С.Эрдэнэболд: Харвард бол гурван үнэт зүйлийн нийлбэр

Энэ удаагийн ярилцлагадаа МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Индианагийн их сургуулийн төгсөгч, Харвардын Кеннедигийн сургуулийн мастер С.Эрдэнэболд оролцож байна. Тэрээр Харвардын их сургуульд элсэн орох талаарх зөвлөгөө болон хувь хүний хөгжилд чиглэсэн үнэтэй зөвлөгөөг залуус та бүхэнд зориулан бидэнтэй хуваалцлаа.

– Орчин үеийн залуус бүгд л дотроо Харвардад сурах бодол тээж явдаг. Гэхдээ хамгийн түрүүнд яг юу хийх ёстойгоо мэдэхгүй байгаа хүнд та юу гэж зөвлөх вэ?

– Шийдэл гаргана гэдэг амжилтын 50 хувь нь байдаг. “Би Харвардад сурна” гэсэн шийдэл гаргаж чадах юм бол энэ сургуульд сурах 50 хувийн алхмаа хийчихлээ гэсэн үг. Яаж сурах вэ, шалгалтаа хэрхэн өгөх вэ, яавал хэлээ сайжруулах вэ гэдэг бол дараагийн асуудал. Тиймээс эргэлт буцалтгүй, зоригтой шийдэл гаргах хэрэгтэй. Чамайг зорилгоос чинь няцаах шалтаг гарч ирнэ. Харин зорилгын чинь өөд алхахад туслах ганцхан зам бий. Тэр нь тууштай байдал.

– Харвардад сурах бэлтгэл ажлын явц хэрхэн өрнөдөг вэ. Мөн шантармаар, буцмаар, урам хугармаар том асуудал тулгарвал яах ёстой вэ?

– Ямар нэгэн зүйл хийхдээ муйхарлаж, хоосон бяраар зүтгүүлээд байвал бүтээмж бага байдаг л даа. Тиймээс ямар нэгэн үйлдэл хийхэд стратеги хамгийн чухал. Эрэгтэй хүн өөрт таалагдсан эмэгтэйг эргүүлэхэд хүртэл стратеги хэрэгтэй. Эхлээд би энэ бүсгүйтэй тэдэн удаа уулзаж, өөртөө дасгана. Уулзах явцдаа ингэж баярлуулна. Төрсөн өдрөөр нь цэцэг явуулна. Харин валентинаар болзоонд урина гэх мэтээр тодорхой хугацааны стратеги ашиглаад байгаа юм. Үүнийг стратеги гэж өөрөө ойлгохгүй байсан ч энэ нь ”стратеги” мөн. Гадаадад сурахад ч гэсэн яг үүнтэй адил тодорхой стратеги хэрэг болно.

Нэгдүгээрт, хэлний түвшин чинь Харвардад тэнцэж чадах уу. Магадгүй чи тийм ч сайн биш, эсвэл ямар ч хэлний мэдлэггүй байж болно. Тэгвэл хэр хугацаанд бэлдээд, тофелийн 100-120 оноо авахуйц чадвартай болох вэ гэдгээ тооцоол. Хэрэв хоёр жилийн хугацаанд өдөр, шөнөгүй бэлдээд, хангалттай оноо авч чадахаар бол өөр юу руу ч анхаарлаа хандуулалгүй зөвхөн англи хэлээ бэлд. Яриагаа болон бичгээ, үгийн нөөц, сонсгол зэрэг тофельд шаардлагатай зүйлүүдийг нэг бүрчлэн бэлдэх хэрэгтэй. Энэ дундаас зөвхөн сонсголоо сайжруулахын тулд стратеги хэрэгтэй. Дуу сонсох уу, эсвэл өдөрт 30 үг цээжлэх үү. Өдөр бүр нэг нүүр хуулан бичлэг хийх үү, эсвэл орчуулгатай кино үзэх үү гэх мэт. Зөвхөн хэлний чадвараа сайжруулахад гурван жилийн стратеги хэрэгтэй. Унаган хэлтэй, эсвэл багаасаа гадаад хэлний сургуульд сурсан хүмүүсийн хувьд ч адилхан. Англи хэлээ академик түвшинд хүргэх ёстой гэсэн үг.

Хоёрдугаарт, хамгийн чухал зүйлийн нэг бол эсээ бичих. Эсээ бичнэ гэдэг бас л стратеги. Бичсэн эсээнээс чинь чамайг хэн бэ гэдгийг олж харна. Тэр эсээнд чи заавал өөрийгөө магтаж бичих ёстой юу, эсвэл үнэнийг бичих ёстой юу. Чи хангалттай туршлага хуримтлуулаагүй байж болно. Хэрэв тийм бол чиний ирээдүй чинь үнэхээр сонирхолтой байна гэсэн үг. Тэгвэл ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ. Чи арван жилийн дараах өөрийгөө хэн болно гэж зөгнөж байгаа вэ. Түүнийхээ төлөө чи тууштай байж чадах уу, үгүй юу гэсэн асуултанд хариулах явдал юм.

Гуравдугаарт, чамайг тодорхойлох захидлууд. Би хэнээс тодорхойлох захидал авах вэ. Багшаасаа юу. Эсвэл танилаасаа, даргаасаа авах уу гэдгээ шийднэ. Энэ захидал дээр зөвхөн үнэнийг бичсэн байх ёстой. Монголчуудын нэг дутагдал нь үүнд “өөрөө бичээд хүрээд ир. Би гарын үсэг зураад өгье” гэсэн байдлаар ханддаг. Ингэж болохгүй. Үнэн зүйлийг, ажил хэрэгчээр харж бичиж өгөх хэрэгтэй. Хүн заавал агуу, мундаг нэгэн байх албагүй л дээ. Харин асуудалд бодитоор, шударга хандаж чаддаг байх ёстой. Хэн ч амжилтанд хүрчихсэн төрдөггүй шүү дээ. Унаж босно. Алдаж ононо. Энэ бүх замнал чинь л үнэн байх ёстой юм.

Өнгөрсөн хугацаанд ямар ч алдаа гаргасан байсан хамаагүй. Ирээдүйд алдаа бүхэн чинь чамд нэмэх оноо болж үлддэг гэдгийг ойлго. Тиймээс Харвард, Стэнфорд, Оксфорд, Кембридж, Калифорниагийн их сургууль, эсвэл бусад орны томоохон их, дээд сургууль гээд алинд нь ч байсан хамаагүй. Тэнд очиж сурахын тулд шийдвэр гаргалт чинь 50 хувийг бүтээж чадна.

– Таны бодлоор дэлхийн залуус Харвардад сурахыг хүсч, мөрөөддөг гол шалтгаан нь юу вэ?

– Харвард гэдэг бол гурван үнэт зүйлийн нийлбэр. Нэгдүгээрт, цэвэр боловсрол. Дэлхийн хамгийн чадварлаг профессорууд, дэлхийн шилмэл эрдэмтдээр хичээл заалгана гэсэн үг. Хоёрдугаарт, дэлхийн хамгийн шилдэг гэсэн залуучуудтай, нэгэн үеийн нөхөрлөл тогтоох алтан боломж. Төгссөний дараа энэ нь дэлхийн хэмжээний бизнес эхлүүлэхэд нөлөөлдөг. Гуравдугаарт, Харвард бол нэр төрийн баталгаа. Монголд 9911-тэй дугаар барьж, Lexus 5.70 машин унахыг нэр хүнд гэж ойлгодогтой адилхан маш олон давуу талыг хүнд эзэмшүүлдэг. Хүн төрөлхтний 400 жилийн турш бий болгосон оюун санааны брэнд. “Би Харвард төгссөн” гэж хэлэхэд ямар ч орны хүн чамайг хөдөлмөрч, зорьсондоо хүрдэг хүн гэж үнэлнэ. Энэ хүнтэй хамтарч бизнес хийж болох юм байна гэсэн итгэл өгөх чиний нэр төрийн баталгаа юм.

– Бизнесийн сургууль төгсөөд, шууд шинэ бизнес эхлүүлж дампуураад, одоо ямар ч эрч хүчгүй дэлгүүрт худалдагч хийж яваа хүнийг харлаа. Залууст зөвлөхөд бизнес эхлүүлэх “зөв” цаг үе гэж байдаг уу?

– Бизнесийн сургууль төгсөөд, старт ап эхлүүлээд дампуураад, одоо худалдагч хийгээд явж байгаа бол сайн байна. Старт ап эхлүүлээд, ямар байдлаар ажиллавал нурдаг вэ гэдгийг ойлгоод авчихсан байна. Худалдагч хийх явцдаа өөрийгөө таньж, өмнө нь алдсан зүйлээ өөрөөр хийх боломжийг мэдэж авна. Худалдагч хийснээр хамгийн наад зах нь хүнтэй харилцаж сурна. Шууд эхлэнгүүтээ 100 хувь амжилтанд хүрдэг бизнес эхлүүлэх боломжгүй. Дэлхийн шилдэг бизнесүүдийн ихэнх нь анх грашанд эхлээд нурсан, алдсан, дампуурсан түүхтэй байдаг. Стив Жобс хүртэл өөрийнхөө байгуулсан компаниас өөрөө хөөгдсөн байдаг шүү дээ. Гэхдээ тэр буцаж очоод, сэргэж чадсан. Зүгээр гудамжинд лааз өшиглөөд явах хугацаа хүртэл хүнд үнэ цэнэ авчирдаг. Хэрэв Стив Жобс 12 жилийн хугацаанд Apple-аас хөөгдөөгүй байсан бол “Pixar” байгуулагдахгүй. Pixar байгуулагдаагүй байсан бол өнөөдрийн түүх өөрөөр бичигдэнэ. Тэгэхээр энэ бол бурхны зураг. Нийгмийн ямар ч талбарт амжилт олохын тулд өөрт тохиолдсон уналтуудыг давуу тал болгон ашиглах, тууштай байх, дахин босох чадвар хамгийн чухал. Би агуу бизнесмен хүн биш. Гэхдээ миний эхлүүлсэн төслийн 30 хувь нь бизнесийн, 30 хувь нь манлайллын, 30 хувь нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой. Би мянган хүн цалинжуулдаггүй. Гэхдээ тодорхой хэмжээний хүмүүсийг цалинжуулж, нийгмийн даатгалыг нь төлж, амьдралыг нь авч явах хариуцлага үүрсэн хүний хувьд хэлэхэд аливаа зүйл нэгээс, жижгээс эхэлдэг. Жижгээс эхлээд унана гэдэг хамгийн том амжилт. Хэдэн тэрбум долларын бизнес байгуулчихаад дампуурна гэдэг бол асар хүнд эрсдэл. Гэтэл 10 мянган долларын компани байгуулаад дампуурахад хүн асар том туршлага олж авна. Тийм учраас ингэвэл амжилтад хүрнэ гэж хэлэх  төгс жор байхгүй. Хүн бүр өөрийнхөөрөө амжилт бүтээдэг.

Хэрэв чи Есүсийг дууриавал чамайг Есүс шиг хувь тавилан хүлээнэ гэж үг бий. Дэлхий яг бөөрөнхий хэлбэртэй биш. Маш энгийнээр хэлэхэд дэлхий өөрөө дэлхий хэлбэртэй. Чи хэнтэй адилхан бэ гэвэл өөртэйгөө л адилхан. Стив Жобс хэнтэй адилхан бэ гэвэл Стив Жобстой л адилхан. Хүн тодорхой хэмжээнд хүртлээ бусдын үйлдлээр урам зориг авч явдаг. Харин тодорхой хэмжээнд хүрсэн хойноо өөрийнхөө онцлогийг ойлгодог. Өөрийнхөө онцлогийг ойлгосон цагаас эхлээд хүн өөрийнхөө давуу талыг мөнгө, брэнд болгох чадвартай болдог. Тэрнээс оригинал бүтээгдэхүүнийг А копи. Б копи гээд хичнээн дууриаж, үнэ цэнэтэйгээр гаргасан ч хуурамч л бол хуурамч. Миний бодлоор залуус 15-25 насан дээрээ хамгийн сайн ментор буюу зөвлөгчтэй байх хэрэгтэй. Зөвлөгчийнхөө үйл хөдлөлийг дууриаж, түүний алдаа онооноос туршлагажиж явна. Тэгээд 30 нас дөхөөд ирэхээрээ өөрийн өнгө аясаа олж эхэлнэ. 35 настайдаа өөрийнхөө онцлогийг мэддэг болно. 40 нас хүрэхэд тэр хүн бусдад зөвлөх хэмжээний туршлага хуримтлуулж чаддаг. Тэгэхээр 20 настай хүнээс 40-тэй хүний ур чадвар шаардах боломжгүй. Гэхдээ аливаа зүйл наснаас биш цаг хугацаа зарцуулж буй шатлалаас хамаардаг.

Малколмын 10 мянган цагийн хууль гэж бий. Аливаа зүйлийг 10 мянган удаа хийхэд тэр хүн зүгширч, төлөвшиж байдаг. Beatles-ийг агуу хамтлаг гэдэг. Гэхдээ эхний 10 мянган цагийн тоглолтоо хийх хүртэл хэн ч үнэлж, хүлээн зөвшөөрдөггүй байсан. Моцартыг хүмүүс сод ухаантан гэдэг. Хэдий зургаан настайгаасаа эхлэн төгөлдөр хуур тоглосон гэдэг ч тэр аль хэдийн 10 мянган цаг хөгжмөө тоглосны дараагаар суут бүтээлүүд нь төрөн гарсан байдаг. Дэлхийн агуу гэж нэрлэгддэг хүмүүсийн амжилтад хүрсэн үе шатыг аваад үзвэл эхний 10 мянган цаг буюу 15  жилийн турш хар шороотой ноцолдож, үржил шимтэй талбай олох бэлтгэл ажлаа хангасан байдаг. Тэрнээс шууд үржил шим ихтэй талбайд очиж, цэцэг ургуулах буюу хүний бэлдэж өгсөн платформ дээр хол явж чаддаггүй юм. Бизнест, улс төрд ялгаагүй. Нийгмийн салбарт ч тэр ийм л дүрэм үйлчилдэг.

– Шинээр санаачлан эхлүүлсэн бизнес, эсвэл төсөл тань талаар өнгөрч байсан буюу өөрийн хамгийн том “FUCK UP”-ынхаа талаар яриач?

– Хэдэн жилийн өмнө би 300 ортой хүүхдийн эмнэлэг барих төсөл санаачлаад, барилгын зураг төслийг нь гаргаад, нэлээн амжилттай явж байгаад хөрөнгө оруулалтын шатан дээр унаж байсан. Тухайн үед би алдсан ч гэсэн дараа нь Марстай холбоотой төсөл дээр ажиллахад өмнөх алдаа минь суурь болж өгсөн. Яаж хийвэл алддаг гэдгийг мэдэх учраас өөрөөр ажилласан. Тийм учраас алдаа бол бэлэг.

– Манай сайтын нэр HumanZ. Энэ үеийн залууст зориулсан Монголын анхны вэбсайт. Таны бодлоор “Z” үеийнхэн гэж хэн бэ?

– “Z” үеийнхэн бол мэдээллийг тэгш хүртээмжтэй авч чадах, мэдээлэл авахын тулд мөнгө, эрх мэдэл шаарддаггүй цаг үед өсч байгаа хүмүүс. Тэдний том онцлогуудын нэг бол маш бие даасан байдалтай. Хувийн байр суурьтай. Хоёрдугаарт, аливаа зүйлд хандахдаа өөртөө итгэлтэй байж чаддаг. Гуравдугаарт хариуцлагаа ухамсарлаж чаддаг. Ерөнхийд нь авч үзвэл 1940-өөд оноос үеийг эрэмбэлдэг мода дэлгэрсэн л дээ. Яагаад 40 оны хүмүүсийг төмрийн үе гэж нэрлэдэг вэ гэвэл бүх хэрэгсэл нь төмрөөр хийгддэг байсан. Дайны үе учраас халбага сэрээ, аяга таваг гээд бүгдийг нь төмрөөр хийдэг. Мөн төмрөөр асуудлыг шийддэг байсан үе гээд “IRON GENERATION” гэж нэрлэдэг. Дараа нь 1960-аад оныхныг “Х” үе гэж нэрлэдэг тийм үү. Ямар ч байсан төмрийн үеийнхэн байгаа юм чинь дараагийн үеийг үл мэдэх буюу “Х” үе гээд нэрлэчихсэн байгаа юм. Дараа нь 80-аад оны хүмүүсийг “Y” гэж нэрлэсэн. Анх “Х” үеийнхнийг зүгээр л үл мэдэх гэдэг утгаар нь нэрлэсэн болохоор дараагийн үеийг нэрлэхдээ “Х”-ийн дараа хамгийн их геометрт хэрэглэгддэг үсэг буюу “Y” гээд нэрлэсэн. Харин 2000 оныхныг цагаан толгойны дарааллаар “Z” гээд нэрлэсэн. X, Y, Z гэж нэрлэсэн учир нь энэ.

Одоо 2020 оноос төрөх хүүхдүүдийг “А generation” буюу цагаан толгойг эхнээс нь эхлүүлж байгаа юм. 2040 онд “B generation”, 2060 он гэхэд “C generation” гээд явна. Уг нь үеүдийг 20 жилээр тооцдог. Харин мэдээлэл, технологийн үеэс эхлээд богино жилээр тооцож эхэлнэ. Учир нь дундаж технологийн хувьслын хурд нь 4-6 сар. Жил бүр гар утасны аппликэйшн, программ нь шинэчлэгдэж байна. Тэгэхээр ирээдүйн дараагийн үеүд 10, магадгүй найман жилээр ч тооцогдож магадгүй.

– Бүхий л үеийн хүмүүст давуу талын зэрэгцээ сул тал байдаг. Бидний үеийн залуусын сул талыг та юу гэж хардаг вэ?

– Хувь хүний сул тал гэхээсээ илүү нийгмийн харилцааны олон өнгө аяс хүмүүсийг сонголт хийхэд нөлөөлж байгаа нь заримдаа сул тал мэт харагдаж байгаа юм. Жишээлбэл, намайг хүүхэд байхад телевизийн ганцхан сувагтай. Магадгүй хоёр, гуравхан сонинтой байсан л даа. Мэдээлэл авах эх сурвалж нь жижиг. Түүнээс авсан мэдээллээ үнэн гэж итгэдэг байсан үе. Интернет байгаагүй. Харин одоогийн шилжилтийн насныхан бүгд инстаграм, фэйсбүүк, снапчат ашигладаг. Миний үед мэдээлэл гэдэг жижиг булаг байсан. Харин одоогийн залуус үнэн, худал нь үл мэдэгдэх асар том мэдээллийн далайд шумбаад орчихсон байна шүү дээ. Дэлхийн хаана, юу болж байгааг олж мэдэхэд хэдхэн секунд хангалттай. Энэ их мэдээллээс тэд сонголт хийх төвөгтэй. Интернетээр явж байгаа мэдээллийн 47 хувь нь худал, 53 хувь нь харьцангуй бодитой. Яг ийм мэдээллийн эмх цэгцгүй байдал дунд байгаа залуус юу ч бодох шаардлагагүй болно. Бодохгүй байх нь залхуурах, ном уншихгүй байх, өөрийгөө хөгжүүлэхгүй байх хангалттай шалтгаан. Хувь хүн хөгшин, залуу байхаас үл шалтгаалаад сонголтоо зөв хийж сурах хэрэгтэй. Энэ мэдээллийн эрин зуун нь нэг талын асар их боломж, нөгөө талаас эрсдэл. Булгийн дэргэд салхилахад хүн хийсээд уначихгүй. Харин далайн эрэг дээр салхи хүчтэй босвол бүгд хийсч унана.

– Их сургуулиа төгсөөд, ажлын байран дээр гарсан, гарах гэж байгаа хүн бүр дотроо ямар нэгэн зорилго, шийдэл, гарц тээж яваа. Оюунд буй бодлоо үйлдэл болгохдоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

– Гурван зүйл хэлье. Нэгт, өөрийнхөө сонирхдог салбарыг зөв тодорхойл. Мэргэжлээ зөв сонгох, сонгосон мэргэжлээрээ төгссөн бол заавал түүндээ хүлэгдэх хэрэггүй. Би сэтгүүлчээр төгссөн бол сэтгүүлч л хийнэ гэх шаардлагыг өөртөө битгий тавь. Магадгүй чи бизнест илүү авьяастай байж болно шүү дээ. Хайрцганд битгий ор. Өөрийгөө олон талаар сорьж, туршиж үз. Зорилгоо тодорхойл. Хоёрт, зорилгоо тодорхойлсон хүн хөдөлмөрлөх ёстой байдаг. Өөрийгөө хөгжүүлэх, тэр дундаа хэлээ сайжруулахад цаг гарга. Гуравт, маш сайн зөвлөхтэй бол. Аав ээж, ах эгч, алдартай хүн гээд хэн ч байж болно. Сошиал хөгжсөн энэ нөхцөлд мэдэхгүй зүйлээ хэнээс ч нэрэлхэлгүй шууд асууж чаддаг бай. Миний инстаграм хуудас руу залуус өдөр бүр зурвас бичдэг. Би бүгдэд нь хариу өгөхийг хичээдэг. Яг ийм зөв хандлага одоогийн залууст хэрэгтэй.

– Сайн ментор буюу удирдагчийг ямар шалгуураар сонгох вэ?

– Таван шалгуур байна. Нэгдүгээрт, чамтай ашгийн бус харилцаатай байх. Ийм зөвлөгөө өгье, ийм хэмжээний мөнгө өг гэдэг биш. Чин сэтгэлээсээ чамайг дэмждэг хүн байх ёстой. Хоёрдугаарт, чиний сонирхож буй салбарт тодорхой хугацаанд ажилласан туршлагатай байвал сайн. Гуравдугаарт, чамтай ямар нэгэн эрэгтэй, эмэгтэй хүний харилцаа байхгүй байх ёстой. Дөрөвдүгээрт, ирээдүйг чинь цуцалтгүй дэмжигч байх. Одоо байгаа чамайг гэхээсээ илүү ирээдүйд чамайг хэн болж төлөвших вэ гэдгийг мэддэг. Бүх цаг үед хамт байх хүн хэрэгтэй. Тавдугаарт, чиний нууцыг хадгалж чаддаг хүн. “Надаас тэр тэгж асуухаар нь  ингээд хариулчихлаа” гэх маягийн хүн хэрэггүй. Ментор хүн заавал сэтгэл зүйч байх албагүй ч гэсэн чиний сэтгэлийг ойлгодог, илэн далангүй ярилцдаг найз шиг чинь байх ёстой.

– Та үнэхээр завгүй хүн шиг ажиглагдлаа. Цагаа хэрхэн төлөвлөж, зөв зохистой ашигладаг вэ?

– Тухайн хийх ёстой зүйлээсээ л хамаарна. Би Харвардад сурч байхад миний цагийн бүх горим нарийн төлөвлөлттэй байсан. Өглөө босох, орой унтах цаг хүртэл тодорхой. Энэ нь тухайн нөхцөл байдлын л горим. Хүний амьдрал байнгын тооцох боломжтой зүйл биш. Чамд сурах, ажиллах, мөнгө олох цаг хэрэгтэй. Мөн хайрлах, зарим үед найзуудтайгаа шоудах цаг хэрэгтэй. Хэлэх гэсэн санааг ойлгож байгаа биз дээ. Хүн гэдэг нэг талаараа байгалийн амьтан боловч нөгөө талаараа нийгмийн амьтан. Үүнийг сайн ойлго. Ерөнхийдөө цагийг зүгээр л хийсвэр, хэрэггүй зүйлд хоосон үрж болохгүй. Миний хувьд ангийн (зөв бизнес, төсөл эхлүүлэх) даяанчлахын (уран бүтээлийн буюу ном бичих, өөрийгөө хөгжүүлэх), худалдааны гэх мэт сонирхолтой цаг үеийг улирлаас хамааран өөртөө гаргадаг. Улирлаас гэдэг нь байнга даяанчлаад эсвэл дандаа ангийн байдалтай байдаггүй гэсэн үг.

– Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *