Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Халхын хуримын зан үйл
Халхын төв, баруун, өмнөт нутагт бэр сонгож хүүхэн талд очиж гуйж хариу шийд сонссоны дараа сүй хүргэж, хуримын бэлтгэл эхэлдэг байв. Хүүхний эцгийн гадаа шинэ гэр нүүлгэн аваачиж, бүсгүйн үсийг хагалж самнан эхнэр болгон зассанаар найр хийж хөшиг тайлдаг. Хөшиг тайлсны дараа гэр салгах ёс гүйцэтгээд бэрээ авч шинэ хосын гэрийг эцгийн нь тал руу эргэж нүүлгэснээр хуримын ёс дуусч, хүү тал шинэ гэрийн утаа үзэж, нэгэн өрх айл үүсдэг заншилтай. Гэрлэлт эцэг, эхийн мэдэлд байсан ба хүү, хүүхний жил мэнгэ тааруулна. Бүсгүйг 16, 18 гэх мэт тэгш насанд нь гуйж, 17, 19 гэх сондгой насанд нь хүнтэй суулгах заншил Халхад зонхилж байв. Залуу хосыг аль болохоор үе насанд нь ураг холбохыг эрхэмлэх ба, насны зөрүү арван гурваас хэтэрвэл үе мултарлаа гэж үзнэ. Хүү, хүүхэн хоёрыг жилээр нь хөөж гэрлүүлдэг. Үүнд:
А. Хулгана, луу, мич
Б. Үхэр, тахиа, могой
В. Бар, нохой, морь
Г. Туулай, гахай, хонь
жилүүд тус тус ивээл ба есөн мэнгийг нь бас тохируулах ёстой. Бэрийн сайхныг шилж сонгох нь язгууртан тайж ноёдын дунд ихэд дэлгэр үзэгдэл байжээ. Эцэг, эх нь шийдэж бэр сонгохдоо нутаг хошуунаасаа голчлох ба хүргэн хэдэн насаар ах байхыг чухагт үзнэ. Бэрийн удам судрыг шинжиж 2-3 үедээ удам сайтай явсан айлыг чухалчлан, бэр болох бүсгүй үйл үртэс, ажил төрөл сайтай, төлөв даруу зантай, жил мэнгэ тохирсон бөгөөд өнгөлөг маяг нь таарсан, амны бэлэгтэй байвал сайн гэж үздэг байв. Тухайлбал, охин аргал түүж явбал хомоолоос нь авч юу хэлэхийг сонсох болон хонь усалж байвал эргэн тойрны нутаг усны нэрийг асууж Түвшин тал, Баянтээг, Аржаргалан гэхчлэн бэлэгтэй нэр таарах юм бол өөрийн хүн болно гэж тооцдог ч ёс байжээ. Энэ нь амны билгийг дээдэлдэг халх заншлын илрэл юм. Бэр болох хүнээ товлож тогтсоны дараа, хүүхний эцгийнд хүүгийн тал ам сонсгох, тамхи нэрэх ёс гүйцэтгэхээр нас тогтсон, үр хүүхэдтэй 2-3 хүн явуулж бэр гуйна. Бэр гуйхаар очсон хүмүүс морьдоо гэрээс зайдуу тушаад гэрт орох ё
-За эрхэмүүдийн нэр алдар хэн бэ? Нутаг өргөө хаана буй? гэж асуухад хариуд нь:
“Нутаг буурал Богдын өвөрт
Буянт голын эхэнд байна.
Их төрийн хэргээр ирлээ:
Үе модонд ойл хүрдэг
Үртэй хүнд үг сонсгодог журмаар
Зээлж олдохгүй зэндмэнэ эрдэнэ
Хайж олдохгүй хаш эрдэнэ
Сурж олдохгүй сувд эрдэнэ
Эрж олдохгүй оюу эрдэнэ
Эндэхийн өргөөнд байна гэсэн тухайд
Танайхыг түшүүлж, алтан босгыг алхуулах санаатай
Энэ хишгийг хүртэхээр зочилж ирлээ гэхэд, хүүхэн тал замдаа юу үзсэнийг нь сонирхон асуухад хүү тал:
Гучин хоёр цагаан зээр
Жаран дөрвөн янзагатай
Алтайн эрэг дээр
Эргэж бууж тоглон байхыг үзлээ гэж хариулахад:
Хөөрхий цөмөөрөө ихэр юм байжээ гэх зэргээр бэлэгтэй үгийг эрхэмлэдэг байв. Хүүхэн тал сонсож дууллаа, ах дүүд нь дуулгаж дараа болъё гэдгээс үзэхэд охиноо хүнд өгөхдөө ах дүүсээрээ шийддэг заншил байсныг илтгэж байна. Хадаг тавьж хариу шийд авахаар хэд хоног өнгөрүүлж, ясны авга ах хүн очиход хүүхэн тал:
Хун цагаанаа ганзагалж
Хурдан цэнхэрээ унаж
Хаанаас хаа зорьж яваа билээ?
Уулаар явбал анчин
Талаар явбал аянчин гэхсэн гэхэд хариуд нь
Өнөөдрийн өдрийн сайнд та бүхэнд идээнийхээ дээжийг барьж, хариу шийд авахаар зорьж ирлээ гэнэ. Хэрэв зөвшөөрвөл хадгийг авч, сүйний малыг хэлэлцэж хуримыг товлох ба ирсэн идээний саванд тариа хийж өгнө. Зөвшөөрөхгүй бол архи идээг авалгүй, ерөөл барилдлагаа таарахгүй гэж шалтаг хэлээд буцаадаг ёстой ажээ.
Хүүгээ гэрлүүлэхийн тулд эцэг эх нь урьдаар гэр бүрнэ. Гэхдээ шинэ гэрийг бүрэн төхөөрөлгүй, хос залууг эхлээд алив нэг зүйл нь дутуу гэрт оруулах буюу гэрийн эх гэж хүндэтгэн хатгуур буюу урцанд гэрлүүлэх заншил ч бас байжээ. Гэр төхөөрөхөд ах дүүс, төрөл садан бүгдээр хамтран оролцоно. Хэдийгээр хүү тал гэр төхөөрдөг заншилтай боловч, түүнд охин тал ч бас оролцдог байв. Энэ нь одоо цагт шинэ айлын орон байр авах, гэр орныг нь тохижуулахад хоёр тал тэнцүү оролцдог болсонтой ойролцоо л юм. Ер нь Төв халхын ёс заншил монголын бусад ястнууд дундаа хамгийн уян хатан, арай ардчилсан шинжтэй байсан тал бий. тал гэрийн доторхи тавилгыг төхөөрөхийн Хүүхний зэрэгцээгээр шинэ гэрийн гол чагтаг, дотор бүс, хүргэний талын өгсөн эсгийгээр хөшиг оёж өгдөг байжээ. Гэрийн мод, бүрээс, туургыг зэхэж дуусах үед тусгай товлосон өдөр гэрийн мод тааруулж, гэрийг эсгэж оёхоор садан садан төрөл, ойр хавийн айл саахалт хүмүүс уригдан ээрүүл, утас, зээгтэйгээ цуглан ирж дээвэр, туургыг оёж хөвөөлж хамжилцдаг заншилтай байв. Ах дүүс
Гэрээ барьж дуусаад өрхийг гэр дээрээ тавилгүй, дөрвөн чулуу тулж, бэр болох бүсгүйд ивээл жилтэй хүүхэн талын бэргэн хэт цахиж шинэ гэрийн галыг асааж (зарим нутагт хүүгийн ээж ч гал түлдэг) цай чанахад гэрийн өрхийг нь тавьдаг заншилтай байжээ. Ингээд гэр оёсон барьсан улсаа оруулж цайлуулахыг гэр бүрэх найр гэдэг байна.
Хүү талын зэхсэн шинэ гэрийг хүүхний эцэг мялаах заншилтай байв. Хонины уураг сүүлийг гэрт тулсан хус модон баганын ацанд хатгаад хадаг уяж, даллагын хувинд хонины дөрвөн өндөр, хонхтой шаант чөмөг, хош сүүл, цай хийж ерөөлчид хадагтай барихад ерөөлч хувинтай идээгээ барьж:
Тохой зандан модыг тойруулан сийлж хийсэн тооно
Ургаа зандан модыг урлан сийлж хийсэн унь
Харгай зандан модыг хагалж сийлэн хийсэн хаалга
Бургас модыг булжин сийлэн
Бугын сураар товчлон тогтоож хийсэн хана
Төлгөн ноосыг төө зузаан, хурган ноосыг хуруу зузаан зулж хийсэн туурга
Гунжин үнээний хөөврийг гурамсалж
Дөнжин үнээний ноосыг дөрвөлжлөн хийсэн гэрийн оосор, бүч
Ширээ агтны зогдор ширж гоёж хийсэн ширдэг, бамбай
Агар зандан модоор арслан сийлж хийсэн авдар, ширээ
Ижил хонгорын дэлийг эрчилж хийсэн
Эрдэнийн чагтага
хэмээн мялааж дуусахад тэнд байгаа хамгийн бага эрэгтэй хүүхдээр сүүлийг хазуулаад баганаасаа мулталж авдаг. Сүүлийг хөшиглөн бүгдэд тойруулан амсуулах ба хадаг уяатай баганаа тулж, ширээнд тавьсан ууцыг таллаж гийчдийг дайлна. Махаа хуваасныхаа дараа ая барьж 2-3 хүн л дуулна. Ая барьсан хүнд айраг, хадаг барьдаг ёстой.
Найрын эхэнд “Хуурын магнай”, эсвэл “Дээд гурван эрдэнэ” дуугаар ая барьж байв. Ая бариад суухдаа хүүгийн эцэг, эх эсвэл ах настайд нь айргаа өгч хадгаа өөрсдөө авна. Үүний дараа “Тэнгэрийн агаар” хэмээх тахилын тухай, “Лам гурван эрдэнэ” гэх морины тухай дуу дуулж, найрын төгсгөлд “Цэцгийн дуу” дуулдаг заншилтай байв. Хүү тал шинэ гэрээ, хүүхэн талд нүүлгэж авчраад их хурим хийж бэрээ авах заншил халхын төв ба баруун нутагт зонхилж байв.
Хүүхнээ мордуулах, эсвэл шинэ гэр хаяандаа буулгахыг хүүхэн тал шийддэг заншилтай. Шинэ гэр нүүж ирэх үед охиноо гэрт нь байлгахгүй, садан төрлийн айлд буруулж аваачиж нуудаг заншилтай байв. Хүргэний талын бэргэд бэрээ олж, хүчээр булааж авдаг ёс ч байжээ.
Хүү тал нүүж ирээд шинэ гэр хаана барихыг асуухад хүүхэн тал: Буга дуулдахгүй, бух тошихгүй газар юу хийж яваа улс вэ? гэхэд хариуд нь:
-Алтан баганын ониор гаргаад, мөнгөн баганын ониор ороод шав тавьсан газраа, энэ дээр буу! гэж гэрийн ацтай баганаар зааж өгдөг ёстой байжээ. Гол төлөв хүүхний эцгийн гэрийн зүүн ба хойт талд шинэ гэрээ барьдаг. Гэр нүүж ирсэн өдөр хүүхэн талын төхөөрсөн гэрийн тавилыг шинэ гэрт оруулж тавьдаг. Үүнийг мод тавих ёс гэж нэрлэх ба хэрэв хүүхэн мордуулж авах ёслолын үед бол мод тавихдаа хоёр тэмээнд ачиж хүү талд хүргэх заншил байжээ.
Энэ үед хүү тал хар зам цайлгах цэнхэр бор мориор тахил тавих ёс гүйцэтгэнэ. Энэ нь хонь, адуу зэрэг халуун хошуутай малыг хадаг сүүний хамт барихын нэр юм. Тахилын морины хамт үнэр сайтай хүж, гэрэл сайтай зул, бурханд нь тавих бүтэн хонины “чонхор” заавал авах ёстой байжээ. Цэл шүдтэй, тэнгэрийн өнгөтэй гэж магтан, улаан юмаар бүтээсэн, дээсэн ногттой, хадаг уясан цайвар зүсний морийг хүүхний эцгийн үүдэнд уяна. Эмэгтэй тал тахилын морийг голж шүрэн шүдтэй, шунхан нүдтэй мориор тахил тогтоолоо гэж доромжилсон мэт үг хэлэх тал ч байдаг байжээ. Тахилын морь санаанд нь эс тохирвол хуримын ахлагчийн морийг ч авч болдог заншил байсан нь сонирхолтой юм.
Ийнхүү зул, хүж барьж чонхороо босгож, тахил тавьсны орой “сэнж хөдөлгөх”, “хүргэн үзэгдэх” буюу “тамхилах” ёс гүйцэтгэнэ.
Хүргэн хүү агсаж ирсэн нум саадаг, эсвэл буугаа хадам эцгийн гэр дээр тавьж гэрт орж тамхилна. Энэ ёсыг гүйцэтгэх үед хүргэндээ өмсгөл (цамц өмсөх эсвэл бүс бүслүүлж болно) өмсгөж, тарагны хөрөнгө амсуулах заншил байсан нь хүргэн хүүг өөрийн хүн болгож буй утга санааг агуулсан заншил юм. Одоо бол хүргэндээ цамц болон дээл, костюм ч бэлэглэж болох юм. Бэрийн эцэг, эх охиноо гэрээсээ гаргахдаа хүний сүр сүлд гэж үздэг багын бүсийг нь тайлж, түүгээр нь буян хишиг даллан хурайлж хоцордог ёс заншил байсан байна.
Шинэ гэрт бэрээ оруулан авах тусгай цаг байдаг ба хоёр бэргэн шинэ гэрийн нэг унь, хүүхний эцгийн гэрийн бас нэг унийг авч хооронд нь хөх юм уу ногоон өнгийн даавуун хөшгөөр холбож, охины нүүрийг хааж орон дээр нь суулгана. Хүү, хүүхний хоёр тал нийлсэн хурим болж, хоёр талын идээ будааг тавина. Бэрийн үсийг хоёр хувааж, баруун талын үсийг хүү талын бэргэн, зүүн талын үсийг эмэгтэйн бэргэн самнаж сүлждэг.
Бэргэн. Ер нь Монгол хуримын ёсонд бэргэн онцгой чухал үүрэгтэйг дээр дурдсан билээ. Зарим айл хуримын бэргэд гэж дуудаад байхад ахын гэргий биш, эгч, охин дүү, хамаатны эгч нараа бэргэн болгодог нь зохимжгүй юм. Хэрэв хүргэн, бэрд төрсөн ах үгүй бол хамаатны ахын эхнэр ч бэргэн юм шүү дээ.
Бэр мөргүүлэх ёсыг хүүгийн эцгийнд гүйцэтгэнэ. Бэрийг хадмын гадаа ирэхэд цагаан эсгий дэвсч угтана. Ингэхдээ эцгийн гэрийн үүдийг баганаар дардаг ёс бий. Ирсэн хүмүүс “Ийгээр орох уу?” гэхэд хадмын талынхан “Бух мөргөнө, буур хазна, азарга цавчина, нохой зууна” гэхэд
“Алтан хаалгаа нээж хайрла” гэхэд баганаа авч бэрээ оруулдаг. Хоёр бэргэний нэг нь дагаж, нөгөө нь бэрээ мориндоо дүүрч хадмынх нь гадаа аваачдаг. Одоо цагт бол бэрийн суусан машинд өөрийнх нь бэргэн хамт сууж, хүргэний талын бэргэн хойноос нь өөр машинаар дагаж явна гэсэн үг.
Тотгоноос адис аваад бэрийг хадмын гэрт хөтөлж оруулахад, тулганы дөрвөн тотгонд таван өнгийн эд тавьж галд тос өргөөд бэр галд мөргөнө. Бэрийг галд мөргөсний дараа хөшигний цаана суулгана. Бэр эхнэр хүний хувцас өмссөн байх ба бэрийг галд мөргөх үед цагаан эсгий дэвсч дээр нь хас тамга зурж бэрээ суулгадаг заншилтай. Ингэхдээ хөшигний уут буюу гарын цагаан уут гэдгийг зэхэж хоёр гарт нь углан “Хан эцэг, хатан ээжийн үлээн хөгжөөсөн галын бурхан “Маранзад”-д өөх тос, өмсгөл чимгийг өргөж сөгдөн мөргөтүгэй” гэхэд бэр хормойгоо дэвсч галдаа мөргөдөг байна.
Мөн хадам аав, нөхрийн авга нагац ах нарыг нэрлэн бэрийг мөргүүлэхэд “Тэнгэр дээдийн жаргалаар тэгш сайхан жаргаж явахыг хүсэн, нар шиг мандаж навч шиг дэлгэрч яваарай” гэж ерөөл өргөөд бэрдээ мал зааж өгнө. Энэ нь хадмынхны бэрд өгдөг хишиг юм. Бэр мөргөж дуусахад гарын уутыг нь цагаан идээгээр дүүргэж, хувинд элгэн тараг хийж бариулаад, хадам эх нь товч хадсан хурганы хөгнө өгөх ба, хоёр бэргэн шинэ бэрийг хоёр талаас нь түшин гэрээс гаргана.
Хувин нь сааль сүүний даллага болж, хөгнө нь мал сүргээр баян явахын бэлэгдэл утга агуулдаг аж. Бэр гадаа хадам эцгийн гэрийг нар зөв тойроод, өөрийнхөө шинэ гэрт орж тэр айлын хүн болдог ёстой. Бэр хадмын талд ирсэн эхний гурван өглөө галыг нь асааж цай чанаж өгөх ёстой. Бэр болж ирэхдээ мөргөсөн хадам эцэг эхийн нэрийг цээрлэнэ.
Тэр үед бэр хүн хадмын гэрийн чагтаганаас хэтрэх, толгойн боолт, дээл уужгүйгээр хадмууддаа харагдаж болдоггүй цээртэй байсан байна.
Бэр дархлагдаж гурван жил өнгөртөл бэрийн дарх тавигдахгүй бэрлэх ёстой. Бэрийг хадмынд мөргүүлсний дараа гурван хоногийн турш хөшигний цаана оруулж өрхийг нь ч татуулахгүй идээ цайг нь ч хийлгэхгүй суулгана. Гурван хоног өнгөрөхөд хөшиг тайлах ёслол болж, ойр хавийн садан төрлийг нь урьж шинэ гэрийн цай уулгана. Хөшиг тайлах ёсны гол агуулга бол бэрийг ил гаргаж, үхэгний ам нээж бэлгийн үг ерөөдөг учиртай байжээ. Хөшиг нээхэд хадам эцэг бэрдээ “Хөл нүцгэн хөлбөрч, толгой нүцгэн тоглож яваарай” гээд “хөндий”, “хөнгий”, “хөндий”, гэж хэлүүлээд “хөндий” гэхээр нь бууны сүмбээр хөшгийг дээш өргөж тавьдаг ёсыг хөшиг нээх ёс гэнэ. Хөшиг тайлах ёслолоор Бэрийн талын бэлдсэн бүтэн хонины махыг үхэгнээс задалж идэх ба махны шагайт чөмөгний бүдүүн үзүүрээс гэргий нь, хонгоноос нөхөр нь атгаж байгаад хоёул хуваан мөлждөг. Тэгээд гэрлэсэн чөмөг гэх энэхүү шаант чөмөгний ясыг хадгаар боож дээд дэрэндээ хадгалдаг ёстой. Иймээс шар наранд мөргөж, шагайт чөмөг атгаж хуримлана гэсэн үг байдаг аж.
Хуримд гэр салгаж хүүгийн гэрийг нүүлгэж ирэх үед замд нь тосч “таваг хаях” ёс гүйцэтгэнэ. Энэ нь худ ураг болж буй хоёр тал хийдэг нэг ёсны хүч чадал сорих тэмцэлдээний нэгэн хэлбэр юм. Хүүхнийг хүргэсэн хөсгийн бараа үзэгдэхэд хүү талын хоёр хүн замыг нь тосч ачааг гурав тойрон “хуурын магнай” худын түрүүнд хурдан морь хэнийх вэ? гэж хэлэнгүүтээ “тавагтай идээ”-гээ цацаж тавгаа өвөртлөн ухасхийн зугтахад, бэрийн талынхан хөөж эрийн чадал, морины хурдыг сорьдог байв.
Шинэ гэр, бэрийн ачаа нь худ ургууд буюу бэр хүргэж буй хүмүүсээс түрүүлж ирдэг ёстой ба энэ үед хүргэний хүмүүс хөтөлж очсон морио бэрдээ унуулж, бүгд цайвар зүсний морьд унаж тэгш тоотой болж явна. Хүү тал бэрийг ирэхэд цагаан эсгий дэвсч, мориноос нь буулгах ёстой байжээ.
Гэр салгаж, хүүхнээ мордуулахад ээж нь хоёр талын бэргэдийн хамт охиноо хадамд хүргэх ба буцахдаа охиныхоо хормой дээр бат бэх байхын бэлгэдэл болгон суулгатай сүү, хад чулуун уур, нүдүүр, бөгж, эрдэнийн зүйлийг тавьж, айл гэрийн суурьтай эзэгтэй болохыг ерөөдөг уламжлалтай.
Хүүхний эхийг буцахад хүү тал “Эхийн цагаан сүүний харамж” гэж халуун хошуутай мал амлах буюу гүү хөтлүүлэн гаргаж өгдөг байв. Хүүхнээ хүргэж ирсэн хүмүүс худынд үлдэж хонох ёсгүй ба тэднийг “орсон бороо арилдаг, ирсэн гийчин буцдаг!” гэсэн үг хэлж баганаар даллан хөөдөг ёсон буй.
Хүүхнээ хүргэж өгсөнөөс хойш гурван хоногийн дараа эцэг нь охиноо эргэх ба үүнээс хойш, гурван жил болж бэрийн ирсэн мөр гурван хаврын усанд угаагдсаны дараа л сая нэг төрсөн гэр орон, эцгийн төрөл саданд төрхөмчилдөг ёстой байв. Ийнхүү бэр төрхөмдөө айлчлахад, эцэг нь охиндоо инжний өмч мал хуйг нь өгдөг байв.
Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном
