image

2MOOD | Аав ээж, өвөө эмээ маань ч биднийг андуурах үе гардаг

2MOOD ихрүүдийн буланд энэ удаа бид Б. Алтанзул, Б. Хонгорзул гэх ихэр охидыг онцлон танилцуулж байна. Усны дусал мэт ижилхэн царай зүс, би хаатай тэдний нэгнээ хайрлах хайр, хөгжилтэй дурсамж, багын сахилгагүй түүхүүдийг нь хамт хуваалцацгаая.

- Ихэр байх ямар байдаг вэ?

Хонгорзул: Ер нь хоёр талтай. Ганцаардана гэж мэддэггүй. Ихэр минь миний хажууд үргэлж түшиж, дэм болж байдаг хамгийн сайн найз минь гэж хэлж болно. Нөгөө талаараа бол бага байхдаа их асуудалтай тулгардаг байсан. Гоё сайхан бүхнээ булаацалдаад нэгнийнхээ дээр гарах гээд үзэж тарна. Жоохон хүүхдийн л зан юмуу даа. 

Алтанзул: Мэдээж сайхан шүү дээ. Гэр бүл гэхээсээ илүү сайн найз юм шиг л байдаг . Асуудлыг минь хамт шийдвэрлэж, мэдэхгүй зүйл дээр минь зааж зөвлөдөг. 

- Ихэр болж төрсөндөө баярладаг уу?

Хонгорзул: Орчлон хорвоо дээр надтай адилхан дахиад нэг хүн байгаа гэж бодохоор мэдээж маш их баярламаар. Хэцүү үедээ ихрийгээ харахаар л тэр бүх гуниг, зовлон ор мөргүй алга болдог. Мянгад нэг тохиох алтан боломжийг олгосон  ээж аавдаа маш их баярладаг

Алтанзул: Зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил ховор хувь заяаг түшиж төрсөн болохоор маш их баярладаг. Хүн бүр энэ хорвоод цор ганц, давтагдашгүй. Тийм байхад намайг яг хуулчихсан юм шиг адилхан хүн энэ хорвоо дээр байна гэхээр цаанаа л жаргалтай байдаг. 

- Ихэр та хоёроос хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт?

Хонгорзул: Ихэр чинь хэдэн настай вэ, ихрийн чинь төрсөн өдөр хэзээ болдог вэ, та хоёрийн хурууны хээ хүртэл адилхан байх тэ гэх мэт сонин асуултууд асуудаг. Мэдээж ихэр хүмүүс нэг өдөр, хамт төрсөн  юм чинь нас чацуу байж таарна. Гадаад төрх, бие мах бодоороо адилхан ч гэсэн дотоод хувь хүний зан характер биеийн бүтэц мэдээж ондоо. 

Алтанзул: Хэн нь илүү хөөрхөн бэ. Энэ асуултанд би дургүй. Адилхан нэг эхээс төрсөн бүр нэг эсээс бүрэлдсэн хүүхдүүдийг энэ хөөрхөн тэр хөөрхөн гэх нь бүдүүлэг санагддаг. Алив зэрэгцээд зогсдоо ялгааг нь олъё, тийм адилхан юм уу, ихэр чинь хэзээ төрсөн юм, та хоёр бараг дундаа найз залуутай байвал болох юм бишүү. Ялгахгүй юм чинь найз залуучуудаа сольж уулзаж үзээч гэх мэт асуултуудыг ихэвчлэн мэдрэмжгүй найзууд асуудаг даа. 

- Ихэр чинь байхгүй гэж төсөөлдөө, ямар мэдрэмж төрж байна?

Хонгорзул: Ихэр минь байхгүй болчихвол би цаашдаа яаж амьдрах билээ гэж их бодогддог. Биений минь тал хэсэг байхгүй болсон юм шиг л санагдаж байна. Ирээдүйн амьдрал минь ер нь  нэг л төсөөлөгдөж өгөхгүй байна

Алтанзул: Багаасаа хамт байж, бүх зүйлд хамтдаа, жаргал зовлонгоо хуваалцаж өссөн болохоор гэнэт байхгүй болчихвол би лав араас нь явах байхаа.  2010 онд манай ихэр аймгийн аврага шалгаруулах шатар, даамны тэмцээнд оролцохоор Дундговь аймаг явж байсан юм. Тэр үед Хонаг яваад хоёр хонож байхад нь би санаж уйлаад ээждээ хэлээд араас нь явж байсан. Удирдаж авч явсан багш нь аав маань байсан болохоор байрлаж байгаа газар нь очоод хамт унтаад, хажуунаас нь нэг ч салаагүй. Дараа жилээс нь би дагаж явдаг болсон. Ихрийнхээ хоол ундыг нь зөөгөөд, ус ундааг нь дөхүүлж өгөөд аавынхаа хажуугаар зэрэгцээд л ихрийгээ дасгалжуулдаг болсондоо. Тэр өдрөөс хойш ер нь холдож үзээгүй ээ. 

No description available.

 

Хонгорзул: Арван жилдээ бид хоёр дотуур байранд амьдардаг байсан юм. Нэг орой байранд тог тасрахад Зулаа бид хоёр хүүхдүүдээр тоглоё гэж ярилцаад, ижилхэн хоёуланд нь байдаг урт цагаан унтлагын хувцсаа өмсөж, үсээ арзайлгаад нэг нь коридорын буланд зогсож, нөгөө ихэр маань эсрэг буланд нь зогсож хүүхдүүдийг айлгаж тоглож байгаад сүүлдээ өөрсдөөсөө ч айж билээ

Алтанзул: Багадаа аав ээжтэйгээ долоо хоног бүр эмээгийндээ очдог байлаа. Тэр үед бид хоёр хоол идэж байгаад гэнэт алга болчихсон гэсэн. Тэгээд аав гараад хартал хоёр шар толгой хашаанаас алхаж ядаад гарч байхад нь, аав энэ хоёр яг өмдөндөө баачихсан байна гэж хараад араас нь очтол өвөртөө хогийн шүүр хийчихсэн явж байсан гэсэн. Тэгээд аав "Яах гэж байгаа юм хогийн шүүрээр" гэсэн чинь гэрийн хогийн шүүр хугарчихсан, энийг аваачаад гэрт тавья гээд явж байсан гэсэн.

Бид хоёр бас бага байхдаа гадаа чулуу нүүлгэж бултаж тоглодог байсан юм. Яг  эрэгтэй хүүхэд шиг байдаг байсан. Барби гэж ч мэдэхгүй ахтайгаа барилдаад хүч чадлаа үздэг байлаа шд. Нэг удаа өглөө босоод нүүр гараа угаах гэсэн чинь Хона намайг гадаа дуудаад хоёулаа чулуу нүүлгэж тоглоё гэхээр нь за гээд л гарч гүйгээд нуугдаж амжаагүй байтал яг толгойн дунд нэг чулуу ирээд манараад явчихсан. Би яахаа мэдэхгүй газар яг л мангар хүүхэд шиг суугаад л байсан. Хона тэрүүгээр арчуур барьж сандарч гүйгээд би за зүгээр, зүгээр гэсэн хэрнэ уйлчих гээд гүрийгээд л байгаа юм. Эгч нь юм чинь яаж уйлахвээ дээ. Хона толгой чулуугаар хусчаад бас аав ээжид битгий хэлээрэй гээд гуйгаад байгаа юмаа.

Одоо хамгийн хөгжилтэй түүхээ хэлье. Энэ бүр хамгийг хөгжилтэй нь. Бид хоёр анх удаа цэцэрлэгт орж байсан юм. Ангийн хүүхдүүд өндөр намаараа эрэмбэлж зогсоод бид хоёр яг дундуур нь дарааллаад зогсож байсан. Тэр үед ангийн багш хүүхдүүдээс жагсаалын дагуу жилийг нь асуугаад явлаа. Хүүхдүүд дандаа л туулайтуулай гээд байхаар нь би арай өөр амьтан хэлнэ дээ гэж бодоод ботго гэж байж билээ Тэгээд багш нар хөөрхөн юм бэ гээд өхөөрдөж инээцгээгээд Хона дээр очоод асуутал Хона өөдөөс нь шоно гэж хариулж байсан. Тэр нь чоно гэж байгаа юм.

- Ихэрдээ 0-10 хооронд хайраа илчилвэл?

Хонгорзул: 9.99 яагаад гэвэл бага байхдаа зодолдож ноцолдож, нэгийгээ их шоглодог байсан. Тэр бүхнээ бодоод өш хонзон минь арилаагүй байгаа. Гэхдээ мэдээж ихэрдээ бүх хайраа зориулна. 

Алтанзул:  Ийм бага хэмжээгээр хайраа илэрхийлмээргүй байна. Миний хайранд хязгаар гэж байхгүй ээ. Хэдий хааяа муудалцдаг ч хайргүй гэсэн үг биш шүү дээ. Ямар ч хүнээс хамгаалж, хайрлаж явдаг. 

- Аав, ээж, ах дүү гэр бүлээсээ ихэрдээ илүү хайртай байж чадах уу?

Хонгорзул: Өөрийн нөгөө хувилбар ихэрдээ өөрөөсөө ч илүү хайртай. Гэхдээ тэнгэрлэг хувь заяаны эзэн нь болгосон ээждээ илүү их хайртай. Ээжгүйгээр бид хоёр өөрсдийгөө төсөөлшгүй.

Алтанзул: Гэр бүл бол, гэр бүл би хэнийг ч ялгаж хайрлахгүй. Бүгд намайг төрсөн цагаас минь хойш хамт байж, хайрлаж өсгөсөн. Би бүгдэнд нь адилхан хайртай. 

- Ихэр чинь өвдвөл чамд ямар байдаг вэ?

Хонгорзул: Бага байхдаа нэгнийгээ их дагадаг байсан. Тэр нь юу вэ гэхээр ихрийгээ өвдөхөөр дагаад өвднө, уйлвал дагаад л уйлна. Ихрийн хүйн холбоогоо таслуулж байж л хэвийн болсон. Жилийн өмнө ихэр маань автомашины осолд ороход надад их хүнд туссан. Ямар ч амьдралын идэвхгүй болоод нурмайж эхэлсэн. Гэхдээ ихэрдээ онцгүй байгаагаа харуулвал надаас болоод ингэлээ гээд өөртөө хамаг буруугаа өгөх юм шиг санагдаад энэ байдлаа харуулахгүйн тулд  сэтгэл санаагаар нь дэмжиж өөдрөг байх естой юм байна гэж ойлгосон.

Алтанзул: Бага байхад их хэцүү байсан. Ихрүүдийн хүйн холбоо гэж байдаг. Түүнийг таслуулаагүй үед нэгийгээ байнга дагадаг. Уйлвал хамт уйлна, инээвэл хамт инээнэ, бие нь өвдвөл адилхан өвддөг байсан. Одоо холбоогоо таслуулсан болохоор зүгээр байдаг. Гэхдээ одоо бие нь өвдвөл сэтгэл санаагаар хамтдаа доошоо хязгааргүй. 

- Та хоёрыг ялгах хялбар арга?

Хонгорзул: Бид хоёрыг анх удаа харвал усны дусал шиг адилхан. Зарим гярхай хүмүүс мэнгэ хараад ялгачихдаг. Хүмүүс ихэвчлэн мэнгээр ялгадаг юм. Зулаа нүднийхээ доор хоёр мэнгэтэй. Тэр мэнгийг нь нулимс дуссан мэнгэ гэж нэрлэдэг. Манай ихэр их уйланхай туяхан. Юм л бол уйлчихдаг их сонин хүүхэд байсан. Одоо ч гэхдээ тийм гэхүү дээ. Бид хоёрын найзууд одоо бол араас харсан ч аль нь хэн бэ гэдгийг төвөггүй ялгадаг. Сайн ажиглаад харвал хамар нүд, уруул гээд ондоо юм их бий.

Алтанзул: Би нүднийхээ доор олон мэнгэтэй Хона ганцхан мэнгэтэй. Өөр тэгээд бусад нь бол адилхан.

- Хэн нь хамгийн ухаантай вэ, яагаад?

Хонгорзул: Энэ асуултанд Зулаа бид хоёр нэг саналтай байгаа шүү. Багаасаа би түлхүү даам теннис гэх мэт оюуны спортоор хичээллэж ирсэн. Их ухаан шаардсан спорт гэж боддог. Одоо миний мэргэжил нягтлан бодогч. Мэргэжил маань хүртэл ухаан шаардаж, сэтгэн бодох, аливаа юманд нягт нямбай хандах, шинийг санаачлагч гээд мэргэжлийн маань онцлог толгой ажиллуулсан зүйл их бий. Гэхдээ зарим зүйл дээр  эгчийн хатан ухаанаар ихэр маань зөвийг санаачлагч байдаг. 

Алтанзул: Хона илүү ухаантай санагддаг. Гэхдээ би ухаан муутай гэсэн үг биш шүү. Зүгээр надаас ухаантай байхгүй юу. Яагаад гэвэл бид хоёр багаасаа биеэ даагад сурчихсан, дунд ангиасаа дотуур байранд орсон. Оюутан болоод гэрийнхнээсээ тусдаа амьдарсан гээд  яг энэ хугацаанд Хона ихэвчилэн санхүү барина. Миний гарт мөнгө орвол юунд үрсэн нь мэдэгдэхгүй алга болчихдог байсан. Харин хэн нь илүү ажилсаг вэ, гэсэн асуулт даанч байхгүй юм даа. 

No description available.

- Ихрийнхээ өмнөөс ажил, хичээл, шалгалт, уулзалт гэх мэт юманд явж байсан уу?

Хонгорзул: Зулаа бид хоёрын мэргэжил тэс ондоо. Тийм болохоор хичээлд нь суугаад байж чаддаггүй юм. Арван жилдээ өөрсдийн сайн чаддаг хичээлийнхээ шалгалтыг хийчээд нэгнийхээ шалгалтыг өмнөөс нь хийж өгч байсан үе бол зөндөө. 

Алтанзул: Нэг удаа Хонагийн ажилд очиж ажиллаж байсан. Тэр үед Хона зөөгч хийдэг байсан юм. Солонгос хоолны газар болохоор ачаалал ихтэй аймар ядраад нойлд нь ороод утсаа оролдонгоо амраад сууж байсан чинь захирал нь орж ирж харчаад гараад явж байсан. Тэгээд тэр өдөр дуусаад хэд хоногийн дараа Хона ууралцан ирж байсан. Би чинь яаав, юу болов гээд асуусан  захирал намайг ажлаас зугтаад нойлд утсаа оролдож байсан гээд халчихлаа. Би ерөөсөө тэгээгүй, халах шалтаг хайсан юм байхдаа гэхээр нь тэр чинь би байсан шдээ, би оролдсон гэж хэлмээр байсан ч Хона яаг ална гэж бодоод хэлээгүй. Өө тиймүү гүтгэчиж байгаа юм байна л даа гээд өнгөрч байсан. Хичээл номонд бол сольж явж байгагүй ээ бид хоёрын мэргэжлийн чиглэл өөр болохоор очих бодол ч байгаагүй. 

No description available.

- Аав ээж, найз залуу, найз охин, гэр бүл нь ямар нэгэн байдлаар андуурч байсан уу, яаж?

Хонгорзул: Тухайн үед ихэр маань найз залуутай байсан юм. Орой найз залуутайгаа уулзах болоход нь би өмнөөс нь гараад уулзаж байсан юм. Их эвгүй юм байналээ. Угнь дажгүй юм яриад л баригдхааргүй байсан. Гэнэт үнсэх гэхэд нь сандраад ихэр нь байна гээд хэлчихсэн. Өөрөө ч, хүүхэд ч эвгүй байдалд оруулж байсан даа

Алтанзул: Бага байхад агаа андуурч зодож байсан. Хона ер нь их шартай . Ах эгчийн өөдөөс бол бууж өгөхгүй. Тэгээд л би хөөрхий хомрогонд нь өртөөд андуурагдаад хэд хэд цохиулж байсан даа. Ер нь гадуур явж байхад танихгүй хүн ирээд хүүе сайн уу, юу хийж яваа юм гэх тохиолдол зөндөө байдаг. Тэр үед үнэхээр эвгүй байдалд ордог

Багадаа хоёулаа гадаа тоглож байгаад, оройн хоол болоод эмээ хоолоо идээрэй гэж дуудахад нь би эхэлж ороод хоолоо идчихсэн юм. Буцаж гараад тоглож байгаад өлсөөд болдоггүй. Гэртээ ортол миний охин хоолоо ид гээд хоол өгөв. Би ч баярласан гэж жигтэйхэн идчихээд л гараад гүйв. Төд удалгүй ихэр маань уйлаад  гэрээс гараад ирэв. Эмээ намайг дуудаад та хоёрыг чинь ялгахгүй чамд хоёр хоол өгчихсөн байна шүү дээ гэж байж билээ. Заримдаа эмээ өвөө, ээж аав маань ялгахгүй үе байдаг.

No description available.

- Хол хэдий ч нэгнийгээ мэдэрч байсан тохиолдол байгаа юу?

Хонгорзул: Яг юу хийж байгаа гэх мэтийг нь тэгж аймар мэдээд байдаггүй л дээ. Ихэр хүний зөн совин гэх юм уу, юу бодоод, юунд шаналаад, юунд баярлаж хөөрөөд байгааг нүднээс нь хараад л мэдчихдэг. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэгчээр хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа зан араншингаас нь  шууд мэдэгддэг. 

Алтанзул: Хааяа мэдрээд байдаг. За Хона өнөөдөр яг оройтно. Өнөөдөр яг эрт ирнэ. Энэ хичээлээ тасалсаан гэхээр яг л үнэн байдаг. 

- Хэн нь хамгийн сахилгагүй хөдөлгөөнтэй нь вэ, яагаад?

Хонгорзул: Хоёулаа  сахилгагүй гэхэд болно доо. Одоо багын дурсамжууд л тодхон үлдэж. Чулуугаар байлдаж байгаад Зулаагийн толгойг хагалж байсан удаа бий. Дээрээ ахтай болохоор бид хоёр барби хүүхэлдэйгээр нээх их тоглоод байдаггүй байсан. Хоорондоо байнга барилдаж тоглодог . Нэг өдөр барилдаж байгаад ихрийнхээ гаран дээр нь давхарлаж унаад гарыг нь гэмтээж байсан. Ер нь шоглоод байгаа, тоглоод байгаа нь мэдэгдэхгүй их сонин шартай янзын хүүхэд байж билээ. Одоо ч гэсэн их сахилгагүй. Даруухан байхаар хэтэрхий уйтгартай санагдаад байдаг юм. 

Алтанзул: Хона шдээ. Зүгээр суулгахгүй өдөөд л, хэрүүл хийгээд байдаг. Тоохгүй бол өшиглөнө. Зүгээр бай гэхээр би уйдаад байнаа жоохон зодолдоё гээд л дайрна. Намайг уурлахгүй бол ууралтал өддөг хүн дээ. 

No description available.

- Хэн нь хамгийн хөөрхөн нь вэ, яагаад?

Хонгорзул: Мэдээж маргаангүй манай ихэр. Анх өөрийгөө гэж боддог байлаа. Арван жилд Зулаад  захиа, болзох санал их ирдэг байсан. Би багадаа ихрийгээ бодвол их эршүүд охин байлаа. Зулааг дээрэлхсэн болгоныг очоод л зодчихдог. Намайг банди зоддог байсан болохоор захиа  нээх их ирдэггүй байсан байх. Одоо бол тийм биш шүү аягүй эмэгтэйлэг болсон. 

Алтанзул: Яг адилхан царай муутай охидууд.

 

Хонгорзул: Хүсэлгүй яахав. Өөрөө ихэр болоод ч тэр үү, хүүхдүүддээ  ээж нь багадаа та хоёр шиг сахилгагүй байж билээ гээд  яриад  суухыг хүсдэг. Бид хоёрын багын зарим хувцас одоо болтол хадгалаастай байдаг.  Хүүхдүүдээ тэр хувцсыг өмссөн байхыг харах тэр мөчид би хамгийн жаргалтай нэгэн болж хувирах байх.

Алтанзул: Ихэр болж төрөх ямар байдаг талаар би өөрөө хамгийн сайн мэдэх учраас заавал ихэр хүүхэдтэй болно гэж боддог. Давуу тал, сул тал бүгдийг нь мэддэг учраас хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлага юу хүсэж байна, юу хүсэхгүй байна гэдгийг бүгдийг нь мэдэх болохоор өсгөж хүмүүжүүлэхэд илүү хялбар байна байх гэж боддог. Би бол хоёр төрөөд л алдарт эхийн одон авна гэж боддог. Хэн ч байсан гэсэн ихэр хүүхэд хүсэх байх. Ихрүүд харахаар л хайр хүрээд байдаг. Эцэст нь хэлэхэд ийм ховорхон хувь заяаг түших алтан боломж өгсөн аав, ээж хоёртоо үнэхээр их баярлалаа. Хайртай шүү та хоёртоо.

 

Ярилцлагадаа урин оролцуулсан humanZ.mn-ны хамт олондоо баярлалаа. Өөрсдийн хөгжилтэй явдлууд болон багын дурсамжуудаа олонд хуваалцах боломж олгосонд маш их баярлалаа. Танай хамт олны цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье!

 

 

3 Сэтгэгдэл:

  1. waaw huurhiin be ihertei bsn bol gej bodogdtol l....

  2. Хөөрхийнбэ ясан ❤️

  3. Хөөрхөн шүү❤️❤️ Бараг л уйллаа

Сэтгэгдэл илгээх

Image 10
21

2MOOD | Би ихрийгээ хөгшрөөд эмээ болсон ч миний дараа л бурхны орон руу яваарай гэдэг, ихэргүй байна гэдэг төсөөлөгдөшгүй

Би ихэртээ өдөр бүр, хором бүрд баярладаг. Орой болгон миний хоолыг бэлдээд, хийчихсэн байдаг. Намайг эмчилдэг, халамжилдаг гуйсан бүхнийг минь зөвшөөрдөг. Ихэр минь их цайлган, сайхан сэтгэлтэй.

Цааш үзэх
Image 10
20

2MOOD | Ихрүүдийн хайр бол нэг насны мөнхийн хайр болохоор дахин төрсөн ч түүний ихэр нь болохыг хүснэ

Миний санахын хөгжилтэй гэхээсээ илүү хүндхэн зүйл тохиож байсан нь санаанд орлоо. Бага байхдаа өвлийн хүйтэнд төмөр шанаганд хэлээ наачхаад ихрийгээ хайчинд явуулж байсан.

Цааш үзэх
Image 10
08

2MOOD | ИХЭР МИНЬ МИНИЙ АМЬ БИЕ, СЭТГЭЛ ихэргүйгээр би байж чадахгүй болов уу гэж боддог

Өөр шиг минь нэг хувилбар ахиад байгаа гэж бодохоор гоё ч юм шиг. Ер нь ихэр хүмүүс чинь амьдралынхаа хамгийн сайн найзтай ихэр болж төрдөг гэж зарим хүмүүс ярьдаг. Би ч санал нийлдэг. Үнэхээр ямар ч үед миний хажууд байж, буруу зүйл хийвэл хамт зөвшилцөж, ярилцаж чаддаг хүн хажууд байгаа гэж бодохоор үнэхээр гайхалтай.

Цааш үзэх
Image 10
02

2MOOD | Ихрийгээ өвдөхөөр "Бурхан минь оронд нь намайг өвтгөөч" гэж нууцхан гуйдаг

Ихэр маань сүүгээ хөхөж, би үнээний сүүгээр угжуулж өссөн гэж ээж минь хэлдэг юм. Тэр сүү нь шар тостой, гурилтай, том хүмүүс хүртэл дурлаж уумаар их л гоё амттай байсан гэдэг. Хэдий гоё амттай байлаа ч гэсэн ээжийнхээ сүүг нэг их хөхөж байгаагүй гэхээр гомдмоор байдаг юм. Энэ мэт нарийн нандин дурсамж их байдаг болохоор, тэр дурсамжийн эзэн нь болж төрсөндөө баярладаг.

Цааш үзэх