Эмэгтэй хүн тэр дундаа ээж хүнд олон нийтээс оноосон хариуцлага өндөр. Сайн ээж байх, халамжтай хань байх, хүүхдүүдэээ асрах, хоол унд хийх, гэр цэвэрлэх, хувцас угаах гэх мэт. Гэтэл эмэгтэйчүүдийн мөрөөдөл, карьер, хувь хүний хөгжил гэр орны ажилд дарагдаж хойш тавигдаж буй асуудлыг анхааралгүй орхиж болохгүй. Тиймдээ ч бид энэ удаа ар гэрийн эцэс төгсгөлгүй ажил, нийгмийн халамжийн үйлчилгээний буруу зохион байгуулалтаас үүдэн эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлийн гадна орхигдож буй асуудлаар нийтлэл бэлтгэлээ. Хэрэв эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэх хугацаагаа өөрийнхөө хөгжилд, өөрийнхөө мөрөөдөлд, хөлстэй хөдөлмөрт зориулдаг болбол бидний төсөөлснөөс олон сайн үр дагавар гарахаас гадна хөлстэй хөдөлмөр буюу орлоготой, бүтээмжтэй хөдөлмөрт шилжүүлэх боломжийг бодитойгоор судалж, бодлогоор дэмжвэл улс орны эдийн засаг, хүний хөгжлийн индекс, ядуурлын түвшин зэрэг олон үзүүлэлтэд эерэг өөрчлөлт авчрах боломжтой.
ҮСХ-оос гаргасан 2023 оны судалгаагаар монгол эмэгтэйчүүд нэг өдөрт хөлстэй хөдөлмөрт 220 минутыг зарцуулдаг бол хөлсгүй хөдөлмөр буюу гэрийн ажил эрхлэхэд 273 минутыг зарцуулдаг гэжээ. Харин эрэгтэйчүүд 136 минутыг буюу 2 дахин бага цагийг гэрийн ажилд зарцуулдаг. Харин өндөр хөгжилтэй орнууд гэгдэх Их Британи, Финлянд, Канад, Австрали, АНУ зэрэг улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад 1.3-1.6 дахин их цагийг хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулдаг байна. Товчхондоо эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт эрэгтэйчүүдээс илүү цаг зарцуулдаг.

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН 5.1.1.-д эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү байр суурь эзэлж, тодорхой үнэлэмжтэй, хөлстэй хөдөлмөр хийхийн тулд цалин хөлсгүй хөдөлмөрийн ачааг үүрдэг. Уг нь халамжлах, асрах хөдөлмөрөөрөө дамжуулан эдийн засагт маш их үүрэг гүйцэтгэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тийм ч учраас “Асрахуйн эдийн засаг” гэдэг ойлголт дэлхий даяар хэдийнээ бий болсон.

ГЭРЛЭЛТ БА ЦАГ АШИГЛАЛТ
Судалгаанаас үзэхэд гэрлэлтийг даган хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа хөлсгүй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд зарцуулах цаг нэмэгдсэн байна. Ингэхдээ огт гэрлээгүй хүн амтай харьцуулахад гэр бүлээ батлуулсан хүн амын хөлсгүй хөдөлмөрт зарцуулсан цаг 42.1 хувиар илүү, гэр бүлээ батлуулаагүй хүн амынх 56.6 хувиар илүү, тусгаарласан, цуцалсан, бэлэвсэн хүнийх 45.3 хувиар илүү байна.
Өөрөөр хэлбэл гэрлэлт нь эрэгтэйчүүдэд хөлстэй хөдөлмөр эрхлэх хариуцлага, эмэгтэйчүүдэд хөлсгүй хөдөлмөр эрхлэх үүргийг авчирдаг.
Тэгвэл манай редакц гэрлээгүй болон гэрлэсэн эмэгтэйчүүдээс өдөр тутмын амьдрал нь хэрхэн өнгөрдгийг, гэр орны ажилд зарцуулдаг цагаа өөртөө зарцуулбал юу хийх байсан зэрэг асуултыг асуусан бөгөөд тэд ийнхүү хариуллаа.
М.Баасандэлгэр
Одоохондоо хүүхэдгүй болохоор ээжүүдийг бодвол ачаалал бага л даа. Хувцсаа угаагаад, гэрээ цэвэрлээд, хүнсээ цуглуулаад, хоол хийдэг. Залуу гэр бүл. Нэг нь сэтгүүлч, нөгөө нь цагдаа болохоор гэртээ бараг л байдаггүй. Айхтар их хийх зүйлгүй ч гэлээ амралтын өдрөөр гэр орны ажил гэсээр дуусдаг. Хагас сайн өдрийг бүтэн ахуйн ажилд зарцуулж байж бүтэн сайнд өөртөө жаахан цаг гаргадаг. Ер нь эмэгтэй болохоороо аяга угаахаас эхлээд жижиг сажиг бүх ажлыг хийх ёстой юм шиг хандлага манайханд бий. Тийм ч хэцүү биш л дээ. Гэхдээ байнга нэг нь гэрийн ажил хийнэ гэдэг бол утгагүй. Одоогоор гэртээ удаан хугацаагаар сууж, ахуйн ажилд ойр байгаагүй л байна. Ээжүүдийг, эзэгтэй нарыг харахаар өөртөө цаг бага гаргадаг юм шиг санагдаж, эмзэглэх сэтгэл төрдөг. Гэр бүлийн гишүүн бүр, тэр дундаа эрчүүд эхнэртээ тусалдаг байгаасай.
А.НАРАНЦЭЦЭГ (1 хүүхэдтэй)
Өглөө бүр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөс буцалсан цай шиг амьдрал минь эхэлдэг. Ажлын цагаар ажил дээрээ хэдий ч хүүхдээ хүргэж өгөх, буцааж аваад л хоёр дахь ажлын цаг маань үргэлжилдэг. Оройн хоол хийх, хүүхдээ асрах нь миний зугтааж чаддаггүй ажил бас үүрэг. Бага насны хүүхэдтэй учраас хором ч анхаарлаа холдуулж чаддаггүй. Тиймдээ ч өөртөө зарцуулах цаг хугацаа хомс байдаг. Хүүхдээ унтуулчхаад үлдсэн гэрийн ажлаа хийчхээд унтдаг миний хувьд бие маань ч ядаргаанд орсон. Хамгийн гол нь гэр бүл доторх эрх тэгш хариуцлагатай байдал байхгүйн улмаас ээжүүд илүү ядардаг юм шиг. Нөхөр гэрийн ажлаа 50/50 хувь тэнцүү хийдэг бол би нүүрэндээ тухтай 20 минут маск тавингаа, дуртай дуугаа сонсмоор л байдаг.
Э.АЛТАНЦЭЦЭГ (2 хүүхэдтэй)
Миний хувьд банканд ажилладаг, хоёр хүүтэй залуу ээж. Ажлын цаг 9.00-17.00 хооронд байдаг ч гэр ажлаас зайтай учир ирж очихдоо 1 цагийг зарцуулдаг. Ер нь 18.00 цаг гээд харихаараа хоёр хүүхдийн хажуугаар хоол бэлдэж, хийсээр байтал 20.00 цаг болчихсон байдаг. Нөхөр байх үед хамаагүй нэмэртэй байдаг ч нарийн ширийн ээжийн ажлыг хангалттай сэтгэлд хүртэл хийж чадахгүй болохоор өөрөө хийх гээд өөрийгөө ядраадаг. За тэгээд хүүхэд унтаж байж л хальт амрах чөлөө гардаг ч хэдийн орой болсон байдаг. Харин үнэхээр цагаа төлөвлөөд, ажлаа зохицуулаад өөртөө зориулах цаг гаргавал би контент бүтээгч болох хүслээ гүйцээх байсан байх. Мэдээж эхэлж болох ч өөрийнхөө хүсэлд нийцсэн, чанартай контент хийхийн тулд цаг их зарцуулах болохоор халгаад эхлүүлж чаддаггүй.
Э.ЗУЛЦЭЦЭГ (3 хүүхэдтэй)
Гурван хүүхдийн хажуугаар гэр орны ажлаа зохицуулах, бизнесээ авч явах гэдэг амаргүй. Гэр орны ажилд зарцуулах цаг харилцан адилгүй ч дунджаар 2-3 цагийг зарцуулдаг. Азаар өөрийнхөө дуртай зүйлийг бизнес болгосон болохоор ажлаа хийнгээ өөрийгөө хөгжүүлдэг. Тэгээд хүүхдүүд ч том болоод, өөрийн цагийн хуваариар ажилладаг болохоор харьцангуй өөрийнхөө дуртай зүйлд цаг зарцуулж чаддаг. Мэдээж нөхрийн дэмжлэг, туслалцаагүйгээр эдгээр зүйлсийг хийж чадахгүй. Ер нь манай эрчүүд найз охин, эхнэртээ тусалж байх их чухал. Хамтдаа жаргалтай амьдаръя гэвэл ойлголцох их чухал. Энд гэрийн ажил, хүүхэд асрах зэрэг дээр заавал эмэгтэй хүн хийх ёстой гэж хандахгүйгээр эрх тэгш байдлыг эрхэмлэж, хамтдаа хөгжиж, урагшилж, нэг зүгт харах ч орох юм.
Эмэгтэйчүүдийн орлого гэр бүл, эдийн засаг, нийгэмд…
Эмэгтэйчүүд орлоготой болох нь зөвхөн тухайн эмэгтэйд төдийгүй гэр бүл, хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг.
Дэлхийн Банкны судалгаагаар, эмэгтэй хүн орлого олж эхлэхэд тэр орлогынхоо 90 гаруй хувийг гэр бүлдээ зарцуулдаг нь хүүхдийн ирээдүйг хамгаалж, ядуурлын үе дамжих байдлыг тасалдаг.
Дэлхийн Банк болон Олон Улсын Хөгжлийн Төвийн (International Center for Research on Women) судалгаануудаас үзэхэд, эмэгтэйчүүд олсон орлогынхоо 90 гаруй хувийг гэр бүл, хүүхдийн хэрэгцээнд зарцуулдаг бол эрэгтэйчүүдийн хувьд энэ тоо 30–40 хувийн хооронд байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн орлого шууд хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүнсний чанар, орон сууцны нөхцөл, хамгаалалт зэрэг үндсэн хэрэгцээ рүү чиглэдэг гэсэн үг юм.
Жишээ нь:
- Бразилд хийгдсэн хөндлөнгийн судалгаагаар, хүүхдийн тэтгэмжийг эцэг бус эхэд буюу эхчүүдэд шууд олгодог хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүүхдийн хооллолт, дархлаа, сургуулийн хамрагдалт мэдэгдэхүйц сайжирсан байна.
- Кени улсад, бага орлоготой өрхөд жижиг бизнесийн тэтгэлэг олгох туршилтад хамрагдсан эмэгтэйчүүдийн 87% нь орлогоо хүүхдийн боловсрол болон хоол хүнсэнд зарцуулсан бол эрэгтэйчүүдийн 42% нь орлогоо хувийн хэрэглээнд зарцуулж байжээ (GiveDirectly, 2017).
Эдгээр баримт нь эмэгтэй хүн орлого олох боломжтой болох үед энэ нь зөвхөн “нэмэлт орлого” биш, харин хүүхдийн ирээдүйг хамгаалах, ядуурлын үе дамжих байдлыг таслах хамгийн хүчтэй хөрөнгө оруулалт болдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдэд орлого олох боломж, цаг хугацаа, дэмжлэгийг өгөх нь урт хугацаандаа:
- Ядуурлын үе дамжих хэлхээг тасална
- Хүний капиталын чанарыг дээшлүүлж, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд илүү чадварлаг иргэдийг бэлтгэнэ
- Улмаар нийгмийн нийт эрүүл мэнд, боловсролын үзүүлэлт сайжирч, төрийн зардал багасна.
Үл үзэгдэх стресс – Хөлсгүй хөдөлмөр ба сэтгэлзүйн ачаалал
Эмэгтэйчүүд зөвхөн ажил гүйцэтгэхээс гадна түүнийгээ төлөвлөж, санаж, хариуцаж бүр бусдын өмнөөс бодож хийдэг. Жишээлбэл:
- “Хүүхдүүдийн цэцэрлэг сургууль хэд гэж тарах билээ”
- “Оройн хоолонд юу хийх үү?”
- “Ээж, аав, гэр бүлийнхнээ эмнэлэгт үзүүлэх цаг” гэх мэт…
Эдгээрийг хийхдээ эмэгтэйчүүд өөрсдийн бодох ёстой зүйлсээсээ 3–4 дахин илүү тархиа ачаалуулж байдгийн илрэл бөгөөд энэ нь сэтгэлзүйд үл үзэгдэх стресс үүсгэдэг байна.
📌 Францад явуулсан судалгаагаар, гэр бүлийн амьдралыг зохион байгуулах “оюуны хөдөлмөрийн” 72 хувийг эмэгтэйчүүд хариуцдаг гэжээ.
Хөлсгүй хөдөлмөр ба эрэгтэйчүүдийн оролцооны тэнцвэр нь эмэгтэйчүүдийн эрх чөлөө
Хөлсгүй хөдөлмөр буюу гэр орны ажил, асуудал зэрэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн үүрэг биш. Эрэгтэйчүүд гэрийн ажил, хүүхдийн асаргаанд идэвхтэй оролцох нь эмэгтэйчүүдэд боловсрол, карьер, амралт, эрүүл мэнд, сэтгэлзүйн чөлөө олгодог. Ийнхүү гэр бүлийн дотоод зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр:
- Хосуудын харилцаа тэгш, харилцан хүндлэлтэй болж
- Хүүхдүүд хүйсийн тэгш байдлыг багаасаа мэдэрч
- Эрэгтэйчүүд өөрсдөө ч гэр бүлийн амьдралд илүү гүн оролцож, сэтгэл ханамж өндөртэй болдог
📌 Судалгаагаар, гэрийн ажилд идэвхтэй оролцдог эрчүүд илүү урт насалж, гэр бүлийн амьдралд илүү аз жаргалтай байдаг (OECD, 2022).
Эцэст нь дүгнэхэд, хөлсгүй хөдөлмөрийг зөв үнэлэх, хуваарилах, нийгмийн үйлчилгээний тогтолцоогоор дэмжих нь зөвхөн жендерийн тэгш байдлыг хангах алхам бус, эдийн засгийн оновчтой стратеги юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн цаг бол улс орны ирээдүй. Энэ цагийг зөв чиглүүлж, үнэ цэнийг нь бүтээмж болгон хувиргах нь зөвхөн тэдэнд биш нийтэд чухал ач холбогдолтой юм.
