image

"ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ, НҮДНЭЭС АЙЖ ЭНГИЙН ХУВЦАСЛАВАЛ УЙТГАРТАЙ"

Сайн уу намайг Золзаяа гэдэг. Би 22 настай. Найз охин бид хоёр хувиараа сошиал контент хөгжүүлэлт хийдэг.

Манай залуучууд одоо харьцангуй чөлөөтэй хувцаслаж, хүссэн хувцсаа өмсөж чаддаг болсон. Эрэгтэйчүүд бариу хувцас, үслэг эдлэл гэх мэт өмсөхөд хүмүүс муу хэлж, эвэртэй туулай харсан юм шиг хүлээж авахаа больсон нь анзаарагдаад байгаа. Хоёр гурван жилийн өмнө хүмүүс их л сүржин байдаг байлаа шд ээ.

“PLAY TIME”-аар хүн болгон содон, чөлөөтэй гоё хувцасладаг. Хүмүүс юу ч өмсөөд явж байсан гайхдаггүй бараг ганц шоу байх. Би 2017 билүү 2018 оны “PLAY TIME” -аар бүр нэг гоёмоор, ялгармаар санагдаад болдоггүй. Тэгээд бодож, бодож унтлагын ягаан даавуун хослолоо өмсөөд, хослолтойгоо зохицох боолт, киттитэй цүнх, эвэртэй даруулга зүүгээд санаандаа хүртэл галзуурсан даа. Хэдийгээр PLAY TIME-аар хүмүүс нэгнийхээ өмссөн зүүсэнг ялгадаггүй ч надтай зөрсөн хүн бүр л эргэж харж байсан гэхэд бараг л хилсдэхгүй. Би өөрөө хүсээд, зориод тэгж хувцасласан болохоор надад бол гоё байсан.