Жирэмслэлтээс хамгаалах аргууд ба өөрт тохирохыг сонгох

Орчин үеийн анагаах ухаанд эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалалтыг олон аргаар шийддэг болсон. Тэдгээр аргуудад жирэмслэлтээс хамгаалах дааврын  эм, ерөндөг буюу бидний хэлж заншсанаар спираль, механик аргуудаас дурдвал үтрээний хаалт, спермецид зэрэг аргууд бий. Эдгээр аргууд нь давуу болон сул талуудтай бөгөөд тохирох байдал нь хүн бүрд өөр.

Тэгвэл та доорх мэдээллүүдээс жирэмслэлтээс хамгаалах аргуудыг мэдэж мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

ХУАНЛИ

Хамгийн энгийн арга бол хуанли хөтлөх юм. Та өөрийн сарын тэмдгийн мөчлөгийн хугацааг нарийн тодорхойлж, чухам аль өдрүүдэд тань өндгөн эс боловсрон гадагшилж байгааг мэдэж байгаа тохиолдолд гаднын ямар нэгэн зүйлс хэрэглэх шаардлагагүй болно. Энэхүү арга нь 60-80 хувийн үр дүнтэй гэсэн судалгаа бий. Зарим тохиолдолд эрүүл мэндийн болон бусад шалтгааны улмаас сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй болсон тохиолдолд уг аргын үр дүн мөн буурдаг гэж ойлгож болох юм.

СПЕРМИЦИД

Энэ нь жирэмслэлтээс хамгаалах механик арга гэгддэг үтрээний лаа юм. Бэлгийн хавьталд орохын өмнө спермицидийг үтрээнд хийснээр түүний найрлагад агуулагдах химийн бодис нь эр бэлгийн эсийг үхжүүлж, умайн хүзүүнд нэвтрэн орохыг саатуулах үйлчилгээ үзүүлж жирэмслэлтээс урьдчилан сэргийлнэ.

Уг арга нь тогтмол бус жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай тохиолдолд, хөхүүл үед болон жирэмслэлтээс хамгаалах бусад аргуудыг хэрэглэх боломжгүй үед ашиглах нь тохиромжтой гэж үздэг.

ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ ДААВРЫН ЭМ

Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм нь өндгөн эс гадагшлах явцыг саатуулснаар үр тогтох боломжгүй болгодог ба умайн хүзүүний салиаг өтгөрүүлэн эр бэлгийн эс умайд орохыг удаашруулах үйлчилгээтэй.

Энэ төрлийн эм нь нийт хөгжлийн дөрвөн үе шаттай бөгөөд орчин үед эмийн найрлагад орох дааврын хэмжээ багассан тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагавар буурсан гэж ойлгож болох юм. Дааврын эм нь найрлагадаа прогестоген эсвэл прогестоген болон эстроген гэх даавруудын хавсарсан найрлагатай байж болох юм. Дааврын эм нь таны овуляцийг дарангуйлдаг тул сарын тэмдгийн мөчлөг тогтворжих, өвдөлт багатай ирэх зэрэг давуу талуудтай. Гэвч жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийг хэрэглэхийг хориглодог хэд хэдэн заалтууд байдаг. Тодруулбал:

  • Хэрэв та тамхи татдаг болон 35-аас дээш настай бол (тамхи хэрэглэдэггүй тохиолдолд насны үзүүлэлт хамаарахгүй)
  • Судасны бөглөрөл
  • Тодорхойгүй шалтгааны улмаас умайн хүзүүнээс цус гарах
  • Мигрень
  • Чихрийн шижин
  • Элэгний эмгэг
  • Даралт ихсэх эмгэг

Жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийн улмаас үүдэх хамгийн ноцтой хүндрэлүүдээс дурдвал:

  • Тромбоз. Маш олон тооны судалгааны үр дүнд жирэмслэлтээс хамгаалах дааврын эм хэрэглэснээс үүдэн судас бөглөрөх эрсдэлтэй болохыг харуулсан байдаг.
  • Зүрх судасны эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг
  • Глаукома буюу нүдний даралт ихсэх эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг

Гэвч эдгээр хүндрэлүүд нь маш цөөн тооны тохиолддог ба эхэн үеийн буюу их хэмжээний даавар агуулсан эм хэрэглэсний улмаас үүссэн тухай судалгаа байдаг. Хамгийн нийтлэг илрэх гаж нөлөө гэвэл сэтгэл санаа тогтворгүй болох, толгой өвдөх, дотор муухайрах, цус гарах зэрэг багтана.

Дааврын эм хэрэглэхэд жинд нөлөөлдөг үү?

Энэ асуултад нэгдсэн нэг хариулт өгөх боломжгүй. Учир нь зөвхөн дааврын эмийн хэрэглээнээс үүдэж жин нэмэгддэггүй бөгөөд тухайн эмэгтэйн биеийн онцлог, эрүүл мэндийг байдал зэргээс хамаардаг гэдгийг харгалзах нь зүйтэй болов уу. Энэхүү асуултад хариулахаар олон тооны судалгаа явуулсан бөгөөд тэдгээрийн нэгт нь дааврын эм хэрэглэснээс үүдэн жил бүр 2 хүртэлх кг-аар жин хэлбэлзэх боломжтой гэж үзжээ.

Дааврын эм хорт хавдар үүсгэдэг үү?

Зарим судалгааны үр дүнд олон жилийн туршид хавсарсан найрлага бүхий амаар уух дааврын бэлдмэл нь эсрэгээрээ өндгөвчийн хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосон байдаг. Дааврын эм хэрэглэдэг эмэгтэйчүүдийг дааврын эм огт хэрэглэдэггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад энэ төрлийн хавдраар өвчлөх эрсдэл даруй 50 хувиар бага байсан аж.

Гэвч хөхний болон умайн хүзүүний хавдар үүсэх, элэгний хатуурал үүсэхэд хэдийгээр бага хувьтай ч гэсэн нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг.

ДААВРЫН ТАРИЛГА

Жирэмслэлтээс хамгаалах дааврын тарилга нь ашиглахад хялбар гэдгээрээ онцлог. Тариулсны дараах 1-3 сард жирэмслэлтээс хамгаалдаг. Өндгөвчид өндгөн эс боловсрохгүй ба умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс нэвтрэх чадварыг бууруулдаг. Түүнчлэн умайн салстыг нимгэрүүлснээр тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх боломжгүй болно.

ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ 72 ЦАГИЙН ЭМ

Энэ нь маш өндөр тунгаар прогестерон дааврын агуулдаг бэлдмэл юм. Эмийн үйлчлэл нь эр, эм бэлгийн эсийн үр тогтох явцыг сааруулдаг буюу үр тогтсон бэлгийн эсийг умайд бэхлэгдэх чадварыг бууруулдаг гэж ойлгож болох юм. Тус эмийг хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос хойш 24 цагийн дотор хэрэглэвэл 90-98 хувь хүртэл үр дүнтэй. Хэрэв 72 ба түүнээс дээш цагийн дараа хэрэглэвэл жирэмслэлтээс 50 хүртэлх хувь хамгаална. Гэвч энэ нь жирэмслэлтээс хамгаалах байнгын арга биш гэдгийг ойлгох нь зүйтэй. Өндөр агууламжтай эмийг тогтмол хэрэглэх нь өндгөвчийн үйл ажиллагааг алдагдахад хүргэх эрсдэлтэй.

Хориглох заалтууд:

  • Жирэмсэн буюу жирэмсэн байж болзошгүй үед
  • Эмийн найрлагад агуулагдах бодист харшилтай бол
  • Онош тодруулаагүй хэвийн бус үтрээний цус алдалттай бол

ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ УМАЙН ЕРӨНДӨГ

Ерөндөг нь дотроо хэлбэр, хэмжээ, төрлийн хувьд олон төрөлд хуваагдана. Төрсөн эмэгтэйчүүдэд О хэлбэрийн буюу Cu-380A илүү тохиромжтой гэж үздэг. Харин төрөөгүй болон кесар хагалгаагаар амаржсан эмэгтэйчүүдэд Т хэлбэртэй, “охидын ерөндөг” гэж нэрлэгдэх Cu-375 нь тохирох юм.

Ерөндөг нь эр бэлгийн эсийг умайд амьдрах боломжгүй орчныг бүрдүүлж, улмаар эр бэлгийн эсийг өндгөн эсэд хүрэх хөдөлгөөнийг саатуулдаг. Түүнчлэн үр хөврөл умайн хананд бэхлэгдэхийг мөн саатуулдаг үйлчлэлтэй аж.

Умайн ерөндгийн давуу талуудаас дурдвал:

  • Өндөр үр дүнтэй (жирэмслэлтээс 95-98 хувь хүртэл хамгаалдаг)
  • Урт хугацааны хамгаалалт (ерөндгийн төрлөөс хамааран 3-5 жил хүртэлх хугацаанд)
  • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй
  • Хүссэн үедээ ерөндгийг авахуулах боломжтой бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй
  • Бэлгийн амьдралд нөлөөлөхгүй

Умайн ерөндгийн сул талуудаас дурдвал:

  • Бэлгийн замаар дамжих халдвараас хамгаалахгүй
  • Эмэгтэйд мэдэгдэхгүйгээр умайгаас унах эрсдэлтэй
  • Мэргэшсэн эмнэлгийн ажилтны ур чадвараас хамаардаг
  • Ерөндгийг тавих үед бага зэрэг цус гарч, хэвлийн доод хэсгээр базалж өвдөж болзошгүй
  • Эхний 1-3 сарын хугацаанд сарын тэмдгийн хэмжээнд өөрчлөлт орох, өвдөлттэй ирэх зэрэг шинжүүд ажиглагдаж болно

Ерөндгийг хэзээ тавьж болох вэ?

  • Сарын тэмдэг ирснээс хойш 3-5 дахь хоногт (сарын тэмдэг ирэх үед умайн хүзүү аяндаа өөрөө нээгддэг тул энэ үед ерөндөг тавихад тохиромжтой гэж үздэг)
  • Үр хөндөлт болон зулбалтын дараа халдварын шинж тэмдэг илрээгүй тохиолдолд шууд тавьж болно
  • Умайн хүзүүнд улайлт, шарх үүсээгүй, наалдцын шинжилгээний 1-2 дугаар зэрэгтэй үед тавина

Ерөндөг тавиулсны дараа анхаарах зүйлс:

  • Бэлгийн харьцаанд орохгүй байх
  • Хүнд зүйл өргөхгүй байх
  • Хүч шаардсан биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийхгүй байх
  • Ванн, саун, бассейн орохгүй байх

ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ СУУЛГАЦ

Энэ нь чүдэнзний модны хэмжээтэй өндгөвчөөс ялгарах прогестерон дааврыг агуулсан силикон суулгац юм. Үүнийг эмэгтэйн бугалганы арьсан доор суулгаж байрлуулах бөгөөд шар биеийн даавар аажмаар цусанд ялгарч ордог. Шар биеийн даавар нь өндгөвчөөс өндгөн эс ялгарах явцыг дарангуйлж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс умайд орохыг саатуулах замаар жирэмслэлтээс хамгаална. Суулгацыг цэвэршилтийн нас хүртэл хэрэглэж болдгоороо онцлог бөгөөд төрлөөсөө хамааран 3-7 жил хүртэлх хугацаанд жирэмслэлтээс хамгаалдаг аж.

Гэвч энэхүү арга нь өндгөвчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байх магадлалтай болохыг хэд  хэдэн судалгаагаар баталсан тул орчин үед ашиглахаас зайлсхийдэг болсон.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *