image

"ҮНЭТЭЙ УТАС БАРЬЛАА ГЭЭД ӨВЧНӨӨС ЧАМАЙГ ХАМГААЛАХГҮЙ ШҮҮ"

Маш олон удаа бууж өгмөөр санагдтал өвдсөн ч хамгийн түрүүнд охин үр минь л бодогдож байсан гэж ярихыг нь сонсоход гол зурж, эх хүний үрээ гэсэн сэтгэлийн өмнө бурхан ч өчүүхэн санагдсан юм. Бурхан надад өвдөлт өгсөн шигээ тэрийгээ даваад гарах тэнхэл тэвчээр бас өгсөн байх гэж ярих бүсгүйг н.Намуун гэдэг. Тэр бүдүүн гэдэсний хорт хавдрын дөрөвдүгээр үе шатандаа маш хүнд мэс засалд орон, хагалгаагаа амжилттай даван гарсан хүчирхэг бүсгүй юм. 

Инээдээс нь хайр цацарч эх хүний, эмэгтэй хүний чин сэтгэлийн инээмсэглэл ийм үзэсгэлэнтэй гэрэлтсэн байдаг болов уу гэсэн бодол түүнийг хараад өөрийн эрхгүй л төрсөн юм.

- Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

- Сайн байна уу. Би хөөрхөн охин болон сайхан залуугийн эхнэр Намуун байна. Айлын том охин доороо гурван сайхан дүүтэй. 2013 онд Солонгос улсад  сурахаар ирж, сургуулиа төгсөөд гэр бүлтэй болоод одоо “Нана” гэдэг нэртэй гоо сайхны эмнэлэгт ажиллаж байгаа.

Залуу хүн өөрийгөө хорт хавдартай болчихно гэж боддоггүй юм билээ. Өвдөхөд нь гүрийгээд л эм ууж аргалаад яваад байсан.

Бурхан хүнд гэнэт л их ачаа үүрүүлдэг юм билээ, тэрийг ерөөсөө мэдээгүй явж. Би бүдүүн гэдэсний хорт хавдар дөрөвдүгээр үе шатандаа гэсэн оноштойгоор 11 цаг мэс заслын орон дээр хэвтэж, элэгнийхээ 70 хувийг, давсгаа бас тайруулж, бүдүүн гэдсээ авахуулсан. Хагалгааны дараа 12 удаагийн курс химийн эмчилгээг сард хоёр удаа гэсэн давтамжтайгаар хийлгэсэн. Химийн эмчилгээний явцад үс унана гэдгийг мэдэж байсан ч аймар туг тугаараа унаад байхаар өөрийн эрхгүй л уйлдаг юм билээ. Тэгээд л харахад хэцүү болохоор шууд л үсээ хусуулсан.

Та их ч юм үзэж туулсан байна. Энэ бүхний дараа хэрхэн эерэг байж чаддаг вэ?

- Ер нь бол би өөрт тулгарч байгаа асуудлыг л аягүй эерэгээр хүлээж авах гэж хичээдэг дээ. Тэгэж чадах юм бол би эргээд эргэн тойрондоо болон нийгэмд бусадтай харьцаж байгаа хандлага маань эерэг байх юм болов уу гэж боддог.

Эмэгтэй хүн хэрхэн өөрийгөө хайрлаж, биеэ яаж авч явах хэрэгтэй гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн өөрийгөө хэзээ ч хайхрахгүй, за яахав гээд орхигдуулж болохгүй. Эмэгтэй хүн маш амархан гундаж, маш амархан цэцэглэж дэлбээлдэг. Тиймээс заавал хэн нэгнээс урмын үг харах биш, заавал хэн нэгнийг хүлээх биш өөрийгөө урамшуулж, сэтгэлээ сонсон хийхийг хүссэн зүйлээ хийж, өөрийгөө хайрлаж өөрийгөө сонсож байгаарай.

- Би эмэгтэй хүнд үс маш чухал гэж боддог байсан. Гэхдээ үс маань унаад байхаар нь, хусаад халзан болсон чинь тийм ч чухал биш юм шиг санагдсан. Халзан байх бас л дажгүй шүү. Мэдээж сайхан намирсан урт үс эмэгтэй хүнийг чимдэг. Гэхдээ халзан толгой ч гэсэн намайг чимж улам илүү гэрэлтүүлж өгсөн гэж бодож байна. Яг одоо байгаа энэ үстэйгээ нилээн удах байхаа нээх урт болгоно гэсэн бодол байхгүй л байна.

- Таны арьё их гэрэлтсэн сайхан юм. Та өдөр тутамдаа хийдэг арьс арчилгаа, гоо сайхандаа баримталдаг зүйлсийнхээ талаар хуваалцаач?

- Гоо сайхандаа их ач холбогдол өгч яг баримталдаг гэх зүйл байхгүй ээ.Тухайн үед нь хэрэгтэй гэж бодсон зүйлээ л хийж, хэрэгжүүлж байх нь гол чухал юм болов уу. Миний өдөр тутамдаа хийдэг арьс арчилгаа бол ус сайн уух, шөнийн цэвэрлэгээг гүйцэд хийх, мөн маш сайн амрах.

No description available.

-Хувцаслалт имидж бүрдүүлэлтэндээ хэрхэн анхаарч, юуг баримталдаг вэ?

Би  бүүр багын л хувцсанд дуртай хүүхэд байсан. Одоо ч хэвээрээ.  Ер нь бол гоё хувцас авах дуртай. Гэхдээ заавал үнэтэй брэнд хувцас гэхээсээ илүү өөрт таарсан тохирсон хувцсыг донжийг нь олоод өмсөх дуртай гэхүүдээ. Хамгийн биед эвтэйхэн гэсэн бүх зүйлийг л хайдаг. Дотуур хувцаснаас эхлээд унтлагын хувцас гээд л ер нь бүгдийг нь хамгийн эвтэйхэнийг олж өмсөхийг хичээдэг.

Арван жилд байхдаа шинэ хувцас бараг л авч өмсөж үзээгүй. Хамаатны эгч нарын багадсан хувцсыг л их өмсдөг. Нэг эгч маань хувцас зардаг наймаа хийдэг байсан юм. Гэрт нөгөө зарах гэж байгаа хувцаснуудаа аваад ирсэн. Би хараад яахавдээ баярлаад бараг л бүгдийг нь өмсөж үзвээ, тэгсэн талийгаач өвөө маань “Ёстой нэг шуналтайхамаг шуналын микроб нь буцалж байгааг нь хардаа, хувцасны тоо гүйцнэ гэж байдаг юм шүү”  гээд л загнаж билээ. Тэр дурсамж минь санаанд орчихлоо.

- Та өөрөө эх хүний хувьд ээжүүдэд өөрийн сурсан мэдсэн туршлагаас хэлэх зөвөлгөө байна уу?

- Бидэнд үр хүүхдийнхээ төлөө хийж өгөх олон зүйл байгаа. Тэр дундаас хариуцлага гэж маш том зүйл байдаг. Мэдээж маш олон хариуцлагыг ээж хүний хувьд бид биелүүлнэ. Гэхдээ хамгийн чухал нь эрүүл байх. Энэ бол хамгийн түрүүнд миний болон бусад ээж нарийн маань үүрэх ёстой хамгийн том хариуцлага гэж бодож байна.Тэгхээр эрүүл л байх хэрэгтэй шүү.

- Энэ их зүйлийн өмнө та өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байв?

Үргэлж л дотроо би чинь Аригуны ээжБатбуянгийн эхнэр, ээжийн мундаг охин, бас  гурван дүүгийнхээ эгч шүү дээ. Би энд сөхөрч болохгүй даваад л гарна, чадна гэж их боддог байсан. Мөн ирээдүйд өөрийгөө эрүүл болоод охинтой ханьтайгаа хамт хийх зүйлийнхээ талаар маш их мөрөөддөг байсан. Хүн бол үнэхээр л сэтгэлийн амьтан гэдэг бол маш үнэн. Би энэ үгний утгыг бие сэтгэлээрээ мэдэрсэн.

- Хагалгаанд орохын өмнө танд төрж, мэдрэгдэж байсан сэтгэгдэл ямар байсан бэ?

Мэс засалд орохын өмнө надад бушуухан л энэ юмны ард гараад охинтойгоо ханьтайгаа инээгээд сууж байх юмсан л гэж бодогдсон. Мэдээж айдас байсан, гэхдээ миний хань миний хажууд “Сайхан болно чи минь мундаг шүү дээ” гэж хэлээд ганцаараа үлдэн намайг хагалгааны өрөөрүү оруулсан тийм болхоор ч юм уу айдас маань дарагдаж тэгж бодход хүргэсэн байх.

- Таны цаашдын зорилго?

Одоогийн байдлаар ойрын зорилго гэвэл эрүүл энх болох л байна даа. Мөн аль болох өөрийн мэддэг энэ өвчний талаар урьдчилан сэргийлэх боломжтой зүйлсийг маш олон хүнд хүргэхийг хүсэж байна.

- Одоогийн Намуун, өмнөх Намуун хоёрын ялгааг хэлээч гэвэл?

- Өнөөдөр Намуун инээмсэглээд явж байгаа нь миний нөхрийн л ач. Өөрийгөө олоход минь тус болсон хүн минь. Үгээр хэлэмгүй их хайранд нь баярлалаа нөхөр минь. Өмнөх Намуун бол хэнэггүй хирнээ мөн маш эмзэг байсан. Харин одоогийн Намуун бол амьдралд маш олон зүйл байдгийг мэдэрч асуудлыг олон талаас нь хардаг уужуу болсон.

- Хэрвээ танд амьдралдаа ганцхан зүйлийг өөрчлөх боломж олдвол юуг өөрчлөхийг хүсэж байна?

- Би юуг ч өөрчлөхгүй ээ. Туулж ирсэн амьдралдаа хайртай.

- Танд эрч хүч, урам зориг авч үлгэр жишээ авдаг хүн байгаа юу?

-Надтай чацуу Солонгос бүсгүй байдаг. Youtube хөтөлдөг. Цусны хорт хавдартай тэр охиноос маш их урам зориг авч байсан. Бүр маш их. Инстаграм нэр нь: dawniscoming гээд энэ охин бол гайхамшиг.

- Та өөрийгөө хэр сайн эхнэр гэж бодож байна?

Би юу? Сайн эхнэр бишээ. Өвдөөд л нөхрөө зовоогоод л одоо харин сайн эхнэр болох гээд хичээнэ дээ. Уучлаарай ханиа. 

- Нөхөртөө хамгийн ихээр хийж өгөхийг хүсэж буй зүйл тань?

- Ханьдаа хийж өгөхийг хүссэн зүйл маш их байна. Гэхдээ хамгийн түрүүнд эрүүл л болоод, тэгээд хийж өгнө дөө бүгдийг нь.

- Нөхрөө нэг үгээр зүйрлэвэл?

Жигүүр

Тэр минь жигүүрээрээ намайг тэвэрч дулаацуулан мөн хамгаалж мөн намайг өндөрт хөөрөхөд минь жигүүр маань болж өгдөг. Нөхөр минь байгаагүй бол би энэ өвчний ард гарах маш хэцүү байх байсан. Үргэлж хажуугаас надад сайхан үгс хэлэн надад жигүүр ургуулж байдаг тийм сайхан залуу даа миний хань.

-Бидний урилгыг хүлээн авч сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Удахгүй цоо эрүүл болоод, хайр цацруулсан инээмсэглэлээрээ, олон хүнд таны туулаад өнгөрсөн энэ өвчинг туулахад туслах гүүр нь болоорой.

- Танай хамт олонд бас маш их баярлалаа. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй мэдээллээ хүргэж чадаж байвал баярлах болно. Залуус хамгийн гол нь шинжилгээ маш сайн өгч байгаарай. Үнэтэй утас барьлаа гээд өвчнөөс хамгаалж чадахгүй шүү.

No description available.

No description available.

 

 

 

 

1 Сэтгэгдэл:

  1. Hurdan eruul enh bolooroi. Emee bolson hoinoo iim muuhai ovchintoi tulaldaj diilsen yum geed ach, zee nartaa yarij ogooroi. Bas emegtei hun ataarham tiim goe gerel tsatsarsan busgui bna

Сэтгэгдэл илгээх

Image 04
07

С.Аригуун: Шил дахин боловсруулах үйлдвэр барина

"Хог ангилахад ямар ч хүндрэл, бэрхшээл байхгүй. Таны ангилсан хог дахин боловсруулалтад орж байгаа гэдэгт итгэж болно. Нийслэлчүүд ээ, хогоо ангилан ялгадаг болцгооё"

Цааш үзэх
Image 03
18

"Цэрэгт ирээд жинхэнэ утгаараа эх орны хүү болсноо мэдрэх мөч хамгийн бахархам"

Мэнэнгийн талд очоод хамгийн эхэнд гайхсан зүйл бол нүүрэн дээр нь шумуул суугаад хазаж байхад номхон командтай сүрдмээр биетэй залуус байлаа. Учир нь бид нарыг буулгаад номхон команд өгчхөөд байхад бид нарыг чинь нөгөө шумуул ёстой аймаар хазаж байгаа юм чинь тэгээд удахгүй тэр шумуулд дассан даа. Дараагийн гайхаж, биширсэн зүйл бол жагсаалын талбай дээрээ жагсаад зогсож байтал хэдэн зуугаараа зээрийн сүрэг яг заставын урд талаар явах их сайхан санагдаж байсан.

Цааш үзэх
Image 03
09

А.Гантигмаа: Хүүхдийг өдөрт ДӨРВӨН УДАА чанартай хооллож, тогтсон цагийн хэмнэлд оруулах нь үр дүнтэй

Хүүхэд эхийн сүүнээс маш их хэмжээний шим тэжээлийг авч байдаг. Гэвч энэ процесс нь хүүхэд зургаан сар хүрсний дараа дутагдаж эхэлдэг. Тийм учраас хүүхдийг бор хоолонд буюу анхлан хоолонд оруулах ёстой байдаг. Бор хоол болох махан хоолыг бол бага багаар өгч ходоодыг нь дасгах хэрэгтэй. Миний судалж үзсэнээр

Цааш үзэх
Image 02
05

Г.Мөнгөн: Хэрэгжүүлж чадахгүй бол ямар ч төлөвлөгөө гаргах хэрэггүй

Интернэтийг зөв эсвэл буруу ашиглах нь хувь хүний амьдралын зохион байгуулалтаас хамаарна. Интернетэд хэтэрхий их цаг зарцуулах нь буруу гэж хэлээд нэмэргүй. Зарим сургууль дээр гар утас хэрэглэхийг хориглож байна гэсэн. Хориглосон ч гэсэн бид интернэтийн эрин үед амьдарч байгаа учраас хэрэглэж л таарна.

Цааш үзэх