image

Инновацын бүтээлүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олон эх үүсвэртэй болгоно

Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан Шинжлэх Ухаан Технологийн Сан/ШУТСан/ нь улсын төсвөөс шинжлэх ухаан, технологийн судалгааны төслүүдийг тогтмол санхүүжүүлж, салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг ханган ажиллах, төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлогын хэрэгжилтийг хангахад анхааран ажилладаг билээ.

Шинжлэх ухаан, технологи, инновацын судалгаа, шинжилгээний ажлыг санхүүжүүлэн, үр дүнг түгээн дэлгэрүүлж, нутагшуулах эрхэм зорилготой тус байгууллага 2022 онд дараах ажлыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

● ШУТСангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх;

● Салбарын төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг оновчтой болгох, үр дүнд суурилсан зарчмаар санхүүжүүлэх;

● Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг чанаржуулах, төслийн төрөл, хэлбэрийг оновчтой болгох, төслийн санал хүлээн авах, өрсөлдөөнт зарчимд үндэслэн сонгон шалгаруулах үйл явцыг сайжруулах, ил тод болгох, үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч, чанарын чадамжийг өсгөх;

● Нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн салбар дамнасан судалгааны ажлуудыг гүйцэтгэхэд хэрэгцээ, шаардлагад суурилах;

● Төр – эрдэм шинжилгээний байгууллага - хувийн хэвшил, эрдэмтэн, судлаач - үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

● Шинжлэх ухаан, инновацын тогтолцоо, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх;

● Салбарын хэмжээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг чадваржуулах улмаар Монгол эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлийг экспортлогч болохоор алсын хараагаа тодорхойлсон байна.

Мөн зорилгынхоо хүрээнд өнгөрсөн хугацаанд:

- Монгол эрдэмтдийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, биет бус хөрөнгийн үнэлгээний тогтолцоог дотооддоо нутагшуулах төр, эрдэмтэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгон ажиллаж байна.

- “Шинжлэх, ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян”-ыг эхлүүлж Өмнөговь, Эрдэнэт, Хөвсгөл аймагт амжилттай зохион байгууллаа.

- 2021 оны байдлаар ШУТСангийн “Итгэмжлэн хадгалагч”-д санд 4301 судалгаа боловсруулалтын ажлын тайлан, 5880 эрдэмтэн, 4029 диссертаци, автореферат, 18660 ШБОС-ын мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр хадгалан оюуны өмчийн цахим архивыг бүрдүүлэв,

- Инновацын бүтээгдэхүүний виртуал үзэсгэлэнг гаргаж 41 байгууллагын 227 бүтээгдэхүүнийг байршуулж олны хүртээл болголоо.

- Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацын судалгаа, эрдэм шинжилгээний төслүүдийг санхүүжүүлэн инновацыг нутагшуулах, Монгол эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлийг экспортлох зорилгоор нийт 180 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4999 төсөлд олгож, өнөөдрийн байдлаар 4316 төслийн үр дүнг бүрэн хүлээж аваад байна. 

- Мөн шинжлэх ухааны салбар, залуу судлаачдыг таниулах зорилгоо “Science X” подкастыг олны хүртээл болгож эхлээд байна.

ЗАЛУУ СУДЛААЧДЫН “SCIENCE X” ПОДКАСТ /Подкастын тухайд/

Шинжлэх Ухаан Технологийн Сан(ШУТсан)-гийн санаачилгаар Монголын Залуу эрдэмтдийн холбоо(МЗЭХ) хамтран Монголын шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтэд, тэдний бүтээлийг олон нийтэд таниулах, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой шинжлэх ухааны цуврал подкаст контентийг youtube.com, soundcloud.com, mplus.mn сайтуудаар дамжуулан олон нийтэд хүргэж эхлээд байна.

Тус контентоор Монголын шинжлэх ухааны салбар болон залуу судлаач, гарааны бизнес эрхлэгч, энтерпренер залуусыг оролцуулсан нийт 18 цуврал подкастыг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн олон нийтийн хүртээл болгож байгаа бөгөөд сар бүрийн 05, 20-ны өдрүүдэд шинэ дугаар цацагдах юм байна.

Монголын шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтдийн манлайлал, хариуцлага, тэдний амжилтаас хуваалцах, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Full HD” формат бүхий подкастыг үзэхийг хүсвэл дараах линкээр нэвтэрч үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCQ4SPDu6zi8DYPaAXz3xjOQ

Подкастын эхний дугааруудын зочноор:

1. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Микробиологийн лабораторийн ЭША, биотехнологич С.Ариунаа (Ph.D)

2. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Бодис солилцоо, биохимийн лабораторийн ЭШДэд ажилтан, биохимич Д.Будрагчаа (Ph.D),

3. ШУА, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Ургамлын ангилал зүйн, филогенетикийн лабораторийн ЭШДэд ажилтан, хаг судлаач С.Жавхлан (M.Sc) нар оролцож шинжлэх ухаан, танин мэдэхүйн сонирхолтой сэдвээр ярилцлаа.

Удахгүй гарах 4 дэх дугаарын зочноор Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн ЭНБДарга, уламжлалт анагаахын их эмч Б.Дэжидмаа (Ph.D) оролцох юм байна.

Мөн “SCIENCE X” подкастын хөтлөгчөөр Математик, тоон технологийн хүрээлэнгийн Мэдээллийн Технологийн салбарын эрхлэгч, өгөгдлийн шинжээч, МЗЭХ-ны БУ-ны салбарын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Отгонсувд ажиллах юм.

Шинжлэх ухааны судалгааны ойлголтуудыг энгийнээр олон нийтэд таниулж, шинжлэх ухааны салбарыг сурталчлах үйлсийг ШУТСан санаачлан Монголын Залуу эрдэмтдийн холбоотой хамтран зохион байгуулж байна.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх