“Хүн болгон өр өвдмөөр хайрын түүхтэй, үгүй гэсэн нь зүгээр л жүжиглэж байгаа юм”

“Түмний нэг” энэ дугаартаа Батаахүү овогтой Хулантай өсвөр үеийн залуус бидэнд ирдэг төрөл бүрийн мэдрэмжийн талаар ярилцлаа.

– Сайн байна уу. “Түмний нэг” ярилцлагын буланд маань үзэл бодлоо хуваалцаж байгаад баярлалаа. Өөрийгөө мэдрэмжээр илэрхийлж танилцуул гэвэл?

– Сайн уу. Юун түрүүнд миний өчүүхэн ертөнцийг сонирхсон сэтгүүлч охинд гялайлаа. Бодоод байхад өөрийгөө мэдрэмжээр танилцуулж байгаагүй юм байна шүү. Би мэлхийний орд л доо. Юмсыг их хүндээр тусгаж авна ёстой л “Dramatic queen” шүү дээ. Энгийн зүйлсэд ч ач холбогдол их өгнө, хурдан баярлаж хурдан гомдоно. Бүх зүйлийг эд эсээрээ мэдэрдэг. Магадгүй empathy өндөртэй болохоор нэлэнхийд нь намайг “Мэдрэмж” гэж тодорхойлж болох байх. Сэтгэл хөдлөл ёстой л гэнэт гэнэт жаргалтай, зөөлөн гунигтай болдог.

– Хамгийн гүн удаан үргэлжилдэг мэдрэмж юу гэж боддог вэ?

– Цэцэг үхдэг ч цэцэг авсан мэдрэмж нь үхдэггүй гэдэг дээ. Тухайн үеийн “Хүчтэй” сэтгэл хөдлөл бидний тархины санах ойд үүрд хадгалагдчихдаг. Түүнийг хэзээ дурсах үгүйгээ ихэнхдээ бид өөрсдөө шийддэггүй гэсэн үг. Хүнийг хайрлах мэдрэмж л хэзээ ч алга болдоггүй гэж би боддог. Тэр мэдрэмж хүнийг алж бас авардаг ер нь л амьдруулдаг гэх үү дээ. Чи үнэхээр хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзсэн бол тэр мэдрэмж үхтэл чинь дагана даа.

– Хайрлах үеийн мэдрэмж, хагацах хоёрыг харьцуулаач гэвэл аль нь илүү гүн бол?

– Хайрласан болохоор хагацах хэцүү гэж боддог. Энэ хоёр чинь яг л нэмэх хасах шиг нэгнээсээ их биш бага биш эн тэнцүү. Хойд туйл өмнөд туйл шиг. “Butterflies in my stomach” гэдэг хэллэг байдаг даа. Ганц догдлох бус сандарч айсан үед мэдрэгддэг хэвлий хэсгийн гижигдсэн сонирхолтой гүрвэлзэх хөдөлгөөний мэдрэмж. Тэрэн шиг л хайрлах, хагацах хоёр чинь хоёулаа л хүчтэй мэдрэмж юм даа. Гоё муухай гэх аргагүй л юм. Хагацал байхгүйсэн бол хайрын үнэ цэнийг мэдэрч чадах болов уу яах бол.

– Хагацал өвтгөдөг болов уу, дурсамж нь юм болов уу?

– Энэ үнэхээр гоё асуулт. Хариулахаасаа өмнө холбоотой нэг киноны талаар яримаар байна. Тэр яадаг вэ гэхээр, сайхан сэтгэлтэй хүний ой санамж дурсамжийг устгах чадвартай лусын дагины талаар. Нэг өдөр гудамжинд явж байхад нь нэг эмэгтэй уйлаад суухтай таараад яасан талаар асуухад “Би ганц охиноо алдчихлаа. Надад үнэхээр хэцүү байна. Амьдрах ямар ч сонирхол алга” гэж хэлдэг. Хариуд нь лусын дагина хэрвээ та хүсэх юм бол би охинтой чинь холбоотой бүх дурсамжийг арилгаад юу ч үлдээхгүйгээр анхнаасаа байгаагүй юм шиг болгож өгөх санал тавина. Эхлээд эмэгтэй зөвшөөрсөн ч хэсэг бодсоныхоо дараа “Үгүй ээ, би болилоо. Хэрвээ миний охинтой холбоотой дурсамж байхгүй бол би амьдарч чадахгүй юм байна” гэдэг. Дурсамж байгаа болохоор дурсаад, санаад амьдарч чадахгүй байгаа биш тэр байдаг болохоор хүн амьдардаг. Дурсамж хүнийг амьдруулдаг юм байна гэж би ойлгосон. Хэн нэгнийг гэх хоргодох сэтгэл, амттай зүйл байхгүй л гэсэн үг шүү дээ. Хүний амьдрал их богинохон. Хэрвээ хүн мөнх амьдардаг байсан бол магадгүй бидний боддог бурхан эсвэл бодитоор бодоход яст мэлхий шиг удаан байсан бол амьдралын үнэ цэн ямар байх бол гэж боддог. Дундаж наслалт жаран тав гэхээр бас л богинохон хугацаа. Тийм болохоор л үнэ цэнтэй байдаг. Хэн нэгэнтэй аз жаргалтай, дурсамжтай мөчийг бүтээж байхдаа хэрвээ энэ хүн байхгүй болчихвол одоо өрнөж байгаа бүхэн намайг өвтгөх байх даа гэж боддог байсан. Өөрөөр хэлбэл их айдаг. Тэгсэн чинь үнэндээ тэр гэрэлтэй дурсамж бүхэн намайг дулаацуулаад, хань болоод өөрийг минь улам хүчтэй болгож байгаа мэт. Эргээд бодоход инээмсэглэл тодруулах л зүйл байж дээ дурсамж бүтээх үйл явц минь гэж ойлгодог. Хагацал их олон янз. Гэнэтийн, амьдралын жамаар гээд л. Харин энэ бүхний эцэст харамсахгүй байх нь л чухал. Хэрвээ би маргааш байхгүй болчихвол, хэрвээ тэр хүн маргааш байхгүй болчихвол яах вэ ч юм уу тэр үед тэгэх минь яав даа гэх зүйлгүй. Одоо цагтаа л амьдрах хэрэгтэй. Уучлалт гуйдаг, баярласан бол хэлдэг, хайрладаг, халамжилдаг гээд л. Энгийн, их энгийн.

– Бүтэлгүй хайрын шарх байдаг уу, тэр нь яаж эдгэдэг гэж бодож байна?

– Хүн болгонд л нэг өр өвдмөөр хайрын түүх байдаг байж таараа. Байхгүй гэвэл цаадуул чинь жүжиглэж байгаа юм. Хүн л юм хойно хүсдэг байж таараа хүүхэд шиг хөөрхөн хайрыг тийм ээ. Би чинь philocalist хүн. Энэ нь Greek хэлнээс гаралтай бүх зүйлээс aesthethic буюу гоо зүйн шинж чанарыг нь олж харах чадвартай нэгэн гэх утга бүхий үг. Гэхдээ зарим хэл шинжээчид зүгээр л үзэсгэлэнтэй бүхнийг тахин шүтэгч гэж ч  ёожилдог юм билээ. Би хүний нүдэнд их болно оо. Хүн бүрийн нүд их хачирхалтай, өөрсдийг нь тольдчихмоор. Зарим хүний нүд рүү нь эгцэлж харж зүрхлэхгүй ширүүн байхад ширтээд л баймаар гүн гүнзгий хийгээд гэм зэмгүй харцтай нэгэн байдаг. Гэмгүй дулаахан харц вэ гэж бодон харж байгаад өөрөө гэмтэн, гаж донтон шиг гөлөрчихсөн байсан тохиолдол ч мэр сэр бий. Сүүлд тохиолдсон тийм гэхийн аргагүй явдлаа ярья л даа. Надад л дулаахан санагдсан байж магадгүй юм. Гудамжинд танихгүй мянга мянган хүнтэй зөрж байсан ч нэг ч удаа байз даа гээд эргэж харахыг тэгтлээ хүсэж байгаагүй. Тэр үед яагаад ч юм хармаар санагдсан. Тэгэн тэгэн зөнгөөрөө эргээд харахтай зэрэгцээд нөгөө хүн маань харц тулах мөч л их нандин байсан. Бүр надад түүний дулаахан харц нь ямар тод үлдчихсэн гэж санана аа. Нүд нь их гоё, цагаахан хэрнээ цаанаа л нэг тийм аальгүй, гэхдээ их сэтгэл татам. Хүйтэнд дурсамж дотроосоо гаргаж ирээд сэтгэлээ дулаацуулж болохоор тийм хайр татам харцтай хүү. Ингээд уянгалж, үсэрч наалдан өнөө “dramatic queen” mode дээрээ байсан над руу тэр харин над руу зүгээр л “Энэ чинь хэн билээ” гэж л эргэж харсан байх даа, хөөрхий. Тэгсэн хэд хоногийн дараа нэг аура үздэг хүн дээр найз маань намайг чирээд очив оо. Миний тухай яриад л байна. Өнгөрсөн, одоо бие махбод гээд л. Тэгснээ заяаны хань гэсэн сэдэв яригдаад явчихсан. Миний алга руу харангаа “Агаарын ордны тунчиг гарын дүйтэй залуу” гээд нүд рүү их нухацтай харсан. Тэгээд зөрчихжээ гээд уртаар санаа алдаж билээ. Инженер, зураач, эмч, тогооч, зохиолчийг гарын дүйтэй гэх юм билээ.

– Гуниглахаараа яадаг вэ?

– Гунигладаг даа гэхгүй юу. Би бусад хүнийг бодвол харьцангуй optimistic төрлийн хүн юм билээ. Гэхдээ toxic positivity-тэй биш шүү. Гуниглахаараа эмээгийн өгсөн улаан тэмдэглэлийн дэвтэр дээрээ юу болсноо бичээд сапп хийтэл нь хаагаад ёстой яршиг л байна гэж бодоод луувантай кекс хийж иддэг. Бүр бичих сонирхолгүй бол өвөөгийн өгсөн нэг хөөрхөн цэнхэр дуу хураагуур бий. Тэрэндээ харин ч нэг ховлож өгнө шүү дээ. Том зүйл л шийдэх хэрэгтэй болвол энэ аргаа хэрэглэнэ. Өрөөндөө ганцаараа алхангаа, цэцгээ усалж байсан ч, будаа агшаасан ч нөгөөхөө халаасандаа хийгээд яриад л байна. Хүнд ярьж байгаа юм шиг л. Тэгэхдээ өөрөө өөртөө гаргалгаа олчихдог. Толгойд доннн гэж нэг юм орж ирэх үед бидэнтэй цуг байгаарай ТВ найм “Арван наймтын хайр татам нэвтрүүлгийг бэлтгэсэн хөтлөгч Б. Хулан гээд л дуусгана даа. Дараа нь дуу аялаад гуниглаж байснаа мартчихна, хөөрхий. Чихэр жимс эргүүлээд л явчихна.

– Бичих тухайд онгод гэх зүйл байдагт итгэдэг үү?

– Манай ээжийн талыхан их гоё бичдэг хүмүүс байдаг юм. Ээжийнхээ эгчийг би том ээж гэж дууддаг байхгүй юу. Их ойр өссөн болохоор. Манай том ээж мундаг багш. Их гоё бичнэ ээ, шүлэг ч гоё уншина. Манай эмээ, том ээж хоёр надад төрсөн өдрөөр минь захиа бичиж өгдөг. Би унших их дуртай. Хайрлан хайрлан уншина гээч. Унших бүрт өөр мэдрэмж төрүүлдэг их сонин, нэг талын уярмаар. Онгод гэж би сайн мэдэхгүй юм. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийг л нэрлэдэг юм болов уу. Ямартай ч ямар нэг хүчтэй үйл явдал тохиолдсон хүний гарт үгс өөрөө урсаад л ороод ирдэг юм шиг санагддаг. Краштай болоод чухам хайрын тухай бичдэг ч юм уу. Эсвэл төсөөлөн бодох чадвар өндөртэй хүнээс нандин үгс их гардаг. Заавал бодитоор ямар нэг зүйлтэй нүүр тулж байж биш зүгээр л бодлын ертөнцдөө амьдарчихдаг тийм хүмүүс. Жуумалзаж сууж байгаад л хэрвээ гэдэг бодлоор үзгээ хөшүүрэгдээд шууд цаасан дээр сараачаад хаячихдаг байх. Би хааяа тэгдэг юм.

– Мэдрэмж хурцлах гэх ойлголтыг өөрийнхөөрөө тодорхойл гэвэл?

– Би лав ертөнцийг бүхэл ертөнц гэж боддог. Хутга биш болохоор би хараахан хурцалж дөнгөхгүй байх. Гэхдээ фитнесст хөлсөө литр литрээр нь дуслуулаад үр шимд нь өөртөө итгэх итгэлээр бартерддаг шүү дээ. Тэрэн шиг мэдрэмжээрээ наадаж болох байх, өөрөө бий болгоно гэх юм уу. Яадаг юм, нээх сайхан залууд хөл алдатлаа дурлаад нялга эмороод дараа нь сэргэн мандалтаа зарлан тунхаглаач. Эсвэл гүн ухаан судлаач. Хүн жаргалаа өөрөө бүтээж зовлонгоо өөрөө хайдаг ертөнцийн бөөрөнд наалдсан өчүүхэн бактери гэдэг нь эцсийн эцэст үнэн байхгүй юу.

– Түмний нэг биш “Би” болгодог тодорхойлолт хэлээч гэвэл?

– Гадна төрхийн хувьд бид бүгд өөр. Харин өөрсдийгөө бусдаас өөр хийгээд онцгой гэж боддог бодлоороо бүгд агаар нэг. Магад намайг илэрхийлэх зүйл минь биеийн хаа нэг газар байрлах, гарт баригддаггүй нүдэнд ч харагддаггүй хэрнээ хүн болгоны хүсэмжит хамгийн нандин мэдрэмж болох миний бяцхан сэтгэл гэх зүйл юм болов уу даа.

– Баярлалаа. Ингээд төгсгөлд нь өөрт хамгийн тод үлдсэн мэдрэмж, дурсамжаасаа хуваалцаач гэж хүсэх гэсэн юм?

– Би өнгөрсөн зун хамгийн хайртай уран бүтээлийн нэгдэлдээ найруулагчийн туслахаар ажиллахаар болсон юм. Манай найруулагч намайг олон сургуулийн диплом, хоосон дүнгээр биш “Хүн” бүр хүсэл эрмэлзэл дүүрэн хүн гэдэг утгаар минь харсан болохоор би тэр хүнийг одоо ч их хүндэлдэг. Хүмүүс нь их найрсаг. Миний хайртай салбар болоод ч тэр үү бүх юм нь шинэ, сонирхолтой байсан. Зурагтаар л үздэг байсан хүмүүстэйгээ хамт сууж цуйван хувааж идээд л. Би хамгийн отгон нь. Ажлынхаа анхны өдөр хамт олондоо зориулаад өмнөх орой нь шөнөжингөө сууж хүний тоогоор аяган бялуу хийгээд очсон юм. Туслаж дэмжээрэй гэж бөхийс хийгээд л инээд алдаад, ичээд к-драма дээр гардаг шиг. Тэгэхэд манай даргаас бусад нь амаа олохгүй нүдэн дээр идээд л, хөөрхөн. Харин дарга баярлалаа гэж стори хийгээд ширээн дээрээ тавиад орхисон. Маргааш нь оффисын их цэвэрлэгээтэй. Өглөө би хамгийн түрүүнд ирээд тоос арчиж байгаад юу ч үгүй хатчихсан өөрийнхөө хийсэн аяган бялууг газраас олсон. Би хүн бүрт зориулж өөр өөр өнгийн эрвээхэйтэйг хийсэн болохоор хэнийх гэдэг нь илт. Тэгэхэд л анх хамаг сэтгэлээ зориулж хийсэн зүйлээ өөрийн гараар сав руу гомдол дүүрэн чулуудаж үзсэн юм даа. Зүгээр л яагаад ч юм гол зороод. Гэхдээ тэгж их гомдсон талаараа хэнд ч цухуйлгаагүй. Угаасаа тэр хүн эрүүл хооллож жингээ барих гэж л амсалгүй хаясан байх гэж найдсан ч орой нь “Tous le jours”-н нарийн боовны зургийг чухам амттай гээд л сошиал хаягандаа оруулчихсан байж билээ. Идээгүй д байх л даа, би мэдэхгүй шүү дээ. Яагаад ч юм ядаж миний тэгж их хичээж бэлдсэн амттанг амсаад үзчихсэн бол гээд тэр өдөржингөө бодогдсон юмдаг. Хэдий би тэмцээнд орох гэж байгаа фитнессийн тамирчин байсан ч 2470 км цаанаас өвөө эмээгийн минь явуулсан шар тостой гамбир ирвэл тодорхой хэмжээг заавал амтархан иднэ ээ. Миний ёстой хамгийн өчүүхэн зүйл дээр сүрхий гомдсон тохиол минь энэ л байна даа. Гэхдээ одоо гомдохоо больчихсон. Тухайн үед л аймар сонин мэдрэмж төрсөн. Анхны хамт олноо их хүндэлдэг, чин сэтгэлээсээ тэдний маань ажил үйлс бүтэмжтэй байгаасай гэж хүсэж чадах зүйлээрээ туслан одоо ч холбоотой байдаг. Гэхдээ энийг уншиж байгаа та нар минь ч гэсэн бусдын чамайг гэх сэтгэлийнх нь хариуд жаахан ч болов хүндлэл үзүүлж, мэдрэмжийг нь хайрлаарай гэж хүсье. “Хүн чинь тэр чигтээ сэтгэлийн амьтан байдаг байхгүй юу. Бие физиологи ч гэсэн.”

Ярилцлагыг бэлтгэсэн: Х. Аззаяа

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *