ЖАГСААЛ | Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн хэрэглээний асуудал биш байв

4 минут уншина

Хувийн хэрэглээнээс нийтийн эсэргүүцэл рүү — Ёс зүйн хямралын уг сурвалж

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү болон сүйт бүсгүйн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл олон нийтийн дунд бухимдлыг төрүүлж “Огцрох амархан” нэртэй эсэргүүцлийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж өндөрлөв.

Иргэд Ерөнхий сайдын 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт үндэслэн түүний гэр бүлийн гишүүд ийм тансаг хэрэглээтэй байх боломжгүй гэж үзэн, орлогоо нотлохыг шаардаж эхэлсэн. “Хэрэв тайлбарлаж чадахгүй бол огцор” гэсэн шаардлагыг жагсаалд оролцогчид тавьж эхэлсэн ч анхны шаардлагыг төөрөлдүүлэх, хутган үймүүлэх, харлуулах улс төрийн үйл ажиллагаа цахим орчинд ч, төв талбай дээр ч зэрэгцэн эхлэв. Тайван жагсаал өрнөж байгаа энэ үед Ерөнхий сайд улс төрийн хариуцлага хүлээхийн оронд өөр чиглэлийн алхмууд хийсэн нь ард иргэдийн дургүйцлийг улам өдөөв.

Тухайлбал, стратегийн орд газруудыг хувийн хэвшлээс төрд буцаан авч, ард иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой “Үндэсний баялгийн сан”-гийн хуулийг хэрэгжүүлж эхэлж буй нь улс төрийн эсэргүүцэлтэй давхцаж байгааг Засгийн газрыг дэмжиж буй байр суурьтай гишүүд онцолж ярив.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийг сулруулах, одоогийн явж байгаа улс төрийн ажлуудыг зогсоох зорилготой улс төрийн ажиллагаа явагдаж байна. Та нар амжихгүй шүү, ялаанууд минь” гэх агуулгатай мэдэгдэл хийснээр нийгмийн сүлжээнд залуучуудын уурыг хүргэж гал дээр тос нэмсэн хэрэг болов.

Эсэргүүцлийн жагсаалын хариуд сөрөг байр суурьтай, төлбөртэй байж болзошгүй жагсагчид ч гарч ирэн, “Ухаа худгаа авъя” гэх лоозон барьсан нь тухайн орд газрыг төрийн мэдэлд авахыг дэмжсэн үйлдэл мэт харагдаж байгаа ч жагсагчдын зүгт илт өдөөн хатгасан, дайрсан үйлдлүүд гаргаж байгаа нь тэдний зорилго ямар байгааг илт харуулах мэт. Цахим орчинд нөлөө бүхий хүн тэднийг манлайлан оролцож, жагсагч залуусын нэр хүндэд халдсан хэт бүдүүлэг яриа хийв. Тэд өөрсдийн үнэт зүйл, хүсэл зорилгоороо нэгдэн очсон залуу үеээ илт тохуурхан доромжлож харьцаж байгаа нь харамсалтай.

Засгийн газрын зүгээс олон жил гацсан том төслүүдийг хөдөлгөх шатанд орсон, хамтарсан засгийн газар дөнгөж бүрдсэн энэ үед тогтворгүй байдал бий болгох нь улс орны хөгжлийг сааруулна гэсэн мэдэгдэл, мэдээллийг олон нийтэд тогтмол түгээж буй. Үүнийг жагсагчдын зүгээс “тархи угаалт” хэмээн үзэж байна.

Жагсаал нь тайван иргэний хэлбэртэй өрнөж байгаа ч Засгийн газрын хариу үйлдэл нь ард түмэнтэй харилцах улс төрийн хэлний доройтол, болон эрх мэдэл, ард иргэдийн хандлагын зөрчил гүнзгийрч буйг харуулав.

Жагсагчдын эсрэг байр суурьтай хүмүүс “Ухаа худгаа авъя” гэх лоозон барьж гарч ирсэн нь үндсэндээ ард түмний эсэргүүцлийг саармагжуулах, зохион байгуулалттай нөлөөлөл үзүүлэх оролдлого байсан гэж хардах иргэн цөөнгүй байгаа юм. Тэдний дунд цахим орчинд танигдсан нөлөөлөгчид оролцож, эсэргүүцлийн гол утга агуулгыг мушгин гуйвуулж буй нь төрийн PR ба сошиал орчныг ашиглах чадвар, мэдээллийн орон зай дахь “төрийн эсрэг тэмцлийг сөрөх стратеги” өрнөж байгааг илтгэнэ. Төр ард иргэдтэйгээ хэрхэн харьцдагийг бид эдгээр өдрүүдэд харсаар…

Энэ бүхний цаана нэг л гол асуудал байна. Иргэд төрдөө итгэх итгэл алдарч байгаа нь худал биш. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн хэрэглээний асуудал биш байв. Нийгмийн баян хоосны ялгаа хаа хүрснийг харуулсан жишээ. Нийтийн албан тушаалтнууд хэрхэн мөнгөний багцаагаа алдсан байдал. Ёс суртахуун нэхсэн шаардлагыг хувийн асуудал гэж хартлаа сохорсон гишүүд. Албан тушаалын төлөө өдөр бүр өөр баг зүүх сайд нарын үнэн төрх залуусын дунд ил боллоо. Энэ бол төрийн ёс зүйн хямрал, ард түмний итгэл алдрал, ид тод байдал дутмаг байгаагийн үр дагавар гэдгийг өнөөдрийн жагсаал бодитоор харуулав.

Нийтлэлд ашигласан гэрэл зургийг “Огцрох амархан” фэйсбүүк хуудсаас авч ашиглав.

TAGGED:
Түгээх