YJC | Л.ХОНГОРЗУЛ: Он цагийн аясанд хуучирдаггүй, “амь бөхтэй” материал нийлүүлэх нь миний мөрөөдөл

Манай редакцын зүгээс залуу үеийн сэтгүүлчдийг үзэгч, уншигчдад таниулах зорилготой YJS төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд мэргэжлээрээ ажиллах тусмаа мэргэжилдээ “амтшиж” буй залуу сэтгүүлчдийн нэг Лхагвадоржийн Хонгорзултай ярилцлаа. Түүний хувьд 2022 онд их сургуулиа төгсөж, төгссөн даруйдаа ажлын талбар дээр гарсан юм.

-Сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгосон бэ. Энэхүү мэргэжлийг сонгоход юу нөлөөлөв?

-3, 4 дүгээр ангийн сурагч байхдаа сэтгүүлээс хайчилбар цуглуулж, нугалаас үүсгэж, бичгийг нь арилгачих вий гэх үүднээс хавтсанд хадгалдаг байсан. Энэ нь миний хувьд маш үнэ цэнтэй зүйл шиг санагддаг байв. Ер нь жижиг гэлтгүй аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах нь өөрөө үнэ цэн гэж боддог. Тэр үед би ангидаа сайхан бичигтэй сурагч байсан учир багш маань дэвтрийн гол цаасан дээр эх хуулуулж бичүүлээд, бүх хүүхдэд хувилж өгсөн нь санаанаас огт гардаггүй. Үүнээс урамшин монгол хэлний хичээлдээ илүү дуртай болж, шүлэг цээжлэхдээ төвөгшөөдөггүй болчихсон байсан. Дөрөвдүгээр ангийн хавар эмээгээ “Өргөмжлөлт ээж” хэмээх шагнал хүртэхэд нь тайзан дээр гарч, цээжилсэн шүлгээ уншсан юм. Тэр үед олон хүний өмнө, тайзан дээр зогсож, дуу хоолойгоо хүргэх мэдрэмж надад маш том итгэл, мөрөөдөл өгсөн. Үүнээс хойш аймаг, сумынхаа “Яргуй”, “Ирээдүйн одод”, “Хүрэл тулга”, “Уран жиргээ” гэх мэт тэмцээн, уралдаануудад уран уншлагын төрлөөр оролцох болсон. Энэ үеэс л яагаад ч юм сэтгүүлчийн мэргэжил миний бодол санааг эзэмдсэн гэх үү дээ. Гэхдээ яг сэтгүүлч хэмээх мэргэжлийн мөн чанарыг сайн ойлгож, таниагүй л хүүхэд байсан байгаа юм.

Есдүгээр ангид байхдаа МҮОНРТ-ээс Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд захидал бичиж байв. Уг захидлыг би өөрийн биеэр МҮОНРТ-д хүргэж өгсөн. Энэ явдал бас намайг мэргэжлээ сонгоход нөлөөлсөн байх. Хэдий би захидлаа үүдэнд нь өгчхөөд буцсан ч тэр том барилгын өрөөнүүд ямар байдаг бол гэж бодохоор өөрийн эрхгүй догдолж байсан.

-Сэтгүүлчээр суралцаж байх хугацаандаа ямар мэргэжил сонгочхов гэж тээнэгэлзэх үе тохиолдож байв уу?

-Яг дадлага хийж, практикт суралцах үед тээнэгэлзэх үе бишгүй гарсан. Гэхдээ бусдын хийж чадаад байгааг би яагаад чадахгүй гэж өөрөө өөртөө үргэлж сануулж, шантралгүй хичээсэн дээ.

Яагаад тээнэгэлзсэн бэ гэхээр хийж буй зүйлдээ түүртэлгүй амжуулдаг сэтгүүлчдийн дунд орохоор хүн өөрийгөө голдог юм байна лээ. “Өглөөний сонин” хэмээх туршлага ханхалсан хамт олны дунд орсон болохоор арга ч үгүй биз. Гэсэн ч хүн анхнаасаа алдаагүй, мундаг байдаггүй, тууштай л байвал суралцана гэдгийг аажим аажмаар ойлгосон доо.

-Сониноос дадлага болон ажлын гараагаа эхлүүлэхэд ямар байсан бэ?

-Дадлагаа сонинд хийнэ гэдгээс эхэндээ айж л байлаа. Сэтгүүлзүйн багш нар сонинд их юм сурна гэж хэлдэг, бас хэд хэдэн жишээ ярина. “Материалаа уруулаад шидүүлэх энүүхэнд. Өдөржин бэлтгэж, хийсэн материал чинь сонин дээр нийтлэгдэхгүй байх тохиолдол олон” гэх мэтээр ярихад нь зүрхшээсэн ч, зориглоод сонинд дадлага хийхээр болсон. Гэхдээ цаг үеэ дагаад ч гэх үү бүх зүйл эсрэгээрээ байсан. Эхлээд сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга чиглүүлж, бүх зүйлийг анхнаас нь заасан. Тийм болохоор түүртэх зүйл байгаагүй ээ.

Харин ажлын талбар дээр гарахад тухайн өдөртөө хийж гүйцэтгэх, нийтлэх ёстой материалыг даалгаж өгсөн нь нэг талаараа маш их хариуцлага, нөгөө талаараа итгэл мэдрэгдсэн. Иймд хичээх л ёстой юм байна гэсэн бодол цаанаасаа суусан. Сонин бол сэтгүүлчийг ул суурьтай төлөвшүүлдэг газар мөн гэдэгт итгэдэг.

-Сониноос ажлын гараагаа эхэлсэн нь залуу сэтгүүлчийн хувьд туршлага хуримтлуулжээ гэж харлаа. Харин одоо сайтад ажиллаж байна. Ялгааг нь хэрхэн харж байна вэ?

-Сэтгүүл зүйн үүрэг, зарчмын хувьд ялгаагүй л мэдээллийн хэрэгсэл. Сэтгүүл зүйг мэдээлэл дамжуулах үүрэгтэй гэдэг ч соён гэгээрүүлэх үүрэг давамгайлах ёстой юм шиг санагддаг. Энэ соён гэгээрүүлэх үүргийг сонин илүү гүйцэтгэдэг. Харин сайт иргэдийн сонирхлыг татсан, сэтгэлийг эмзэглүүлсэн, хайр хүргэм, олны анхааралд өртсөн материалд илүү ач холбогдол өгдөг. Тиймээс чанартай материал гаргах тал дээр дулимаг.

-Сэтгүүл зүйн салбарын нэр хүнд унаж байгааг залуу сэтгүүлчийн зүгээс юу гэж хардаг вэ?

-Сайныг хараад хэлбэл сайшаах зүйл олон. Мууг нь тоочвол бас л мундахгүй. Нэг талаас дүгнэх аргагүй. Цахим хэвлэлийн сэтгүүлч болон цахим хуудастаа нийтэлж буй иргэний мэдээ, мэдээлэл ялгаагүй болсон гэж ажиглагддаг. Ялгаатай, илүү мэргэжлийн байхын тулд сэтгүүлч дүн шинжилгээ хийдэг байх ёстой. Ийм ялгамж, зааг гаргаагүйгээс үүдэж сэтгүүл зүйн салбарын нэр хүнд унадаг гэж залуу сэтгүүлчийн хувьд эргэцүүлдэг.

Нэг талаараа гоё нийтлэл, сурвалжилга бичдэг хүн ховор болсон. Би ч өөрөө чанартай материал гэхээс илүүтэй олны анхаарал татсан, хоёр, гуравхан асуулттай видео ярилцлага авч, түүнийгээ засварлаж, монтажлаад оруулдаг. Муухайгаар хэлбэл цаг үеэ аргацаасан л материал гэх юм уу. Харин он цагийн аясанд хуучирдаггүй, “амь бөхтэй” материал нийлүүлэх нь миний мөрөөдөл. Гэхдээ одоо хийж байгаа зүйлс маань илүү том, даацтай бүтээл хийхийн эхлэл гэж боддог доо.

-Сэтгүүлч болоод уншигчид ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Уншигчид мэдээллийг ач холбогдлоор нь чухалчилж үзэх хандлага бага санагддаг. Жишээлбэл, сайтад ажиллаж эхэлснээс хойш ямар мэдээг хэдэн хүн уншиж, үзэж байгааг харах боломжтой болсон. Үүнээс харахад, гэмт хэргийн болон шар мэдээг илүүтэй уншиж, мэтгэлцдэг. Угтаа уншигчид нийгэм, эдийн засагт юу болж байгааг мэдэхийн тулд эх сурвалж болж чадахуйц, мэдээллийн сувагтай болох хэрэгтэй. Спам сайтуудаас сүржин гарчигтай мэдээ олж уншсан иргэдээс “Сэтгүүлчид ёс зүйгүй, мэргэжлийн ёс зүй байна уу” гэх мэтчилэн сэтгэгдлүүд хөвөрдөг нь харамсалтай.

Нөгөөтээгүүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа редакцтай сайтууд спам сайтуудаас ялгарч чадахгүй байна л даа. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүй олон нийтийн сүлжээн дэх сэтгэгдлээс ялгарахгүй байна гэсэн үг. Иймд сэтгүүлч хүн мэдээллээ баяжуулж эх сурвалжаас сурвалжилдаг “бүтээлч” байх, уншигчид “хэрсүү” байгаасай гэж хүсэж байна.

-Ер нь сэтгүүл зүйн салбарт ажиллах, сэтгүүлч байхын гоё хийгээд муухай зүйл?

-Өдөр бүр шинэ санаа, шинэ хүнтэй уулздаг болохоор хэзээ ч уйддаггүй. Сэтгүүлч хүн өөрөө л хүсэл эрмэлзэл, дур сонирхолтой байвал тэндээс сайн материал гарна. Мэдээж миний ажилласан жил цөөхөн учир туршлага маш бага. Өдөр бүр суралцаж байгаа. Тэрнээс сэтгүүлч мэргэжлийн онолыг нь уншиж, судлаад л эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй.

-Сайн сэтгүүлч гэж чинийхээр ямар хүн байх вэ. Ямар сэтгүүлчээс үлгэр дуурайл авдаг вэ?

-Хүн чанартай хүн сайн сэтгүүлч болох байх. Хөдөлмөрийн баатар, СГЗ, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ гуай хэлсэн байдаг. “Муу хүн сайн сэтгүүлч байх үндэс үгүй. Сайн сэтгүүлч гэж сайн хүнийг л хэлдэг гэж би боддог. Хүн муутай хүн сэтгүүлч хийх нь нийгэмд асар их сөрөг үр дагавартай. Хувийнхаа явцуу зорилгын төлөө сэтгүүл зүй гэдэг маш хүчирхэг хэрэгслийг нийгмийн эсрэг ашиглахад, нийгэм хоорондоо хагаралдах, элдэв янзын муу муухай юм тэндээс гардаг” гэж. Гэхдээ хэн ч муу сэтгүүлч, муу хүн байя гэж бодохгүй нь ойлгомжтой. Миний хувьд шударга, ёс суртахуунтай байхыг гол жанжин шугамаа болгож ажиллахыг хичээдэг. Өөрийгөө тал талаас нь хөгжүүлэхийн тулд сонин, сайт, телевиз, радио гээд бүх хэвлэлийн сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, сурвалжилгыг уншиж, үзэж, суралцдаг. Яг тэр сэтгүүлчээс үлгэр дуурайл авдаг гэж хэлэх нь өрөөсгөл байх.

-Сүүлд нь уншигчдад бяцхан зөвлөгөө өгвөл?

-Дээр хэлсэнчлэн хэрсүү байгаасай. Хэн хаанаас мэдээлэл авах, ярих нь тухайн хүний эрхийн асуудал ч спам сайтуудыг ялгаж сураасай гэж хүсэж байна. Аливаад наана цаанатай хандаж байхгүй бол хэдий болтол спам сайтын мэдээний гарчигт итгэж, “Хавханд орсон гөрөөс, тавагт орсон мах” шиг байх вэ.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *