image

ҮЗГЭЭР ТЭМЦЬЕ | ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ГАР УТСААРАА БИШ, ЧАДДАГ ЗҮЙЛЭЭРЭЭ ТЭМЦЬЕ

Чаддаг, чаддаг зүйлээрээ хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцье. Сэтгүүлчид хүчирхийлэгчийг илрүүлж, айл бүрийн үүдэнд эргүүл хийж, бүх хүүхдийг хамгаалж чадахгүй. Гэхдээ бид нийгмийн ухамсарт нийтлэлээр нөлөөлж чадна. ҮЗГЭЭР ТЭМЦЬЕ.

Хүүхдийн амь эндэх тоолонд цахим орчинд толгойтой бүхэн тэмцэл хийхээ илэрхийлж, хүчирхийлэгчийг элдвээр хараасан коммент бичиж, зогсоо зайгүй гар утсаараа эмгэнэл илэрхийлдэг ч хохирогчийн буяны ажил дуусаагүй байхад нийгэм тэр чигээрээ мартдаг гэхэд хилсдэхгүй. Ердөө 24 цагийн настай сошиал шуугиан өргөс суга татах шиг амархан намддаг ч, орой бүр хананы цаана аврал эрэн суудаг бяцхан үрсийн айдас арилахгүй. Хүүхдийг хайр халамжаар дутаавал хүчирхийлэл үйлдсэн гэж үздэг. Хүчирхийллийг дотор нь дөрөв ангилах бөгөөд тус бүртээ нарийн ангилал, хэлбэр шинжтэй.

Монгол Улс хүүхдийн эрхийн конвенцод нэгдээд 30 жилийн хугацаа өнгөрч байна. Иргэн бүр дор бүрнээ хүчирхийллийг жигшиж, Аз жаргалтай Улаанбаатар уриан дор аж төрдөг. Гэсэн ч хүний ой ухаанд багтамгүй аймшигтай шалтгаанаар бяцхан үрс тэнгэрийн орныг зорьсоор.

Өчигдөрхөн гэхэд нийгмийг есөн настай охин хойд аавынхаа гарт харамсалтайгаар амиа алдав. Энэ бол нэг удаагийн сенсаци болгоод, том жижиггүй халаглаад өнгөрөх хэрэг биш. Хайраар дутаах эрхгүй охин үрийнхээ хавиргыг хугалж, амь тавих хүртэл нь зодсон хойд аавыг буруутгаад юу ч шийдэгдэхгүй. Охиндоо анхаарал тавилгүй явсаар балмад эрийн гарын шүүс болгосон ээжийг нь зүхээд нэмэргүй. Цахим орчинд аян өрнүүлж, гэмт хэргийн мэдээллийг олон нийтийн сувгаар цацаад ч үр дүнгүй болов уу. Энгийн иргэнээс шийдвэр гаргах түвшний удирдлага хүртэл хүүхдийн эрхийг хамгаалж, хүчирхийллийг таслах зогсоох арга хэмжээ авснаар сая нэг хүчирхийлэл үйлдэгч өөрийгөө хянаж эхэлнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн том зөрчлийн нэг төдийгүй үүний хохирогч нь дийлэнхдээ хүүхэд, эмэгтэйчүүд.

Монгол Улс 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан, 2017 оноос эхлэн мөрдөж байгаагаас гадна Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт энэ чиглэлийн асуудлыг тусган өгч, хэрэгжүүлж байгаа. Гэвч эдгээр хуулийн заалт, төсөл хөтөлбөрүүд захын гэр хорооллын хөрсөн дээр буухгүй байгаа нь харамсалтай. Жил ирэх тусам насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь ихэссээр. Сүүлийн гурван жилийн хугацаанд 667 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх тоо бий. Тэр дундаа цар тахлын улмаас хөл хорио тогтоосон найман сарын хугацаанд 162 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж 40 хувь нь шүүхээр шийдвэрлэгджээ.  Хамгийн сүүлд гэхэд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай охиныг гэрийнх нь ойролцоогоос хүчээр машинд суулган авч явж хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ бүх аймшигт мэдээлэлд иргэдийн чих дөчирч, байнга болж байдаг үйл явдал шиг хүлээн авч байгаа нь харамсалтай. Хэн нэгнийг буруутгах гэсэнгүй.

Хүчирхийлэгч хол биш, магадгүй яг дэргэд тань байж мэднэ.

Оройн цагаар бага насны хүүхдээ ганцааранг нь бүү гарга. Хамаатны болон найз нөхдийнхөө гэрт охиноо битгий үлдээ. Гэртээ битгий архи уу. Охин хүүхэдтэй бол танихгүй хүн битгий авчир. Хуруу даран тоологдох аймшигтай хэргүүд ар араасаа үйлдэгдэх энэ бараан нийгэмд сэрэмж хэзээ ч илүүдэхгүй.

Та Цагдаагийн байгууллагын 102 болон хүчирхийллийн мэдээлэл үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн болон хууль зүйн  зөвлөгөө өгдөг 107, хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарын утсанд хандаарай. Эдгээр дугаарууд нь үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажилладаг байна. Мөн та хорооны нийгмийн ажилтан, 107 утсаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 96490505 утсаар нөхцөл байдлын мэдээллээ өгч, зөвлөгөө  авах боломжтой юм.

Мэдээлэл өгснөөр тухайн байгууллагаас танд ямар үйлчилгээ үзүүлэхийг зөвлөж, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч, ХЭҮТ өөрийн хамгаалах байрандаа шилжүүлэх боломжтой.

 

Бэлтгэсэн: М.Баасандэлгэр 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Хүнсний хаягдлыг багасгаснаар дэлхийг аврах боломжтой

Дэлхий дээр асар их хэмжээний хүнс хаягдаж байдаг. Ойролцоогоор нийт хүнс тэжээлийн гуравны нэг нь үйлдвэрлэл, борлуулалтын үе шатууд болон хэрэглэгчдийн гар дээрээс хаягддаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр жилд 1.3 тэрбум тонн буюу дэлхийн нийт үр тарианы тариалангийн гарцтай ижил хэмжээний хүнс хэнд ч хэрэглэгдэхгүйгээр хаягдаж байдаг гэсэн үг.

Цааш үзэх
Image 11
25

Малгай нь томдсон мэдээ буюу СЕНСАЦИ ХӨӨСӨН БИЧВЭРҮҮД

Нэр бүхий редакциуд мэдээллийг анх түгээхдээ ах нь дүүгээ мөчилж алаад, гэр хорооллын гудамжинд хаячихсан байсан мэтээр мэдээллэв. Гэвч тэрхүү сүр сүр гарчигтай мэдээнүүдийг нь ороод уншихаар үнэхээр ах нь дүүгээ мөчлөөд алчихсан гэсэн баттай нотолгоотой ганц ч өгүүлбэр байхгүй байгаа юм. Зөвхөн эдгээр сайтуудын мэдээнээс иргэдийн олж унших юм нь “Энэ сарын 13-ны өдөр алга болсон охины цогцсыг өчигдөр буюу 23-ны өдөр олсон. Хэргийг одоо шалгаж байгаа, урьдчилсан байдлаар уг хэрэгт сэжиглэн нэг иргэнийг саатуулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэр нь түүний ах гэсэн” л мэдээлэл байгаа юм.

Цааш үзэх
Image 11
11

ФОТО: Таны дүр төрхийг төгс өөрчлөх чадварлаг найман артист

Нүүр будалтаар хүн өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгож, өө сэвээ дарж, хүсвэл бид мэс хүргэхгүйгээр өөр нэгэн дүр төрхийг ч бүтээж болно. Өмнө нь makeup артист гэхээр бид зөвхөн эмэгтэй хүмүүс л энэ ажлыг хийдэг, чаддаг гэж ойлгодог байсан бол одоо энэ нь өрөөсгөл ойлголт болно.

Цааш үзэх
Image 11
04

Хосуудын дундах эрх мэдлээс үүдэлтэй хор хөнөөл | Энэ асуултад хариулаад өөрийгөө тодорхойлоорой

Гэр бүл судлаач, доктор Жон Готтман болон И. Мэйвис Хетерингтон нарын бие дааж хийсэн судалгааг харвал дээрх төрлийн эрх мэдлийн гажуудалд орсон хосуудын харилцаа хэдийнэ тогтворгүй байдалд орсон байх нь бий.

Цааш үзэх