Манай нийгмийг селесэр Цогоо ах шиг хүмүүс л гэрэлтүүлдэг байх даа

Нэг салбарт мөр зэрэгцэн, ирээдүйн хүслэн болсон урлагийн эзэд нь болохоор зориглон тэмүүлж яваа үе тэнгийн залуус бид нэгэн дээвэр дор аз жаргатайгаар аж төрдөг. Өглөөний найман цаг болов уу, үгүй юу нэг давхарт байх хөгжмийн өрөөнөөс төгөлдөр хуур, гитар, ятга, хуучир, морин хуур гээд дугарахгүй хөгжим гэж бараг л үгүй. Зарим өглөө чадварлаг тоглох хөгжмийн аязад бүүвэйлэгдээд байна уу гэлтэй улам бөх нойрсож сэрүүлэг дуугарахад жаргалтай босож ирдэг ч зарим өглөө бүр биднийг тавлаж байна уу, тамлаад байна уу гэмээр хөгөө олоогүй хөгжим тавгүйтүүлэм чахрах нь ч бий. Ийм өглөөд бол дутуу сэрсэндээ нойроо харамлаж уйлмаар санагддаг ч яалтай билээ дээ бид чинь аль хэдийн оюутан болчхож. Жаахан хэвтэж байгаад босохоос хэмээн өөртөө хэлэх нь амьдралын энэ л өглөө аль хэдийн дасал болж дээ. 

Нутаг нуга, аав ээжээсээ хол байх бидний хувьд дулаахан тохилог гэрээ, хайраар дүүрэн гэр бүлээ санан санагалзах тэр л үед жижүүр ах эгч нарын бидний төлөө гэсэндээ үглэх хатуухан үгс бас хааяахан эрхлүүлэн хэлсэн хэдхэн үгэнд нүдэнд нулимс дүүрээд л ирдэг. Мэдээж хүний олон хүүхдийн аавын оронд аав, ахын оронд ах болно гэдэг амаргүй даваа. Тийм дээ ч тэдэнд бухимдалтай үе бишгүй тохиолддог. 

Нэг удаа угаалгын өрөөнд хувцсаа угааж дуусчхаад түлхүүрээ өгөх гээд очтол жижүүр Түвшин ах над руу ууртай гэгч нь харснаа “яасан уддаг юм чи, ямар ганцаараа биш, ард чинь өчнөөн хүүхэд чамайг дуусахыг хүлээгээд байн байн ирж асуугаад амар заяа үзүүлэхгүй байна” гэж зандрахад би их л айж, бас гомдож билээ. Харин дараа ээлждээ гарахдаа “дээрийн явдалд ахыгаа уучлаарай, муу жаахан охиноо арай дэндүү загначихсан байна лээ, дараа хувцсаа угаахдаа үнэгүй угаагаарай” хэмээн аргадахад өнөө нулимс чинь дахиад л нүд бүрхээд ирлээ шүү. 

Байр хаах цаг аль хэдийнэ болчихсон байхад дахиад хэсэгхэн зуур ч болтугай хамт байг дээ хэмээн хаалга түгжилгүй хосуудыг хүлээн зогсох нь ч бас хайр хүргэмээр. Бидний хооронд төрснөөс өөрцгүй ийм л нандин харилцаа байдаг. амьдрал минь энэ л янзаар хөвөрсөөр, үргэлжилсээр л. 

Хүн болгоны ярьдгаар манай сургуулийнхныг шар хаднаас өөрцгүй чимээ шуугиантай, галзуу юм шиг бужигнасан хүүхдүүдтэй гэж ярьдаг. Тэр хилсдэхгүй ээ. Мэргэжлээ гэсэн дэндүү дэврүүн хүсэл, гал цог, эрч хүч биднийг дэндүү галзуу болгодог. Тиймдээ ч энэ дээвэр дор үзээгүй өнгөрсөн адал явдал бараг л үгүй. Үүний нэг жишээ гэвэл багш, жижүүрүүдэд мэдэгдэхгүйхэн шиг хөгжилдөх бас өлсвөл ходоодоо борлогочих санаатай орж ирэх эрэгтэй найзуудаа нуух гэж хаалгаа түг таг гэж цоожилсоор байгаад түгжээгээ эвдчихсэн. Мэдээж аядуу, зөөлөн ааштайгаар нь селесэр Цогоо ахыгаа царайчлан гуйсаар янзлуулахаар боллоо. Харин тэр өдөр би урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй төрхөөр Цогоо ахыг харсан юм. Ах амсчихжээ. “Ахыгаа уучлаарай. Ах нь гялс хаалгыг нь янзалчхаад гарлаа” гэхэд би “зүгээрээ, та санаа зоволтгүй. Харин та л санаа зовоохоор харагдаж байна. Юу болсон юм бэ” гэж ярилцах санаатай асуулаа. “Ажилтай ч биш, ажилгүй ч биш амьдрах ахад нь хүнд байна. Ахаа манай өрөөний энэ эвдэрчихлээ, тэрийг засаад өгөөч гэх хүүхэд ганц чамаар дуусахгүй. Тэгээд засаж өгөх санаатай туслах материалуудыг багшаас чинь асуухаар “юмаа хэмнэхгүй бол болохгүй байна, өөрөө зохицуул” гээд хамаг юмаа цааш хийж хямгадах юм. Тэгээд ёстой хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдэг шиг хүний хаягдал дотроос орлуулаад янзалчих юм ухаж ухаж оллоо. Одоо чиний эвдэрсэн цоожийг өөр нэг хүүхдэд янзлаад хийж өгнө дөө. Тэгээд ийм байдалтай яаж удаан тэсэх вэ гээд хэдэн үг хэлэхээр дээш нь сайн муугаар нь матаж байгаад бүр мөсөн хоолноос маань салгачих гээд байх юм. Ямар сайн даа л ах нь ийм байдалтай явж байх вэ дээ” гэх нь тэр. 

Ахыг гарсны дараа хэсэг бодлогоширч суулаа. Яагаад энэ нийгэмд шударга бус халаа сэлгээ, арчаагүй авлигачид, хуурамч хөдөлмөрчид байсаар байдаг юм бол доо гэж. Энэ л нийгмийг хөггүй ч гэсэн чадахаараа эгшиглэх хөгжим, өөрийн үрээс ялгалгүй хайрлах жижүүрүүд, шударгаар хөдөлмөрлөх селесэр Цогоо ах шиг хүмүүс л гэрэлтүүлдэг байх даа. 

Т.Энхжин

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *