image

CALL ME #WORKER | Ашиг олохыг хүсэж байгаа бол бизнесээ л хий, улстөр бол ангид зүйл

Энэ удаагийн #САLLME буланд улстөрийн залуу үеийн төлөөлөл Доржготовын Байдраг оролцож байна. Түүний нийгэмд эзлэх байр суурь, эрдэм мэдлэг боловсрол, ажлын туршлага гэх мэт зүйлсээс илүү Д.Байдраг гэх хувь хүний үзэл бодол, үнэт зүйлсийн талаар санал бодлыг уншигчдадаа хуваалцахыг зорьлоо.

- Та өөрийгөө ганцхан үгээр тодорхойлох бол юу гэх вэ?

- Би өөрийгөө WORKER /ЗҮТГЭГЧ/ гэж харж байна.

- Яагаад өөрийгөө энэ үгээр тодорхойлох болов. Цаад утга санааг нь тайлбарлаач?

- Зүтгэлтэн бол хийсэн бүтээл арвинтай хүн байдаг бол би одоо туршлага дээрээ бүтээхийг зүтгэж байгаа хүн. 

- Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Өөртөө үлдсэн нандин дурсамжаа манай уншигчидтай хуваалцаач?

- Би гурван ах, таван эгчтэй айлын отгон хүү. Аав минь малын эмч, ээж хөдөө аж ахуйн болон сангийн аж ахуйн нягтлан хийдэг сэхээтэн хүмүүс. Тэгээд л  сангийн аж ахуйн нөр их ажлаар илгээлт болон томилолтоор олон газар руу явдаг. Тэр болгонд нь дагаад л явна. Олон ч сургууль дамжиж явсан.

Гишгэсэн мөрөө эргэж харж байгаарай гэдэг сургамжийг аав ээж минь үргэлж захиж буруу зүйл үл хийх хүмүүжлийг өгсөн.

- Сурч боловсрох үе буюу өсвөр насандаа бусдад хэр нөлөөтэй хүүхэд байв?

- Онц сурдаг хүү байлаа. Биеийн тамирд дуртай. Сагсан бөмбөгийг чамгүй сайн тоглочих нь. Олон ах эгчтэй хүн аав ээжийн хараа хяналтаас ангид ч бие дааж сурч төлөвших чадвар өндөртэй.

Дэггүй атаман байгаагүй ч дээрэлхүү хүүхдүүдтэй ана мана үзэж бусдыг өмөөрдөг хүүхэд байсан.

- Ажлын гараагаа хэдэн настайдаа хаанаас эхэлж байв. Тухайн үед цалин, хөдөлмөрийн орчин, нийгмийн аж байдал ямар байсан бол?

- Багаасаа хөдөлмөрийн амтыг мэдэрч өссөн. Албан ёсны, тодорхой цалинтай ажлаа 1998 онд 10-р ангид байхдаа хийж байсан. Насанд хүрээгүй хүү бааранд хаалгач, зөөгчийн ажилтай. Сарын 20 мянган төгрөгний цалингаа аваад ээждээ очих мэдрэмж хамгийн сайхан байсан. Тухайн үеийн 20 мянган төгрөг гэдэг их ч мөнгө байж дээ.

- Өнөөдрийг хүртэл хийж ирсэн ажлын туршлагаа дүгнэвэл та хэр сайн боловсон хүчин бэ?

- Монгол шуудан төрийн өмчит компаний мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн 15-р хорооны засаг дарга, Нийслэлийн авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит компаний захирал, төслийн удирдагчаар ажиллаж байсан мөн дүүрэг, нийслэл гээд Иргэдийн Төлөөлөгчдийн байгууллагат найман жил ажилласан туршлагатай. Тиймээс төдийгөөс өдий хүртэлх хугацаанд хуримтлуулсан туршлага олж харсан шийдлүүдээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг гаргах мөн төсвийг оновчтой хийгээд үр бүтээлтэй захиран зарцуулах чадвар бүтээмж байгааг өөрөөсөө олж хардаг.

- Таны үнэт зүйл?

- Эх орны тусгаар тогтнол. Бид бүгдийн эрхэм зүйлийн эхлэл тул хамгийн үнэт зүйл эх орны тусгаар тогтнол байх ёстой.

- Таны хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй өөр бусад хүмүүсийн хандлага?

- Бялдууч зан. Бусдад ч өөрт ч халтай хандлага шүү. 

- Манай улсад яагаад улс төр гэхээр бохир, заваан салбар мэтээр хүлээж авдаг юм бол оо. Энгийн үгээр сийрүүлбэл улс төр гэж ямар хүний ажиллах ёстой, нийгэмд ямар үүрэгтэй салбар вэ?

- Манай улсын улс төрчид энэ салбарт бохир аргаар ажиллаж байгаа нь хаа хаанаа итгэл алдруулж байгаа болохоор гэж хэлж болно. Авилгал хээл хахууль, хуйвалдаан, биенесийн ашиг сонирхол, ураг төрөл дамжсан сэнтийнүүд гээд урагшгүй бүтэц зохион байгуулалт, урагшгүй ажлуудыг хаа сайгүй байна шүү дээ. Гэвч улс төрийн хүн бол өөрийн эрх ашгаас өмнө олон нийтийн эрх ашгийг хүндэтгэж тэдгээрийг нэгт тавих ёстой байдаг. Ашиг олохыг хүсэж байгаа бол бизнесээ л хий улстөр бол ангид зүйл, улстөрч бол нийгмийг тусын тулд өөрийгөө харамгүй дайчлах хүн

- Хүн бүр л алддаг. Хамгийн том сургамж авч байсан алдааныхаа тухай болон алдаагаа оноо болгож чадсан түүхээ яриач?

- Тийм шүү ямарваа нэг зүйлд өчүүхэн төдий ч алдаа байдаг. Миний хожуу сургамжилж байгаа зүйл бол санхүүгийн хадгаламж. Аливаа эрсдэл тохиолдоход түүнийгээ шийдвэрлэчих дайны санхүүг өөртөө бий болгох хэрэгтэй.

Мөн байгаагийнхаа хэрээр битгий үрэлгэн байгаарай гэж зөвлөе.

- Ямар ч тохиолдолд, хэний ч дэргэд байсан өөрчлөгдөхгүй авууштай зан чанар тань юу вэ?

- Хэн нэгнийг дугаарлаж харьцах хамгийн муухай зүйл гэж боддог. Тийм болоод ч тэр үү энэ чанараа өөртөө бүрэн шингээсэн гэж үздэг. Тэр тусмаа эр хүн холбиромтгой зантай байх муухай, дэмий ч юм "Эрүүл согтуудаа нэг зангаараа хүнийг л эр хүн гэнэ дээ" гэж Б.Лхагвасүрэн найрагч хэлсэнтэй санал нийлнэ.

- Бусад хүнд үлгэр дуурайлал болохуйц өдөр тутмын зөв дадлаасаа хуваалцаач?

- Хоёр хүүхэддээ өөрөөрөө үлгэрлэдэг байдал минь юм уу даа. Хүн бүр үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь цаашдын цаг хугацаа, нийгмийн өнгө байдаг шүү дээ.

- Аз жаргалтай амьдрал гэдэг таны хувьд юугаар хэмжигддэг вэ?

- Аз жаргал гэдэг ааваа гэж дуудахаас эхтэй гэж дууны үг байдаг даа. Миний хувьд "ааваа" гэж дуудуулах л аз жаргал.

- Ямар үед амлалт өгдөг вэ. Мөн амлалтандаа хэр хүрдэг вэ?

- Хийж чадах зүйлээ л амладаг. Амласан бол амлалтандаа заавал хүрдэг. Ажлын хувьд бол хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу бүхий л боломжийг ашиглаж амласанаа бүр амлаагүйгээ ч бий болгохыг зорьдог. Энэ нь эргээд надад сэтгэл ханамж болж үлддэг. 

- Таны бусад хүмүүсийг маш их баярлуулж байсан түүх?

- 2010 онд Хан-Уул дүүргийн 15-р хороонд засаг дарга байхад мөн дүүргийн 1-р хорооны байрнуудын дунд байх цэцэрлэгт хүрээлэнгийн 1960-иад онд тарьж ургуулсан моднуудыг огтолж барилга барих гэж байсан юм. Тухайн ажлыг 2007 онд хотын захиргаанаас зөвшөөрөл олгосон юм билээ. Тэгээд л тэнд барилгаа барих гээд нүх ухаж моднуудыг нь булгалж байсан. Тухайн үед үүний эсрэг хийж болох бүхий л аргаараа тэмцэж иргэд оршин суугчидтайгаа ногоон байгууламжаа аварч үлдэж чадсан юм. Тухайн тэмцэлдээ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гурван шатны шүүхэд хоёр жилийн хугацаанд явж байж авч үлдсэн. Түүний дараа буюу 2011 онд нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон тухайн газрынхаа эргэн тойрныг хамгаалалтанд авсан. Мөн 22 мянган м/кв газрыг 2.2 га талбай болгон зураг төсөл хийж 1 тэрбум 230 сая төгрөгний тохижилтыг нийслэлийн төсвөөр хийлгэсэн. Тэр газар оршин суугчид гэлтгүй хүмүүс зорин ирж тухлан суух дуртай газар нь болсон. Хотын төвийн хаана ч байхгүй цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийг авч үлдэн илүү сайхан болгосондоо баяртай байдаг. 

“БЛИЦ АСУУЛТ”

- Та ямар маркийн утас хэрэглэдэг вэ?

IPhone

- Улаанбаатар хотын аль хэсэгт очих дуртай вэ?

Зайсан толгой

- Олон нийтийн мэддэггүй таны нууц авъяас?

Дуулах

- Таны ширээний ном?

Братиники /dictionary/

- Хамгийн сүүлд гарсан хүнд хэрэгтэй аппликэйшний талаар мэдэж байна уу?

Chimege application

- Хамгийн их хэрэглэдэг гурван аппликэйшн?

Facebook, Twitter, Khaan bank

- Ямар ч тохиолдолд мөнгө харамлалгүй авдаг зүйл?

Органик хоол хүнс

- Хүндэлж явдаг олны танил хүн?

Э.Бат-Үүл

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Төрсний дараа би хэрхэн хэвийн жиндээ очсон бэ | Төрсний дараа асуудлыг харах сэтгэлзүй чухал

- Жирэмслэлтийн явцад хэвлийн булчингийн хуваагдал гэж үүссэн байдаг. Төрснөөсөө зургаан сарын дараагаас эхлэн тэр булчинг нийлүүлэх дасгал хийх шаардлагатай. Тус булчинг нийлүүлэх дасгал хийлгүйгээр шууд гэдсэндээ дасгал хийх нь хүссэн үр дүнг тань огт өгөхгүй. Интернетээс хайвал тэр дасгалуудыг маш олон хүн заасан байдаг. Мөн гэрийн нөхцөлд олсонд өдөрт 10 мин үсрэхэд хангалттай их сайн өөх шатаадаг. Бид эхлээд нэмсэн өөхөө шатаах хэрэгтэй шүү дээ.

Цааш үзэх
Image 11
30

Б.Юмжирмаа: “Сэтгэшгүй Болор Эх” сан бол одоогоо өөрчилж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломж

POSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын зочноор “Сэтгэшгүй Болор Эх” сангийн үүсгэн байгуулагч, Экологич, биологич Б.Юмжирмаа урин оролцуулж байна. Хүн бүр л өөрийгөө хөгжүүлж нийгэмдээ эерэг зөв хандлагатай иргэн байхын төлөө хичээдэг шүү дээ. Тэгвэл бидний ярилцлагаас магадгүй яг танд хэрэгцээтэй үйл ажиллагааны чиглэл болон хамт олныг олж болох боломжтой юм.

Цааш үзэх
Image 11
24

М.Амина: Эр хүнийг хүндэлж чаддаг эмэгтэй бусдаас илүү аз жаргалтай амьдардаг

Одоогийн нийгэм хэт материаллаг зүйл дээр төвлөрөөд, хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, бид үргэлж хиймэл баг зүүдэг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг би Бага байхаасаа л мэдэрдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа хэтэрхий нээлттэй, байнга инээмсэглэж явдаг.

Цааш үзэх
Image 11
09

"Японд сонин тараах ажлыг 18 сар хийж байлаа, одоо зорьсон сургуульдаа тэтгэлгээр суралцаж байна"

Японд ирсэн зорилго минь хэлээ сайжруулж, мастерт сурах байсан. Ямартай ч унан босон явсаар Японы их сургуулиуд дотор нэр хүндтэйд тооцогддог Токиогийн гадаад судлалын их сургуульд элсэн, одоо сард 4.800.000₮-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Цааш үзэх