Өндгөвчний үйл ажиллагаа буурч, эстроген дааврын түвшин буурснаар цэвэршилт эхэлдэг. Цэвэршилтийг цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гэж хуваадаг. Үүнд:
- Цэвэршилтийн өмнөх үе 45-49 насны хооронд
- Цэвэршилт нь ихэвчлэн 49-51 насны хооронд
- Цэвэршилтийн дараах үе 51 наснаас насан эцэс болтол үргэлжилнэ
Цэвэршилтийн үед түгээмэл илэрдэг зовууриуд:
Биений юм тогтворгүй болох: Өндгөвчний үйл ажиллагаа буурч, биений юм удаан ирэх, бага ирэх , ирэхгүй удах зэрэг өөрчлөлтүүд гардаг.
Нүүр халуу оргих, шөнө хөлрөх: Цэвэршилтийн зовуур илэрсэн нийт эмэгтэйчүүдийн 75 хувьд нүүр гэнэт халуу оргих илэрдэг. Мөн шөнө унтаж байхад их хэмжээтэй хөлөрсний улмаас сэрж, буцаад унтаж чадахгүй болох зовуур түгээмэл илэрдэг байна.Нүүр халуу оргих , гар хөлийн ул гэнэт халуу дүүгэх зовуур нь дундажаар 1-4 жилийн турш үргэлжилдэг гэсэн судалгааны дүгнэлтүүд гарсан байдаг.
Үтрээ хуурайших , шээсээ барих чадвар буурах: Эстроген дааврын хэмжээ буурснаар давсагны хана, шээсний сүв, үтрээ хуурайшиж, уян хатан чанар буурдаг. Иймээс давсагны үрэвсэлт өвчин / цистит/ болон үтрээний үрэвсэлд өртөмхий болдог. Үтрээ хуурайшсаны улмаас бэлгийн харилцааны үед өвдөх, цус гарах, үтрээ загатнах , үрэвслийн шинж тэмдэг илэрдэг. Давсагны үрэвсэлт өвчин болох цистит өвчнөөр өвдөхөд шээс ойр ойрхон хүрэх, шээхэд хорсож өвдөх , шээсний сүвээр шархирч өвдөх зэрэг зовуурууд илэрдэг байна.
Сэтгэл санаа тогтворгүй болох: Цэвэршилтийн үед эстроген , прогестерон даавар зэрэг буурсантай холбоотойгоор сэтгэл гутрах, амархан гуниглах, түргэн уурлах, хэт мэдрэг болох зовуурууд илэрдэг. Зарим эмэгтэйчүүд өөрсдийгөө урьдчилан таамаглахын аргагүй болсон гэж үздэг бөгөөд үүнийгээ хэрхэн зохицуулах талаар мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч, эмчлэхийг оролддог байна.
Толгой өвдөх: Цэвэршилтийн үед судас хөдөлгүүрийн мэдрэл тогтворгүй болж, улмаар толгой таллаж өвдөх, толгой баглаж өвдөх зовуур илэрдэг бөгөөд давтамж нь ихэсдэг байна.
Жин нэмэх: Цэвэршилтийн үед бодисын солилцоо удааширч, жин нэмэх нь түгээмэл болдог. Өөх тосны солилцоонд өөрчлөлт орж, булчингийн масс буурсны улмаас гар, хөл, хэвлийн хэсэгт өөхөн эдийн хуримтлал бий болж, таргалалт үүсдэг.
Ой тогтоолт буурч, танин мэдэхүйн өөрчлөлт гарах: Богино хугацааны ой тогтоолт буурч, амархан мартаж, зарим энгийн зүйлийг ойлгохгүй болох тохиолдол байдаг. Хэрэв танд ийм зовуур олон удаа давтагдвал заавал мэдрэлийн эмчид үзүүлж, тархины шинжилгээ хийлгээрэй.
Бие сулрах, ядрах: Бие суларч, ядрах нь цэвэршилтийн үйл явцын үед бие махбодь дасан зохицох гэж оролдож байгааг илэрхийлсэн нэг зовуур юм. Хэрэв удаан хугацаанд ядрах зовуур илэрвэл өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллож, хоногт 8-10 цаг унтаарай.
Бэлгийн дуршил буурах: Цэвэршилтийн үед бэлгийн дуршил буурах нь түгээмэл юм. Бэлгийн дуршил буурсны улмаас гэр бүлийн харилцаанд шууд нөлөөлдөг тул та эмчид хандаж, даавар эмчилгээ авах шаардлагатай эсэхийг тодруулаарай.
Ховор илэрдэг зовууриуд:
Эмэгтэй хүн бүрд дааврын хэмжээ харилцан адилгүй байдаг. Эстроген дааврын хэмжээ буурахад дараах ховор зовуурууд зарим эмэгтэйчүүдэд илэрдэг. Үүнд:
- Цусны даралт буурах
- Толгой эргэх
- Чих шуугих
- Астма хөдлөх
- Үе, булчингаар өвдөх
- Зүүдэндээ явах
- Үс унах
- Ам хатах
- Амнаас эвгүй үнэр гарах
- Биеийн үнэр өөрчлөгдөх
- Биеийн зарим хэсэг газруудад эрэгнэх, чимчигнэх, загатнах
Хүнд зовууриуд:
Умайн хоргүй хавдар / миом/ , умайн ургацаг, зангилаатай эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үед заримдаа их хэмжээтэй цус алдах зовуур үүсч болно. Та өдөрт 7-8 удаа ариун цэврийн хэрэглэлээ сольж, 5-аас дээш хоног болвол өөрийгөө цус алдаж байна гэж үзээд шууд эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Цус алдалтын улмаас ухаан алдах, цус багадалтанд орох аюултай.
Зүрх судасны талаас илрэх зовуур:
Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал нь өсдөг. Иймээс зүрх судасны өвчнөөс сэргийлэх зорилгоор биеийн жингээ хэвийн түвшинд барих, зөв хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Хэрэв таны цусан дахь холестерин их, артерын даралт ихэсдэг бол заавал хоолны зөвлөгөө аваарай.
Цусан дахь эстроген дааврын түвшин буурсантай холбоотойгоор судасны уян харимхай чанар буурч, артерын даралт ихэсэх бас нэг нөлөөлөх хүчин зүйл болно. Артерын даралт тогтмол ихэсэх нь зүрхэнд шигдээс үүсэх , тархинд цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг.
Та артерын даралтаа сар бүр ядаж нэг удаа үзэж, тогтмол артерын даралтаа хянаж байгаарай.
Цэвэршилтийн үед зүрх дэлсэх, хэм алдах нь хэвийн үзэгдэл юм. Харин энэ зовуур олон удаа давтан илэрвэл та заавал зүрх судасны эмчид үзүүлээрэй. Мөн гэнэт зүрхээр хүчтэй хатгуулж, цээжээр өвдөж, амьсгалахад төвөгтэй байгаа бол та яаралтай эмчид үзүүлээрэй.
Яс сийрэгжих : Цэвэршилтийн эхний жилүүдэд ясны сийрэгжилт эрчимтэй үүсдэг. Ялангуяа ташаа, бугуй, нурууны доод хэсгээр ясны сийрэгжилт хурдацтай үүсдэг байна.Та ясны сийрэгжилтээ хэр зэрэг явагдаж байгааг ясны сийрэгжилтийг хэмждэг денситометр аппаратаар шалгуулж мэдээрэй.
Сэтгэл гутрал үүсэх :Цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлтэй холбоотойгоор сэтгэл гутрал үүсч болно. Ялангуяа гэр бүлийн хүмүүст сэтгэл гутрах эмгэгээр өвдөж байсан хүмүүс байдаг бол илүүтэй өвдөх магадлал ихэсдэг байна. Сэтгэл гутралын зовуур илэрсэн үед гэр бүлийн гишүүд , найз нөхөдтэйгээ уулзаж , сэтгэл зүйн дэмжлэг аваарай.