2MOOD | Ихэр болж төрнө гэдэг оймс нь хүртэл од болдог тийм л азтай хувь тавилан

Бид 2MOOD ихрүүдийн буландаа Л. Даариймаа, Л. Нансалмаа хэмээх хоёр ихрийг онцлон оруулж байна. Хоёр ихрүүдээс адилхан асуултыг асуухад хэрхэн хоёр өөр өнцгөөр хариулах, ихрүүдийн дотоод ертөнц, тэдэнд тохиолддог хөгжилтэй зүйлсийг уншиж сонирхоорой.

– Ихэр байх ямар байдаг вэ?

Л.Даариймаа:  Хорвоо дээрх хамгийн том азын сугалаанд хожсон юм шиг байдаг. Ямарч үед ард минь бат зогсох нэг хүн үргэлж байдаг гэж бодохоор сайхан шүү.

Л.Нансалмаа:  Мэдээж юу юунаас илүү гайхалтай байдаг. Маш том түшиг, тулгуур л гэсэн үг.

– Ихэр болж төрсөндөө баярладаг уу?

Л.Даариймаа: Мэдээж баярлалгүй яахав. Оймс минь хүртэл од болдог тийм л азтай хүмүүс.

Л.Нансалмаа: Баярлалгүй яахав, ховорхон хувь заяа шүү дээ. Хүнтэй суугаад яаж тус тусдаа амьдрана даа гэж боддог.

– Ихэр та хоёроос хүмүүсийн хамгийн их асуудаг тэнэг асуулт?

Л.Даариймаа: Та хоёр солигдож болзоонд явж байсан уу, нэг хүнд сайн болж байсан уу, нэг нь өвдөх юм бол дагаад өвддөг үү гэх мэт асуултууд байнга асуудаг.

Л. Нансалмаа: Сонин сонин асуултууд их асуудаг. Нэг нь жирэмсэн болвол дагаад  жирэмсэн болох уу гэх мэт.

– Ихэр чинь байхгүй гэж төсөөлдөө, ямар мэдрэмж төрж байна?

Л.Даариймаа: Төсөөлөгдөхгүй байна. Ер нь биений минь тал байхгүй юм шиг санагдаж байна.

Л.Нансалмаа: Төсөөлж  үзээгүй. Төсөөлөх гээд оролдохоор аймар санагддаг.

– Ихэр чинь байхгүй гэж төсөөлдөө, ямар мэдрэмж төрж байна?

Л.Даариймаа: Ер нь өдөр тутам хөгжилтэй байдаг ш дээ бид хоёр. Одоо яг санаанд орж байгаа нь банкинд нэгнийхээ өмнөөс үйлчлүүлж байсан. Тухайн үед хурууны хээ уншдаггүй байсан. Ер нь байнга л тэгээд завтай нь өмнөөс нь очдог байсан даа.

Л.Нансалмаа: Хүн дээрэмдэж байсан. Манай ангийн нэг охин балгүй харандаагаар дандаа бичнэ, бид хоёр их өрөвдөнө. Өөрсдөө бал аваад өгөх гэхээр бид хоёрт мөнгө байдаггүй. Тэгсэн манай ангийн нэг хүүхэд  өдөр бүр дандаа гоё юм авж иднэ. Тэр хүүхдийг хананд шахаж байгаад 300 төгрөг авчраарай гээд сүрдүүлээд маргааш  авчирхаар нь 200 төгрөгөөр нь ангийнхаа хүүхдэд бал авч өгөөд үлдсэн 100 төгрөгөөр гөөхий авж идэж  байсан.  Уг нь хүнд туслая гэсэн сэтгэлтэй арга нь л буруу байсан. Мэдээж баригдаад загнуулсан.

– Ихэрдээ 0-10 хооронд хайраа илчилвэл?

Л.Даариймаа: Мэдээж 10

Л. Нансалмаа: Мэдээж 10 шүү дээ

– Аав, ээж, ах дүү гэр бүлээсээ ихэрдээ илүү хайртай байж чадах уу?

Л.Даариймаа: Гэр бүлийн хайрыг нэг, хоёр гэж дугаарлана гэж ер нь боломжгүй. Гэхдээ хамгийн ойр дотно байдаг учраас мэдээж ихэрдээ илүү  хайртай.

Л.Нансалмаа: Бид хоёр эхээс арвуулаа. Дээрээ дөрвөн эгч нэг ах, доороо гурван сайхан дүүтэй. Бүгдэд нь хайртай. Димад гэхдээ арай л илүү хайртай.

– Ихэр чинь өвдвөл чамд ямар байдаг вэ?

Л.Даариймаа: Бид хоёр нэгнийгээ жаахан дагаж өвдөх гээд байдаг талтай. Ялангуяа сэтгэл санаагаар дагах гээд байдаг.

Л. Нансалмаа: Бид хоёр өөрсдөө өвдвөл  нээх сүр бадруулаад байдаггүй хүмүүс. Гэхдээ нэг нэгнээ өвдхөөр цаанаасаа л нэг шаналаад хэцүү байдаг.

– Та хоёрыг ялгах хялбар арга?

Л.Даариймаа: Миний харц жаахан ширүүн. Ихэр маань зөөлөн харцтай

Л.Нансалмаа: Би арай дугуй царайтай. Манай ихэр арай хөөрхөн.

– Хэн нь хамгийн ухаантай вэ, яагаад?

Л.Даариймаа: Ихэвчлэн хоорондоо ярилцаж, аливаа асуудалд ханддаг. Хэн хэнийхээ алдааг нөхөөд явчихдаг болохоор эн тэнцүү дээ.

Л.Нансалмаа: Хоёулаа ижил. Миний ухаан хүрэхгүй газар  Димагийн ухаан хүрдэг. Димагийн ухаан  хүрэхгүй байхад  минийх хүрдэг дээ. Ихэр хүмүүсийн давуу тал нэг нэгнийхээ дутууг гүйцээх.

– Ихрийнхээ өмнөөс ажил, хичээл, шалгалт, уулзалт гэх мэт юманд явж байсан уу?

Л.Даариймаа: Оюутан байхад миний өмнөөс хичээлд маань явж байсан. Дараа нь ихрийн хонхны баяр дээр очсон ялгахгүй хамт баярлаад хүмүүс ч баяр хүргээд сүүлдээ би биш гэж хэлхээс залхуураад хамт баярлаад явчихсан.

Л.Нансалмаа: Явж байсан. Би Димаг нэгдүгээр курс байхад ажил хийдэг байсан. Оюутан байх гоё санагддаг. Заримдаа Дима унтаад босохгүй болохоор хааяа өмнөөс нь хичээлд нь явчихдаг байсан. Сүүлд намайг оюутан болоход миний өмнөөс хэд хэд явж байсан. 10 жилд Димаг өвдчихсөн байхад өмнөөс нь шалгалт өгж байсан.

– Аав ээж, найз залуу, найз охин нь ямар нэгэн байдлаар андуурч байсан уу, яаж?

Л.Даариймаа: Өдөр тутамд л хүмүүс андуурах зүйл болдог доо. Ажлын хүмүүс найз нөхөд гадуур таараад мэндлэхэд нь танихгүй байх асуудал зөндөө. Сүүлдээ хэрэв өөртэй чинь мэндлэхгүй бол би биш ихэр маань байх магадлалтай гэж сануулж хэлдэг болсон.

Л.Нансалмаа: Найз залуугүй ээ. Гадуур явж байхад танихгүй хүмүүс андуураад их мэндэлдэг. Аав ээжийн хувьд андуураад өмнөөс нь шанагадуулах загнуулах тохиолдол гардаг байсан.

– Хол хэдий ч нэгнийгээ мэдэрч байсан тохиолдол байгаа юу?

Л.Даариймаа: Бид хоёр тусдаа байдаг байсан юм. Би  зүүн гараа хутганд нилээн том гүн зүсээд гэмтэл дээр оюулах гээд байж байхад Дима яг гараа зүсчихсэн санагдаад санаа зовоод болдоггүй. Би залгаж асуумаар байдаг гэтэл утасгүй явж байсан. Буцаж ирээд залгатал яг зүүн гараа ижилхэн зүсчихсэн байсан. Ихэр бас мэдрээд надруу баахан залгаад мессеж бичсэн байсан. Тэр санаанаас огт гардаггүй.

– Хэн нь хамгийн сахилгагүй хөдөлгөөнтэй нь вэ, яагаад?

Л.Даариймаа: Би илүү хөдөлгөөнтэй сахилгагүй талдаа.

Л.Нансалмаа: Манай ихэр. Бид хоёрын фэйсбүүкээс бичлэгүүд үзвэл дандаа намайг чадсан пост, бичлэг байгаа. Ер нь намайг бодвол илүү сэргэлэн сахилгагүй дайчин хүн.

– Хэн нь хамгийн хөөрхөн нь вэ, яагаад?

Л.Даариймаа: Манай ихэр хөөрхөн.

Л.Нансалмаа: Дима хөөрхөн, надад тэгж харагддаг.

– Ихэр хүүхэдтэй болохыг хүсдэг үү. Тийм бол яагаад, үгүй бол яагаад?

Л.Даариймаа: Мэдээж хүсэлгүй яахав учир нь ихэр байхын аз жаргал, сайн сайхныг мэддэг болохоор ихэр хүүхэдтэй болно гэж боддог. Ер нь болно.

Л.Нансалмаа: Хүсдэг, надаас ихэр хүүхдүүд гарах юм шиг санагдаад байдаг. Ихэр хүүхдүүд цаанаа л сэргэлэн бас их хүнийг гэсэн сэтгэлтэй юм шиг  санагддаг. Учир нь ихрүүд бид чинь өөрсдийгөө бодохоос илүү нөгөө ихэрээ урдаа тавина, санаа зовно. Ер нь маш ховор тавилан шүү дээ.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *