Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Сэвлэг үргээх буюу даахь авах ёс нь монголчуудын үсний онцлог зан үйлийн нэг юм.
Хүүхдийн сэвлэг үргээхдээ ёс дэг баримтлан, сайн сар өдөр товлон хийдэг ёстой. Тухайлбал, эрэгтэй хүүхдийн даахийг сондгой буюу 3, 5-н настайд нь, намар буга урамдах цагаар авна. Охин хүүхдийн сэвлэгийг тэгш буюу 2, 4 настайд нь зуны эхэн сард цэцэг ногоо ургаж дэлгэрэх, цагаан идээ арвижих, хөхөө донгодох цагаар үргээдэг уламжлалтай. Хүүхдийн үс авахад томоохон найр хийх нь ч бий. Зарим нэгэн айл ууган хүүхдийнхээ даахийг авсан тэр насан дээр нь дүү нарынх нь сэвлэгийг үргээдэг уламжлалтай байдаг.
Мөн “энхрий хүүхдийн” даахь сэвлэгийг 7 настайд нь үргээдэг ёсон буй. Монголчууд зуны дунд сар, намар шинийн 8, 15-нд даваа, баасан гаригт хүүхдийн даахь авах нь сайн гэж үздэг байсан ба, пүрэв гариг нь хүний хишиг өдөр тул үс, даахь авах нь цээртэй байсан байна. Хүүхдийн сэвлэг үргээхээр товлосон сайн өдөр идээ, зоогоо өрж, айраг цагаагаа сөгнөөд, даахийг нь авах хүүхэддээ гоёлын дээл хувцас өмсгөж ёслолоо эхлүүлнэ. Сэвлэг үргээх найранд зоогийн дээд ууц тавьж, цагаалга өгдөг заншилтай байсны зэрэгцээ, хөшиглөсөн махан хоол ч хийдэг байв. Мөн, ирсэн хүүхэд багачуудад “үсний хувь” гэж зориуд урьдчилан зэхсэн бэлэг хувааж өгдөг ажээ. Хүүхдийн ивээл жилтэй хүн нь даахийг анхлан хөнддөг. Сэвлэгт гар хүрэхийн өмнө арц хүж асаан хайчаа ариулна. Найрын ахлаач “Зээ хүүхдийнхээ даахийг үргээе дээ” гэхэд сэвлэгийг хөндөх ивээл жилтэн нь хүүхдэд сүү амсуулаад, магнайг нь сүүгээр мялаана. Эхлээд модон хутгаар эрэгтэй хүүхдийн баруун, охин хүүхдийн зүүн шанаанд хүрч домносны дараа бариулд нь хадаг уяж, арц хүжээр ариулсан хайчаар даахийг нь хөнддөг. Домнох модон хутгыг хүүхдийн аав нь мод зорж хийдэг байжээ. Хүүхдийн ивээл жилтэн даахийг хөндсөний дараа ээж, аав, эмээ, өвөө нь сэвлэгээс нь нэг нэг туг үс хайчлан хадганд ороож хүүхдэд бариулаад, зочдын урдуур явуулна. Хэрэв гэрт бол хүүхэд гэрээ нар зөв тойрон зочдоор туг үс хайчлуулна. Авсан сэвлэгийг хадганд ороох буюу өмнө нь зэхсэн үсний тусгай уутанд хийж хадгална.
Монголчуул хүүхдийн үсийг бүрэн хусдаггүй байсан ба охин хүүхдэд эвэр үс буюу сонжуу, эрэгтэй хүүхдэд хөхөл, тэвэг үс үлдээдэг заншилтай байв. Зөвхөн Бурханы шавь болж сахил хүртэж байгаа хүүхдийн үсийг бүрэн хусдаг ёстой байсан ба, сүүлийн 50-60 жилд хүүхдийн сэвлэг үргээхдээ охин, хүү алийг ч үсийг нь бүрэн хусаж байгаа нь монгол заншил биш, сүүлд үүсэн ташаа зүйл юм.
Орчин цагт хүүхдэд сонжуу, хөхөл, тэвэг үлдээх нь зохимжгүй тул, сэвлэгийг нь хөндөж үзүүрээс нь хайчлаад хүүхдэд зохисон засалтаар үсийг нь тайруулах нь илүү таарамжтай.
Хүүхдийн сэвлэгийг хөндөхдөө заавал бэлэг өгч гар цайлгадаг байсан ба:
Ган цагаан хайч
Гавшгай цагаан тонгоргыг зэхээд
Алтан хайчны амыг нээж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай
Алтан бариултай хайчаа
Гар мутар бүрийдээ
Дамжуулан үргээж
Гарсан төрсөн нас буянг нь
Уртасган өргөe гэх зэрэг бэлгэтэй сайхан ерөөл өргөнө.
Монголчууд эртний уламжлалаар даахиа авахуулж буй хүүхдэд “халзан цагаан хониор өмч хийж ав”, “таван хошуу малаар өмч хийж хайрлаарай” гэх мэт үг айлтган, халуун хошуут мал зүсэлж өгдөг байв. Даахь авах ёслолд ирж завдаагүй, хоцорсон элгэн төрлийн хүнд гар хүрэх үсний хувь үлдээдэг ёс бас байв.
Охин хүүхдийн даахинаас “сонжуу” үлдээж түүнд нь цацаг, мөнгөн утас зүүж гоёно. Монголчууд охин хүүхдийн сонжуунаас 14-16 нас хүрэхээр нь “тав гэзэг” тавиад, 18-19 настайд нь их үс “гэзэг” тавьдаг заншилтай байжээ. Ийнхүү “сонжуу”, “тав гэзэг” хоёрыг тавьж санчигийг нь хусаж байгаад зохих насыг нь болохоор гурав дахь “их үс”-ийг ахиулж тавиад гэзэгтэй болгодог байжээ. Эмэгтэй хүнд “гэзэг” тавихдаа бэргэнийг оролцуулдаг ёс бас байжээ.
Харин эрэгтэй хүүхэд “төрийн хар хүн болох” бол “гэзэг тавих” тусгай ёстой байв. Төрийн хар хүн болгох хүүхдийн хөхөл үсийг ургуулсаар 10-12 настайд нь өдөр гариг сонгож “гэзэг” тавиулна. Монгол ёсонд төрийн хар хүний гэзгийг олон үр хүүхэдтэй, хар хүнээр тавиулахыг ихэд эрхэмлэн, бэлэгшээдэг байв. Тиймээс ч “гэзэг тавиулна” хэмээн нутаг нугадаа хүндтэй, түшигтэй төлөв даруу төрийн хар хүн рүү очиж учир явдлаа айлтган, холоос ч байсан хамаагүй залж гэртээ авчирдаг байжээ. Төрийн хар хүн болгож гэзэг тавьж өгсөн хүн хүүхдэд:
Албаны ихийг үзэж
Манзны ихийг чанаж
Айл хүний ахлагч болж
Аймаг хүний түрүүч болж яваарай! гэж ерөөл өргөөд, хадаг өгдөг заншилтай байв. Ингэж төрийн хар хүн болж гэзэг тавиулж, ёслол үйлдсэнээс хойш аль нэг ивээл гаригт хэнээр ч болов голдуу эр хүнээр гэзгээ янзлуулж, зулайн үсээ хусуулдаг байжээ.
Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном
