image

GenZ | Багштайгаа нээлттэй ярилц, наашаа гээд ирсэн сурагчийг ямар ч багш түлхэхгүй

GenZ” булангийн уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн ярилцлагын зочноор Баянзүрх дүүргийн математикийн олимпиадын хоёрдугаар байр, болон тусгай байрыг гурван удаа эзэлж, Нийслэлийн олимпиадад тусгай байрын шагналыг хүртэж, дүүргийн физикийн олимпиадад гурван удаа шагналт байр эзэлж байсан 133 дугаар сургуулийн тэргүүний сурагч Сарангийн Хонгорзулыг урьж ярилцлаа.

- Хөл хорионд есөн сар байсны дараагаар хичээл хэвийн орж эхэллээ. Танхимаар орох болон онлайнаар хичээлдээ оролцох хоёрын ялгаа хэр байна?

- Маш том ялгаа байсан. Онлайнаар орж байгаа хичээл дээр ойлгохгүй зүйлс их. Онлайнаар орж байх үед сурагчид өөрт хэрэгтэйгээр биш хийсэн тэмдэглэлээ багшдаа үзүүлж, мэдлэг биш дүн авах гэж хийгээд байгаа юм шиг санагдсан. Ялангуяа төгсөх ангийн сурагчдад багштайгаа ярилцаад мэдэхгүй байгаа зүйлээ асууж, ангийхантайгаа ярилцаж хичээллэх нь илүү үр дүнтэй юм байна лээ. Одоо бол мэдэхгүй зүйлээ багшаасаа асууж, ангийхантайгаа ярилцаж ойлгоод их гоё байгаа шүү.

- Хөл хорионд байх үедээ ямар зүйл шинээр хийж сурсан зүйл байгаа юу?

- Хөл хорионд байх үедээ өөртэйгөө маш сайн ярилцаж, өөрийгөө ойлгож, юунд дуртай, юу хүсэж байгаагаа ойлгож мэдэж авсан юм шиг санагдаж байгаа. Чухал чадвар бол ном уншиж сурсан. Би номыг эхлүүлээл орхичихдог төрлийн хүн. Харин энэ жил өөртөө сард адаглаад нэг ном бүтэн уншиж байна гэсэн зорилго тавьсан. Гэрийн хорионд байх үедээ давуулан биелүүлж хоёроос гурван ном уншдаг. Энэ маань надад маш үр дүнтэй, өгөөжтэй байгаа.

- Хүмүүс математик гэхээрээ л хэцүү зүйл гэж боддог. Өөрийн тань хувьд учрыг нь олчихсон болохоор амархан санагддаг байх?

- Математикийн хичээлийн хувьд мундаг хүүхдүүдийн дэргэд би зүгээр л сонирхогч нэгэн.

Бүх бодолгыг асуудалгүй шууд бодож чадахгүй ч гэсэн “хэрвээ би хүсэх юм бол бодож чадна” гэсэн итгэл надад байдаг. Ихэнх хүүхдүүд “Би угаасаа л хийж чадахгүй”, “математик хэцүү дургүй” гэсэн үгсээр өөрийгөө хаацайлдаг. Математик маш олон төрлийн бодлоготой ч гэсэн бодох суурь арга нь ижилхэн байдаг. Анхнаасаа сууриа сайн тавиад хичээгээд явах юм бол тийм ч хэцүү хичээл биш ээ.

- Бүх зүйл дээрээ жигд сайн лидер сурагч байхын тулд баримталдаг зарчим тань юу вэ?

- Миний хувьд суралцах арга барилаа олох нь хамгийн чухал гэж боддог. Хүн болгоны аливааг хүлээж авах чадвар өөр өөр байдаг. Зарим хүмүүс уншаад ойлгодог байхад зарим нь сонсоод ойлгодог гэх мэт. Миний хувьд аливаа зүйлийг сонсож ойлгодог. Тиймээс хэн нэгэнтэй хамт байж, багшаасаа ойлгохгүй зүйлсээ маш сайн асууж хичээлийн 40 минутад багшаасаа авч болох бүх зүйлсийг авч өөртөө хэрэгтэйгээ шингээж авдаг. Мөн өөрөө маш их хичээдэг. Суралцах арга барилаа олсоноор биед амраар үр дүнтэй мөн маш сайн суралцаж чадна гэж боддог.

- Өөрийн тань бодлоор лидер буюу манлайлагч сурагч гэж хэнийг хэлэх вэ?

- Лидер гэдэг нь удирдагч босс гэх ойлголтоос тэс өөр ойлголт. Зарим хүмүүс заавал мундаг бж лидер болно гэж боддог. Эргэн тойрондоо сайнаар нөлөөлж, эерэг зүйлд уриалж хүмүүст сайнаар нөлөөлж байгаа хүмүүсийг лидер хүн гэж бодож байна. Тиймээс эерэг дадлыг өөртөө суулгаж юмыг сайн талаас нь хардаг байх хэрэгтэй. Бусдад муухай үг хэлдэггүй, бусдад гай болдоггүй, өөрийгөө болгоод өөрийнхөө төлөө хичээгээд, дуртай юмаа хийгээд яв л гэж хэлмээр байна.

- ЭЕШ-даа хэрхэн бэлдэж байгаа вэ?

- Миний хувьд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн эеш болон орох хүсэлтэй байгаа сургуулийнхаа шалгалтад бэлдэж эхэлсэн. Гадаад сурагчид STUDY VLOG”-ийг ихээр хийдэг. Тэндээс хүүхдүүд яаж бэлддэг талаар мэдлэг цуглуулсан. Яг ширээний ард найман цагийг зарцуулах нь үр дүнтэй байдаг гэж харсан. Анх сонсоод “яаж ийм их цаг тасралтгүй суух юм бэ” гээд их хэцүү санагдаж байсан. Хийгээд хичээгээд эхлэсэн чинь найман цаг маань юмаа хийж амжихгүй дутаад байгаа юм шиг санагдсан. Ямар ч шалгалтад бэлдэхдээ нэг нэгнээ шахаж шаардах хамтрагчтай байх чухал гэж боддог. Хамтрагчаа олоод өдрийн зургаагаас найман цагийг шалгалтадаа бэлдэж байгаа. Би гэртээ байх хугацаандаа аливаа зүйлд 100 хувь төвлөрч чаддаггүй. Харин номын санд суугаад зургаагаас найман цаг зарцуулах нь үр дүнтэй санагддаг.

- Үеийнхээ хүүхдүүддээ математик, физик гэх мэт логикийн хичээл судлахад хэрэг болдог зөвлөгөө өгөөч?

- Маш олон төрлийн мэдээллийг авахаас гадна маш их давуу талтай. Математикийн хичээлийн хувьд юмыг олон талаас харах, дүн шинжилгээ хийх, тэвчээртэй байх зэрэг чанаруудад сургаж өгдөг байх.

- Хааяа юм хиймэргүй залхуураад байдаг. Ийм үеэ хэрхэн давж, яаж эрч хүчтэй болдог вэ?

- Өсвөр насны хүүхэд болохоор хааяа ч юу ч хиймэргүй өөрийгөө ойлгохгүй үе тохиолддог. Тухайн үедээ өөрийнхөө дотор бүтээсэн ирээдүйн мөрөөдлийн ертөнцөө хараад “энэ бүхэн яг одоогийн байгаагаас минь шалтгаална, чи өөрийнхөө мөрөөдлийг хий хоосон бодол болгоод өнгөрөөх үү, үнэхээр хүрмээр байна уу” гэж асуудаг. Би тухайн мөрөөдөлдөө хүрнэ гэсэн итгэл байдаг болохоор түүнээсээ илүү их эрч хүч авдаг.

- Аливаа шинэ зүйлийг сурахын тулд хамгийн их тусладаг зан чанар таны бодлоор юу вэ?

- Өмнө нь хэлсэнчлэн “би чадна” гэсэн зүйлдээ бат итгэдэг. Тийм болохоор энэ зан чанар аливаа зүйлийг сурахад хялбар болгодог. Би өөртэйгөө ярилцаж, өөртөө амлалт өгдөг. Өөртөө өгсөн амлалтандаа хүрэхийн тулд маш их хичэээдэг. Хялбар арга замаар өөртөө үр дүнтэйгээр ашигтайгаар суралцахыг хичээдэг. Аливаа зүйлийг сурч байхад шантрал, цөхрөл маш их гардаг. Түүнд эерэгээр хандаж эерэг сэтгэлгээтэй байхыг илүүд үздэг. Өөрийгөө маш их урамшуулдаг. Хэдий хэцүү байсан ч аливаа зүйлийг сурсныхаа дараа түүний үр дүнг харна гэдэг үнэхээр сайхан шүү.

- Олимпиад, шалгалтандаа хэрхэн бэлддэг вэ?

- Би өөрөө өөрийнхөө төлөө их явдаг. Би л өөрийгөө хайрлаж, дуртай зүйлийнхээ хойноос явахгүй бол хэн ч миний өмнөөс явахгүй. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд санаачлагатай байх хэрэгтэй. Багштайгаа нээлттэй харилцаж, санал бодол, ирээдүйн зорилгоо хэлж, ичих зүйлгүй ярилцах хэрэгтэй.

Би энийг ингэчихвэл илүү ахина гээд шаардалагтай зүйлээ хийгээд багшдаа үзүүлээд хойноос нь зууралдаад байх хэрэгтэй. Наашаа гээд ирж байгаа сурагчийг ямар ч багш түлхэхгүй.

- Ирээдүйн зорилго мөрөөдөл тань юу вэ?

- Би хүнд ирээдүйгээ ярихаас эмээдэг. Хүнд хэлчихвэл биелэхгүй гэсэн мухар сүсэг жаахан байдаг. Бас хэн нэгэнд хэлсэн зүйлдээ хүрч чадахгүй бол яаанаа гээд жоохон жийрхээд байдаг юм. Гэхдээ ерөнхийдөө миний дотор байгаа мөрөөдлөөр минь сүндэрлэсэн цамхагаа босгохын тулд л хичээнэ.

- Хамгийн их мотивац буюу сэдэл авдаг зүйлээ хэлээч?

- Хийсэн юм бүрийнхээ үр дүнг хараад их урам ордог. Дуусгасан дэвтэрнийхээ зургийг жаазлаад ханандаа өлгөмөөр санагддаг шт. ХӨӨХ би ийм гоё хийчихсэн юм уу, дахиад зөндөө олон ийм дэвтэр дуусгах юмсан гээд л. Энэ удаад чадсан юм чинь дараа илүү сайн болгоно оо гээд, гаргасан үр дүнгээ харж урам авдаг. Мөн сайн хүүхдүүдтэй нөхөрлөдөг болохоор тэдний амжилтаас урам авдаг. Багшийнхаа хэлсэн үгнүүдээс дахиад хичээе гэсэн урам авдаг гэх мэт амьдралын энгийн жижиг ч хамаагүй бүх зүйлээс сайныг нь өөртөө тусгаж авах дуртай.

- Ярилцлага маань ер нь өндөрлөх нь ээ. Өсвөр насны хүүхдүүддээ захих зүйлс юу байна?

- Бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж биш өөрөө өөрийнхөө төлөө амьдраарай. Зөвхөн чиний ирээдүй биш монголын ирээдүй ч чиний гарт байгаа гэдгийг санаарай.

ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЭД ГЭГЭЭЛЭГ ГОЁ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ.

Ярилцлагыг бэлтгэсэн Н.Энхтуул

2 Сэтгэгдэл:

  1. Ymar goy uhaantai yriltslaga be amjilt husiy !

  2. Hongopoo ci ystoi mundag shuu❤ Fighting!!

Сэтгэгдэл илгээх

Image 10
20

Б.Номин: Амжилттай яваа залуу эмэгтэй бүрийн ард хөндлөнгийн эрэгтэй хүн байдаггүй

ЭНЭ УДААГИЙН #GENZ БУЛАНГИЙН ЗОЧИН 19 НАСТАЙ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ Б.НОМИН. ТЭРЭЭР NOMIN BEAUTY САЛОНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ГОО ЗАСАЛЧ, ЭРХЛЭГЧЭЭР АЖИЛЛАДАГ, ӨӨРТӨӨ ХУРИМТЛАЛЫГ БИЙ БОЛГОН ДАРААГИЙН ЗОРИЛГОДОО ТЭМҮҮЛЖ ЯВАА Z ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЮМ. БАГААСАА БИЕЭ ДААЖ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ БИЕЛЭЛИЙГ ОЛСОН ТҮҮНИЙ ҮЗЭЛ БОДОЛ, ӨГӨӨЖТЭЙ ЗӨВЛӨГӨӨНҮҮДИЙГ ХУВААЛЦЪЯ.

Цааш үзэх
Image 10
19

Солонгосын 50 гаруй их сургуулийн 200 гаруй мэргэжлээс сонгон сурах боломж | БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН

“Солонгост суралцацгаая” үзэсгэлэнд БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургууль оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгаа анх удаа онлайн хэлбэрээр хийх аж.

Цааш үзэх
Image 10
14

СУРАГЧДЫН АМРАЛТЫН ХУВААРЬ | ӨВЛИЙН АМРАЛТААР ЗААВАЛ ХИЙХ ДӨРВӨН ЗҮЙЛ

Сурагч та бүхэн өвлийн амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Өөрийгөө хөгжүүлэх, шин зүйл сурахад заавал цаг гаргаарай.

Цааш үзэх
Image 10
09

#GENZ | З.Энхжин: ZUULUN BEAUTY брэндийн нэрээ "MAKE UP BY MONGOLIAN GIRLS" группээс олсон

Анх манай гэрийнхэн гарааны бизнес эхлэхэд алдаж магадгүй шүү, хэрвээ алдвал битгий шантраарай, битгий бууж өгөөрэй гэж зөвлөсөн нь хамгийн том дэмжлэг, хамгийн том хүч болж байсан.

Цааш үзэх