image

Бүх насны хүн үзэхэд тохиромжтой, үнэтэй сургамж өгөх ТАВАН ХҮҮХЭЛДЭЙН КИНО

Энэхүү жагсаалтад  бидний өмнө нь үзсэн кино ч байж болох юм. Гэхдээ дахин нэг удаа үзэхийг танд зөвлөж байна. Магадгүй өмнө нь анзаараагүй зүйлсээ та олж харах юм билүү ...

1.    Soul

Энэхүү бүтээл нь бүх насныханд зориулагдсан бөгөөд гэр бүл, найзуудаараа үзэхэд тохиромжтой. Мөн Пиксарын анхны өнгөт арьстан гол дүртэй кино юм. Гол дүр болох Жоед, алдарт хөгжимчин, дуучин Жэйми Фокс дуу оруулсан.

·  

https://youtu.be/xOsLIiBStEs

Киноны тухайд маш товчхон дурдвал, дунд сургуульд хөгжмийн багшаар ажилладаг Жое Гарднер, жазз хөгжмийн тайзнаа гарахыг хүсдэг. Үнэхээр ч түүнд боломж нь олддог. Гэвч санамсаргүй байдлаар сүнс нь биеэсээ гаран одсоноор тэр бие болон сүнсээ буцаан нэгтгэхээр хичээж байгаа тухай гарна.

2.     “Inside Out”

Хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй хүүхэлдэйн кино бол яахын аргагүй “Inside out”. Сэтгэл зүйгээ удирдах, сэтгэл хөдлөлөө ойлгох няхуур ойлголтыг хүүхдүүдэд тун энгийн, хөгжилтэйгөөр хүргэх бүтээл. АНУ-ын сэтгэл судлаач Роберт Плутчикийн боловсруулсан онол дээр үндэслэн киноны гол дүрүүдийг бүтээсэн юм. Энэхүү киноны гол дүрийн Райлей охины дүрд жүжигчин Кейтлин Диас дуу оруулсан.

·  

https://youtu.be/yRUAzGQ3nSY

11 настай Райлей хэмээх бяцхан охины оюун санааны ертөнцөд өрнөж буй сонирхолтой үйл явдлыг харуулдаг бөгөөд шинэ орчин, шинэ сургууль, шинэ найзууддаа хүүхдүүд хэрхэн дасах гэж хичээдэг талаар өгүүлнэ.

3.    Moana

Энэхүү кино нь хэдийгээр уран зөгнөлт талдаа боловч эх дэлхийгээ хайрлах, зоригтой, зорилготой амьдрах хичээлийг далд ухамсарт суулгаад байдаг. Мауигийн дүрд алдарт жүжигчин Дуэйн Жонсон, Моанагийн дүрд жүжигчин Аули Кравальхо нар дуу оруулсан.

·          

https://youtu.be/LKFuXETZUsI

Киноны тухай маш товчхон дурдвал, бяцхан охин Моанаг аав нь далай руу ойртуулах маш дургүй. Түүнийг омгийн ахлагч болох хувь тавилантай хэмээн багаас нь л бэлтгэсээр ирсэн. Гэвч охин байнга л ааваасаа нууцаар далайд татагдан очих болсноор сонгогдсон нэгэн болдог. Тэрээр нууцаар далайд гарч Мауи гэх залуутай хамтран гэр бүл, омгийнхоо хүмүүсийг авардаг.

4.    “Brave”

Бидний хувь тавилан бидний дотор оршдог. Түүнийг олж харах зоригтой л байх хэрэгтэй. Хүсэл сонирхолдоо үнэнч байх, өшөө хорсолдоо автахгүй байхыг сургамжлан харуулдаг. Гол дүр болох гүнж Меридагийн дүрд Шотланд жүжигчин Келли Макдоналд дуу оруулсан.

·          

https://youtu.be/TEHWDA_6e3M

Шотландын нэгэн овгийн угсаа залгамжлах гүнж Мерида эршүүд зантай, ан гөрөө хийж, нум сумаар харвах хүсэл сонирхолтой охин. Түүнтэй гэрлүүлэхээр зэргэлдээ овгуудын ханхүү нарын дунд тэмцээн зохион байгуулсан нь Меридад огт таалагдсангүй. Өөрийнх нь хүслийг боогдуулж байна гэсэндээ тэр ойд шидэт шулам дээр очин бялуу авсан нь бусдыг хувиргах шидтэй байлаа. Харин энэ бялууг Меридагийн ээж идсэнээр баавгай болон хувирах нь тэр.

5.    “WALL-E”

Уран дүрслэл, өгүүлэмжээрээ хүний зүрх сэтгэлд гүн мэдрэмж төрүүлэх бөгөөд хүн төрөлхтнийг хариуцлагатай байхыг сануулдаг. Бага насны хүүхэд үзэхэд ойлгохгүй гэх зүйлгүй. Бараг л үг, харилцан яриагүй бүтээл хэдий ч Америкийн дууны дизайнер, киноны редактор, найруулагч, сценарист, дуу оруулагч Бенжамин Бэрт гол дүрийн WALL-E роботод дуу оруулсан.

·          

https://youtu.be/8-_9n5DtKOc

Хүн төрөлхтөн хог хаягдлаа дийлэхгүй болсны  улмаас дэлхийг орхин явдаг. Үүнээс хойш 700 гаруй жил өнгөрсөн ч роботууд хүмүүсийн амьдрах боломжийг хангахын тулд дэлхий дээрх их хэмжээний хогийг цэвэрлэсээр байдаг. Удалгүй ихэнх робот унтарч ажиллах боломжгүй болдог. Тэднээс зөвхөн WALL-E робот л ганцаараа үлддэг. Тэр ажилласаар л байдаг бөгөөд цуглуулсан зүйлс дундаасаа хүмүүсийн бичлэгийг үзсээр өөрийн гэсэн оюун ухаантай, мэдрэмжтэй болдог. Нэг удаа EVA гэх робот дэлхий дээр бууж ирснээр тэд найзлан нөхөрлөж үйл явдал өрнөнө.

О.Бадамааням

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх