Ерөнхий сайд асан С.Баяр “Тавантолгойн цагаан толгой” номынхоо өмнөх үгт ингэж бичжээ:
“Мэдэхүйгээ мэдэх алхам нь үнэнд ойртох алхам мөн.”
Энэ үг нь Тавантолгойн түүхийг баримтаар бус, ойлголтоор үнэлж ирсэн олон нийтэд хандсан үг байлаа.
Тэр үнэнд ойртохын тулд “Тавантолгойн цагаан толгой” үнэн зөв, бүрэн бүтэн баримт, мэдээлэл гэсэн нэртэй энэхүү номыг гаргаж, Тавантолгойн маргаантай 94:6 хувийн харьцааны талаарх баримт, нотолгоог дэлгэн тавьжээ.
Гэвч түүний зорьсон “үнэн” нэг талдаа баримтаар батлагдсан ч, нөгөө талдаа итгэлцлийн хомсдолд хавчигдсан хэвээр байна.
Учир нь тухайн үед төр, хувийн хэвшил аль аль нь ард иргэдэд бүрэн, ил тод мэдээлэл өгч чадаагүй. Энэ л өнөөгийн Тавантолгойн асуудлын гол үндэс болж ард иргэд төр, хувийн хэвшлийн алинд нь ч энэхүү асуудлаар итгэхээ больтол итгэлцэлийн хямрал үүсгэжээ.
Тэгвэл бидэнд энэ хямралыг засахын тулд арван долоон жилийн өмнөхөөс цэгцтэй эхлэх хэрэгтэй байх.
Нэг: Энержи Ресурсийн алдарт зургаан лиценз хаанаас эхлэлтэй вэ?
Маш товчоор дараах дарааллаар өрнөсөн:
- 1996 он — Тавантолгойн ордын хайгуулын лицензийг АНУ-ын “Magma Copper” компани авсан.
- 1998 он орчим — “Magma Copper”-ийг дэлхийн уул уурхайн аварга “BHP Billiton” худалдан авч, лицензийг өөрийн нэр дээр шилжүүлсэн.
- 1999 он — “BHP Billiton” эдийн засгийн үр ашиггүй, дэд бүтэц хангалтгүй гэж үзэн Монгол дахь хайгуулын ажлаа зогсоож, лицензээ төрд буцаан өгсөн.
- 1999–2002 он — Тус лицензийг Монголын “Майн Инфро” ХХК эзэмшиж байгаад 2002 онд “Энержи Ресурс” компанид шилжүүлжээ.
Ингэж “Энержи Ресурс”-ийн нэртэй холбогддог “Ухаа худаг”- ийн хэсэг нь 2002 оноос хойш тухайн компанийн мэдэлд орж, 2008 онд төртэй хамтарсан хэлцэл эхэлсэн юм.
Хоёр: Стратегийн ордын эхлэл ба төрийн 94 хувь
2007 онд УИХ, Тавантолгойг стратегийн ач холбогдол бүхий орд хэмээн зарлаж, төрийн эзэмшлийн хувь 50 хүртэл байхаар хуульчилсан.
Энэ заалт тухайн үед уул уурхайн салбарт төрийн оролцоог тэнцвэржүүлэх алхам гэж үзэгдэж байсан ч, “50 хүртэл” гэдэг хэллэг нь маргааны үүдийг нээсэн.
Дараа жил нь, С.Баярын тэргүүлсэн Засгийн газар ордын 94 хувийг төрд буцааж, үлдсэн 6хувийг “Энержи Ресурс” компанид үлдээсэн.
Гурав: Төр, хувийн хэвшлийн хамтралын үргэлжлэл
Төрийн оролцоотой шийдвэр гарах бүрд нийгмийн хандлага хоёр туйлд хуваагддаг. Төр өмчөө хамгааллаа гэж итгэх нэг хэсэг, улстөрчид хувийн ашиг сонирхлоор шийдэж байна гэж сэрддэг нөгөө хэсэг.
Тавантолгойн хувьд ч энэ дүр зураг давтагдсан. С.Баярын Засгийн газрын шийдвэрийг дэмжигчид төр ордын хяналтаа буцаан авсан гэж үзсэн бол, шүүмжлэгчид “Ухаа Худаг” гэх өрмийг нь хувийнханд үлдээлээ гэж байв. Энэ маргаан зөвхөн тэр үедээ маргаад орхигдсонгүй. Энэ оны хоёрдугаар сарын 26 -ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл, “Энержи Ресурс” компанитай Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн 2008 оны 3 дугаар сарын 21-нд байгуулсан гэрээ Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн гэж мэдэгдсэн. Мөн тэр гэрээ нь олдохгүй байна гэж мэдэгдэл хийв.
Харин үүнд нь С.Баяр бүх зүйл хуульд нийцсэн. “Олдохгүй байна гээд байгаа гэрээний хувийг канондоод өгч болно” Тэр үеийн хуулийн зохицуулалт, боломжоороо 100 хувь авах ямар ч боломж байхгүй. Хэрвээ тэгэх юм бол засгийн газар үндсэн хууль, бусад хуулиа улаан цайм зөрчсөн болно гэж ярилцлагын үеэрээ хэлж байв.
Дөрөв: Хамтрал нь итгэлийн хямрал болов
“Энержи Ресурс” ХХК, Тавантолгойн “Ухаа худаг” ордын лицензийг эзэмшиж байсан.
Тус компани 2008 онд төртэй хамтарсан гэрээ байгуулсан бөгөөд албан ёсны баримтаар энэ нь засгийн газрын тогтоолоор баталгаажсан.
Гэвч асуудлын гол нь хэний ашиг илүү хамгаалагдсан бэ? гэдэг дээр маргаантай үргэлжилсээр байгаа.
Хувийн хэвшлийг оролцуулахгүйгээр ийм том төсөл хөдөлнө гэж үгүй, гэж тухайн үеийн бодлого боловсруулагчид хэлж байсан.
2008 онд төр ба хувийн хэвшлийн хамтарсан шийдвэр олон хүнд итгэл төрүүлсэн.
“Төр өмчөө хамгааллаа, хувийн хэвшил хөрөнгө оруулна” гэж ойлгосон тэр хамтрал эдийн засгийн утгаараа зөв алхам мэт санагдсан.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ хамтын ажиллагаа итгэлийн хямралын эхлэл болж хувирсан юм.
Төр өөрийн талд үндэсний ашиг сонирхлоо хамгаалж байна гэж мэдэрсэн бол, хувийн хэвшил хууль ёсны бизнес хийж байна гэж бодсон.
Харин иргэдийн хувьд аль аль нь үнэнч биш, хаалттай үйлдэл хийсэн мэт харагдсан.
Эндээс л төр-хувийн түншлэл гэх ойлголт бодитоор биш, сэжиглэл ба хардлагын толь болон хувирсан.
Итгэлцэл үгүй хамтрал хичнээн сайн эдийн засгийн загвартай байсан ч зөв үр дүнгээ өгдөггүйг Тавантолгойн түүх үүнийг нотолсон.
Хууль зүйн хувьд зөв шийдвэр ч, олон нийтийн ойлголтод шударга бус мэт харагдвал тэр бодлого итгэлийн хямрал болдог. Тавантолгойн хамтрал яг тийм түүхээр үргэлжилж байна. Тавантолгойн тухай яриа өнөөдөр “хэн буруутай вэ?” гэсэн асуултаар биш, “бид яг юу мэдэж байна вэ?” гэсэн асуултаар үргэлжлэх ёстой.
Төр эзэмшлээ хамгаалсан нь зөв ч, мэдээллээ хуваалцахдаа хойрго байжээ.
Хувийн хэвшил бүтээсэн ч, итгэл төрүүлэх харилцаа бий болгож чадсангүй. Энэхүү асуудал даамжирсаар бид улс орон даяаараа талцаж хуваагдах дээрээ тулж төр, хувийн хэвшлийн нэр хүнд ч бүрэн цэвэр үлдсэнгүй.
