image

Диплом биш хандлага нэг номерын шаардлага болоод байна

Энэ удаагийн CALL ME “.....” булангийн зочноор математикийн багш, эдийн засагч Цэдэндамбын Отгонбагана оролцож байна. Түүний үзэл бодол болон хувь хүний мөн чанарын талаар ярилцлаа. 

- Таныг өөрийгөө ганцхан үгээр тодорхойл гэвэл юу гэх байсан бэ?

- Сонсогч. Би бусдын яриаг таслалгүйгээр хүлээцтэй сонсож чаддаг.

- Манай энэ булангийн нэг онцлог нь хувь хүний дурсамжийг сэргээх. Таны бага нас хаана өнгөрсөн бэ?

- Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, тэрнээс ч цаашаа хөдөө төрж, өссөн хүн л дээ би. Хурга ишиг хариулж өссөн жирийн л нэг хөдөөний хүү. Бага насаа бодохоор санаанд ордог хөөрхөн явдал байдаг юм. Долоон настайдаа. Тухайн үед долоон настайдаа л дөнгөж бэлтгэл ангид ордог байсан юм. Нэг удаа хонио хариулаад бэлчээр дээрээ явж байтал нэг мотоцикльтой хүн ирсэн. Тэгснээ “суу, гэртээ харъя” гээд. Ахын хойно сундалж гэртээ очиж хоол идэнгүүтээ шууд сургуульд явчихаж байсан. Гэнэт л сургуульд явах болоод, дотуур байрны хүүхэд болсон. Тэр цагаас хойш 15 жил дотуур байранд амьдарсан даа.

Шуудхан хэлэхэд дотуур байранд амьдардаг хүүхэд их л өлсдөг юм. Дөнгөж зургаан настай хөдөөний хүүхэд оюутны байранд ирэхэд өдрийн гурван хоолтой. Бүх зүйл хомс цаг тул гэртээ байгаа юм шиг боов, талх эргүүлнэ гэж байхгүй. Гэхдээ дотуур байртай холбоотой дурсамж гэвэл хэдэн арваараа байгаа шүү.

- Сурагч байхдаа ямаршуу хүүхэд байв?

- Багаасаа л салааны дарга, ангийн дарга гээд бяцхан гуншин зүүдэг байлаа. Нийгмийн идэвх сайн гэхүү дээ. Одоогийн хүүхдүүд мэдэхгүй л дээ. Бүлгийн дарга гэж байдаг. Тухайн үед хүүхдүүдээс “цонхоор юу харагдаж байна” гэх мэтийн асуугаад эвлэлд элсүүлдэг. Сайн, шилдэг гэсэн хүүхдүүд ордог. Цаашлаад намд ч элсэж болдог. Би монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн болоогүй байсан мөртлөө ангийнхаа эвлэлийн үүрийн дарга хийдэг байсан. Энийгээ би сүүлд мэдсэн л дээ. Тэр үедээ л нэртэй байр суурь.

- Ховд аймгийн Багшийн дээд сургуулийг төгссөн гэсэн. Та эхний төгсөгчдийнх нь нэг үү?

- Ховдын Багшийн дээд сургууль 1979 онд үүсэн байгуулагдсан. Би 1987 онд элсэж орсон. Дөнгөж хоёр дахь төгсөлтийнх нь дараа гэсэн үг. Манай сургуульд захирлаар ирсэн гавьяат багш Жадамба гуай нэлээн том эрх мэдэлтэй. Тэр үеийн орон нутагт ажилладаг боловсон хүчнийг намын төв хороогоор орж байж томилдог. Тэгсэн Жадамба багш “би хамгийн сайн гэсэн багш нарыг Ховдын багшийн дээд сургуульд шилж авна” гэж виз авч байсан гэнэ лээ. Тиймдээ ч Оросод онц төгссөн чадварлаг багш нарыг шууд авдаг. Энэ нь оюутан бидний хувьд хамгийн азтай тохиол шүү дээ. Тухайн үеийн бүхий л сэхээтнүүд Ховдод багшилдаг байсанд, би өөрөө шавилан сурсандаа одоо ч бахархдаг.

1989 оны арванхоёрдугаар сарны 9-нд анхны улс төрийн жагсаалыг зохион байгуулалцаж явлаа. Дийлэнх хүмүүс 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод монголын ардчилсан холбооныхон жагсаж, хувьсгал эхэлсэн гэж ярьдаг. Яг үнэндээ Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд алдарт ард Аюушийн талбай дээр “Улс төрийн товчоо бүрэн бүрэлдхүүнээрээ огцор” гэж шаардлага хүргүүлж явлаа.

- Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ. Өнгөрсөн туршлагаас харахад та хэр сайн боловсон хүчин бэ?

- Би тавдугаар курст байхдаа сургуулийнхаа мэдээлэл зүйн танхимд лабронтаар ажилладаг байлаа. Оюутан лаборант буюу албан ёсны тушаалаар цалин авдаг оюутан гэсэн үг л дээ. Ажлын гараа гэвэл энэ. Харин мэргэжлээрээ гэвэл Ховдын Багшийн дээд сургуульдаа нэг жил багшилсан. Түүний дараа дөнгөж байгуулагдаж байсан Монголын хөрөнгийн биржийн техник программ хангамжийн албанд программистаар орсон. Тасралтгүй найман жил ажиллаж, албаны дарга хүртлээ тушаал дэвшиж явлаа. ХУД-т тамгын газрын даргаар дөрвөн жил, Нийслэлийн боловсролын газрын даргаар дөрвөн жил. Энэ хугацаанд төрийн албанд хангалттай нухлагдсан гэж өөрийгөө жаахан тоодог юм. Удалгүй хувийн мэдээлэл технологийн компани байгуулсан л даа. Манай улсын хувьд энэ салбар нь дөнгөж эрчээ авч яваа шинэ салбар болохоор ажиллахад сонирхолтой, урамтай байдаг.

- Улс төр гэхээр л бохир, шударга бус салбар мэт хандлага иргэдийн дунд хүчээ авсаар байна?

- Бүх л зүйл хоёр талтай. Үнэхээр улс төрийн салбарт бохир, заваан тал байгаа юу гэвэл тийм. Зарчмын дагуу ном ёсоор нь хийж байгаа зөв хэсэг байгаа юу гэвэл бас л тийм. Гэтэл нийгмийн дийлэнх хувь нь намын гишүүд, намчингууд гэж нийтэд нь шүүмжилдэг болж. Ийм хандлагатай хүмүүст би нэг л зүйлийг хэлдэг. Хэрэв чи улс төрийг бохир, заваан гэж бодож байгаа бол өөрөө оролц. Ядаж саналаа өгч, орчинд нь орж байж энэ заваан гээд байгаа салбараа цэвэрлэнэ. Тэрнээс гаднаас нь харчихаад шүүгээд байвал хэн өөрчлөх юм бэ. Улам л хар бараан болоод дуусна. Энэ утгаараа залуучууд улс төрд орох ёстой.

Монгол орон залуусын орон гэдэг хэрнээ яг сонгуулийн өдөр нөгөө л дунд болон ахимаг насныхан саналаа өгдөг. Сурснаараа олон жил сонгосон хүнийхээ нэрийг л дугуйлдаг. Энэ хүмүүсийг буруутгах аргагүй. Харин залуус сонгуульдаа оролцож, саналаа өгч байж нийгэм бага ч болов өөрчлөгдөнө. Тийм болохоор шүүмжлээд суухаасаа илүү оролцоотой байгаасай л гэж хүсдэг дээ.

- Ямар ч орчин, хэний ч дэргэд байсан ганхдаггүй авууштай чанараа нэрлээч?

- Дарга гэж хөлөө хугалах шахдаггүй. Үйлчлэгч, цэвэрлэгч гээд дээрэнгүй харьцаад байдаггүй. Ер нь хэн ч байсан бүх хүнтэй яг ижилхэн харьцах ёстой гэж боддог. Өөрөө ч тийм байхыг хичээдэг. Хамгийн өндөр албан тушаалтан эсвэл хамгийн доод түвшний ажилтан хоёрт нэг л зангаараа хандана гэж зорьдог доо.

- Аз жаргал. Энэ үг таны хувьд юугаар хэмжигддэг вэ?

- Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байх. Тэрнээс биш аз жаргалыг хайж, мөрөөдөж, худалдаж авдаг зүйл биш. Хүн дандаа аз жаргалтай байх боломжгүй. Нөгөө талаараа байнгын гашуудалтай, зовлонтой байхгүй. Шоколад идэхээр жаргалтай болдог гэж бодоход өдөр болгон идээд байвал юу болох вэ. Үүнтэй л ижилхэн зүйл. Тийм болохоор байгаа зүйлдээ сэтгэл хангалуун яваарай гэж хэлье.

Хэдэн жилийн өмнө дээд сургуулийн дипломтой л бол насан туршдаа ажил хийж болдог байсан. Харин сүүлийн үед дэлхийн, тэр дундаа монголын томоохон компаниуд ажилтан авахдаа дипломыг нэг номерт тавихаа больчихсон. Тухайн хүний хандлага, сурах чадвар нь л чухал шаардлага. Цаашдаа бүх компани ийм шинж рүү явна.

- Та ямар маркийн утас хэрэглэдэг вэ?

SAMSUNG

- Улаанбаатар хотын аль хэсэгт очих дуртай вэ?

БОГД УУЛ

- Олон нийтийн мэддэггүй таны нууц авъяас?

ДУУЛАХ

- Ямар үндэстний хоолонд дуртай вэ?

МОНГОЛ

- Сонсох дуртай рэппэр эсвэл дуучин?

GEE

- Юунаас айдаг вэ?

ХҮНД ХУДАЛ ХЭЛЭХЭЭС

- Хамгийн их хэрэглэдэг гурван аппликэйшн?

Э БАНК, CHIMEGE, TWITTER

- Инстаграмаар дагах дуртай хаяг?

ХЭРЭГЛЭДЭГГҮЙ

- Ямар ч тохиолдолд мөнгө харамлалгүй авдаг зүйл?

НОМ

- Хүндэлж явдаг олны танил хүн?

ЛУ.ГАНТӨМӨР

Бэлтгэсэн - М.Баасандэлгэр

1 Сэтгэгдэл:

  1. Нийслэлийн Боловсролын газоын дарга байхдаа Ховдын багшийн дээд төгссөн л байвал ажлын туршлага чадвар харгалзахгүйгээр ЕБСийн удирдах ажилтнаар томилж нийслэлийн боловсролыг сөнөөхөд ихээхэн хувь нэмэр болсон хүн дээ.Мөн улс төржих талаараа гаршссан нөхөр .Тухайлбал АНын генсэхийн ээжийг гавьяат багш болгохын тулд хоёр сургуулийг зэрэг нийслэлийн тэргүүний сургуулиар шалгаруулж байсан.Боловсролын яамнаас баталсан дүрэм уламжлалаар нэг л сургууль нийслэлийн тэргүүний сургууль болдог байсан.

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Төрсний дараа би хэрхэн хэвийн жиндээ очсон бэ | Төрсний дараа асуудлыг харах сэтгэлзүй чухал

- Жирэмслэлтийн явцад хэвлийн булчингийн хуваагдал гэж үүссэн байдаг. Төрснөөсөө зургаан сарын дараагаас эхлэн тэр булчинг нийлүүлэх дасгал хийх шаардлагатай. Тус булчинг нийлүүлэх дасгал хийлгүйгээр шууд гэдсэндээ дасгал хийх нь хүссэн үр дүнг тань огт өгөхгүй. Интернетээс хайвал тэр дасгалуудыг маш олон хүн заасан байдаг. Мөн гэрийн нөхцөлд олсонд өдөрт 10 мин үсрэхэд хангалттай их сайн өөх шатаадаг. Бид эхлээд нэмсэн өөхөө шатаах хэрэгтэй шүү дээ.

Цааш үзэх
Image 11
30

Б.Юмжирмаа: “Сэтгэшгүй Болор Эх” сан бол одоогоо өөрчилж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломж

POSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын зочноор “Сэтгэшгүй Болор Эх” сангийн үүсгэн байгуулагч, Экологич, биологич Б.Юмжирмаа урин оролцуулж байна. Хүн бүр л өөрийгөө хөгжүүлж нийгэмдээ эерэг зөв хандлагатай иргэн байхын төлөө хичээдэг шүү дээ. Тэгвэл бидний ярилцлагаас магадгүй яг танд хэрэгцээтэй үйл ажиллагааны чиглэл болон хамт олныг олж болох боломжтой юм.

Цааш үзэх
Image 11
24

М.Амина: Эр хүнийг хүндэлж чаддаг эмэгтэй бусдаас илүү аз жаргалтай амьдардаг

Одоогийн нийгэм хэт материаллаг зүйл дээр төвлөрөөд, хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, бид үргэлж хиймэл баг зүүдэг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг би Бага байхаасаа л мэдэрдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа хэтэрхий нээлттэй, байнга инээмсэглэж явдаг.

Цааш үзэх
Image 11
09

"Японд сонин тараах ажлыг 18 сар хийж байлаа, одоо зорьсон сургуульдаа тэтгэлгээр суралцаж байна"

Японд ирсэн зорилго минь хэлээ сайжруулж, мастерт сурах байсан. Ямартай ч унан босон явсаар Японы их сургуулиуд дотор нэр хүндтэйд тооцогддог Токиогийн гадаад судлалын их сургуульд элсэн, одоо сард 4.800.000₮-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Цааш үзэх