Өсвөр насны жирэмслэлтийн талаарх “БҮХ ЗҮЙЛС”

Жил бүр 15-19 насны 21 сая охид жирэмсэлдэг ба үүнээс 57 хувь нь амаржиж ээж болдог байна. Өсвөр насны ээжүүд 20-24 насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад халдварт өвчин, эндометрит (умайн салслаг давхаргын үрэвсэл), манас таталт болох магадлал өндөр байдаг аж. Товчхондоо нас биед хүрсэн жирэмсэн эмэгтэйтэй харьцуулахад эрүүл мэндэд учрах эрсдэл арай илүү өндөр байдаг гэсэн үг юм.

ЯАГААД?

Өсвөр нас гэдэг бол хүний өсөлт хөгжлийн хамгийн эрчимтэй үе бөгөөд бие махбод, сэтгэл зүйн хувьд хүүхэд наснаас насанд хүрэгч рүү шилжих үе юм. Энэ үед бэлгийн бойжилт явагдах, нийгмийн харилцааны хувьд төлөвшил олж авдаг. Бие махбодын өсөлт маш эрчимтэй явагдаж байдаг тул зүрх, уушги, тархины цусан хангамж зэргийн хэвийн үйл ажиллагаа өөрчлөгддөг байна. Түүнчлэн, эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өсвөр насанд тухайн хүүхдийн бие махбодод гарч байгаа өөрчлөлтүүд нь сэтгэл зүйд шууд нөлөөлдөг тул ааш авирын хувьд их тогтворгүй болдог аж.

Энэ үед биеийн хөгжил явагдаж бүрэн дуусаагүй байдаг тул жирэмсэлсэн тохиолдолд зарим нэг хүндрэлүүд учирдаг байна. Мэдээж бие өөрөө өөрчлөгдөж, өсөж байх үед дахин нэг хүн хэвлийдээ бүрэлдүүлэн, өгсөнө гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Жирэмслэлт гэдэг нь бүхэл бүтэн нэг хүн бий болгож буй процесс учраас аль ч насанд хүнээс эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд тодорхой бэлтгэл шаарддаг гэдгийг мартаж болохгүй.

Жирэмслэлтийн шинж тэмдэг 

Жирэмслэлтийн хамгийн нийтлэг шинж тэмдэг бол сарын тэмдэг нэг эсвэл түүнээс дээш сарын хугацаанд ирэхгүй тасалдах юм. Гэвч өсвөр насанд сарын тэмдгийн мөчлөг тогтворжоогүй байдаг тул жирэмсэлсэн эсэхээ ялгахад хэцүү. Мөн сарын тэмдгийн мөчлөг хатуу хоолны дэглэм барих, өөхний масс бага байх, хооллолтын эмгэг зэргээс хамааран алдагдах тохиолдолд гардаг тул жирэмслэлт мөн эсэхийг энэ шинж тэмдгээр таних нь хүндрэлтэй.

Жирэмслэлтийн нийтлэг шинж тэмдэг:

  • Сарын тэмдэг тасалдах
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хоол хүнсэнд дургүй болох. Тэр дундаа өөх тостой, шарсан хуурсан хоол хүнсэнд
  • Хөх, хөхний толгой хөндүүрлэх
  • Байнга шээх
  • Сэтгэл санаа тогтворгүй болох
  • Жин нэмэх
  • Хэвлий хэсгээр томрох

Эдгээрийг жирэмслэлтийн шинж тэмдэг мөн эсэхийг жирэмсний тестээр баталгаажуулна.

ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР ХҮНДРЭЛҮҮД ТУЛГАРДАГ ВЭ? 

Ихэнх өсвөр насны охид жирэмслэлтийн эхний шинж тэмдгүүдийг таньж чаддаггүй эсвэл эцэг эхээсээ айж эмээсний улмаас нуун дардаг. Үүнээс үүдэж шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч чадахгүйд хүрдэг.

  • Цусан дахь гемоглобины хэмжээ бууран цус багадалт үүсэж, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх
  • Жирэмслэлтийн эхэн үеийн болон хожуу үеийн хордлогууд – эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нөхцөл үүсэх магадлалтай тул хичээл сургууль, нийгмийн амьдралаас хоцрох эрсдэлтэй
  • Жирэмсний хугацаанд эхийн биеийн жин хангалтгүй байх. Ургийн амин чухал эрхтнүүдийн хөгжилд сөргөөр нөлөөлөх
  • Зулбалт
  • Төрөхийн хүндрэл
  • Ураг хугацаанаасаа өмнө төрөх
  • Ихэс буруу байрлалтай байх
  • Артерийн даралт нэмэгдэх, үүнээс улбаалан манас таталт бий болох

Төрөх үеийн хүндрэлүүд:

  • Дутуу төрөлт
  • Ургийн хүчил төрөгчийн дутагдал
  • Төрөх үеийн гэмтэл
  • Эхийн тааз болон ургийн толгойн хэмжээ таарахгүй байх
  • Төрөлтийн механизм бүрэн хөгжөөгүй байх
  • Цус алдалт

СЭТГЭЛ ЗҮЙД ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРДАГ ВЭ? 

Судалгаагаар 15-19 насны охидуудад төрсний дараах сэтгэл гутрал 25 настай эмэгтэйтэй харьцуулахад хоёр дахин их тохиолддог болохыг тогтоосон байдаг. Мөн ижил насны ээж болоогүй охидтой харьцуулахад амиа егүүтгэх эрсдэл нь илүү өндөр байсан байна. Энэ нь биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн байх магадал өндөртэй байдагтай холбоотой байж болох юм.

Өсвөр насны ээжүүдэд сэтгэл зүйн хувьд дараах асуудлууд тулгардаг. Үүнд:

  • Baby blues. Энэ нь төрсний дараах 1-2 долоо хоногт ажиглагдах сэтгэл санааны байдалд өөрчлөлт орох явдал юм. Ингэхдээ сэтгэл санаа тогтворгүй болох, сэтгэл түгших, гуниглах, төвлөрөхөд хүндрэлтэй болох, хооллолтын эмгэгүүд бий болох болон нойрны асуудал зэрэг шинж тэмдгээр илэрнэ.
  • Сэтгэл гутрал. Өсвөр насны ээж болох нь өөрөө сэтгэл гутралын суурь шалтгааны нэг болох эрсдэлтэй байдаг. Хэрвээ эх 37 долоо хоногийн өмнө төрсөн бол сэтгэл гутралд өртөх эрсдэл бүр илүүтэйгээр нэмэгддэг.
  • Төрсний дараах сэтгэл гутрал. Төрсний дараах сэтгэл гутрал нь хүүхдийн блюзтэй харьцуулахад илүү хүнд шинж тэмдгээр илэрдэг. Энэ сэтгэл зүйн байдал нь ихэнх эмэгтэйчүүдэд тохиолддог хэдий ч өсвөр насны ээжүүд өртөх магадлал нь хоёр дахин их байдаг байна. Зарим тохиолдолд ээж нар хүүхдийн блюзийг төрсний дараах сэтгэл гутрал гэж андуурах нь бий. Гэвч эдгээрийг таних хамгийн энгийн ялгаа бол шинж тэмдэг үргэлжлэх хугацаа юм. Хүүхдийн блюзийн шинж тэмдэг хэдэн долоо хоногийн дараа бүрэн арилдаг бол төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдгүүд нь удаан хугацаанд үргэлжилдэг байна. Төрсний дараах сэтгэл гутралтай тулгарсан үед мэргэжлийн тусламж авахыг зөвлөе. Энэ нь огт санаа зовж, ичих асуудал биш шийдэл эрэлхийлж, ярилцаж илаарших зүйл юм шүү.
  • Нийтлэг илрэх шинж тэмдгүүдээс дурдвал:
  • Хүүхдээ хүлээж авах, ээж болсноо зөвшөөрөхөд хүндрэлтэй. (Хүйн холбоог мэдрэхгүй байх)
  • Ядарч сульдах
  • Өөрийгөө хэрэгцээгүй болсон мэт мэдрэх
  • Өөртөө болон хүүхдэдээ хохирол учруулах талаар бодох
  • Өмнө хийх дуртай байсан зүйлээсээ баяр баясал мэдрэхээ болих

Хэрэв танд дээр дурдагдсан шинж тэмдгүүд илэрч байгаа бол мэргэжлийн тусламж авахаас битгий татгалзаарай. Энэ цаг үед өөрийгөө ганцаараа биш гэдгийг мэдрэх нь чухал. Маш олон эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралтай нүүр тулгардаг бөгөөд цаг алдалгүй зохих ёсны арга хэмжээг авч чадвал асуудлыг эерэг тал руу нь өөрчлөх боломжтой юм шүү.

ЗӨВЛӨМЖ

Жирэмсэн гэдгээ мэдсэн бол юун түрүүнд тайван байдлаа хадгалж, саруул ухаанаар нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. Ихэнх тохиолдолд эмчид хандвал шууд л гэр бүл болон сургуульд мэдэгдэнэ гэж боддог. Гэвч эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээний 3.13-т зааснаар “Өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу ашиглахгүй” гэж заагдсан байдаг.

Гэхдээ хамгийн чухал нь эцэг эх, асран хамгаалагчдаа болж буй нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь тайлбарлах явдал юм. Мэдээж энэ амаргүй хэдий ч тэд чиний хувьд хамгийн зөв, аюулгүй арга замыг эрэлхийлэх болно.

Жирэмслэлтийн асуудлыг хөнгөн харж шийдэж болохгүй. Учир нь таны дотор байгаа ургийн ирээдүй мөн өөрийн тань ирээдүй, эрүүл мэнд гээд маш олон чухал зүйлсийг хамаарч байдаг. Эцсийн эцэст хүүхэд гэдэг бол хүний амьдралд ирж буй хамгийн том бэлэг шүү дээ!

Эх сурвалж: E Doctor

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *