image

ЭНЭ ӨДӨР | Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээрээ амарч буй билээ. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд эл өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн тунхагласны баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх болгосон билээ. Энэ өдөр Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 110 жилийн ой тохиох юм.

Арванхоёрдугаар сарын 29-н "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" нийтээр тэмдэглэх баярын өдөр байна хэмээн хуульд заажээ. 

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлдэг.

"Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр нь бүх нийтээр амардаггүй ялгаатай байна.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх