image

“Спортоор хичээллэхэд гаргасан мөнгө, цаг хугацаанд та хэзээ ч харамсахгүй”

Энэ удаагийн “Positive talk” буландаа “Avengers” fitness, spinning club-ын Spinning-ийн ангийн туслах багш Г.Мөнхбаатарыг урин ярилцлаа. Өөхийг хязгааргүй нөөцлөх боломжтой байдаг бидний биед дасгал хөдөлгөөн хамгийн их хэрэгтэй билээ 

Танд өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Өдрийн мэнд хүргэе. Намайг Г.Мөнхбаатар гэдэг.  Би "Avengers" эрүүл мэндийн клубийн Spinning-ийн сургалтын туслах багшаар ажилладаг.

Анх хэзээнээс энэ клубийн гишүүн болов?

Би клубтээ гишүүнээр элсээд хагас жил болж байна. Миний үндсэн мэргэжил уул уурхайн ашиглалтын инженер. Ажлын нөхцөлөөс шалтгаалаад харшил хүндрээд астматай болсон байсан. Тиймээс эхний гурван сар тогтмол зам дээр алхаж байсан. Тэгээд яваандаа астмагүй болж, Spinning-ийн ангидаа хичээллэж эхэлсэн. Сүүлийн сар гаруй хугацаанд туслах багшаар ажиллаж байна. Бас Spinning-ээр хичээллэж эхэлснээс хойш одоогоор 15 кг жин хаясан байна.

Тэгэхээр Spinning-ээр хичээллэхийн онцлог гэвэл юу гэж хариулах вэ?

Цаг хугацаа хэмнэнэ. Зүгээр нэг дугуй жийж байгаа юм шиг хэр нь биеийн бүх булчинг ажиллуулж байгаа юм. Жин хасаж галбиржихаас гадна хурд хүч сайжирдаг онцлогтой.

 Spinning-ээр хичээллэхэд бөөр өвддөг, нуруу өвддөг гэх яриа байдаг. Үнэн юм болов уу?

Зөвхөн Spinning- ээр хичээллээд бөөр, нуруу өвдөнө гэвэл өрөөсгөл ойлголт. Нурууны үеийг жигд зөв барьж байдаг учир нурууны бүс, даруулга зүүх хэрэгтэй. Тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн хийж байгаа учир заавал зүүх ёстой. Багш нар ч хамгийн түрүүнд зөвлөдөг. Тэгэхгүй бол, хүн өөрөө л урьдчилан сэргийлэхгүй бол мэдээж өвдөх боломжтой шүү дээ. Чангахан үсрэхэд хүртэл бөөр доргиж болдог. Анх Spinning-ээр хичээллэхээс дуусан дуусах хүртэл багш нь дэмжиж хүн нэг бүр дээр тулж ажилладаг учир энэ мэт зөвлөгөөг эхний өдөр өгдөг.

Тэгвэл тодорхой хугацаанд Spinning-ээр хичээллээд болиход хассан жин нь хоёр дахин нэмэгддэг, хичээллэхээ л больчихвол буцаад жин нэмэхдээ маш амархан байдаг гэлцдэг. Энэ тухайд гэвэл?

Жин хасах, галбиржихад дасгал хөдөлгөөн 20 , хооллолт 80 хувь хамааралтай байдаг шүү. Spinning-ээр хичээллэх явцдаа болон хичээллэсний дараа ч хүн зөв хооллолтын дадалтай байхгүй бол үр дүн муу, угаасаа жин нэмэх нь тодорхой шүү дээ. Турчхаад буцаад буруу хооллолт руугаа орчихвол, идээд л хэвтчихвэл угаасаа таргална шүү дээ. Өдөр болгон зөв хооллолттой л байвал хассан жиндээ байж л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хувь хүн өөрөө эргээд таргалах үгүй нь өөрөөс нь шалтгаалах асуудал гэж хэлж болно.

Хооллолт гэснээс хоолны хатуу дэглэмтэй, заавал түүнийг үүнийг ид гэдэг зааварчилгаа өгдөг гэж бас ярьцгаадаг. Энэ үнэн үү?

Хоолны хатуу дэглэм гэж байхгүй. Зөв хооллолттой л байхыг санал болгодог. Жишээ нь, би гэхэд өмнө нь ажлаасаа оройтож ирээд, шөнийн 02.00 цагт хоол хийгээд идчихдэг байсан. Энэ бол буруу хооллолтын жишээ. Одоо бол өглөөдөө бага зэрэг овьёос идээд, өдөр махан хоолоо иддэг. Орой бас боломжоороо авах ёстой эслэгээ авдаг. Манай багш нар энэ зөв хооллолтынхоо хажуугаар долоо хоногт нэг удаа ч юм уу, хааяа өөрийгөө урамшуулахыг зөвлөдөг байсан. Хүссэн юмаа идмээр санагддаг тэр хүслээ дарахад энэ арга маш сайн нөлөөлдөг. Ер нь хүн нэг удаа хоолоо зөв зохицуулаад турна гэж байхгүй, нэг удаа их идээд таргална гэж байхгүй.

Дасгал хийхэд анхаарах зүйл, насны хязгаар гэж бий юу?

Насны хязгаар бол байхгүй. Багшийгаа л анхаарахад болно доо. Багшийгаа сайн хараад, заавар зөвлөгөөг нь сайн дагах хэрэгтэй. Зүрх судасны архаг өвчтэй хүн, астматай хүн болон жирэмсэн эмэгтэй хүнд Spinning-ээр хичээллэхийг санал болгодоггүй.

Хүмүүсийн хамрагдалтын түвшнийг ангилаад авч үзвэл?

Ер нь эмэгтэйчүүд 80-90 хувийг эзэлж байдаг. Эрэгтэй хүн ховор. Угаасаа Spinning гэхээр эмэгтэй хүн хийдэг дасгал гэж бодоод байдаг хүмүүс бий. Үгүй шүү. Фитнесээр хоёр цаг хичээллэх Spinning-ээр нэг цаг хичээллэхтэй тэнцдэг. Дээр хэлсэнчлэн галбиржихаас гадна хурд хүч нэмдэг гэдгийг хэлмээр байна. Насны хувьд 20-25 насны эмэгтэйчүүд маш их хичээллэж байна. Анх би Spinning-ийн ангид орохдоо маскаа нүүрэн дээрээ тавиад хийж байсан. Учир нь олон эмэгтэй хүний дунд ганцаархнаа би байсан. Их санаа зовж байсан. Гэхдээ урт хугацаагаар дунд нь ороод хичээллээд эхлэхээр юун санаа зовох манатай яг өөрийнхөө өөрчлөлтөд л анхаардаг болдог юм билээ. Ер нь эрүүл мэнд талаасаа өөртөө анхааръя гэвэл хамрагдах хэрэгтэй шүү.

Баярлалаа. Ярилцлагын төгсгөлд манай уншигчдад зориулж зөвлөгөө өгөөч?

Спортоор хичээллэхэд гаргасан мөнгө, цаг хугацаанд та хэзээ ч харамсахгүй. Эрүүл мэнддээ зориулж мөнгө гаргах өвчинд зориулах мөнгөнөөс хамаагүй бага байдаг юм билээ. Яг өвдсөний дараа хэчнээн их цаг хугацаа, мөнгө төгрөг үрээд нэмэргүй байдаг шүү. Тиймээс өөртөө хайртай л бол спортоор хичээллэх цаг гаргаарай гэж хэлье.

 

Дадлагажигч оюутан Э.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх