Таны унших гэж буй нийтлэлийг хүн бичсэн болно.
Чатботууд гэгдэх хиймэл оюун ухаанд суурилсан хэлний загварууд манай хэвлэл мэдээллийн орон зайд илүү гүнзгий нэвтэрснээр ийм төрлийн тодотгол хэвийн үзэгдэл болж хувирах магадлалтай. Ийм тодотголын үнэн зөв эсэхэд эргэлзэх нь бас энгийн зүйл болно.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хиймэл оюун ухаан болон хэлний загваруудын хэрэглээ, хязгаарыг харгалзан бидний эргэн тойронд буй бичмэл болон ярианы харилцааны цаана “хүн” байгааг батлахад улам хэцүү болж байна.
Эдгээр үгс нь хүний бүтээлч чадвар, хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг би танд хэрхэн батлах вэ. Магадгүй санааны өвөрмөц байдал эсвэл үг сонголтын шинэлэг байдлаараа хүн гэдгээ ойлгуулах уу. Эсвэл магадгүй хошин мэдрэмж оруулах уу. Зөвхөн хүний л хийж чадах хүнлэг энэрэнгүй сэтгэл гэж яг юу вэ …
ХБНГУ-ын хамгийн том шар хэвлэл болох “Билд” ажилтнуудынхаа гуравны нэгийг цомхотгож, чиг үүргийг нь автомат машинд шилжүүлж буйгаа зарлах үед хиймэл оюун ухаан хэр хурдацтай хөгжиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэр гүнзгий нэвтэрч буйг ил тод харуулсан. Үүнийг дагаад нэгдүгээр сард гаргасан БазФийд хиймэл оюун ухаан ашиглан асуулт хариултын булангаа зохицуулах, видео контент хийлгэх зэрэг шийдвэр гаргаснаа зарласан билээ.
Билд-ийн ерөнхий редактор ажилтнууддаа илгээсэн цахим захидалдаа “Ерөнхий редактор, зураач, засварлагч, хэвлэн нийтлэгч, зураг засварлагчийн үүрэг ирээдүйд өнөөдөр бидний мэддэг шиг биш болно” гэжээ.
Энэ нь хиймэл оюун ухаан сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн ирээдүйг хэрхэн тодорхойлох вэ, ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн асуултуудыг дагуулж байна.
Нэгдүгээрт, хиймэл оюун ухаан нь нэлээд хэдэн жилийн турш хэвлэл мэдээллийн салбарт хүчтэй өөрчлөлтийг үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Энэ нь шууд болон шууд бус байдлаар нөлөөлдөг.
Хиймэл оюун ухаан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шууд, эерэгээр нөлөөлсөн нэг хэлбэр нь Панамын баримт бичиг гэх мэт томоохон мэдээллийг задруулсан үйл явдлаас эхлээд уур амьсгалын хямралын үр дагаврыг судлах хүртэлх бүх зүйлийг хамарсан “Биг Дата” сэтгүүл зүй бий болсон явдал юм. Хүчирхэг алгоритмгүй бол сэтгүүлчид статистикийн зүй тогтлыг олж тогтоохын тулд өөрсдийн мэдэлд байгаа өгөгдлийн бэлчээрийг амжилттай самнаж, тайлж чадахгүй байх байсан бөгөөд тэдгээр нарийн датаг ашиглан сэтгэл хөдөлгөм, хэрэгтэй түүхийг ярих боломжгүй байх байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд контентыг үзэгчдэд тохируулан санал болгох, ярилцлагыг орчуулах, видеонд хадмал орчуулга хадах, үзэгчдийн сонирхол, сонголт, оролцоонд дүн шинжилгээ хийх гэх мэт арын албаны олон ажилд хиймэл оюун ухааныг ашигладаг болсон.
Харин одоо, эдгээр автомат хэлний нарийн загваруудыг гаргаснаар хиймэл оюун ухаан зах хязгаараа давж, сэтгүүлзүйн зүрх сэтгэлд нэвтрэн орж, контентыг утга агуулгатай бүтээхийн ирмэг дээр байна. Хэлний боловсронгуй харилцаа нь бидний хүн болох мөн чанарыг тодорхойлоход чухал байр суурь эзэлдэгтэй адил бичих, ярих, түүх өгүүлэх нь сэтгүүлчийн мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийн олонхыг тодорхойлох онцлог шинж юм.
Сэтгүүлчийн хувьд үгсийн цаад санаа, мэдээллийн ээдрээтэй уялдаа холбоо, сэтгэл татам түүх, өгүүллэг зохиох баяр баясгаланг гүйцэх зүйл цөөхөн. Видео, радио сурвалжлага хийх гэх мэт нийтлэл бичих нь хүнд хэцүү, хөдөлмөр их шаардсан үйл явц байж болох ч сайн бичсэн тохиолдолд сэтгүүлч болон үзэгчдэд асар их ашиг авчирдаг өндөр үр өгөөжтэй ажил юм.
Мэдээж хэрэг, чанартай, сайн бүтээгдсэн контентын эрэлт хэрэгцээ хэвээр үлдэнэ. Гэхдээ хэчнээн хүн хиймэл оюун ухаан ашиглахын тулд өндөр төлбөр төлөхөд бэлэн байх нь эргэлзээтэй. Хэдийгээр сэтгүүлчид үргэлжлүүлэн контент бүтээхийг хүсч байгаа ч дарга нар нь зардлаа бууруулах эсвэл “өрсөлдөх чадвартай хэвээр байх” шаардлагатай гэж үзэн зөвшөөрөхгүй байж магадгүй юм.
Хиймэл оюун ухааныг хүнийг орлохоос илүүтэй нэмэлт хэрэгсэл гэж үздэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд энэ нь эрэн сурвалжилж, баримт дээр суурилдаг сэтгүүлзүйн уналтыг эргүүлэн босгож чадах боломж. Мөн хиймэл оюун ухаан нь сэтгүүлчдийг оффистоо уягдсан хүнд хэцүү байдлаас нь чөлөөлж, дэлхийд гарч, амьд сурвалжлага хийн илүү гүн гүнзгий, хүнлэг байдлаар мэдээлэл хүргэх боломжийг олгохыг ч үгүйсгэхгүй.
Гэхдээ хиймэл оюун ухаан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад салбарыг зөвхөн ашгийн төлөө ажилладаг технологийн компаниуд удирдаж, цөөн хэдэн тэрбумтны ноёрхол дор оруулж болохгүй. Ёс суртахуун, нийгэм, байгаль орчны тал бүрийн нөхцлийг хамгийн түрүүнд авч үзэх ёстой бөгөөд ардчилсан байдлын үүднээс хиймэл оюун ухааны ирээдүйн нийгэмд гүйцэтгэх үүргийн талаарх шийдвэрт дэлхий нийтийг оролцуулах хэрэгтэй.
Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин