image

CALL ME #JANCHIV | Сэтгэлээ хол шид, араас нь бие чинь очно

Цас бударсан шөнөөр л төрсөн гэдэг юм даа намайг. Арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нийг шилжих шөнийн 02:30 минутад. Хоёр оны зааг дээр төрөх онцгүй ээ. Он цаг тооллоороо 1992 оных, аргын тооллоороо 1991 онд төрсөн болчих гээд. Би айлын хэнз хүүхэд л дээ. Намайг төрөхөд ямар нэгэн зүйл болвол гомдолгүй шүү гэж гарын үсэг зуруулж, нэлээд юм болж байсан юм гэнэ лээ гэж хээгүйхэн ярих залууг Ганзоригийн Жанчив гэдэг. Түүнийг “Хамтран амьдрагч” киноны “Пүнтүүз”-ийн дүрээр нь олон нийт илүү мэдэх байх.

Тэрээр “Би дурламаар байна, бусдын адил үнсэлцмээр байна” гэж залуусын сэтгэлд хоногштол дуулсан “Мааз” хамтлагийн гишүүн. Залуусын анхаарлыг татсан хөгжилтэй “Эможи” цувралын найруулагч. Залуу зохиолч. Оюутан байхаасаа л дэлгэцийн уран бүтээл, кино, клипэнд дүрээ үлдээж амжсан сэргэлэн залуу.


“Зорилгодоо үнэнч байсан болохоор л энэ бүхнийг хийж чадсан” гэх түүнд жүжигчин болох нь амаргүй мөн ээдрээтэй даваа байжээ. Бусад хүүхдийн адил гэр хорооллын гудамжинд чулуун байлдаан хийж, "Шамбалын дайн"-д орж явсан хүүхэд насандаа тэр хайртай. Чингэлтэй дүүргийн 58 дугаар цэцэрлэгт явдаг байж. Нэг удаа багшдаа загинуулаад, өөдөөс салаавч гаргачихаад гэрлүүгээ ганцаараа явчихсан гэнэ. Тэр цагаас хойш цэцэрлэгт яваагүй таван нас хүрэхдээ уншиж, бичиж, бодож чаддаг болжээ. “Яаж бичиж, бодож сурсан юм мэдэхгүй. Одоо бодох нь ээ их л толгой сайтай хүүхэд байж” хэмээн хөгжилтэй нь аргагүй ярив. Байгаа байдал нь хэнэггүй, хүүхэд шиг, хэн ч харсан инээд хүрэм. Бидний ярьдгаар их л марзан хүн юм. 

Айлын бага эрэгтэй хүүхэд болохоор усанд явж, хувцас хиртүүлэхээс өөр хийх юмгүй. Одоо бодох нь ээ усанд явна гэдэг их гоё ажил байж. Тэр үед интернэт байхгүй байсан болохоор усанд явах замдаа найзуудаа дуудаад хамт явна. Орой таван цагт худаг дээр уулзъя гэхэд өөр холбоо барих юмгүй хүүхдүүд товлосон цагтаа бүгдээрээ уулзаад тоглодог гоё цаг байсныг тэр дурсав. 

Г.Жанчив сурагч байхаасаа жүжигчин болно гэж боддог байжээ. Дунд сургуулиа төгсөөд “Харцага” кино урлагийн дээд сургуульд орж нэг жил сурсан ч санаанд нь тааралгүй гарсан байна. Жил гаран ёстой л “хий эргэнэ” гэдэг шиг хийх юмгүй явж байгаад “Хэцүү анги” киноны зураг авалтанд орж, "азаар" туслах дүрд тогложээ. Тэр үед “Би жүжигчин л болох ёстой юм байна” гэсэн бодол дахин төрж, СУИС дээр очсон ч элсэлтийн шалгалтын хугацаа нь өнгөрчихсөн байжээ. Шантралгүй тэр жилдээ бэлдээд ирэх намар нь дахин шалгалт өгсөн боловч тэнцсэнгүй.

Жүжигчин болох мөрөөдлөө орхилгүй дахин нэг жил ресторанд зөөгчөөр ажиллаж сургалтын төлбөрөө цуглуулжээ.

Удаах намар нь СУИС-д дахин шалгалт өгч үзэв. Хариу нь гарч жагсаалтын доороос нь эхлээд нэрээ хайсан байдаггүй. Тэнцээгүй болохоор миний нэрийг бичээгүй юм байна даа гэж бодоод гүйлгэж байтал эхний хоёрт жагссан байж. Жанчив ингэж нэг гурван жилийн турш зорьж, мөрөөдсөн жүжигчний ангидаа орж чаджээ . Хоёр дахь удаагаа шалгалт өгөх гээд СУИС дээр очсон юм. Тэгсэн анх бүртгүүлж байхад өгч байсан үнэмлэхээ надаас нэхлээ. Тэрийгээ алга болгочихсон. Бүртгэж байсан багш миний бичиг баримтыг үзэж сууснаа “За гар, гар. Чамайг бүртгэж авахгүй” гэж намайг хөөлөө. Юу ч хэлж чадалгүй гараад алхлаа. Яана аа, аав ээждээ юу гэж хэлнэ ээ гэж бодохоос аймар. Гэнэт буцаж ороод нөгөө багшдаа “Яагаад намайг бүртгэхгүй байгаа юм. Энэ ангид орох гэж би бүтэн жил хүлээсэн. Ажил хийж сургалтын төлбөрөө хүртэл олсон. Заавал энэ ангид орно” гэж зөрүүдэлжээ. Багш нь ч намайг өрөвдсөн бололтой бүртгэж авсан. Тэгж л Ж.Лхамхүү багшийнхаа ангид орж санаа амарч билээ" гэж "Марзан хүн" онцлов.


Оюутан болсон Г.Жанчив ангийнхаа И.Төмөрхуяг, Р.Сүхболд нартай найзалж эхэлжээ. Гурвуулаа нийлж хамтлаг байгуулна гэж мөрөөддөг байж. Харин нэг удаа “Guys 666” хамтлагийн гишүүн А.Төгсбаяр “Та гурав хамтлаг байгуулах юм яриад байсан бил үү. Ирж уулз” гэснээр “Maaz” хамтлаг байгуулагдах суурийг тавьжээ.

“Би дурламаар байна” анхны уран бүтээл нь тэднийг 2012 онд олны танил болгосон гэдэг. Тэр цагаас хойш “Хайр эмзэгхэн”, “Бүтэлгүйтээд”, “Би дурлажээ”, “Хааяа би чамтай” зэрэг дууг сонсогчдодоо хүргэсэн байна.

Өдгөө эл хамтлагийнхан продакшн болтлоо өргөжөөд байгаа юм. Энэ тухайгаа Г.Жанчив “Бид 10 гаран жил найзалж байна. Би продакшны залуусаа зөв төлөвшиж яваа жинхэнэ эр хүн гэж үнэлдэг” гэв. Г.Жанчивыг хамгийн ихээр дэмждэг, үнэнч шүтэн бишрэгч нь түүний ээж Д.Цэсэнжав. Хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгаж жүжигчний ангид орсон хүүдээ ээж нь чин сэтгэлээсээ итгэдэг. Хүү нь ч итгэлийг нь алдаж байсан удаагүй. Ээж нь үргэлж “Аавын чинь нэр чамтай үргэлж хамт явна. Нэрийг нь өндөрт өргөж явахын тулд ухаантай байх ёстой шүү. Чи баян, эрдэм номтой, мундаг болох албагүй. Аавынхаа нэрийг өндөрт өргөж явбал энэ бүхэн аяндаа чамд ирнэ гэж захидаг байжээ. Эрээн бараан хосолсон энэ амьдралд хэнд, хэзээ, юу тохиолдохыг хэн ч таашгүй. Нэг л мэдэхэд түүний ээж хайртай хүүгээ орхин бурхны оронд заларчээ. Дипломыг нь үзэх юмсан. Сургуулиа л төгсчихвөл санаа минь амарлаа гэж ярьдаг байсан юм. Намайг төгссөнөөс хойш сарын дараа бурхан болсон доо. Санаа нь амарсан юм болов уу даа гэж боддог. Олон шөнө ээжийгээ ганцааранг нь орхиж, нойргүй хонуулчихаад эцсийн мөчид нь хамт байж чадаагүйдээ их харамсдаг. Тиймээс илүү шазуур зууж хичээдэг гэдгээ тэр хэллээ.

БИ ЧИМЭЭГҮЙ ГАЗАР ОЧИХ ДУРТАЙ

Жүжигчний мэргэжилд тогтсон цаг, амралт гэж байдаггүй. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэхэд “Зав гарвал өдөр, шөнө хамаагүй хотоос зайдуу гараад давхина даа. Замаараа аяга кофе аваад, тайван хэмнэлтэй дуу сонсонгоо юм бодох дуртай. Гэнэт догь санаа орж ирэх үе бий” хэмээн ярих тэр мөчид "Марзан" Жанчив бид хоёрын яриа өндөрлөх тийш хандлаа. Тэрээр өсвөр үеийн залуустаа зориулан “Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэсэн. Тийм болохоор зорилгоо битгий орхиорой. Сэтгэлээ хол шид, араас нь бие чинь очно гэдэг шүү дээ. Саад, бартаагүй амьдрал гэж байдаггүй. Хамгийн эрхэм хүн чинь гэнэт байхгүй болж мэднэ, хайртай хүнийхээ итгэлийг алдах үе ирнэ. Харин тууштай байж чадвал амжилтад хүрч, бүгд чамайг уучилж, хайрлана хэмээгээд гэж хэлээд цөөн хормын яриагаа өндөрлөлөө.

М.Баасандэлгэр

1 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Төрсний дараа би хэрхэн хэвийн жиндээ очсон бэ | Төрсний дараа асуудлыг харах сэтгэлзүй чухал

- Жирэмслэлтийн явцад хэвлийн булчингийн хуваагдал гэж үүссэн байдаг. Төрснөөсөө зургаан сарын дараагаас эхлэн тэр булчинг нийлүүлэх дасгал хийх шаардлагатай. Тус булчинг нийлүүлэх дасгал хийлгүйгээр шууд гэдсэндээ дасгал хийх нь хүссэн үр дүнг тань огт өгөхгүй. Интернетээс хайвал тэр дасгалуудыг маш олон хүн заасан байдаг. Мөн гэрийн нөхцөлд олсонд өдөрт 10 мин үсрэхэд хангалттай их сайн өөх шатаадаг. Бид эхлээд нэмсэн өөхөө шатаах хэрэгтэй шүү дээ.

Цааш үзэх
Image 11
30

Б.Юмжирмаа: “Сэтгэшгүй Болор Эх” сан бол одоогоо өөрчилж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломж

POSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын зочноор “Сэтгэшгүй Болор Эх” сангийн үүсгэн байгуулагч, Экологич, биологич Б.Юмжирмаа урин оролцуулж байна. Хүн бүр л өөрийгөө хөгжүүлж нийгэмдээ эерэг зөв хандлагатай иргэн байхын төлөө хичээдэг шүү дээ. Тэгвэл бидний ярилцлагаас магадгүй яг танд хэрэгцээтэй үйл ажиллагааны чиглэл болон хамт олныг олж болох боломжтой юм.

Цааш үзэх
Image 11
24

М.Амина: Эр хүнийг хүндэлж чаддаг эмэгтэй бусдаас илүү аз жаргалтай амьдардаг

Одоогийн нийгэм хэт материаллаг зүйл дээр төвлөрөөд, хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, бид үргэлж хиймэл баг зүүдэг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг би Бага байхаасаа л мэдэрдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа хэтэрхий нээлттэй, байнга инээмсэглэж явдаг.

Цааш үзэх
Image 11
09

"Японд сонин тараах ажлыг 18 сар хийж байлаа, одоо зорьсон сургуульдаа тэтгэлгээр суралцаж байна"

Японд ирсэн зорилго минь хэлээ сайжруулж, мастерт сурах байсан. Ямартай ч унан босон явсаар Японы их сургуулиуд дотор нэр хүндтэйд тооцогддог Токиогийн гадаад судлалын их сургуульд элсэн, одоо сард 4.800.000₮-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Цааш үзэх