СУРВАЛЖИЛГА | “Ажил олгогч эздийн зөвлөгөөн”-д оролцогчид юуг онцлов

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран “Бүтээлч дүүрэг-хамтын ажиллагаа” сэдэвт ажил олгогч эздийн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нээж үг хэлээд, үйл ажиллагаа албан ёсоор эхлэлээ. Тус танхимд 250-иад аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнууд цугласан байв.

Энэ жилийн зөвлөгөөний зорилго нь ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хуулийн хэрэгжилттэй холбоотой тулгамдаж буй асуудал, хуулийг сурталчлах, бизнесийн удирдлагын шинэлэг арга туршлага, бодит амжилтын түүхээс хуваалцах, мэдлэг мэдээллүүдийг хуваалцах замаар хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж.

Зөвлөгөөний хамгийн эхний илтгэлийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих эдийн засгийн бодлого чиглэл” сэдвийн дор тавилаа. Тэрбээр манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, 2024 оны төсөв болон салбаруудыг дэмжих бодлогын чиглэл, авч хэрэгжүүлж буй ажил зэрэг сэдвээр мэдээллийг өгөв.

Г.Түвдэндорж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд илтгэлдээ “Манай улсад хөдөлмөрийн насанд хүрсэн ч ажил хийх сонирхолгүй хүмүүсийн тоо өмнө үеүдээс нэмэгдсэн. Үүний гол шалтгаан нь цалин хөлсний асуудал. Тиймээс цалингийн системийг зайлшгүй шинэчилж үр дүнтэй цалингийн систем рүү шилжих нь зүйн хэрэг. Мөн тэтгэвэрт гарсан иргэд, оюутнуудад хагас цагаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж, цалинг нь ажилласан цагаар нь тооцон олгох шаардлага үүсээд байгаа” хэмээн онцолсон юм.

Үргэлжлүүлээд зөвлөгөөнөөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа /ажлын байрны дадлагажуулагчийн тухай/, “Татварын шинэчлэлт, анхаарах асуудлууд”, “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга”, “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ажил олгогчийн үүрэг оролцоо” зэрэг сэдвээр илтгэлүүд өрнөж хэлэлцсэн юм.

Ингээд зөвлөгөөнд оролцогчдын сэтгэгдлийг хуваалцъя.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж

Юун түрүүнд Чингэлтэй дүүргийн ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад их талархалтай байна. Хамгийн чухал асуудлын нэг бол эдийн засгийг төрөлжүүлж, үйлчилгээний салбарыг дэмжих явдал юм. Учир нь манай улсын хөдөлмөрийн зах зээлийн ихэнх хувийг ресторан, зоогийн газар, зочид буудал, үсчин, дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагууд эзэлдэг. Нэмээд эдгээр байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нийт хөдөлмөр эрхлэгчдийн 80-аад хувийг эзэлж байна. Тэгэхээр ялт ч үгүй энэ салбар луу анхаарах, бодлого шийдвэр гаргах нь зүйн хэрэг болоод байна.

Нэмээд иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажил олголтыг дэмжих,  олсон орлогыг хамгаалах, цалингаараа хангалттай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бодлого баримтлан ажиллаж байна. 

Иргэн Б. Даваа-Эрдэнэ /”Нарлаг дэнж” худалдааны төвийн менежер/

-Миний хувьд худалдааны төв хариуцан ажилладаг. Манайх 20-иод ажилтантай, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн үед ажил хийх сонирхолтой хүн маш их багассан. Уг нь манайх цалин хөлсийг одоогийн үнэлгээгээр тогтоогоод галч, харуул, үйлчлэгч гэх мэт ажлын байруудад хүн авмаар байвч нэг өдөр ажиллаад л шантраад ч юм уу явчихдаг. Сүүлдээ ажилчдаа авч үлдэхийн тулд цалингаа өндөр өгөх байлгах тал дээр их анхаарч байгаа. Тэгэхгүй л бол хүмүүс ажлаас гарчих гээд байдаг болсон.

Иргэн П.Амар /Чингэлтэй дүүргийн 17-р хороонд “Арвай” хүнсний дэлгүүр ажиллуулдаг

-Би захын гэр хороололд хүнсний дэлгүүртэй. Мөн хажуугаар нь барилгын ажил аваад хүмүүс доороо ажиллуулдаг. Ажил олгогч болон ажилтан хоорондын асуудал миний хувьд их хэцүү байдаг. Жишээлбэл манай дэлгүүр захын гэр хороололд байрладаг. Үйлчлүүлдэг иргэдийн худалдан авах чадвар тун хэцүү. Ихэнх нь л зээл тавина. Нөгөө талд тийм ч их орлого олдоггүй учир худалдагч авъя гэсэн ч цалинг нь өндөр байлгаж чадахгүй. Тиймээс одоогоор тэтгэвэртээ гарсан ээжийгээ суулгаад өөрөө барилгын ажил аваад хийдэг. Барилгын салбарын нэг хэцүү зүйл нь ажил гүйцэтгүүлэгч компани цалин хөлсөө удаах, бүр өгөхгүй байх тохиолдол их. Үүнээс шалтгаалаад ажил хийх хүмүүс цалингаа өдөрт нь авах хүсэлтэй болсон. Тиймээс энэ зөвлөгөөн дээр яригдсан цалин хөлсийг өдөрт нь олгодог систем рүү шилжчихвэл тун хэрэгтэй гэж харж байна.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *