image

Холливуудын "MULAN" кинонд Жет Ли-ийн орлон тоглогчоор тоглосон МОНГОЛ ЖҮЖИГЧИН

Бид энэ удаагийн "Эерэг Яриа"  ярилцлагын булангаар Монгол Улсын нэрийг дэлхийн кино урлагт тамгалж яваа, авъяаслаг нэгэн залууг танилцуулж байна. "МULAN" киноны эзэн хааны дүрд алдарт жүжигчин Жет Ли-ийн орлон тоглогчоор ажилласан Алтансувдын Лхагвасүрэнтэй уншигч та бүхнийг уулзуулж байна.

- Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

- Намайг Алтансувдын Лхагвасүрэн гэдэг. 1987 онд Дорнод аймагт төрж өссөн. Аймгийн улсын тэргүүний Нэгдүгээр сургууль төгссөн. Одоо эхнэр хүүхэдтэйгээ Солонгос улсын Сөүл хотод мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байна.

No description available.

- Таны хамгийн анхны ажиллаж, орлон тоглосон кино юу  байсан бэ?

- Хамгийн анхны кино бол 2007 онд “Хувилгааны Эрэлд” олон ангит кинонд орлон тоглогчоор ажиллаж байсан.

No description available.

Кино урлагт татагдах болсон шалтгаан. Таны ажлын сайхан тал, бас хэцүү тал нь юу вэ?

- Багаасаа Жеки-Чан, Жет-Ли-гийн кино үзэж, багаасаа л таеквондогоор хичээллэж эхэлсэн. Хүүхэд байсан болохоор гудамжинд Жеки-Чан, Жет-Ли шиг зодолддог болно гээд л бэлтгэл их хийдэг байлаа. Том болох тусам энэ бол тавилттай кино урлаг гэдгийг бага багаар ойлгож, бодит амьдрал дээр ийм зүйл хэзээ ч байхгүй гэдгийг мэдээд сэтгэлээр унаж байсан. Гэхдээ кинон дотор бол мастер шиг тулалдаж болно гэдгийг ойлгосон мөчөөс өнөөдрийг болтол кино урлагийн өндөр босгыг давах гээд л мөлхөж явна даа.

No description available.

Орлон тоглогчийн сайхан тал гэвэл их ховор, хэцүү дээ. Бид нар ер нь их хүнд трюк-ийг бэртэж гэмтэлгүй амжилттай сайн хийлээ гэж л нэгнээрээ бахархдаг.

Ажил мэргэжлийн минь хэцүү тал нь бол маш олон байна даа. Бэртэл гэмтэл авах, хөл гараа хугалах, шатаж түлэгдэх, гээд яривал зөндөө юм байна. Энэ дундаас онцгойлоод хамгийн хэцүү нь гэвэл мэдээгүй юм шиг цохиулах.

Байгалиас заяагдсан хүний биеэ хамгаалах рефлекс түүнийгээ хянаж, удирдаж сурна гэдэг л хамгийн хэцүү нь санагддаг. Нүүрэндээ цохиулахаа мэдэж байж, юу ч  мэдээгүй юм шиг байж байгаад цохиулдаг гэсэн үг л дээ.

- Мулан киноны зураг авалт кино багт анх яаж нэгдсэн бэ?

- Манай “Mongol Stunt” багийн залуус анх санал тавиад хамтарч ажиллахаар болсон юм. "Action Crew" болон "Тэнгэрийн чоно" хоёр баг маань Mongol Stunt гэдэг нэрийн доор нэгдээд хамт явсан.

No description available.

- Жет Ли-гийн морь унадаг орлон тоглогч нь болоход Жет Ли-тэй шууд харьцах, юм ярих, мэндлэх гэх мэт тиймэрхүү боломж олдож байсан уу?

- Гэрээнд гарын үсэг зурж байхад сануулж байсан, Донни Йен, Жет Ли нартай хамт зурганд орохдоо мэндлэх, зураг даруулах, удаан ширтэх, зэрэг нь хориотой байсан. Гэсэн хэдий ч мэнд мэдээд, гар бариад амжсан шүү.

- Монгол болон гадаад ямар уран бүтээлүүдэд оролцож байсан бэ?

- Гадны уран бүтээл гэвэл Walt Disney-ийн  “Мулан” болон Солонгосын “Revenger” гээд адал явдалт кинонд орлон тоглогчоор ажилласан. Монгол кинонд гэвэл хэд хэдэн уран бүтээлүүд байгаа. 

- Жет Ли-ийн морь унадаг орлон тоглогч болоход та хэр их айдастай байсан бэ?

- Гоё асуулт байна. Үнэхээр их айж сандарч байсан шүү. Учир нь монголчууд бидний морио унадагаас шаал өөр арга барилаар морио унадаг юм билээ. Франц уналт, Испани уналт гэсэн хоёр техник заасан. Тэр арга барилыг нь очоод сурсан. Шинэхэн сурсан арга барил байсан учираас өөртөө 100 хувь итгэлтэй байж чадаагүй ээ. Заримдаа морио ч явуулж чадахгүй Монгол морины мастертаа загнуулж байлаа. Давхар улсын маань нэр хүнд хамт явж байсан болохоор айж байсан.

No description available.

- Жет Ли-г ер нь ойроос харсан чинь ямархуу хүн байв. Төсөөлснөөс тань өөр санагдсан уу?

- Хөгжилтэй асуулт байна. Бид нар ч гэсэн Донни Йен, Жет Ли-тэй түрүүлж зурганд орсон нэгнээсээ яг ингэж асууж байсан. Тэгээд хариулт нь, зүгээр “ХҮН Л БАЙНА”  гээд  нэгнээрээ тоглоод л байж байсан даа.

- Холливуудын кино зураг авалт ер нь танд ямар сэтгэгдэл төрүүлж, биширсэн сурсан зүйл юу байв?

- Зохион байгуулалт нь маш олон дамжлагатай яг үйлдвэр шиг санагдсан. Хүмүүс өглөө цагтаа ирнэ, орой цагтаа ажлаа тарна.  Хариуцлагатай, ажилдаа дуртай хүмүүс их байсан. Тийм болохоор ч тэрүү хүмүүс их аз жаргалтай харагдаж байсан. Харилцахад нээлттэй найрсаг, бас их хөгжилтэй.

No description available.

- Монголын кино урлагт орлон тоглогчийн байр суурь, цалин ажиллах орчин нөхцөл ямархуу байдаг вэ?

- Манай кино урлагт орлон тоглогч нар их чухал байр суурийг эзэлдэг. Цалин хөлс бол том жижиг ажлаасаа шалтгаалаад янз бүр байна. Найруулагч, продюсертайгаа ярилцаж байгаад тухайн үедээ үнэ хөлсөө тохирно.

Монголын ихэнх кино найруулагч нар мэргэжлийн хүнийг нь сонгоод, хөдөлмөрийг нь үнэлээд ажиллах нь илүү үр дүнтэй гэдэг үзэл бодолтой болж байгаад үнэхээр их баяртай байгаа.

- Залуу хүний хувьд таны цаашдын зорилго энэ бүхний дараа их өөр болсон байх?

- Бадамрагчаа найруулагч хэлсэн байдаг юм. Байгалийн шавхагддаг баялгийг зарах биш, Монгол хүний хэзээ ч үл дуусах сэтгэлгээг нь зарах хэрэгтэй гэж. Би энэ үгний эзэн нь болж өөрсдийн киногоор дэлхийгээс ашиг орлого олдог болоод зогсохгүй, Монголынхоо эдийн засгийг сэргээмээр байна, Төгрөгний ханшийг өсгөмөөр байна. Кино урлагаар олсон ашиг орлогоор Монголоо хөгжүүлмээр байна даа.

No description available.

- Бидэнтэй ярилцаж, цаг заваа зориулсан танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь агуу их амжилтыг хүсэн ерөөе.

- Баярлалаа танай хамт олонд бас ажлын амжилт хүсье.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
19

Б.Нурсауле: Бусдыг дуурайхын тулд биш өөрийгөө хэн бэ гэдгийг олоход цаг гаргаарай

Хүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.

Цааш үзэх
Image 01
14

"ОРОН ОРНЫ ДАРСЫГ АМТЛАХААР ТҮҮХ УУГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ"

Герман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.

Цааш үзэх
Image 12
21

Эмээлийн "гөлөм" урлаач уран гарт бүсгүй Д.Мөнгөн

POSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.

Цааш үзэх
Image 12
15

"ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ, НҮДНЭЭС АЙЖ ЭНГИЙН ХУВЦАСЛАВАЛ УЙТГАРТАЙ"

Хүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.

Цааш үзэх