БҮТЭЭГЧИД | Сонгуулийн мэдээлэл дутуу сонгогч “нутгийн хүн” гэж туйлшрахаас өөр арга үгүй

  • БҮТЭЭГЧИД. Өнөөгийн нийгмийн олон өнгийг бүтээлцэж, өөрсдийн өнцгөөр нийгмийн нөлөөллийг бий болгож буй хүмүүсийн төлөөллийг онцлох HumanZ редакцийн шинэ контент мэндэллээ. Контентын оролцогчид редакцийн зүгээс дэвшүүлсэн сэдвийн хүрээнд өөрсдийн үзэл бодол хийгээд мэргэжлийн уялдаа холбоогоор шууд үндэслэл, таамаглал, харьцуулалт болон дүн шинжилгээг хийж уншигч, сонсогчдод мэдлэг түгээхэд бидний зорилго оршино.

HumanZ сайтаас БҮТЭЭГЧИД контентийн анхны дугаарыг уншигчдадаа хүргэж байна. Энэ дугаарын зочноор нийгмийн сэтгэл зүйч (Хариад Уянга) Г.Уянгыг урин уншигчдынхаа улс төрийн мэдлэгт зориулан Томсгосон тойрог ба нутгийн хүн сэдвийн хүрээнд ярилцлаа.

Нийгмийн сэтгэл зүйгээр энэ удаагийн сонгуулийн онцлогийг тодруулъя. 

– Нийгмийн сэтгэл зүй бол бидний үнэт зүйл, хэм хэмжээ, сэтгэлгээг судалдаг. Бид гэдэг нь соёлын ямар ялгаатай улс үндэстний хүн бэ гэдгээс эхэлнэ. Манай улсын буюу бидний түүхэнд улс төрд сонгуулийн хууль өөр өөрөөр хөгжиж өдгөө хүрснээс энэ удаагийн сонгууль томсгосон тойргийн хэлбэрээр явагдаж байна. Гэвч манай нийгэм нийтээрээ шахуу энэ хэлбэрийг бүрэн ойлгоогүй байсаар… 

Тодруулбал, бид томсгосон тойрог руу шилжилт хийж байна. Өмнө нь бол сонгуулийн хуудаснаасаа эхлээд л бүх зүйл ойлгомжтой байсан. Одоо болохоор тэр ойлгомжтой байдлыг байхгүй болгоод шинэ нөхцөлийг гаргаж байгаа нь сонгогчдын хувьд буюу ард иргэдэд одоог хүртэл ойлгомжгүй хэвээр байна. Жишээлбэл, хөдөө орон нутгаар судалгааны ажлаар явж байхад “та энэ томсгосон тойргийн талаар мэдээлэл байна уу” гэхээр “ямар ч ойлголт байхгүй” гэдэг. Томсгосон тойрог нь ямар байх, ямар зарчмаар ажиллах юм гэдгээ нийтэд таниулаагүй байна гэдэг нь нийтийн ой санамжийг устгаж одоо энэ шинэ дүрмээр явна гэчхээд тухайн дүрмээ таниулахгүй байна гэсэн үг. Мөн хөдөө орон орон нутагт бидэнд ил харагддаггүй нэг асуудал нь бичиг үсэг тайлагдаагүй байдал. Тэгэхээр энэ асуудал сонгуульд, хэрхэн саналын хуудастай харьцах вэ гэдэг асуудлыг шууд гаргана. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл сонгуулийн хуудас гарсан үгүй нь тодорхойгүй. Гэвч бичиг үсэг тайлагдсан хүн тухайн саналын хуудсыг хараад танилцах нь өөрөө хэд хэдэн үе шатыг давсны дараагаар хэрхэн зөв харьцах нь нутагшдаг. Тийм байхад бичиг үсэг тайлагдаагүй хүн хэрхэн тэр хуудастай зөв харьцаж, эрхээ эдлэх вэ гэдэг нь хамгийн том бэрхшээл болж байгаа биз. Харамсалтай нь энэ асуудал энэ удаагийн сонгуульд бүрэн шийдэгдэх үү гэвэл үгүй. 

– Томсгосон тойргийн давуу талд бүсчилсэн хөгжил бий болох ч тухайн хөгжлийг бий болгох сайн нэр дэвшигчийг нутаг усны буюу аймгийн ялгаа гаргаж сонгохгүй байх таамаглалд таны харж буй өнцөг?

– Сонголт хийж байгаа хүний хувьд ямар сонголт хийх нь тухайн хүнээсээ л хамаарах байх лдаа. Гол нь тэр олон нэр дэвшигчийг тэр богино хугацаанд таних боломж хомс буюу боломж байхгүй. Тэгэхээр энэ сонгуулийн сонголт нь ямар хэлбэрээр байгааг шууд харвал сонгогчийг маш хомс мэдээллээр чи сонголтоо хий гэдэг рүү түлхэж байна. Тэгэхээр тэр хомс мэдээллээр хангагдаж сонголт хийж байгаа хүн туйлшрахаас өөр арга байхгүй. Туйлшрах гэдэг нь өмнөх байгаа мэдээлэл дээрээ л сонголт хийнэ эсвэл хов живийн аргаар мэдээлэл цуглуулахаас өөр аргагүйд хүргэдэг. Энэ бол өргөн хүрээний нийгэмдээ оновчтой сонголт биш. Яагаад вэ гэхээр хов живийн хэлбэрээр нэр дэвшигчээ сонгох нь нийгэмд аль хэдийн танигдсан хүнээ л сонгох сул талыг бий болгодог.  Гэтэл магадгүй орон нутгийнхаа асуудлыг маш сайн мэддэг  нэр дэвшигч байсан ч тухайн нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны тэр богино хугацаанд өөрийгөө таниулах боломж байхгүй. Дээрээс нь томсгосон тойргоор гэхээр нөөц ч хумигдмал болно. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр бидний сонголтыг хайрцаглаад эндээс хурдан сонго гэдэг тулгалт үүснэ. 

Тэгвэл сонгуулийн энэ шинэ шилжилтийн эдгээр эрсдэл нь нутгийн хүн гэсэн үзэл баримтлалаасаа холдож чадахгүй гэсэн үг үү?

– Шууд биш ч магадлал нь тийм. Энийг бол буруу гэж боддоггүй. Тухайн хүн тухайн нутагт өссөн болохоор өөрийн нутгийн аливаа бүх асуудлыг мэдэж байх боломжтой. Тэгэхээр бүр нэг талдаа гарч нутгийн фактор буюу нутгийн гэсэн үзэл бодлын хүчин зүйлийг буруугаар хараад байх шаардлагагүй. Баруун аймгуудын жишээгээр бол нэр дэвшигчдийн олон сонголттой, тэгэхээр өөрөө өөрсдийнхөө нутгийн хүнээ сонгож байгаа нь тэр хүний л сонголт. Харин нэг бүсийнх ч нөгөө аймгийнхаа нэр дэвшигчийг сайн таньж мэдэх бололцоо нь хэр бүрдэж байгаа юм бэ гэдэг асуудлыг гаргаж ирэх ёстой. 

Гэвч одоо бид сонгуулийн мэдлэг, мэдээллийг хангалттай авч чадаагүйгээс яалт ч үгүй тулгалтад өртөх болж байна.Тэгээд энэ тулгалтыг бий болгочхоод “чи нутгийн” гэж туйлшрахгүй сонголтоо зөв хийгээрэй гэдэг талцлын юм яриад байдаг. Таньдаг хүнээ сонгох нь буруу зүйл биш. Танилаа ямар алдаа гаргах уу, юу хийж байсан гэх мэтийг хувьдаа эргэцүүлж тунгаана шдээ. Тэгснээ ард иргэд тэнэг байдлаар сонголт хийдэг юм шиг үзүүлээд байдаг. Гэхдээ бодит байдал дээр тухайн сонгогчид ямар мэдээлэл, ямар нөөц өгчхөөд, ямар шийдвэр рүү түлхчхээд эргээд нөгөө хүнээ буруутгаад байгаа юм бэ гэдэг өргөн хүрээг нь харах хэрэгцээ дахиад л сөхөгдөнө.

Энэ шинэчлэгдсэн сонгуулийн хуульд гүйцэтгэх засаглал ажлаа муу хийж байна гэж дүгнэж болох уу?

– Тийм. Энэ ажлаа муу хийж байна гээд шаардлага тавих эрх ч бидэнд бий. Яагаад гэвэл урьд нь бол тус тусад нь үүсгэсэн бүлэгт сонгогдогч, сонгогчийн эрх үүрэг тус тусдаа оршиж байсан. Тэр бүлэгтээ ч хүмүүс дасал болцон байгаа. Одоо томсгож байгаа нь нэгэн бодлын зөв ч бидний нийгмийн сэтгэл зүй талаас харах юм бол томсгосон тойрогтоо дасах хугацаа хэрэгтэй байсан. 

Яг өнөөдрийн байдлаар хамгийн том алдаа юундаа байгаад байна вэ гэхээр, шинэ ойлголтдоо дасах, тэрэндээ сэтгэл зүйгээ удирдах хугацаа бидэнд өгсөнгүй. Учир нь харьцангуй зөв сонголт хийхийн тулд мэдлэг, мэдээлэл зайлшгүй хэрэгтэй. Тэрхүү шаардлагатай зүйлсийг төрийн менежментээр зохицуулж өгөх шаардлага бий. Хэрэв төрийн менежмент хүндээ хүрч чадахгүйгээс үүдэж сонгох эрх хумигдмал болоод нийгэмдээ цочрол авчрах нь буруу бодлогын нөлөө. 

Тунгалаг гүехэн усанд загас байж байтал пал хийтэл усны урсгалыг хүчээр өөрчилж, голдирогыг нь өөрчилбөл тэнд юу болох вэ? Ус, элс нь ялгарахгүй бужигнагдсан л юм болно. Тэр дотор загас л гайхаад хоцорно. Гэтэл энэ бужигнаан дунд загасны төрөл өөрчлөгдөхгүй. Харин тэр бужигнасан урсгал нь хаанаас орж байгааг харах нь гаргалгаа

Томсгосон тойргоор сонгууль явагдах нь цаг нь болоогүй шинэчлэлт байсан уу?

– Нийгмийн өөрчлөлт байх нь зөв. Нийгмийн шаардлага байгаа болоод нийгмээрээ тунгааж байна шүү дээ. Дутуу, буруугаа өөрчлөх шууд засаглалын хэлбэрээр шинэчлэлт явсан. Яахав үүсээд байгаа нөхцөл байдал давуу болон сул талтай. Сул талаа бодитойгоор олж хараад засвараа хийгээд явах нь зөв. Өнөөдөр шууд шийдэгдэхгүй ч явцдаа нийгмээ эмчлээд л яваад байдаг. 

Өмнөх сонгуулиудаас муугийн жишээ түүе гэхээсээ илүү нийтийн ойлголт хэрхэн бүрэлдэж түүнээс түүгээд тэгээд алга болоод байна эсвэл механикаар нийтийн ойлголтыг хэрхэн устгаад байна гэдгийг судлах нь нийгмийн сэтгэл зүйчдэд гарч ирдэг. 

Монголчууд хуралддаггүй, хэлэлцдэггүй байсан уу, парламентгүй байсан уу гэхээр үгүй. Энэ нь түүхэнд VII зууны сударт “хуралдай” гэдэг үгээрээ байж байдаг. Тэгэхээр хуралдах буюу нийтээрээ зөвшилцөж шийдвэр гаргах нь бидний яс маханд байдаг унаган соёл. Гэтэл унаган соёлыг маань нэг хэсэг байх ёсгүй гэж хааж ирээд гаднын улс төр зөвшилцөж өөрсдийн нэг тэргүүнээ сонгодог соёлыг дагаж байсан. Тэгээд одоо парламентын засаглалынхаа голдиролоор явж байна шдээ. Дээрээс нь бид 70 жил өөрсдийн нийгмийн ой санамжаа устгуулсан байж байгаад буцаад ой санамжаа бүтээх гээд хамтдаа явж байгаа. Энэ үйл явцыг төгөлдөршүүлэх, завсар хийхийг би бол зөв гэж хардаг. 

Бидний сонгуульд хандах хандлага, сонгох эрхээ эдлэх хүсэл нь цаг хугацааны байдлаар хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ? Зарим тохиолдолд нэр дэвшигчийнхээ болон тухайн нутаг уснаас сонгогдсон улс төрчийнхөө зургийг авдар дээрээ тавьсан байх, ханандаа өлгөж, униндаа хавчуулсан байхыг хэд хэдэн удаа харж байлаа лдаа. 

Монголчуудын хоорондын харилцаа нь хайр, хүндэтгэлийн хэлбэрээр байдаг. Бидний сэтгэхүй энэрэнгүй.  Бас бидэнд хүний зургийг хамаагүй хаядаггүй гэдэг үзэл баримтлал байдаг. Тэдгээртэйгээ мөргөлдөөд байгаа нь улс төрийн хэлбэрийн сонголттой ч мөргөлдөөд байгаа нь тэр. Ер нь цаг хугацаагаар нь задлаад үзэх юм бол нэг улс төрчийг тахин шүтэх ёстой гэж үздэг үеийнхэн байгаа, тэдэнд бол зураг хадгалах, ил байлгах гэх мэт үзэгдэл харагддаг. 

Нийгмийн сэтгэл зүйн судалгаа хийгээд явж байхад 85-аас дээш насны хүмүүс буюу хэлмэгдүүлэлтийн үеийг хараад өнгөрсөн хүмүүсийн сэтгэхүйд нэг улс төрчийг тахин шүтэх үзэл байдаггүй. Тэр хүмүүсийн сэтгэлгээний үндсийг ухвал хэрэглэж буй үгнээс нь л харагдана. Тэд маань ер нь л манай голынхон, манай голын дарга гэдэг ч юм уу ярьдгаас улсын ерөнхийлөгч, тэр гишүүн гэх үгсийг ашиглаад байдаггүй. Зан үйлийнх нь хувьд ч зурагтай холбоотой гэрт нь тийм байдал харагддаггүй. Харин залуу үеийнхэн улс төрийн холбоотой хүмүүс гэхээсээ илүүтэй гэр бүлийн, эсвэл өөрийн шашин шүтлэгтэй холбоотой зургийг өөрийн байгаа орчиндоо байрлуулдаг. Энэ нь зургийн түүврийн хэлбэрээр судалгаа хийдэг нийгмийн сэтгэл зүйчдийн хувьд шууд хариултын хэлбэр ч болдог. 

Зүгээр л нэр дэвшигчийнхээ зургаас эхлүүлээд бодоход бидний сонгуульд хандах хандлага муудаагүй. Харин нэр дэвшигчээ муу гэж харах, сонгууль бол хийрхлийн үр дүн гэж харлуулж харуулах өнцөг гарчхаж. Энэ л буруу аливаа бүхий л нийгмийн асуудал олон талтай. Тэр бүгд давуу, болон султай гэдгийг хүлээн зөвшөөрч тэдгээрт дүгнэлт хийж нийтийн зөвшилцлийн дагуу асуудлыг шийдвэрлэх гарц хайх л хэрэгтэй. 

Тэгвэл сонгогчийн боловсролдоо түлхүү анхаарах хэрэгтэй байх тийм үү?

– Төрийн менежментээр бидэнд суулгасан нийтийн төөрөгдлүүдийг арилгах, биднийг мэдлэг, мэдээллээр хангах зайлшгүй шаардлагатай. Харин иргэд буюу бид өөрсдөө үнэт зүйлээ олж харах хэрэгтэй. Бидний бас нэг алдаа нь гаднынхан бол нэгдүгээр зэрэг манайхан өөрсдөө хоёрдугаар зэрэг гээд эрэмбэлчихдэг. Тэгээд хууль нь гууль болсон мэт энэ мэт нийтийн төөрөгдөл нь биднийг үнэт зүйлүүдээс маань буцаагаад түлхээд байдаг. Гэвч бидэнд нийтээрээ сэтгэдэг нэг онцлог байгаа шдээ. Нүүдэлчин ахуй бол суурин байдлаас асар ондоо. Бусад хүн бидэн рүү дайрах вий гэдэг айдас ч бидний сэтгэлгээнд байдаггүй. Харин ч танихгүй хүн ороод ирвэл хоол цайгаар дайлаад үддэг хүндэтгэлийн харилцааны үнэт зүйл төвтэй сэтгэлгээ бол биднийх. Тийм учраас заавал бид бусад улсын жишгээр нийтийн боловсролоо хэмжих ёсгүй. Өөрсдийн эх сурвалжаасаа үнэт зүйлээ тодорхойлоод хуульчлах ёстой байхгүй юу. 

Өөрсдийн уламжлал, сэтгэлгээний онцлог, хэм хэмжээгээ өөрсдөө таних чухал. Таних арга зүй нь ердөө өдөр тутамдаа хийдэг зүйлсээ хараад зөв бурууг ялгахаас эхэлнэ

Сонгууль бүрд залуусын оролцоо, саналаа өгөх нь бага хувьтай байдаг. Бага зэрэг явцуу асуулт ч бидний үе хэрхэн оролцоогоо нэмбэл зохих вэ

– Өөрөөсөө жишээ татъя лдаа. Би бол социализмын үеийн хүн. Намайг төрөхөд улс иргэн гэхээсээ илүү социализмыг бүтээх ёстой манай нийгмийн ээлжит хүн гэж харж байсан. Харин аав ээж, ах эгч нарын ачаар тэр нийгмээ өөрчилсөн. Одоо нийгэмд залуусын оролцоо нэмэгдэх тусам ардчилал бэхэжнэ. Гэвч бид манай танай гэсэн талцлаасаа ч гарахгүй байна. Яг хэрхэн сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх вэ гэсэн бодитой менежмент байхгүй. Австралид бол сонгуульд оролцоогүй бол мөнгөн торгууль төлдөг. Манай улсынх шиг том том самбар биш яг нэг хэмжээтэй жижиг самбаруудтай. Тэр самбаруудад яг авах ёстой мэдээллүүд маш эмх цэгцтэй байдаг. Гаднаас жишээ авъя гэвэл энэ мэтээс санаа авч болох юм. 

Улаанбаатар хотод оршин суудаг ч хөдөө орон нутгийн харьяалалтай иргэн хол замд, зардал мөнгө гаргаж сонгуулиа өгөхөөр явах нь хэр бодит сонголттой нийцэх бол

– Энэ бол түгээмэл асуудал. Сонгогч хэрхэн сонгуулиа өгдөг вэ гэдэг судалгааг бол гүйцэтгэх засаглалд байгаа. Сонгуулийн насны тухайн иргэн байгаа газраасаа саналаа өгөх нөхцөлийг ч гүйцэтгэх засаглал бүрдүүлж байх ёстой. Үүнд гадаад улсад оршин суудаг иргэн ч хамаарна. Төр иргэнийхээ эрхийг хөндөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн бэ гэдэг асуудал байгаа биз. Ингээд залуусын эрх зөрчигдөж байгаа бол энэ эрхийн асуудлаараа залуучууд өөрсдөө манлайлж ярих ёстой.  

Энэ асуудалд дан ганц залуус хамаарахгүй болж байгаа. Орчин үед ажлын хөдөлмөрийн хэлбэр ч өөр болсон. 14 хоног амьдардаг газраасаа өөр газар ажиллаад гэртээ ирдэг ч гэх мэт ажлын харилцааны байдал өөр байхад сонгууль тэр хэлбэрийн хуулийн өөрчлөлтөө эргэж харахгүй, шинэчлэлт хийхгүй байгааг зориуд бодлого ч гэж харагддаг. 

Гэвч нутаг руугаа явж саналаа өгөх нь нөөц шаарддаг зүйл. Тэр нөөцөд очих, буцахын хоорондох бүх зүйл багтана. Автобусны билет худалдаж авах гэхэд л санхүүгийн нөөц хэрэгтэй. Гэтэл надад тэр санхүү байхгүйн төлөө сонгуулийн эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг харамсалтай байхгүй юу. Бас санхүү нь байлаа ч манай улс шиг зорчих тээвэр хөгжөөгүй улсад олон км газар удаан цагаар явах нь тухайн хүнд төвөгшөөх зүйл болдог. 

Ийм нөхцөл үүссэн байхад залуус энэ асуудлаа дэвшүүлэх, шийдвэр гаргуулах ёстой. Энийг бид хэрхэн яаж эхэлж хөндөх вэ гэхээр манай тойргоос хэн сонгогдсон юм, аль Их Хурлын гишүүн байна тэр хүмүүстээ дарамт үүсгэх хэрэгтэй. Яагаад гэхээр та бол намайг төлөөлж байгаа хүний хувьд миний эрх ашиг ингэж зөрчигдөөд байхад та ямар ажил хийсэн юм бэ, та бидний өмнөөс дуугар гэх л ёстой лдоо шууд утгаараа. 

Эргээд бас тухайн нэр дэвшигч, улс төрч залуусынхаа оролцоо, саналаар ажлаа хийж болно шдээ. Залуусын төлөөлөл бол хамгийн хүчтэй сонгогчдын бүлэг мөн. 

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *