсан нам нийгмийн шинэ үнэлэмжид нийцэхийн тулд үнэт зүйлсээ тодорхойлох цаг нэгэнтээ иржээ.

TAGGED:
Түгээх