image

#GENZ | Г.ХАНДСҮРЭН: ВОЛЕЙБОЛ БОЛ МИНИЙ АМЬДРАЛЫН ТОМ ХЭСЭГ

Спортод тэр дундаа волейболын спортод дурлагсад Монголын нэгэн эмэгтэй тамирчны үзэл бодол, спортын замнал, зөвлөгөө, ярилцлагыг хүлээн авч уншихыг удаан хүлээсэн билээ. Энэ тамирчин бол "Тэнүүн-Огоо" спорт клубын тамирчин Гантогтохын ХАНДСҮРЭН. Тэрээр  Японы оюутны нийт есөн лиг байдгаас нэгдүгээр лиг буюу ДЭЭД ЛИГ-т тоглодог. 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний баг бүрэлдэхүүнд багтсанаар улсын шигшээ багийн тамирчин болсон. Одоогоор Япон улсад амьдарч байгаа билээ. 

Z үеийн төлөөлөл, волейболын спортын тамирчин Г.Хандсүрэнгийн халуун дотно, сонирхолтой ярилцлагаар та бүхнийг дайлъя.


- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. 

- Сайн. Сайн байна уу. Танай хамт олонд болоод бидний ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе.

-Японд удаан амьдарч байна. Монголдоо хэзээ ирэх вэ?

- Японд долоо дахь жилдээ амьдарч байгаа. Одоогоор монголоо санаад л байж байна даа.

- Волейболын спортоор яагаад хичээллэх болсон бэ. Дурсамжаасаа хуваалцаач?

- Анх Волейбол гэж огт мэддэггүй хүүхэд байлаа. Ахлах сургуулийн биеийн    тамирын н.Гансүх, н.Мөнхтөгс багш нар маань л "Дэмий гозон боллоо, бэлтгэлд нэг зүгээр ирээд үз..." гээд л тэгдэг байсан юм. Загвар өмсөнө, булчинтай болчихно гэж шалтаг тоочоод хоёр жил багш нартаа худлаа ярьж, ярьж нэг юм бэлтгэлд очоод, тэр цагаас хойш энэ спортод эргэлт буцалтгүй дурласан байдаг юм аа /инээв/. Тиймээс багш нартаа үргэлж баярлаж явдаг.

- Волейболын спортод багийн тоглолт чухал. Багийн гишүүний хувьд ямар зарчмыг баримталдаг вэ?

- Тийм шүү. Багийн спорт дундаас хамгийн их багийн тоглолт шаардсан нь ВОЛЕЙБОЛ гээд хэлчихмээр ч үе байдаг юм. Хэрвээ талбайд байгаа зургаан хүний нэг нь л сандарсан эсвэл төвлөрөлгүй тоглолттой харагдвал тэр хүн дээр өрсөлдөгч баг тоглолт хийж болдог. Давуулалт, довтолгоо, хууралтаар тэр хүнтэй л тоглоод байхад  ер нь манайх хожих боломжтой. Миний хувьд монголд тийм ч удаан волейбол тоглоогүй учраас Японы багийн тактик, онолын тоглолтод нэлээд дассан. Багийн гишүүний хувьд өөрийн тоглолтын үүргээ хариуцлагатайгаар бүрэн гүйцэт биелүүлэх нь багтаа оруулж байгаа хувь нэмэр гэж хардаг. Миний хувьд инээж баясаж энэ спортоос аз жаргал мэдэрч тоглох дуртай учраас аль болох багаа сэргээж, айлыг асааж өрсөлдөөн гаргаж тоглохыг хичээдэг.


- “Тэнүүн-Огоо” клубт хэзээнээс тоглох болсон бэ. Багийн болон хувийн амжилтуудаасаа дурдаач?

- 2018 оноос хойш гэрээтэйгээр клубынхээ тамирчин нь болоод явж байгаа. Манай клуб ер нь тогтмол амжилт гаргадаг. Харин одоо аваргаа авах л дутуу байгаа. 2018 оноос хойш Хасу CUP, Тэнүүн Огоо CUP, Холбооны цом, Үндэсний дээд лиг гэх мэт томоохон тэмцээнүүдэд медальт байрт орсон. Харин миний сүүлийн үеийн амжилт гэвэл Японы оюутны дээд лигийн хошой мөнгө, Бүх Японы Аваргаас 4-р байр гэх мэт япон дахь амжилт юм болов уу. Өмнөх амжилтуудаас гэвэл түрүүн дурьдсан Монгол туургатан олон улсын хүүхдийн наадмаас хошой мөнгө, идэрчүүд, залуучуудаар ‘Шилдэг давуулагч’ гэх мэт шагналуудыг хүртэж байсан. Дурьдаагүй хайртай шагналууд бас бус бий.

- Спортод амжилт гаргахад бэлтгэлийн үйл явц, үр дүн хэр чухал вэ?

Маш чухал. Миний л хувийн бодол л доо нүдээ аниад хийж чаддаг болтлоо бэлтгэлээ хийчихсэн байхад ядрах, гундах гутрах, уурлах уцаарлах, багийн болон хувийн янз бүрийн сэтгэл зүйн асуудлууд ч гарахгүй юм шиг санагддаг. Дэлхийд чансаагаа  тогтмол ахиулж байгаа улсын бэлтгэл бодлогыг харахад цаашдаа хийх бэлтгэлтэй үр дүн шууд хамааралтай байдаг. Хэрвээ бэлтгэл хангалттай бол амжилт хамтдаа ирнэ.

- Тамирчдад бэртэл гэмтэл хүнд тусдаг. Хэрхэн энэ байдлаас ангид байх вэ?

-Спорт хийж байгаа хүнд дор хаяж заавал нэг өвдөж байгаа газар байдаг гэж япончууд ярьдаг юм байна лээ. Хийх үедээ хийх юм аа 100-н хувь хийгээд амрах үедээ мөн 100-н хувь амрахыг "ON&OFF" тохируулах гэнэ. ON&OFF-оо сайн тааруулж байж бэртэл гэмтэл авалгүй төвлөрч спорт хийж чадна гэж заадаг.

Ихэвчлэн дасаагүй хөдөлгөөнийг хүчээр хийх, нэг агшинд анхаарал сарних, эсвэл анхнаасаа биеийн хүч ур чадвар хүрэхгүй зүйлийг чадна гэж зүтгэснээс болж ачааллаа даалгүй бэртэл авдаг гэж яриа хүртэл сонсож байсан. Тэгэхээр монгол тамирчид маань нэг л  зүйлийг бүр маш сайн ойлгочих хэрэгтэй юм шиг санагддаг. Бэлтгэл дээр бол багийн зүйл хийх ёстой, харин бусад цагаараа тэр бэлтгэлдээ өөрийн  биеэ бэлдэж хувийн бэлтгэл хийсэн байх ёстой гэдгийг, тэгэж байж бэртэл гэмтэлгүй, биеийн булраагүй урт хугацаанд тамирчны карьер хөөж чадна гэж бодож байна.

- Волейболын спорт бие махбод бодон сэтгэл зүйд хэрхэн эерэг нөлөө үзүүлдэг вэ?

-Волейболын спорт бол анх үзээд ойлгоход тийм ч амаргүй спортуудын нэг. "Юу нь тийм сонирхолтой сайхан байна" гэж асуух хүн багагүй.

Волейбол бол тэр чигтээ л багийн тоглолт байдаг. Хурд, хүч, нэгдэл, ур чадвар, ухаан зарсан спорт. Мөн байнгын бэлэн байдал, хүнтэй ойлголцох чадвар, нэг агшинд зөв шийдвэр гаргах чадвар зэргийг их шаарддаг учраас  өөрөө анзаараагүй байхдаа чухал чанаруудыг сурч авдаг онцлогтой. Үсрэлт, богино зайны шилжилттэй хурдан хөдөлгөөн шаарддаг спорт учраас биеийн бүх булчинг зэрэг ачааллаж эрүүл чийрэг, зөв тэгш бие бялдартай болгож өгдөг. Мэдээж зөв хийж, сайн тоглож чадаж байгаа хүн бол шүү дээ /инээв/.


- Энэ спорт таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ. Ямар мэдрэмжийг өгдөг вэ?

-Би энэ спортоор хоолоо олж идэж байгаа. Амьдралын минь томоохон хэсэг. Мэдээж маш олон золиос шаардсан, шаарддаг. Гэхдээ нэг зорилгодоо тууштай байх нь амжилтын гол гэж бодсон учраас хичээгээд үргэлжлүүлж байгаа. Энгийн нэг биш, хатуу чанга амьдралын хэлбэр учраас хэн дуртай нь хийгээд байхааргүй зүйл. Хүний нутагт, өдөр бүр өөртэйгөө тулж, бодит байдал дээр ахиж байна уу, үгүй юу гэдгээ мэдэж бусад тамирчидтай өөрийгөө өрсөлдүүлэн сорих том боломж гэж хардаг. Амжилт алдаа оноо минь намайг хурцалж байдаг.  Жил ирэх тусам дагаад хариуцлага нэмэгдэж байх шиг. Тийм болохоор ч юм уу надад бүх л зүйл нь сайхан санагддаг.

- Тамирчин хүнд байх ёстой хамгийн чухал чанар/чадвар?

-Багийн спортын тамирчин хүнд, би төвтэй зан зохидоггүй. Өөрийгөө бүрэн дайчилж, бусаддаа сайнаар нөлөөлдөг эерэг зан чанар бол хаана ч үнэлэгдэнэ.

- Чиний хувьд урам авдаг, хүндэлдэг тамирчин хэн бэ?

-Монголын Волейболын гэр бүлд байгаа бүхий л үе үеийн тамирчдаас сайн талаас нь суралцаж мууг хаяж явахыг хичээдэг. Яг ийм, тийм гээд шүтдэг тамирчин гэхээр яг одоогоор шүтээнээ олоогүй л явна /инээв/.

- Спортод амжилт гаргахад сэтгэл зүй хэрхэн бэлтгэгдсэн байх ёстой вэ. Таны хувьд юунаас эрч хүч урам зориг авдаг вэ?

- Сэтгэл зүй нэгт шүү дээ. Аль болох л сэтгэл зүйгээ савлуулахгүй байх хэрэгтэй. Сэтгэл зүй, сэтгэл хөдлөл хоёр өөр зүйл. Сэтгэл зүйгээ барьж байна гээд дуугарахгүй, олигтой тоглохгүй бол энэ нь өөрөө сэтгэл зүйн хувьд ч уналттай байгаагийн шинж. Юу, юуны түрүүнд багийн спортод хажуудах хүндээ л аль болох сайнаар нөлөөлөх хэрэгтэй.  Миний хувьд хийсэн бэлтгэл, хүнд зүйлсийг давсанаараа өөртөө итгэх итгэлээ улам бататгаж багийн тоглолтод оролцоод,  багаараа гаргасан сайн тоглолтоосоо эрч хүч урам авдаг.

- Олон хүүхэд, залуус волейболын спортод дурладаг болжээ. Энэ дотроос тамирчин болох чин хүсэл эрмэлзэлтэй нь ч цөөнгүй байдаг. Тэдний хамгийн анхны алхам болон зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлсийг зөвлөөч?

- Миний өнцгөөс харахад хүүхэд залуус маань хамгийн түрүүнд бие хаа, зүс царай, ур чадвараа бусадтай харьцуулж бусдад анхаарлаа хандуулснаар өөрийн чаддаг зүйлс, давуу талаа юман чинээ тоохоо болиод байх шиг. Ингэснээрээ өөртөө итгэх итгэлээ байхгүй болгоод сайн тоглох, лигийн тамирчин болох замыг тээр тэнд саран дээр байдаг хол зүйл шиг төсөөлөөд ч байдаг юм шиг. Яг одоо хийж байгаа зүйл чинь, маргааш хийх зүйл чинь чамайг бүтээж байдаг гэдгийг марталгүй, өдөр бүр бага багаар л сайжраад байх хэрэгтэй гэж хэлэх байна. Үүний тулд шантрахгүй, өөрийгөө доогуур үнэлэлгүй ‘...яавал би чадах уу?...’ гэдэгт анхаарлаа бүрэн хандуулж сурвал зүгээр. Бас яаж хурдан сайжрах вэ гэдэг хүүхдүүд их байдаг. Хурдан сурсан зүйл хурдан мартагддаг. Тэгэхээр өөрийн давуу талаа хайж олоод бодит байдалтай эвлэрэх нь чухал. Тэгээд хөдөлмөрлө, үгээр хөлс дуслуулахгүй шүү дээ.

-Хандаагийн спортын хэтийн зорилго?

-Зорилгоо нууц хэвээр нь үлдээнэ ээ /инээв/. Ярихаас илүү хийх нь сайхан шүү дээ.

- Хандаагийн завгүй нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

- Миний нэг өдөр өглөө сэрэнгүүтээ гялс хөшигөө нээхээс л эхэлдэг дээ.

Кинон дээр гардаг шиг романтикаар хөшигөө нээдэггүй ээ, зүгээр л буцаад унтчих гээд байдаг юм л даа /инээв/. Сэрээд ус уугаад өглөөний цайгаа заавал уудаг. Ташрамд хэлэхэд, өглөөний цайг алгасах нь таныг  таргалалтад нэг шатаар дөхүүлж өгдөг юм шүү. Цайгаа ууж байгаарай. Тэгээд мэдээж би оюутан учраас хичээлдээ явна. Өдрийн хоолоо мэдээж алгасахгүй. Тараад шууд заал руу гүйдэг. Бэлтгэлээ тараад яаралтай хоолоо иднэ дээ. Хичээлгүй үед бол өдрийн 2-3 бэлтгэл хийдэг. Лигийн, аялан мөн нөхөрсөг тоглолтуудтай үед мэдээж өөр цагийн хуваарьтай байдаг ч ерөнхийдөө иймэрхүү байдлаар бүтэн жил үргэлжилсэн, өдрийн амралтгүй байнгын бэлтгэлтэй байдаг. Хоолны талаар ингэж их оруулаад байгаа нь учиртай. Унтаж байхдаа тэр бүү хэл зүгээр сууж байхдаа хүртэл хүн энерги зарж байдаг. Тийм болохоор ер нь тамирчин гэлтгүй энгийн хүн хүртэл өдрийн 3 заавал хооллох ёстой. Хоолгүй бэлтгэл хийдэг тамирчидтай цөөнгүй таардаг л даа. Хэрвээ та бага ч  гэсэн бэлтгэл хийсэн, хийдэг л бол хоол сайн идээрэй. Идэхгүй бол булчингийн ядаргаанд орж хүсээд хүсээд  хүчгүй, бэлтгэлийн ачаалал даах чадваргүй болно шүү. Ингэснээр мэдээж чанартай бас удаан спорт хийж чадахаа болино шүү. Яриагаа буцаахад, чөлөөт цагаараа хичээлээ хийнэ, гэрийнхэнтэйгээ болж өгвөл  ярьчихна гээд л өөр хиймээр юмаа хийдэг дээ. Facebook дээр өөрийн Page-ээ нээгээд жил хагас өнгөрч байгаа. Тэндээ өдөрт нэг пост оруулна гээд өөртөө амалчихсан юм. Амлалтаа биелүүлнэ ээ бас болоогүй, өөрийгөө л хуурахгүй юм шүү.

Г.Хандсүрэнгийн ФЭЙСБҮҮК ПЭЙЖ ХУУДАС : https://www.facebook.com/handaofficialpg


Орой аль болох эрт унтахыг хичээдэг ч багийн уулзалт, яриа, дуусгаагүй үлдсэн бие даалтууд, угаах хувцас, маргаашийн бэлтгэл гээд л хийх юм их. Бусдын л адил бүгдийг нь амжуулаад л орондоо ордог. Харин найман цагийн нойр авах гэж их хичээдэг. Тэгээд сэрээд ахиад нэг сайхан шинэ өдөр эхэлдэг дээ.

- Шантрах, сэтгэлээр унасан үедээ хэрхэн тайтгардаг вэ?

- Шантрах нь муу зүйл биш. Харин шантарсан үедээ хэрхэн шантралаас гарах вэ гэдэг нь чухал гэж бодож байна. Би хувьдаа яагаад эхэлснээ бас үүний төлөө хэр их зүйл зориулсанаа ахин нэг боддог. Тэгэхээр нэг мэдэхэд л юу хийх ёстойгоо мэдчихсэн хийх зүйлсээ бодчихсон сууж байдаг.

- Эсрэгээрээ хэрхэн эерэг байдаг вэ?

-Эерэг зүйл ярих, бодох нь эерэг байхад тусалдаг. Ер нь тухайн хийж буй зүйлд маань шууд нөлөөлдөг гэж бодоод л байнга сайн сайхан зүйл бодох гэж хичээдэг.

- Сошиал хэрэглээний талаар ямар үзэл бодолтой вэ. Мөн өөрөө хэр идэвхтэй хэрэглэгч вэ?

-Өөрийгөө сошиал медиа хэт идэвхтэй хэрэглэгчдийн нэг гэж боддог. Завтай үедээ Facebook, Instagram, Facebook Page-ээ байнга шалгаж хэрэгтэй байж магадгүй гэсэн баттай мэдлэг мэдээллээ пост болгон хуваалцаж, DM буюу direct messenger, PM буюу private message-үүдэд дор дор нь тогтмор хариу өгч хүмүүстэй харилцах дуртай. Сошиал медиа бол үзэл бодлоо хуваалцах солилцох чухал орчин. Бас маш зөв хэрэглэх хэрэгтэй, хэн харж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Ялангуяа жаахан дүү нар минь харж л байгаа шүү дээ. Хамаагүй хараал, нийгмийн муу муухай гэхээсээ илүү эерэг зүйлсийг илүү харуулж байвал зүгээр санагддаг. Жишээ нь түгжрэлийг бүгд л мэдэж байгаа шүү дээ.

Г.Хандсүрэнгийн ИНСТАГРАММ : https://www.instagram.com/undargan_/

- Z үеийн залуусын давуу тал?

- Нийгэм цаг үе секундаар хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үеийн хүүхдүүдэд харах үзэх зүйл их, тархи нь  хэрэгтэй хэрэггүй мэдээллээр хэт их бөмбөгдүүлж байгаа юм шиг санагддаг. Би ч гэсэн тэдний нэг нь. Тэр дотроос өөрт хэрэгтэй зүйлээ олж авч чадсан нь өрсөлдөх чадвар, ганцаараа амьдраад явах хүчтэй болж өсөж том болж байхад нөгөө тал нь тэдгээр мэдээллүүд дунд төөрч будилан, буруу талруугаа хөл алдсанаар асуудлуудтай тулгарч үзэх ёсгүйгээ үзэх ёстой мэтээр амьдраад байх шиг. Хүн бүрт ижил тэгш 24 цаг байдаг. Үүнийгээ яаж зарж байгаагаас чиний амьдралд өөрчлөлт орно шүү гээд хэлчихмээр үе байдаг шүү. Z үеийн залуусд  маань, зөвхөн өөрт байгаа хүчээрээ онцгойрч амжилтанд хүрэх, давуу талаа хөгжүүлж чадвал үнэлээд өгөх нийгэм нь бүрдэж байгаа. Энэ шинэ эрин үед яг залуу нас нь таарч байгаа нь бидний чухал давуу тал гэж боддог. Тэгэхээр өөрийгөө мэдлэгээр бүрэн тоноглож энэ давуу талаа сайтар ашиглах хэрэгтэй юм шиг.


- Уншигчдад урмын үгс хэлээч?

- Юуны өмнө урьж оролцуулсан HumanZ-ийн хамт олонд баярлалаа. Улам их амжилт хүсье. Бидний ярилцлагыг унших уншигчиддаа хандаж хэлэхэд өөрийн гэсэн хүсэл зорилго тэмүүлэлтэй бас мөрөөдөлтэй байж түүндээ хүрэхийн тулд хичээгээд нэг үзээрэй. Зорилго, мөрөөдлөө хараахан олоогүй байгаа бол одооноос эрчимтэй хайж эхлээрэй. Энэ магадгүй миний таны амьд яваагийн утга учир байж мэднэ шүү. Бас гэр бүлийнхэндээ хайртай гэж хэлж байгаарай ️ Битгий шантраарай чи чадна. Сэтгэлээрээ баян яваарай гэж л хэлье. 😊

- Баярлалаа.

- Баярлалаа.

ТАМИРЧИН Г.ХАНДСҮРЭНГИЙН ФОТО ТҮҮХЭЭС:

 

6 Сэтгэгдэл:

  1. mundag egch shuu👩

  2. Uneheer gaihaltai uzel bodoltoi uneheer bidend eyreg ulger duurailal boldg anai shuu amjilt💓💓(Handaa anaigin unench fan 😊)

  3. Amjilt

  4. Амжилт хүсье

  5. Amjilt husey

  6. Demjdeg shu

Сэтгэгдэл илгээх

Image 12
02

ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН ТҮГЭЭМЭЛ ГАРГАДАГ 10 АЛДАА

Bill Gates нэгэн удаа ингэж хэлжээ “Хэрвээ чи ядуу төрсөн бол энэ чиний буруу биш, харин ядуу үхэж байгаа бол энэ чиний буруу”.

Цааш үзэх
Image 11
27

ЯПОН улсад суралцах гурван БОЛОМЖ

Хөгжилтэй улс орнууд өөрийн улсын иргэдийн боловсрол, хүмүүжилд тэргүүн зэргийн анхаарал тавьж хөгжүүлж байж амжилтад хүрсэн нь тогтоогдоод байна. Япон улс бол боловсролын системээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг.

Цааш үзэх
Image 11
27

2021 онд хамгийн их эрэлттэй болох кибер ур чадвар

Кибер аюулгүй байдлыг хамгаалах нь өнөө үед хүчээ авч буй хамгийн том биеэ даасан салбар болжээ. Хязгааргүй урсах мэдээ мэдээллийн энэ эрин зуунд мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний болон байгууллагын, цаашлаад улс гүрний аюулгүй байдал гэдэг хамгийн чухалд тооцогдох болсон.

Цааш үзэх
Image 11
26

Дэлхий дахинаа ХАМГИЙН өндөр хандалттай шилдэг ТАВАН подкаст

Цахим хэрэглээ ноёлох болоод байгаа энэ цаг үед хүн болгон цаасан ном сонин уншихаас илүүтэйгээр өөрийн гар утас,цахим сүлжээг ашиглан ажлынхаа чөлөөт цагаар мөн түгжрэлд өнгөрөөх цаг хугацаандаа подкаст сонсох элбэгтэй болоод байгаа билээ. Тиймээс дэлхий дахинаа хамгийн өндөр хандалттай шилдэг ТАВАН подкастыг танилцуулж байна.

Цааш үзэх