Дэлхий дахинд сонгуулийн санал өгөх сонирхолтой таван хэлбэр

10 минут уншина

Тогтвортой ардчилалын үндэс нь иргэн бүр өөрсдийн амьдарч буй байршил, нийгмийн статус, болон угсаа үндэс хамаарахгүйгээр сонгуулийн саналаа өгөх эрхтэй байх нөхцөл. Гэвч зарим тохиолдолд энэ нь сонгуулийн хороодын хувьд хангахад тийм ч амархан ажил биш болж хувирдаг. Газарзүйн байршил, хүн амын нягтрал, нийгмийн зөрчилдөөн зэрэг бусад цаг зуурын нөхцөл байдал нь засгийн газрын зүгээс шударга сонгуулийг хэрэгжүүлэхэд зайлшгүй тулгардаг асуудлууд юм. 

Энэтхэг улс Гималайн оргилоос эхлээд халуун орны арлууд хүртэл өргөн уудам нутагтай атлаа эдгээр олон талт бүс нутгуудад сонгуулийг хэрхэн зохион байгуулдаг вэ. Папуа Шинэ Гвинейн улс алслагдсан овог аймгуудаа хэрхэн сонгуульд дайчилдаг вэ. Тэгээд ч зогсохгүй сансарт ажлаа гүйцэтгэн жингүйдэж яваа сансрын нисгэгч сонгуульд саналаа өгөх эрх бүхий хүн байх тохиолдолд яах вэ.

Бусад улс орнуудын санал хураах үйл явцад төрөл бүрийн хүчин зүйлс нөлөөлдөг. Жишээлбэл, АНУ-д сонгууль зөвхөн Мягмар гаригт болдог. Энэ нь АНУ эрт дээр үеэс аж ахуйн нийгэм дээр суурилсан байсантай холбоотой. Тариаланчид санал авах байр руу очихын тулд хол зам туулдаг мөн тэр үед ихэнх нь Христын шашинтай байснаас ням гаригт амардаг, лхагва гарагт зах нээдэг өдрөөс урьтаж буцаж ирэх шаардлагатай зэрэг шалтгаанууд энэ уламжлалыг үүсгэжээ. 

Бусад тохиолдолд саналын хуудсыг бүрдүүлэх хүчин зүйлс нь тухайн улсын эрс тэс уур амьсгал эсвэл хэл соёл, уламжлалын ялгаатай байдлаас хамаарна. Технологитой холбоотой асуудлууд ч гэсэн хүмүүсийн сонгуулиа өгч буй байдалд шууд нөлөө үзүүлдэг ажээ. 

Энэтхэг улс: Дэлхийн хамгийн том болоод хамгийн удаан сонгууль 

900 сая гаруй сонгогчтой Энэтхэг улс манай гараг дээрх хамгийн том сонгуулийг зохион байгуулдаг. Энэ нь Энэтхэгийн засгийн газарт асар том сорил болдог бөгөөд зөвхөн сонгогчдын тоотой холбоотой асуудал ч биш юм. Энэтхэг нь албан ёсны 22 хэлтэй бөгөөд Гималайн нуруунаас эхлээд, халуун орны арлууд, ой мод хүртэлх бүх төрлийн тусгаарлагдсан хийгээд байгалийн эх үүсвэр гачигдалтай бүс нутгийг хамарна. Тэгсэн хэдий ч санал авах байр нь сонгогчоос хоёр километрээс холгүй зайд байх ёстой гэж хуульд заасан байдаг ажээ. 

Бусад ардчилсан орнуудад санал хураалт ихэвчлэн нэг өдөр болдог бол Энэтхэгт хэдэн долоо хоног үргэлжилдэг. 2019 оны сонгуулийн санал хураалт 39 хоногийн дараа л өндөрлөсөн байх жишээний. Түүнчлэн, 10 сая гаруй төрийн албан хаагчид нэг сая сонгуулийн байр байгуулахын тулд зам, завь, заримдаа бүр заан унаж олон хоног тодорхойгүй газруудаар явсан байна. Үүгээр ч зогсохгүй, зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг нэг л сонгогчид зориулж нэг санал авах бүхээгийг ойн модон дунд байршуулжээ.

1998 оноос хойш луйвраас урьдчилан сэргийлэх, зарлагыг танах зорилгоор цахим санал хураалтыг аажмаар хэрэгжүүлж эхэлсэн байна. Гэвч эдгээр цахим машинуудыг интернетэд холбодоггүйн улмаас санал хураалт дууссаны дараа тусгай үүрэнд лацлагдан хүргэгдэх шаардлага нь албан тушаалтнуудын хувьд хүнд ачаа хэвээр байгаа ажээ.   

Австрали улс: Сонгуулиа өг эсвэл торгуулиа төл

Таныг сонгуулиа өгөөгүй байх хангалттай сайн шалтгаантай байсан гэж найдъя, эрхэм ээ! Хэрэв та Авсрали улсын иргэн бол аливаа сонгууль эсвэл бүх нийтийн ямар ч санал асуулга алгасах тохиолдолд 20 автрали доллараар торгуулна. Бусад улсад энэ нь итгэхэд хэцүү байж болох ч Австралийн хувьд санал хураалтыг энэ хэмжээнд нь чухалчилдаг. Саналын хуудсыг ямар нэгэн байдлаар гээгдүүлсэн тохиолдолд Засгийн газар тайлбар нэхэмжилсэн и-мэйл эсвэл мессеж илгээдэг аж. Эхний сануулга ирүүлсний дараагаар ч торгуулиа төлөөгүй бол торгуулийн мөнгөн дүн бүр ч ихсэх эрсдэлтэй. 

Санал хураалтыг хуулиар шаарддаг олон улс байдаг ч цөөхөн хэд нь үүнийг хэрэгжүүлдэг. Аргентинд Австрали шиг торгууль төлүүлдэг бол Бразилд пасспорт захиалах эсвэл улсын их сургуульд элсэн суралцах үед сонгуулиа өгсөн баримтыг шаарддаг байна. Харин Сингапурт сонгуулиа өгөөгүй бол дараагийн сонгуульд саналаа өгөх эрхийг нь түдгэлзүүлдэг ажээ.

Хэдийгээр албадан санал хураалт нь ардчилсан орнуудад хүмүүсийг татан оролцуулах утга учиртай арга мөн эсэх нь маргаантай хэвээр байгаа ч Австрали улс нь 2022 оны сонгуульд 89 хувь буюу 89 хувийн сонгуулийн ирцтэй дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

АНУ: Сансраас ирэх сонгуулийн саналууд 

Ардчилал дээр суурилсан засгийн газар нь ард иргэдийнхээ санал өгөх эрхэд нөлөөлж буй хол ойрын зай, тээвэр, цаг агаар зэрэг саад бэрхшээлд зохистой шийдэл олохын тулд шаргуу ажиллах үүрэгтэй. Гэвч яг санал өгөх өдрөөр ард иргэдийн зарим нь дэлхийн гадаргаас хэдэн зуун километрийн зайд аз жаргалтайгаар сансар судалж явбал яах вэ.

АНУ-ын сансрын нисгэгчдийн хувьд сансраас санал өгөх боломж бүрдсэн нь харьцангүй сүүлийн үеийн ойлголт юм. Анх 1997 онд НАСА-гийн сансрын нисэгч Дэвид Вольф Оросын сансрын “Мир” станцаас ганц сонгуулийн санал ирүүлсэн нь дэлхийгээс гадна орон зайгаас хүлээж авсан эхний санал болжээ. Тухайн үед сансрын нислэг нь хэдэн хоног, цаашлаад хэдэн долоо хоногоор үргэлжилдэг байсан. Харин өнөөдрийн байдлаар сансрын нисгэгчид Олон Улсын Сансрын станцад зургаан сар хүртэлх хугацаагаар даалгаварт гарах нь ихэссэнээр сансраас санал ирүүлэх явдал түгээмэл болж байна. Жишээлбэл, доктор Кейт Рубинс 2016, 2020 онуудад ОУСС-аас хоёр удаа санал өгсөн байна. 

Тэгвэл та сансраас санал хураах хамаагүй хялбар байдаг гэвэл итгэх үү. Техас мужид суурилж баталгаажсан цахим саналын хуудсыг Хюьстон хот дахь сонгуулийн төв хороогоор дамжуулан санал хураах багийн гишүүнтэй холбоно. Сансрын нисгэгчид ийнхүү цахим хэлбэрээр санал өгөхдөө тодорхой шаардлагуудыг урьдаар хангадаг бөгөөд дараа нь найдвартай саналын хуудсуудыг дэлхий рүү буцаадаг. Гэвч санал өгч буй хүний анхаарах ёстой хамгийн сонирхолтой зүйл нь дэлхий дээр эргэж буй цагийн дагуу хугацаандаа саналаа өгөх явдал юм. 

Папуа Шинэ Гвиней: Омгийн шашин ба Ардчиллыг хослуулах нь

1975 онд Австраличууд Папуа Шинэ Гвинейгээс явахад тусгаар тогтносон тус улс ардчиллаа хадгалахаар шийджээ. Түүнээс хойш улсын сонгууль маш өрсөлдөөнтэйгээр тогтмол явагдсан. Папуа Шинэ Гвиней нь колончлолыг туулсан цөөн хэдэн улсын нэг хэдий ч уг улсын сонгууль одоо болтол дэлхийд хамгийн сориллттойд тооцогддог байна. 

Папуа Шинэ Гвинейгээс л дэлхийн хамгийн хуваагдмал нийгмийг харж болдог болов уу гэлтэй. Учир нь тус улс дэлхийн нийт хэлний тавны нэг орчим болох 800 гаруй хэл, олон мянган жижиг, өрсөлдөх чадвартай угсаатны овог аймгуудыг хамардаг. Ардчилал ба овог аймгуудын хоорондын уялдаа холбоо үргэлж өвдөлтгүй өнгөрдөггүй. Тус улсын хамгийн алслагдсан нутагт овгууд аль нэр дэвшигчийг сонгуульд дэвшүүлэхээ шийдэхийн тулд маш их цаг хугацаа, хүч зарцуулдаг. Тэгэж байхад ч сонгуульд нэр дэвшигчид мөнгө, гахай, согтууруулах ундаа гээд юугаар ч сонгогчийн саналыг худалдаж авахад бэлэн байх аж. 

Өнөөг хүртэл тус улсын хүрээнд болсон хамгийн том улс төрийн зөрчилдөөн нь 2002 оны сонгуулийн үеэр Энга мужийн иргэд хүчирхийлэл үйлдэж, саналын хуудсыг шатааснаар тэмдэглэгдсэн байдаг. Дараа нь сонгуулийн албан тушаалтнууд шатсан шарилын үлдэгдлээс өгсөн саналыг тоолоход … (бурхан минь) бүртгэлтэй сонгогчдоос 200 мянга гаруй саналын хуудас байсан байна.

Эстони улс: Цахим санал хураалт

2005 оноос эхлэн Эстоничууд галт тэрэг, том өрөөний буйдан, оффис, өөр улс зэрэг хүссэн газраасаа цахимаар сонгуулийн саналаа өгөх боломжтой болжээ. Одоогоор Эстони бол бүх иргэддээ энэ боломжийг олгож байгаа цорын ганц улс юм. Одоогоор Эстони бол бүх иргэддээ ийм боломжийг олгож байгаа цорын ганц улс юм. Эстоничууд анх биечлэн санал өгөх уламжлалт аргыг баримтлахыг илүүд үздэг байсан бол “e-санал” өгөх нь аажмаар улам бүр түгээмэл болж, 2019 оны Европын сонгуулийн үеэр санал өгсөн бүх саналын бараг тал хувь нь цахимаар санал өгсөн байна. 

Олон жилийн туршид Эстони улс өргөн хүрээтэй дижитал нийгмийн дэд бүтцийг бий болгохоор ажилласан бөгөөд үүний ч тулд цахим санал хураалт улсын хүрээнд явагдахад амар болсон аж. Манай улсын e-mongolia системтэй төстэй байдлаар Эстони улсын иргэн бүр өөрийн гэсэн цахим ID, пин кодыг ашиглан эмнэлгийн бүртгэл болон татварын нэмэмжлэл зэрэг төрийн аюулгүй цахим үйлчилгээнд хамрагддаг. Сонгогчид сонгуульд оролцохын тулд энэ л цахим үнэмлэхээрээ системд нэвтэрч саналаа өгнө. Сонгогчийн хувийн мэдээлллийг саналын хуудас тоолохоос өмнө бүртгэлээс хасдаг тул нэр нь нууцлалттай. Гэвч энэхүү цахим санал хураалт нь тодорхой хэмжээнд эрсдэлтэй тул сүүлийн жилүүдэд Эстонийн засгийн газар энэ тал дээр биометрийг санал хураалтдаа нэвтрүүлж, нууцлалаас эхлээд технологийн бүхий л төрлийн асуудлыг шийдэх тал дээр анхаарч ажиллаж байгаа ажээ. 

Мэргэжилтнүүд Эстони дахь цахим санал хураалт нь ардчиллыг өөрчлөх технологийн чадамжийг нотолж чадах зоримог сонгуулийн жишээ хэмээн үзэж байна.

Эх сурвалж – https://innovatrics.com/trustreport/unusual-ways-of-voting-around-theworld/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2qX2VtIh356TQqcjP0CZujjjA0aVqUDNgUrFZsnMmTQi_lfuzlnWqddg0_aem_AbFFSjRyzLxl4C4_jP8pFTFixdkRQsGof0G-Oacu5sh1BFHT7-46tMO3-DivGKtwcv9UyUdkEkXgX3CsHmNbRrZ-

Материалыг орчуулсан дадлагажигч оюутан Э.Номин

TAGGED:
Түгээх