image

2MOOD | Ихрийгээ өвдөхөөр "Бурхан минь оронд нь намайг өвтгөөч" гэж нууцхан гуйдаг

Бид 2MOOD ихрүүдийн буландаа энэ  удаа Б. Отгонзаяа, Б. Отгонтуяа хэмээх хоёр ихрүүдийг урьж оролцууллаа. Гадаад төрх , үг үйлдэл нь ижил ч хоёр өөр ертөнцийг харуулах ихрүүдээс хүн бүрийн асууж сонирхдог, мэдэхийг хүсдэг, асуултуудыг нэгтгэн, 16 асуултыг уламжлал болгон та бүхэнд хүргэж байхаар болсон билээ. Энэ удаа хоёр өөр эсийн гэх ихэр охидуудтай танилцацгаая.

- Ихэр байх ямар байдаг вэ?

Б.Отгонтуяа: Мэдээж гоё. Сайн найзаа олоод төрчихсөн л гэсэн үг. 

Б.Отгонзаяа: Ихэр байх мэдээж гоё. Хөгжилтэй, эсрэгээрээ уур хүрмээр гээд адал явдалтай зүйлс зөндөө тохиолдоно. Хамгийн гол нь ихрүүд нэгнийхээ ядарч, гунигласан, хүнд хэцүү үед үнэхээр сайн хань нөхөр нь байж чаддаг. Үүнд л ихэр байхын үнэ цэн нь оршдог байх. Танилцаад удаагүй хүмүүсдээ ч юм уу, ажил алба, хүрээлэл гээд эргэн тойрны хүмүүсдээ “Би нээрээ ихэр шдээ” гээд инээд баяраар дүүрэн ярих дуртай. Яагаад гэвэл ихэр заяаг олж төрсөн минь нэг бодлын бусдаас ялгарах нэгээхэн онцлог гэж би хувьдаа боддог. Учир нь ихэр байх хувь бүх хүмүүст тохиогоод байдаггүй шүү дээ. Нэг гоё үг байдаг “Ихэр хүмүүс хамгийн сайн найзтайгаа хамт төрдөг” гэж. Мөн “Амьдралд найз байдаггүй” гэж зарим хүмүүс ярьдаг юм. Харин надад хэзээ ч нүүрээ буруулахгүй, атаархаж эсвэл өс санахгүй дотнын найз байна шүү дээ. Энэ бол хамгийн том аз байх.

- Ихэр болж төрсөндөө баярладаг уу?

Б.Отгонтуяа: Маш их баярладаг. Ард минь асаалттай танк байгаа гэж бодохоор л гоё.

Б.Отгонзаяа: Мэдээж маш их баярладаг. Бага насныхаа дурсамжийг огт мартдаггүй юм. Жаргалтай гэхээсээ илүү бага зэрэг уйлаан, зодоонтой дурсамж нь их. Одоо бодоход хоорондоо их муудалцдаг байж. Хамгийн муухай нь бид хоёр нэг өдөр муудаад би хогийн шүүрний бариулаар ихрийнхээ хөлийн улийг нь цохиж байснаа мартдаггүй юм. Гэмшсэндээ болоод мартдаггүй байх. Энэ мэт нэг нэгэн рүүгээ үсний боолтоо чулуудалцах, муудалцаад уйлах гээд хөгтэй дурсамж их бий. Ихэр маань сүүгээ хөхөж, би үнээний сүүгээр угжуулж өссөн гэж ээж минь хэлдэг юм. Тэр сүү нь шар тостой, гурилтай, том хүмүүс хүртэл дурлаж уумаар их л гоё амттай байсан гэдэг. Хэдий гоё амттай байлаа ч гэсэн ээжийнхээ сүүг нэг их хөхөж байгаагүй гэхээр гомдмоор байдаг юм. Энэ мэт нарийн нандин дурсамж их байдаг болохоор, тэр дурсамжийн эзэн нь болж төрсөндөө баярладаг.

No description available.

- Ихэр та хоёроос хүмүүсийн хамгийн их асуудаг тэнэг асуулт?

Б.Отгонтуяа: Оюутан байхад арван жилдээ нэг анги байсан уу, одоо их сургуульдаа ч бас нэг анги уу гэж их асууж байсан. Ихэр хүмүүс гэхээр л байнга цуг, бүх юм нь хамт байдаг гэх ойлголттой байдаг. Ихрүүд ч гэсэн хувь хүмүүс шүү дээ.

Б.Отгонзаяа: Бид хоёр ихэр ч гэсэн хоорондоо адилгүй, тэс өөр болохоор хүмүүс “Та хоёр яагаад ийм өөр юм” гэж их асуудаг. “Хоёр эсийн ихрүүд байгаа юмаа” гэхээр “Бас тийм юм байдаг юм уу” гээд бага зэрэг гайхдаг. Заримдаа бүр “Үгүй ээ, нээрээ ихэр шдээ” гээд итгүүлэх гэж бөөн юм болох үе ч бий. Зарим хүмүүс “Танай ихэр чинь чамаас хэдэн насаар дүү юм бэ” гэдэг. Инээд хүрээд  “Мэдэхгүй ээ, 5,10 минутаар л дүү байх даа” гэдэг юм. Тэгэхээр “Өө нээрээ тийм шүү дээ” гээд өөрийгөө шоолж гарна. Зарим нь бүр “Ихэр хүмүүс яг ижилхэн сэтгэдэг үү” гэж асуудаг. Яалаа гэж дээ. 

- Ихэр чинь байхгүй гэж төсөөлдөө, ямар мэдрэмж төрж байна?

Б.Отгонтуяа: Ганцаардал мэдрэгдэж байна. Гэхдээ энэ асуулт хоёр талтай. Анхнаасаа ихэр биш ганцаараа төрсөн бол ганцаараа гэдэгтээ дасан зохицсон байх байсан. Ихэртэй байж байгаад нэг нь үрчлүүлэх, эндэх зэргээр байхгүй болсон бол үнэхээр хэцүү санагдана.

Б.Отгонзаяа: Би арван жилд байхдаа математикийн хичээлдээ маруухан байлаа. Багш шалгалт авах болоход ихэр маань миний гол цаасыг аваад өмнөөс минь бодчихдог байсан юм. Хэрвээ ихэр маань байгаагүй бол книшкан дээр сайн дүн тавигдахгүй байсан байх ххэ. Нээрээ өмнө нь ихэр маань байхгүй байсан бол гэж төсөөлж байгаагүй юм байна. Зүгээр л, алдчих вий гэх айдас дотор минь үргэлж байдаг. Хүмүүс хайртай дотнын хүнээ алдахаас маш их айдаг шүү дээ. Төсөөлж ч чаддаггүй байх. Миний хувьд үүнтэй л адил, хэчнээн их шаналах бол гэдгээ төсөөлж ч чаддаггүй юм.

- Ихэртэйгээ хийж байсан хамгийн хөгжилтэй, сахилгагүй зүйл?

Б.Отгонтуяа: Багадаа л их сахилгагүй байждээ.Одоо гайгүй ээ.

Б.Отгонзаяа: Бага байхдаа л аав, ээжийг яг унтах гээд орондоо ороод, гэрлээ унтраачихсан үед нь тас тас хөхрөөд амар тайван үзүүлдэггүй байсан. Хоорондоо ноцолдсоор байгаад сүүлдээ инээх ямар ч шалтгаан байхгүй байхад л бие бие рүүгээ хараад чанга, чанга инээх үе байдаг даа. Тэгж байгаад л загнуулна.

Бага байхдаа хувцасны шкафанд нуугдаад гаралгүй нэлээн удаж, гэрийнхэн бөөн эрэл хайгуул болж байсан юм. Хоёулаа юу, эсвэл нэг нь үү гэдгийг одоо мартжээ. Ямартай ч аав, ээж, эгч сандралдаад бөөн юм болж байхад тэрийг нь щкафны завсраар хараад инээгээд сууж байсан муухай охин байлаа. Гэхдээ сүүлдээ шкафнаасаа гарахаас эмээгээд, загнуулна байхдаа гэж их айж байсныгаа мартдаггүй юм. Одоо бодоход тэр орой нь нэлээн загнуулсан л байх даа. Ер нь бага байхдаа л жаахан сахилгагүй байж. Том болоод томоотой болсон. Гэхдээ найзуудтайгаа нийлээд айлын хаалга тогшиж зугатаах гээд дурсамж бий. 

No description available.

- Ихэрдээ 0-10 хооронд хайраа илчилвэл?

Б.Отгонтуяа: 10. Ихрүүд бас хоорондоо ах дүү гэж байдаг. Эхэлж төрсөн нь дүү, сүүлд төрсөн нь ах эгч гэх мэт. Би дүү нь байгаа юм. Ихрийг бодвол амттанд их дуртай. Дүү нь гээд чихэр жимс авахуулаад эгчийн хайранд их эрхэлнээ. 

Б.Отгонзаяа: Хамгийн ихээр нь 10-ийн тоог хэлнэ. Хэрвээ түүнээс их тоо байсан бол тэрийг сонгох байх. Ер нь бол хэмжиж болохооргүй их хайртай. 

- Аав, ээж, ах дүү гэр бүлээсээ ихэрдээ илүү хайртай байж чадах уу?

Б.Отгонтуяа: Хамгийн түрүүнд аав, ээж минь. Тэд минь л биднийг хайраар өсгөж нэгнийгээ хайрлах ухааныг ойлгуулсан.

Б.Отгонзаяа: Хамгийн түрүүнд би аав, ээжийгээ хэлнэ. Тэд минь л бид хоёрт ихэр байх хувь заяаг олгосон шүү дээ. Харин дараа нь ихрийгээ хэлнэ. 

- Ихэр чинь өвдвөл чамд ямар байдаг вэ?

Б.Отгонтуяа: Өвдөх ямар байдгийг мэддэг болохоор хэцүү. Ер нь өвчин гэдэг хэцүү зүйл. Ихэр маань намайг бодвол их өвдчих гээд байдаг. Гэхдээ үг авдаггүй. 

Б.Отгонзаяа: Заримдаа дотроо “Бурхан минь, ихэрээгийн өвчнийг надад өгөөч” гэж нууцхан шивнэдэг юм. Ихэр маань ч бас намайг өвдөхөд халамж хайр нь улам л нэмэгддэг. Гэхдээ зарим хүмүүс нэгнийгээ өвдөхөөр дагаад өвддөг үү гэж асуудаг. Нэг их мэдэгддэггүй ч гэсэн заримдаа нэг нэгнийгээ дагаж өвдөөд байгаа юм шиг санагддаг. Ер нь тийм үе байдаг гэж болно. 

- Та хоёрыг ялгах хялбар арга?

Б.Отгонтуяа: Бид хоёр Хоёр эсийн ихрүүд болхоор угаасаа шал өөр. Сонирхол нь хүртэл өөр. Бид хоёр шиг ийм шал өөр ихрүүд ер нь байдаг болов уу гэж боддог доо.

Б.Отгонзаяа: Бид хоёр хоорондоо тэс өөр. Нэг нь аавтай, нөгөө нь ээжтэй адилхан. Аав, ээжийн танилууд, хамаатны ах эгч нар намайг “жижиг Батбаяр”, Ихэрээг “жижиг Ариунтуяа” гэдэг.

- Хэн нь хамгийн ухаантай вэ, яагаад?

Б.Отгонтуяа: Би ухаантай нь.

Б.Отгонзаяа: Манай ихэрт аливааг сүвэгчлэх ухаан, эмэгтэй хүний оновчтой шийдвэр гаргах чадвар байдаг. Ээжийн зан чанар, тэсвэр хатуужил, ухааны ген удамшсан болохоор тэр болов уу.

No description available.

- Ихрийнхээ өмнөөс ажил, хичээл, шалгалт, уулзалт гэх мэт юманд явж байсан уу?

Б.Отгонтуяа: Шал өөр болохоор тийм зүйл болж байгаагүй. Адилхан байсан бол солиоруулж байхгүй юу гэж их боддог

Б.Отгонзаяа: Хоорондоо адилгүй болохоор ихэрийнхээ өмнөөс хэн нэгэнтэй уулзах, шалгалт өгч үзээгүй. Ялгахын аргагүй ижилхэн байсан бол их л дүрсгүйтэх байсан байх. Ингээд бодохоор заримдаа жаахан муухай байдаг юм.

- Аав ээж, найз залуу, найз охин нь ямар нэгэн байдлаар андуурч байсан уу, яаж?

Б.Отгонтуяа: Тийм зүйл болж байгаагүй ээ. Эмээ маань утасны цаанаас хоолой танихгүй андуурдаг. Гэхдээ удахгүй баригддаг даа. 

Б.Отгонзаяа: Хоорондоо адилгүй болохоор андуурах тохиолдолтой бараг гардаггүй.

- Хол хэдий ч нэгнийгээ мэдэрч байсан тохиолдол байгаа юу?

Б.Отгонтуяа: Байхгүй байх аа. Хоёр эсийн ихэрүүд гэхээрээ тийм байдаг юм болов уу. Тийм зүйл мэдэрч байгаагүй.

Б.Отгонзаяа: Хамт байхаараа муудалцаад, хол байхаараа санаад байдаг юм. Түүнээс хол байхдаа нэгнийгээ мэдэрч байсан үгүйг яг сайн хэлж мэдэхгүй байна.

- Хэн нь хамгийн сахилгагүй хөдөлгөөнтэй нь вэ, яагаад?

Б.Отгонтуяа: Ихэр маань илүү хөдөлгөөнтэй. Би жоохон бүрэгдүү. Ихэр маань бол нүүрэмгий, шулуухан зантай.

Б.Отгонзаяа: Өөрийгөө л хэлэх байх даа. Яагаад гэвэл манай ихэр намайг бодвол төлөв даруу. Юмны түрүүнд хашхичиж дуугардаг, хүмүүстэй нийтэч, хөгжилдөхдөө хөгжилдөнө. Гэхдээ Ихэрээ бид хоёр нийлэхээрээ үнэхээр галзуу болох үе зөндөө бий. Мэддэггүй хүмүүс бол биднийг хараад гайхах байх. 

- Хэн нь хамгийн хөөрхөн нь вэ, яагаад?

Б.Отгонтуяа: Манай ихэр. Ихэр болохоор намайг хөөрхөн л гэдэг. Миний хөөрхөн ч гэж юу байхав, манай ихэр худлаа ярина ч гэж юу байхав.

Б.Отгонзаяа: Манай ихэр хамгийн хөөрхөн нь. Ээжийг дуурайсан болохоор. Харин ээжийн сонголтыг би заримдаа гайхдаг юм. Гэхдээ тоглосон юм шүү. 

- Ихэр хүүхэдтэй болохыг хүсдэг үү. Тийм бол яагаад, үгүй бол яагаад?

Б.Отгонтуяа: Ихэр хүүхэдтэй болохыг хүсдэг. Би ч бас хүүхдээ сайн найзтай нь цуг төрүүлж өсгөмөөр байна.

Б.Отгонзаяа: Ихэр хүмүүс өөрсдөө ихэр хүүхэд гаргадаггүй гэж ярьдаг юм билээ. Яагаад гэвэл хүүхдийнх нь хүүхдээс ч юм уу алгасаж төрдөг гэдэг. Гэхдээ би ихэр хүүхэдтэй болохыг их хүсдэг болохоор энэ ярианд итгэдэггүй юм. Ээж нь ихэр, хүүхдүүд ихэр байвал гоё шүү дээ. Миний нөхөр болох хүн их азтай хүн байна байх. Яагаад гэвэл ихрийн удамтай хүнтэй суугаад өөрийнхөө удамд шинэчлэлт хийх нь байна шдээ. 

No description available.

 

Бэлтгэсэн: М. Мөнхсолонго

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
21

2MOOD | Би ихрийгээ хөгшрөөд эмээ болсон ч миний дараа л бурхны орон руу яваарай гэдэг, ихэргүй байна гэдэг төсөөлөгдөшгүй

Би ихэртээ өдөр бүр, хором бүрд баярладаг. Орой болгон миний хоолыг бэлдээд, хийчихсэн байдаг. Намайг эмчилдэг, халамжилдаг гуйсан бүхнийг минь зөвшөөрдөг. Ихэр минь их цайлган, сайхан сэтгэлтэй.

Цааш үзэх
Image 10
20

2MOOD | Ихрүүдийн хайр бол нэг насны мөнхийн хайр болохоор дахин төрсөн ч түүний ихэр нь болохыг хүснэ

Миний санахын хөгжилтэй гэхээсээ илүү хүндхэн зүйл тохиож байсан нь санаанд орлоо. Бага байхдаа өвлийн хүйтэнд төмөр шанаганд хэлээ наачхаад ихрийгээ хайчинд явуулж байсан.

Цааш үзэх
Image 10
08

2MOOD | ИХЭР МИНЬ МИНИЙ АМЬ БИЕ, СЭТГЭЛ ихэргүйгээр би байж чадахгүй болов уу гэж боддог

Өөр шиг минь нэг хувилбар ахиад байгаа гэж бодохоор гоё ч юм шиг. Ер нь ихэр хүмүүс чинь амьдралынхаа хамгийн сайн найзтай ихэр болж төрдөг гэж зарим хүмүүс ярьдаг. Би ч санал нийлдэг. Үнэхээр ямар ч үед миний хажууд байж, буруу зүйл хийвэл хамт зөвшилцөж, ярилцаж чаддаг хүн хажууд байгаа гэж бодохоор үнэхээр гайхалтай.

Цааш үзэх
Image 10
06

2MOOD | Аав ээж, өвөө эмээ маань ч биднийг андуурах үе гардаг

Бид хоёрыг анх удаа харвал усны дусал шиг адилхан. Зарим гярхай хүмүүс мэнгэ хараад ялгачихдаг. Хүмүүс ихэвчлэн мэнгээр ялгадаг юм. Зулаа нүднийхээ доор хоёр мэнгэтэй. Тэр мэнгийг нь нулимс дуссан мэнгэ гэж нэрлэдэг.

Цааш үзэх