Эрүүлийн жаргал “Эрт илрүүлэгт”

2023.07.03 Хавдар судлалын үндэсний төв
Мэс заслын дараах тасагт амьсгалын аппаратны чимээнээс өөр сонсогдох зүйл үгүй, анир чимээгүй байдал ноёлно. Цагаан орон дээр хэд хэдэн гуурс холбуулан, амьсгалах нь үл мэдэгдэн хэвтэх хайртай дотны хүнээ харан суух энэ үед хаа нэгтээгээс залбирлын чимээг сэтгэл дотроо сонсож болно. Хорт хавдар гэх энэ үгийг амьдралдаа хэдэн мянган удаа сонссон. Атал үүнтэй нүүр тулаагүй, үгнээс цааш хэтрээгүй өдийг хүрсэн би өнөөдөр аавыгаа энэхүү өвчинтэй нэг бие болсныг хүлээн зөвшөөрөн, эмнэлгийн орон дээр амь гуйн зогсож байна.

Монгол улсад жилд 6000 гаруй хүн хорт хавдраар оношлогддог. Үүний 20% нь ходоодны хорт хавдар юм. Уг үзүүлэлтээр манай улс дэлхийн 183 орноос нэгдүгээрт жагсаж байгаа нь үндэсний хэмжээнд онц байдал зарлахад хилсдэхгүй гэж ойлгож болно. Дээр дурдсан 20 хувийн нэг нь манай аав. Ходоодны хорт хавдрын дөрөвдүгээр шатанд оношлогдож, хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд орсон нь энэ. Энд миний ааваас гадна маш олон хүн хагалгаанд орж, эх дэлхийдээ энх үлдэхээр тэмцэж байгаа юм. Тэд бүгдээрээ хорт хавдар хэмээх өвчнөөр оношлогдсон. Хавдрын эмнэлгээс энэ дүр зургийг өдөрт хэдэн зуугаар нь харж болно. Дийлэнх нь хожуу шатандаа хорт хавдартайгаа мэдэж буй. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж манайхан ярьдаг. Гэсэн ч энэ үгтэй би санал нийлмээргүй байна. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчний тэргүүн эгнээнд хорт хавдар орж байгаа нь бидний амьдралын хэв маяг, хувь хүний хайхрамжийн асуудалтай холбоотой. Буруу хооллолт, стресс, архи тамхины хэрэглээ, амьдралын зан үйлээс шалтгаалан биед хорт хавдар үүсдэг. Гэтэл эмч, эмнэлгийн байгууллагаас хорт хавдраас сэргийлж болох тухай, хавдрыг эрт үед нь
оношилж чадвал эдгэрэх боломжтой гэдгийг онцолдог. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар болоод улс орон даяар хавдрын эсрэг тогтмол ажил, аяныг зарлахаас гадна Монгол улсын Засгийн газраас хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ оношилгоог улс орон даяар хэрэгжүүлж байна.


Хавдар судлалын үндэсний төв нь 2010 оноос “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг эхлүүлсэн. Ковидын хоёр жилд завсарласан уг аян энэ жил Увс, Завхан аймагт хэрэгжлээ. Тухайлбал Увс аймагт нийт 620 гаруй хавдартай хүн бүртгэлтэй байгаагаас өнгөрсөн онд 200 орчим шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 70-80% нь нас бардаг гэсэн харамсалтай тоо бий. Аяны гурван өдөрт 10 хавдрын тохиолдлыг илрүүлж, 5 хүнд элэгний хагалгаа хийсэн байна. Ингэж аян зарлаж байгаагийн зорилго нь иргэдэд орон нутагтаа эмчлүүлэх, зөв оношлогдох боломжийг бий болгож, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эрт илрүүлэгт хамрагдахад оршиж буй. Мөн Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалын дагуу 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс улс орон даяар эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрүүл мэндийн байгууллагуудыг түшиглэн зургаан насны ангиллаар
зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1,090,050 хүн хамрагдсаны 486,198 буюу 44.6 хувь нь эрэгтэйчүүд, 55.4% буюу 603,852 нь эмэгтэйчүүд байна. Эрт илрүүлэг гэж байгаагийн цөм нь өөрийгөө эрүүл, ямар нэг өвчний шинж тэмдэг илэрдэггүй гэж боддог хүмүүсийг үзлэг, шинжилгээнд хамруулж эрсдэлт хүчин зүйл, болзошгүй өвчин эмгэгийг оношлох, тодруулах үйл явц юм. Тиймээс нас насны ангилалд нарийн шинжилгээ, үзлэгийг тогтоосон.

Ходоодны хорт хавдрын тохиолдлын 70-80% нь хожуу шатандаа оношлогддог. Яагаад дийлэнх нь хожуу үедээ эл өвчнөөр өвчилснөө мэдэж байна вэ? Хорт хавдрыг чимээгүй тахал ч гэж нэрлэдэг. Чухамдаа нууц үе, шинж тэмдэг илрэхгүйгээр эцэстээ хүний амь насанд халддагаараа хамгийн аюултай юм. Тиймээс эрт илрүүлгийн ач холбогдлыг нийтээрээ ойлгож байж элэг бүтэн амьдрах
гэр бүл Монголд олон болно. Манайхны дунд ниргэсэн хойно хашхирав гэгчээр өвдсөн хойно нь эмнэлэгт ханддаг хандлага хэдийн тогтчихсон. Ялангуяа ахмад настнууд болон ид ажиллах хүчний үеийн хүмүүс өөрсдийн биеэ хайхралгүй эмнэлэгт үзүүлэхгүй явсаар байдаг. Өвдөхгүй л бол би эрүүл байна гэж боддог нь том алдаа. Тиймээс хорт хавдрын өвчлөлийг бууруулах, хавдаргүй Монгол улсыг бүтээхийн тулд би, та, бид бүгд хариуцлагатай хандах нь туйлын чухал. Амьдралын зан үйл, өдөр тутмын дадал зуршлаа эрүүл амьдралын хэв маягаар өөрчилж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, дархлаагаа дэмжих, хоол хүнсний хэрэглээндээ хяналт тавих, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээндээ жилдээ нэг удаа хамрагдах, эрүүл мэндийн боловсролтой байх нь 21-р зууны иргэний
эзэмших ёстой зүйл юм.

2023.07.08 Хавдар судлалын үндэсний төв
Ер зовиургүй, хаа нэг горойх мэдрэмжтэй байдаг байсан. Өрхийн эмнэлэгтээ эрт илрүүлэгт ороод ходоодны хорт хавдартайгаа мэдсэн гэж ярих энэ хүн зургадугаар сарын 30-ны өдөр хагалгаанд орж, ходоодоо авахуулсан Х.Дэлгэр гуай юм. Үзүүлэхгүй явсан бол хэзээ ойчих байснаа мэдэхгүй байна. Та нар бага залуу дээрээ үзүүлж бай, өвдөхгүй байна гэж тоохгүй яваад байж болохгүй гэж тэрээр захив. Түүний хувьд аавтай минь хамт нэг өрөөнд хэвтэж байсан. Харин энэ хүн бол амьдралынхаа 20 гаруй жилийг Онцгой байдлын ерөнхий газарт ард иргэдээ хамгаалах үйлсэд зориулсан ахмад У.Нямсайхан. Тэрээр мөн адил ходоодны хорт хавдрын улмаас хагалгаанд орж ходоодоо тайруулсан. Анх өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард дурангийн хагалгаагаар хавдраа авахуулсан ч дахиж улмаар 07-дугаар сарын 03-ны өдөр хагалгаанд орсон. Эрт илрүүлгийн хүрээнд байгууллагаараа үзлэг, шинжилгээнд орсноор хорт хавдартайгаа мэджээ.

Дээрх хоёр хүн эрт илрүүлгээр хорт хавдраа оношлуулж, хавдраасаа салсан. Харин аавын тухайд эрт илрүүлэгтээ ороогүй, шинж тэмдгийг тоохгүй явсаар эцсийн дүнд тэвчиж чадахгүй өвдөх үедээ эмчид үзүүлж, хорт хавдартайгаа мэдсэн юм. Хугацаа алдсан учир хорт хавдар нь одоо ч түүнтэй хамт буй. Өнөөдөр уг бичвэрээрээ дамжуулан олон хүнд өөртөө хайртай, хариуцлагатай байхыг уриалж байгаа нь энэ. Жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж, эрт илрүүлэгт орсноор та өөрийн гэр бүлээ элэг бүтэн байлгаж чадна. Үүнийг уншиж буй та Хавдар судлалын үндэсний төвийг нэг зориод очоорой. Хавдрын хагалгаанд орж буй нэгнээ хүлээн суух олон гэр бүлийг харж болно. Мэс заслын тасгийн гадна хэд хэдээрээ нийлэн зогсож, дээш доош гүйх, утас цохин залгах, биенээсээ гуурс унжуулсан, эмнэлгийн орон дээр хэвтэх өвчтөн, эм тарианы үнэр, эмнэлгийн багаж хэрэгслээр дүүрэн тэрэг гээд эдгээр дүр зураг өдөр бүр үргэлжилнэ. Үүний цаана хавдартай гэдэг онош авсан хэдэн хүн байгаагби таашгүй. Хавдар Монгол улсыг бүрхжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Их зохиолч Д. Нацагдорж “Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотор нэгэн жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан” гэсэн байдаг.
“Өвчингүй бол жаргал” гэж ярьдаг Монгол хүн та зовлонгоос урьтаж өөрийгөө хайрладаг байх ёстой.
Зургаан насны ангилалаар явуулж буй урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн иргэн үнэ төлбөргүйгээр орох боломжтой юм. Иймд та өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө хариуцлагатай байж эрт илрүүлэгтээ хамрагдаарай. Хорт хавдраар өвчилсөн, үүнтэй тэмцэж буй гэр бүл Монголд хэдэн мянгаараа бий. Сэтгэл зүй, мөнгө санхүү хорт хавдрын өмнө туйлдаж байгааг өөрийн биеэр мэдэрч байна. Өвчнөө даван туулах, ялагдах гэсэн хоёр сонголтын өмнө тэмцэж байгаа хорт хавдраар өвчилсөн бүх хүмүүсийн өмнөөс чадан ядан энэхүү бичвэрээ бичлээ.


Бусад эх сурвалж: МҮОНРТ, Хавдар судлалын үндэсний төв

Бичвэрт дурдагдсан өвчтөний (хүний) зургийг хагалгаанд ороод удаагүй, хүнд
үеэ даван туулж байгаагийн улмаас нийтлээгүй болно.

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *