image

ТОМУУ ба ХАНИАД хоорондын ялгаа | Хэзээ эмчид хандах вэ

Томуу ба Ханиадыг шинж тэмдгээр нь хэрхэн ялгах вэ?

  • Ханиад аажим эхэлдэг бол томуу гэнэт буюу нэг хоногийн дотор өндөр халуурч өвддөг. Ханиадны үед өндөр, олон халуурдаггүй бол томуугийн үед хүүхэд өндөр халуурах буюу 3-6 хоног ойр ойрхон халуурдаг.
  • Биеийн өвдөлтийн тухайд томуугийн үед хэлд ороогүй нярай хүүхэд өвдөлтөө илэрхийлж чадахгүй учир хөдөлгөөн эрс багасч, сульдаж, ёолж яргалдаг 
  • Ханиадны үед булчингийн өвдөлт бага хэмжээтэй, цөөн тохиолдолд илэрдэг.
  • Томуугийн үед халуунгүй үед ч жихүүцдэг бол ханиадны үед ховор илэрнэ.
  • Ханиадны үндсэн шинж нь найтаах, томуугийн үед нээх их найтаадаггүй.
  • Томуугийн үед зогсоо зайгүй ханиаж, цээжээр өвддөг бол ханиадны үед ханиахгүй.
  • Томуугийн үндсэн шинж нь хамар битүүрэх, толгой өвдөх нь элбэг байдаг бол ханиадны үед хоолой өвдөх нь элбэг байдаг.

Хүүхэд насанд хүрэгчдийн томуугийн ялгаа 

  • Хүүхдийн дархлаа гүйцэд хөгжөөгүй байдаг учраас насан хүрэгчдийн томууг бодоход илүү олон хоног, илүү өндөр халуурдаг. Энэ бол маш аюултай шинж бөгөөд усгүйжих, таталт өгөх эрсдэлтэй.
  • Томуутай хүүхэд бөөлжиж суулгах нь насанд хүрэгчдээс илүү их байдаг. Энэ бол гол ялгаа нь. Ялангуяа хоёр наснаас доош насны хүүхэд ханиадны шинж илрээд бөөлжиж суулгаж байвал томуу гэж сэжиглэх нь зүйтэй. Харин насанд хүрэгчдийн хувьд томууны үед бөөлжиж суулгах нь бараг ажиглагддаггүй.

Бага насны хүүхэд 2-оос доош, 5-аас доош насанд, 65-аас дээш насанд уушгины хатгалгаа, дунд чихний үрэвсэл, таталт, нас баралт өсвөр, залуу үеийнхнээс илүү их тохиолддог учраас эрсдэлт бүлэг гэж үзэн онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Хэзээ эмчид хандах вэ? 

Гурван сар хүрээгүй хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандана. Үүнд:

  • Амьсгалын тоо олшрох
  • Амьсгалахад бэрхшээлтэй болох
  • Уруул, нүүр хөхрөх
  • Цээж хонхолзох буюу хавирганы нумаар цааш татагдаж харагдах
  • Сүүлийн 8 цагт шээгээгүй, шээсний гарц эрс ховордох,
  • Өндөр халууралт, хамар битүүгээс амаараа амьсгалах,
  • Бөөлжих, суулгах зэрэг шалтгааны улмаас усгүйжлийн шинж илрэх, уйлахдаа нулимсгүй,
  • Унтаарах, татах зэрэг шинж илэрвэл заавал эмчид хандах хэрэгтэй.

Түүнчлэн халуурч, ханиалгаж байгаад 4-5 хоногийн дараа багасаад, буцаад халуурч, ханиалга ихэсвэл хатгалгааны шинж болж, хүндэрч байгаа тул эмчид хандаарай.

Гэрийн эмчилгээ

Хүүхэд том хүн гэлтгүй халуурч эхэлсэн л бол тусгаарлах нь маш чухал. Юу юугүй нус гарах төдийд эмнэлэгт очих  нь бусдад халдвар тараах өндөр эрсдэлтэй байдаг учраас дээрх хүндрэлийн шинж тэмдэг илрээгүй л бол гэрийн эмчилгээ хийгээд хэд хоногтоо харж болно. Дараах арга хэмжээг аваарай. 

  • Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээ /лаагаар, уухаар, сиропоор жоргүй худалдаалдаг/
  • Ханиалга намдаах эмчилгээ – Томуугийн үед угсруулж ханиалгах нь зовуурь ихтэй байдаг учраас жоргүй олгодог ханиалга намдаах эм сонгон зааврын дагуу уух.

Гэрийн асаргаа 

  • Өвчтэй үед ердийнхөөс их уулгах зарчмыг баримтална. Насанд хүрсэн хүний бие махбодын 70 хувь нь уснаас, хүүхдийн усны хэмжээ үүнээс ч их, өндөр настны хувьд усны хэмжээ багасдаг. Бие махбодын усны хэмжээ хэвийн байснаар бүх эд эс, эрхтэн тогтолцоо хэвийн ажиллана гэж ойлгох ёстой. Бөөлжих, суулгах, өндөр халуурах, амаараа амьсгалах, амьсгаадах үед шингэнээ алддаг бөгөөд бүхий л эрхтэн, дархлаа тогтолцоо алдаж буй шингэнээ нөхөөгүйн улмаас хэвийн ажиллаж чадахгүй. Тиймээс уух дуртай, амттай шингэн зүйлийг нь халуун бүлээнээр ойр ойрхон уулгах хэрэгтэй.
  • 6 сар хүрээгүй дан хөхүүл хүүхэд бол хөхөөрөө боломжийн хэрээр хөхүүлэх, 6 сар хүрээд нэмэгдэл хоолонд орсон бол аарц, чацаргана, аньс, хярам, будааны шүүс, хорсол, буцалсан ус, хоолны шөл ердийнхөөс их уулгана.
  • Хамрыг сайн цэвэрлэнэ. Ой хүрээгүй хүүхдүүд хамар битүү байвал амьсгаадаад байдаг. Үүнийг хүндэрчихлээ гэж буруу ойлгох нь бий.
  • Ам хамрыг уураар утаж болно. Утахдаа арьс салстыг гэмтээхээс сэргийлж аюулгүй байдлыг чандлан сахиарай.
  • Бага насны хүүхэд цэрээ гаргаж чаддаггүй учраас цээж доргиох массажыг хийж өгөх хэрэгтэй. Цэр гарах нь ханиад, томуу эдгэж буйн шинж юм.
  • Зарим тохиолдолд эцэг эхчүүд харшлаас яаж ялгах вэ гэдэг. Ханиадны үед хуурай ханиалгадаг. Үүгээр мэдэж болно. Яг одоогийн нэг сарын дунд үед харшил байхгүй гэж ойлгож болно.
  • Толгой цээжийг өндөрлөх нь хамрын амьсгалыг чөлөөтэй болгож, ханиадыг багасгах энгийн бөгөөд үр дүнтэй арга. Мөн гар дээрээ унтуулж болно. 
  • Утнаж байх үед дархлаа сэргэдэг боловч өвчтэй хүүхэд ханиагаад, халуурч сэрдэг учраас унтахын өмнө халуун буулгах, ханиалга намдаах эм өгч болно. Бүр бага насны хүүхдэд унтахын өмнө цэр ховхлох эм өгч болохгүй гэдгийг анхаараарай.
  • Сайн хооллох – Сонгино, сармис, жимс ногоо, витаминууд өгөх нь маш сайн.

Урьдчилан сэргийлэлт

Томуу нь хүнд өвчин бөгөөд нас баралт ихтэй, 1-2 долоо хоног шинж тэмдэг илэрдэг, өвдөөд эдгэрсний дараа ойролцоогоор нэг сар орчим ядрах, сульдах шинж илэрдэг.

Тиймээс урьдчилан сэргийлэх, хөнгөн өвчлөх, нас баралтыг бууруулахын тулд жил бүр томуугийн вакцин хийлгэх шаардлагатай. Жил бүр томуугийн вирүсүүд мутацид орж өөрчлөгдөж байдаг. А хүрээний томуу илүү хүнд, цар тахал үүсгэдэг, нас баралт Б хүрээний томуутай харьцуулахад их. Яг одоо бол том хүн, хүүхдийн дунд А хүрээний вирүс ихээр бүртгэгдэж байна. Ихэвчлэн 9,10-р сард томуугийн вакцин хийж эхэлдэг учраас тухайн үед тариулахыг зөвлөдөг. Вакцин хийлгэснээс хойш нэг сарын дараа дархлаа тогтож нэг жилээ даадаг. 

Томуугийн гурван цэнт, дөрвөн цэнт вакцин гэж эцэг эхчүүд маань сонсч байсан байх. Энэ хоёрын ялгаа нь 3 цэнт вакцин томуугийн А хүрээний хоёр төрлийн вирүс, Б хүрээний нэг төрлийн вирүсийн эсрэг дархлаа тогтоох чадвартай. Харин томуугийн дөрвөн цэнт вакцин нь томуугийн А хүрээний хоёр, Б хүрээний хоёр вирүсийн эсрэг дархлаа тогтоох чадамжтай.

Эдгээр мэдээллээс иргэд нэг зүйлийг шинжлэх ухаанчаар ойлгож авсан болов уу. Ханиадны вакцин гэж байхгүй. Томуугийн вакцин хийлгэвэл томуугаас сэргийлнэ үү гэхээс ханиаднаас сэргийлэхгүй. Вакцин хийлгэсэн  ч ханиад хүрчихлээ нэмэргүй юм байна гэж буруу ойлгоод байдаг. Гэтэл ханиад, томуу хоёр тэс өөр гэдгийг зөв ойлгож авах нь чухал. 

Бас нэг чухал урьдчилан сэргийлэлт нь ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм баримтлах явдал. Сүүлийн гурван жил ковидын хугацаанд сонсч буй бүх ариун цэврийн дэглэм нь ханиад, томуу аль альнаас нь сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй аргууд юм шүү. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх