Нью Йорк Таймс-ын сэтгүүлч Тиффани Мэй энэ оны наймдугаар сарын 9-нд Монгол дахь эрүүл мэндийн салбарын өвөрмөц байдлыг онцолсонг та бүхэндээ орчуулан хүргэе.
Ганболдын Шүрэнцэцэг нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэн сонирхолтой “ажлын унаа”-гаар хол замыг туулан ажилладаг. Тэрбээр нутгийн хойд бүсийн алслагдсан хэсэг дэх цаатан иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тэд хаана ч цаа бугын сүргээ даган амьдардаг нь онцлууштай.
Тэнгэрийн байдалд тохируулан нүүдэллэдэг эдгээр иргэдийг Шүрэнцэцэг зарим тохиолдолд өөрөө морио унан, Зүүн тайгын ойн замыг даган олох хэрэгтэй болдог.
Тэрбээр яаралтай тусламж үзүүлэх, өнгөц шархыг эдгээх, хүүхдүүдийг вакцинжуулах зэрэг зорилгоор цаатан айлуудаар дуудлагын дагуу зочилно. Түүнийг нутгийн иргэд “Эмч Шүрээ” хэмээн хочлох аж.
Нэг өдрийн турш Шүрээ эмчийг даган айлуудаар зочилж явахад тэр жирэмсэн эмэгтэйд үзлэг хийж, эх баригчийн оосор ашиглан нярай хүүхдийг жинлэх зэрэг олон төрлийн эмнэлгийн тусламж үзүүлж байв. Нүүдэлчдийн хоолны дэглэмийг жимс ногоо гэхээс илүүтэй сарлаг, цаа бугын сүү зэрэг өөх тос голлодог тул цусны даралт ихсэх явдал түгээмэл. Иймд Шүрээ эмч цүнхэндээ цусны даралт тогтворжуулах эм, А аминдэмийн дуслыг үргэлж авч явдаг гэх.
Эмч Шүрэнцэцэгтэй адил нийтийн эрүүл мэндийн ажилтнууд дэлхийн хамгийн сийрэг суурьшилттай улсын нэг болох Монгол улсын эрүүл мэндийн тогтолцооны ноён нуруу юм. Тэд хотын эмнэлэг, клиникээс хол амьдардаг нүүдэлчин иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлэхийн тулд нэн хол замыг туулдаг.
Түүний ажилдаа явах зам нь улирлаас хамаарч өөрчлөгдөнө. Намар, өвлийн улиралд малчид хүүхдүүдээ сургуульд сургахын тулд хот, суурин газар бараадан суурьшдаг. Харин бусад улиралд тэд цаа бугаа даган алслагдсан газар руу бараа тасарна.
Шүрэнцэцэгийн хувьд тэдэн дээр очно гэдэг нь шавар шалбааг, цасан шуургатай хөдөө талыг хөндлөн гаталж хэдэн цагаар тасралтгүй явах гэсэн үг юм. Тэр зарим үед нөхрөөсөө мотоциклтойгоо өөрийг нь хүргэж өгөхийг гуйдаг бөгөөд энэ нь замын нөхцөл байдал тааруу үед илүү тохиолдоно. Үгүй бол тэр өөрөө мотоциклоо эсвэл гэр бүлийн машинаа унадаг аж.
Эмч Шүрээ нэг, хоёр, 12 настай гурван хүүхдийн ээж бөгөөд ажилдаа явахаасаа өмнө хүүдээ өглөөний цайг нь уулгаж, охиныхоо үсийг самнаж өгөөд гардаг.
“Нөхөр маань заримдаа би ажлаасаа гарах хэрэгтэй гэж хэлдэг. Ялангуяа шөнө дуудлага ирэх, цасан шуурганы үеэр явах хэрэг гарах эсвэл хүүхдүүд маань өвдөх үед. Тэр намайг хүүхдүүдээсээ илүү өвчтөнүүдээ илүүд үздэг гэж гомдоллодог.”
Хэдий ингэж хэлж байгаа боловч түүний нөхөр Шүрээг хэдэн ч цаг болж байсан, замын нөхцөл байдал ямар ч байсан ойр л байвал шууд тосч авдаг хэмээн эмч нэмж дурдлаа.
Цаатан иргэд хөдөө замаас нэлээд хол амьдардаг тул заримдаа морь түрээслэх шаардлагатай болдог. Морь олдохгүй үед тэрбээр цаа буга унан урцнаас урц дамжина.
Нүүдэлчин гэр бүлд өссөн тэрбээр 5 настайдаа морь унаж сурсан бөгөөд одоогоор морь унан өвчтөнүүд дэрээ очих нь түүнийг бие, сэтгэлийг сэргээдэг аж. “Хийморь сэргэдэг юм аа” гэж тэр тайвнаар хэлсэн юм.
Ирж буй дуудлагууд заримдаа түүнийг бүтээлч байхыг шаарддаг. Монгол эмч нар нялх хүүхдийн өндрийг хэмжихдээ хана налуулан байрлуулахыг заадаг. Харин урцанд үзлэг хийдэг тэрбээр нялх хүүхдүүдийг газар хэвтүүлдэг.
Монгол улс нь газар нутгийн хувьд Техас мужаас хоёр дахин том боловч 3.5 сая хүн амтай. Иймд Шүрэнцэцэг шиг орон нутгийн эрүүл мэндийн ажилтнууд хамгийн жижиг засаг захиргааны нэгж болох “баг”-ийн түвшинд ажилладаг гэдгээрээ алдартай. Тус ажилчид дархлаажуулалтыг өргөжүүлж, эхийн эндэгдлийг бууруулахад хувь нэмэр оруулсан зэрэг ажлуудаараа олон нийтэд үнэлэгддэг.
Баруун хойд бүс болох Цагаан Нуур ердөө нэг мянга 400 гаруй хүн амтай. Тэдэн дээр очдог хоёрхон ажилчдын нэг нь Шүрэнцэцэг. Зүүн Тайгад хавар очиход 20 айл байв.
Эмч Шүрээ замд явахдаа төөрчих вий, чоно баавгайтай таарчих вий гэж санаа зовдог. Цаг уурын таамаглашгүй байдал нь үерт өртөх эсвэл мөсөнд унах эрсдэлийг дагуулдаг байна. Түрээсийн морьд цочсондоо булгин түүнийг унагах ч магадлалтай.
Тэгсэн хэдий ч түүний хамгийн том айдас бол яаралтай тусламжийн үед өвчтөнүүддээ цаг тухайд нь хүрч чадахгүй байх явдал юм. Мөн тэр эргэн тойрныхоо байгалийн энергиэс эрч хүч мэдэрдэг. “Би уул, усны сахиусанд итгэдэг” гэж тэр хэлсэн юм.
“Сахиуснууд минь намайг харж, халамжилдаг. Тэд надтай хамт байгаа гэдэгт би итгэж байна.”
Эх сурвалж – https://www.nytimes.com/card/2024/08/09/world/asia/mongolia-herders
Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин
