“Монголчууд эх орноосоо бусад газарт дэлхийн циркийн одууд”

Нью Йорк Таймс-ын сэтгүүлч Давид Пиерсон 2023 оны өвөл Монголын циркийн сургуульд зочлон багш ажилчид болон сурагч нартай хийсэн сурвалжлагаа мэдээ болгон нийтэлснийг та бүхэндээ орчуулан хүргэе. 

Цагтаа бардам сүндэрлэж байсан монголын цирк өдгөө хана нь цуурч, тааз нь хөгцөрсөн, хэдэн арван жилийн тамхины утаа модон шаланд нь нэвчсэн байдалтай хөргөгч шиг л хүйтнээр дүнхийнэ. Хэсэг өсвөр насны акробатчид хүйтэн жавартай, хуучирсан орчинд мөрөө хавчиж, агаарт үсрэх, эргэлдэх дасгал хийж, газардахдаа тоосыг нь өшиглөж, ялимгүй алдаа болгоныхоо дараа хатуу багшийн ширүүхэн хоолойгоо засахыг сонсох аж. 

Гадаа засвар хийгдэж буй шороон талбай дээр нэг нь 11 настай, нөгөө нь 13-тай хос цамцаар жигдэрсэн охид өлмий дээрээ гишгэлэн уран нугарагчийн хамгийн хэцүү бөгөөд аюултай поз болох Маринелли нугаралтыг хийж байна. Тэд төмөр тавиурын үзүүрт бэхлэгдсэн арьсан дэвсгэрийг хазаж, эрүүгээрээ биеэ өргөх дадлага хийж байгаа нь тэр. Мөн тэд үргэлжлүүлэн өгзөгөө толгойн ар хүртлээ сунгаж, хоёр хөл нь хилэнцэт хорхойн сүүл шиг нүүрнийх нь өмнө цухуйх хүртэл хүчээ цуглуулах хэрэгтэй. 

Ийм л залуу циркчдийн ур ухаан, шийдэмгий байдал нь дэлхийн хэмжээний чадварлаг циркчдийг өрсөлдүүлэн өөрсдөдөө шигшиж элсүүлдэг Цирк дю Солей, Ринглинг Брадерс зэрэг компаниуд байнгын монгол циркчдийн эрэлд байдгийг ядах юмгүй тайлбарлана. Хэдийгээр төрийн дэмжлэг дутмаг, сургалтын материаллаг бааз хомс байсан ч шүү дээ. Энэ л 83 жилийн настай цор ганц Монголын Циркийн Сургууль үе үеийн авхаалж самбаа нь эрдсэн мэргэжлийн циркчид болоод сурагч нарыг бэлтгэн алтан босгоороо давуулсаар иржээ. 

“Бид дэлхий дахинд чамгүй эрэлттэй байдаг ч эх орондоо зохих ёсоор нь бэлтгэл хийж чаддаггүй” хэмээн циркийн захирал асан акробатчин Ю. Гэрэлбаатар хэллээ. Мөн тэрбээр, одоогийн байдлаар 1300 гаруй монгол циркчид Хойд Америк болоод Европт ажиллаж буй хэмээн тооцоолоод байна. 

Аляскийн дайтай, Монгол шиг хүн ам сийрэг улс энэ их авьяасыг олж илрүүлээд түүнийгээ мянга, мянгаар нь гадагшаа гаргаж байгаа бахархам боловч харамсам түүх нь өмнөх “Улсын Цирк”-ээс эхтэй. Энэхүү циркт нэгэн цагт маш олон уран бүтээлчид шаардлагатай байжээ. Гэвч олон жилийн турш ийм асуудалтай тулгаралгүй хэвийн үйл ажиллагаатай явсан бөгөөд Японы хамгийн ариун нандин спортыг байлдан дагуулсан монголын алдарт сумочинд тэр циркээ худалдсанаар асуудлууд эхэлсэн. Тэрбээр, монголынхоо цэцэглэж буй урлагийн уламжлалыг үргэлжлүүлнэ гэсэн амлалтандаа хүрч чадаагүй юм. 

Монголын уран нугараачид олон зуун дарааллан урлаг толиулалтаа хөгжүүлсээр ирсэн бөгөөд энэ нь ихэвчлэн язгууртнуудын таалалд зориулагдаж байв. Харин 1931 оноос л эхлэн хөгжим, алиалагчид, акробатчууд зэрэг урлагийн үзүүлбэрүүдийг нэгтгэж эхэлжээ. Энэ нь бүлэг Орос циркчид тухайн үед Зөвлөлтийн дагуул улс байсан Монголд аялан тоглолтоо хийснээс үүдэлтэй. Айлчлан ирсэн оросууд монголчуудын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул Москвад оюутнуудыг илгээж, үүнтэй төстэй шоу зохион байгуулж сурав. Тэдгээр оюутнууд 1940 онд эргэн ирж, Монголын анхны циркийг байгуулж, одоо үйл ажиллагаа нь зогсож нурсан дугуй, монгол гэртэй дүрс нэг байрыг босгожээ. 

30 жилийн дараа буюу 1971 онд нэгэн социалист улс болох Румын Монголд олон мянган хүний суудалтай орчин үеийн циркийн байгууламж барихад тусалсан. Уг байрын цэнхэр бөмбөгөр дээвэр нь тухайн үеийн Улаанбаатарын Зөвлөлтийн өнгө үзэмжин дунд тод ялгарч байв. Хөгжиж буй орны хувьд шинэ цирк нь зугаа цэнгэлийн үлгэр жишээ шууд л болсон. Гялалзсан хувцаслалт, найрал хөгжим, үхлийг үл тоомсорлосон эр зоригийг гайхшруулж, жил бүр Монголын үе үеийнхэн улсын шоуг үзэж сонирхдог байв.

1980-аад оны үед циркт ажиллаж байснаа дурсах Гэрэлбаатар “Орчин үеийн урлаг болохоор хүмүүс их дуртай байсан. Тухайн үед уламжлалт урлагаас өөр, шинэхэн зүйл байлаа” гэх аж. 

Монгол Улс 1990 онд ардчилсан хувьсгалын дараагаар төрийн мэдлийн эдийн засгаа үе шаттайгаар зогсоож эхэлснээс хойш тус шоу хүндхэн байдалд унав. Дараагийн 10 жилд засгийн газар циркийн засвар үйлчилгээг хийх боломжгүй болж, худалдан авагчдыг хайж эхэлжээ. Тухайн сонирхогчдын нэг нь Япондоо Асашёорюү нэрээр алдаршсан Долгорсүрэнгийн Дагвадорж хэмээх сүмогийн аварга байсан юм. 2000-аад оны ихэнх хугацаанд сүмогийн давамгай хүч байсан Асашёорюү мөн л энэ спортын хамгийн сүрдэм тамирчинд тооцогдож, Японд харийнхныг үзэн ядах үзлийн бай байсаар ирсэн. Тэрбээр сүмогийн хатуу ёс зүйг зөрчиж, ялалтын дараа инээмсэглэж, угаалгын өрөөний коридорт ахимаг насны бөхөд бөхийж мэндлээгүй хэмээн шүүмжлүүлж байжээ.

Асашёорюү үнэхээр л Монголд шүтээн байсан бөгөөд тэрбээр мөн л өмч хөрөнгө, уул уурхайн томоохон хөрөнгө оруулагч байсан юм. 2007 онд тэрбээр циркийг худалдан авч, өмнөх алдар нэрийг нь сэргээнэ гэж амласан. Ингэхдээ нугараачдыг орчин үеийн дэвжээнд үнэ төлбөргүй сурах боломжийг олгож, илүү олон авъяас чадварыг татахын тулд сургагчийн цалинг нэмэгдүүлэх болно гэжээ. Тэрбээр шинэ байгууллагаа “Аса цирк” гэж нэрлэв.

Хилийн чанадад акробатчин, жонглёроор тоглож байсан Нямын Дашдэндэв уг мэдээг сонсоод Монгол руугаа буцсан. Тэр гэртээ шинэ боломж байгаа эсэхийг харахыг хүсчээ. Шинэ эзнийх нь амлалтууд үнэн гэхэд хэтэрхий сайхан болох нь шууд л мэдэгдэв. Ноён Дашдэндэвийн хэлснээр Асашёорюү нугараачдыг цалингүй ажиллуулахыг их хүсдэг байж. Тэрбээр цэнхэр бөмбөгөр талбай руу бэлтгэл хийхээр нэвтрэхийг хатуу хориглосон. Мөн ажиллаж буй цөөн хэдэн нугараачид гэрээгээ нэг жилээс илүү хугацаанд хадгалах баталгаагүй байв. Асашёорюүг худалдаж авахад аль хэдийн доголж байсан циркийнхэн бага багаар цөөрч, хэдхэн сар тутамд цөөхөн хэдэн үзүүлбэр үзүүлжээ. 

“Хүн бүгд л хэдхэн жил болоод бууж өгч байсан” хэмээн эцэст нь АНУ руу Ринглинг Брадерсд ажил олсон 38 настай Дашдэндэв хэлэв. “Бидний өв соёлыг булаагаад авчихсан юм шиг л санагдаж байсан болохоор их л гунигтай мэдрэгдэж байлаа. Асашёорюү болон Монгол Улсын Соёлын яамнаас ярилцлага авах хүсэлтэд хариу өгсөнгүй. Сүүлийн жилүүдэд жүжигчид нийлж бэлтгэл сургуулилт хийх орон зайг нэмэгдүүлэх шаардлагыг засгийн газарт тавих болсон ч тусыг эс олов. Энэ хооронд Асашёорюүгийн дэвжээг циркийн тоглолт, бэлтгэл сургуулилт биш голдуу концертод ашигладаг болжээ. 2018 оноос хойш засварын ажил хийгдэж байгаа тус газар одоо граффитид нэрвэгдэж, түр хашаагаар хаагдсан байна. Энэ байдал Лас Вегас дахь Cirque du Soleil-ийн “Zumanity” уран нугараач Эрдэнэбилэгийн Цацрал зэрэг бусад нугараачдыг бухимдуулжээ. Залуучуудад суралцах аюулгүй, цэвэр орон зайгүй бол тус улсын циркийн уламжлал эцэстээ алга болно гэж тэд эмээж байна. 

Монголын циркийн сургуулийн байр “халуун усгүй, дулаан, гэрэл хангалтгүй” гэж Гиннесийн дээд амжилтыг хамгийн урт Маринелли нугаран эвдсэн 36 настай Цацрал хэлэв. “Тэнд хүүхдүүд байх нь аюултай.”

Бага наснаасаа уран бүтээлээ туурвиж буй Ц.Цацрал хэрэв Монголд төрийн дэмжлэгтэй үндэсний цирк байсан бол өөрийн карьераа бүрэн зориулах байсан гэлээ. Харин оронд нь гадаадад тоглолт хийхээс өөр аргагүй. 

Монголыг орхин явах нь залуу нугараачдын хувьд маш хэцүү байдаг гэж Цацрал хэлээд заримыг нь далимдуулан агентууд талцсан гэрээ байгуулахыг эрэлхийлдэг гэдгийг онцоллоо. Түүний хувьд Монголтой харьцуулахад цаг уурын эрс тэс ялгааг харгалзан Лас Вегас руу нүүх нь хэцүү байжээ. Тэрбээр ирснийхээ дараа халуунаас зайлсхийхийн тулд гадаа бараг гардаггүй байснаасаа болж Д аминдэмийн дутагдалд орсон байна.

Түүнтэй мөр зэрэгцэн тоглолтоо толилиулж буй монгол залуус, эмэгтэйчүүд олноор байгаа нь гэрээсээ хол байгаа амьдралыг аврах цор ганц ивээл аж. Өөрсдийгөө “Монголын уран нугаралтын мафи” гэж нэрлэх нь их түгээмэл болсон гэж Цацрал хэллээ. Тэрбээр амралтын өдрөөрөө монгол хоол идэж, гэрийнхэндээ сүүлийн үеийн хов живээ хуваалцдаг гэнэ. “Бидэнд “бид” байгаа ч би гэрээ үнэхээр санаж байна. Миний мөрөөдөл бол Монголын залуу үеийнхэнд уран нугаралт зааж, тэднийг Цирк дю Солейд оруулах. Гэхдээ би хаана заах билээ …

Эх сурвалж – https://archive.ph/r7431

Бэлтгэсэн дадлагажигч оюутан – Э.Номин

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *