image

Шүрээр гоёл чимэглэл хийж борлуулдаг Маралжин охины гэгээн ертөнц

Хурдан, хурдан эмх цэгцтэй өөдөөс минь алхаж ирэх нүдээрээ инээсэн хөөрхөн охинтой багахан хором ярилцаж суух тохиолоос POSITIVE TALK-ийн уншигчдадаа нэгэн гэгээн ярилцлагыг хүргэж байна. Ярилцлагын зочин Зулцэцэгийн Маралжин гэх сурагч дүүгээс гэрэл цацарсан мөрөөдөл, үзэл бодлыг олж харсан юм. Зүгээр л сошиал аппликэйшин "ухаж" суухдаа өөрийн хийж чадах зүйлээ нээж ирээдүйн зорилгодоо хөрөнгө оруулалт хийж байгаа нь бахархууштай. Ингээд шүрээр гоёл чимэглэл хийж борлуулдаг түүний гэгээн ертөнцөөр зочлуулъя.  

Сайн байцгаана уу? Намайг Маралжин гэдэг. 15 настай. Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 10-р ангийн сурагч.

Би шүрээр хүзүүний зүүлт, бугуйвч, бөгж хийж борлуулдаг. Өнгөрсөн зун Pinterest зургийн аппликэйшнээс шүрээр гоёл чимэглэл хийх алхамт зургууд болон загварын санаануудыг харж байсан. Харин есөн сард хичээл ороход материал цуглуулаад өөрөө хийж эхэлсэн. Мэдээж эхний загваруудаа өөртөө зориулж хийж байсан. Бас туршилт байсан гэж хэлж болно. Мэдээж миний хувьд маш амжилттай болж байсан учраас shop account /дэлгүүрийн хаяг/ нээж захиалга авч, борлуулдаг болсон. Сошиалд инстаграм хаяг нээж, одоогоор гарын арван хуруунд багтахаар захиалгыг маш амжилттай хийж эздэд нь гоёлуудыг нь хүргээд байгаа. 

UR BEADED JEWELRY: https://bit.ly/3GGrBjq

Инстаграмаар борлуулалт хийх их амар. Зураг, тайлбар оруулж, захиалгын DM хөтлөхөд хялбар, эмх цэгцтэй, өнгөлөг санагддаг.

Зун ах, эгчийнхээ хүүхдийг хараад мөнгө цуглуусан юм. Тэр мөнгөнөөсөө анхны материалуудаа авч байсан. Бас гэрийнхэн санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг болохоор санаа зовох зүйлгүй эхэлсэн. Том ч бай, жижиг ч бай тухайн хүний хийж эхэлж буй зүйлд дэмжлэг маш чухал. Манай гэрийхэн ямар хөөрхөн зүйлс хийгээд байгаа юм бэгээд л их нааштай хүлээж авсан. Заримдаа шүрнүүдээ энд тэндгүй хөглөрүүлээд бухимдуулдаг байх... 😊

Манай найзууд бас хийж байгаа зүйлд минь их дуртай. Энийг хийгээд өг, тэрийг хийгээд өг гэж их санал тавьдаг. Бас надаас шүр их зээлдэг. 

Хичээл онлайн болон цахимаар хосолж орж байгаа. Харин хичээлээс гадна чөлөөт цаг их гардаг учраас тэр цагуудад гоёл чимэглэлээ хийж хүргэлт хийдэг. Хүргэлт хийхэд бас л гэрийнхэн санаа тавьж, очих газрын хаягийг маш дэлгэрэнгүй зааж өгдөг нь амар байгаа.

Хичээл цахимаар ороод амар байгаа ч өдөр бүр сургуульдаа яваад, анги танхимдаа найзуудтайгаа хамт суралцах нь илүү хөгжилтэй бас урамтай...

Материал болон хийж байгаа зүйлийнхээ хийцээс шалтгаалж үнэ тогтоодог. Шүрээр гоёл чимэглэл хийж байгаа өсвөр насныхан олон болсон. Манайх үнийн хувьд хамгийн боломжит бас хүргэлттэй гэдэг нь давуу талтай. Сав баглаа боодлыг ч хийсэн гоёлуудтайгаа уялдуулан хийдэг. Гоё баглаанд хийгээд өгөхөөр худалдан авагчид их дуртай байдаг. Тиймээс тууз, өнгөт цаасыг хүртэл зориулж худалдан авдаг болсон. Баглааны санааг мөн л Pinterest-ээс хардаг. Бас гараар бичсэн талархлын хуудсыг хамтатгадаг. Сэтгэлээс гарсан бүхэн чамин бас үнэ цэнтэй байдаг шүү дээ.

Борлуулалтын орлогоо үрчих гээд л байгаа одооноос хадгалж сурна аа.

Одоогоор захиалга болон борлуулалтын явцад тулгардаг нарийн төвөгтэй асуудал тулгараагүй л байна гэхдээ хүргүүлж авах цаг товлочихоод хожимдох, захиалга нь бэлэн болсон байхад захиалгаа цуцлах асуудал гарсан. Надад ч гэлтгүй өөр төрлийн иймэрхүү худалдааны соёлд байх ёсгүй муухай зүйл шүү гэж сануулъя. 😊

Миний эхлүүлсэн энэхүү жижиг гарааны бизнес бол өсвөр насны минь сонирхлын баталгаа бас ирээдүйд төлөвлөсөн зүйлсийн минь эхний гараа. Шавраар ээмэг, зүүлт, бугуйвч хийж сурах ойрын зорилготой байгаа. Цаашдаа jewelry /үнэт эдлэл/-ийн салбарт орж ажиллахыг эрмэлздэг.

Миний хувьд за гэвэл ёолохгүй хийдэг өөрийнх нь дурласан зүйлийг хөдөлмөр гэж ойлгодог. 

2019 оны аравдугаар сараас Bullet Journal /Bujo/ хөтөлж эхэлсэн. Харин 2021 он гарснаас зураг зурж, тэмдэглэгээгээ илүү сонирхолтойгоор бичиж, илүү эрчимтэй хөтөлдөг болсон. Bujo нь тууштай, бүтээлч байдлыг нэмэгдүүлж өгснөөр бүх зүйлийг хянаж чаддаг дадалд сургасан. Магадгүй би интерьер дизайнд сонирхолтой учраас бүтээлч байдал нэмэгдүүлдэг зүйлст илүү дурладаг байх. 


Манай үеийнхэн цаг зөв боловсон, зугаацтай, үр бүтээлтэй өнгөрүүлдэг болсон гэж хардаг. Хийж бүтээе, шинэ зүйлс суралцъя гэвэл бүх зүйл боломжтой болсон цаг үе. Интернэтийн орчин бол хамгийн том боломжуудыг ойртуулж өгдөг. Бас нэг нэгнээсээ суралцдаг болсон, нэгэндээ тусалдаг болсон гэрэл гэгээтэй хүрээлэл миний эргэн тойронд байдаг. 

... Найзуудтайгаа чөлөөт цагаараа кафед сууж кино үздэг. Одоо бас парк хямдрал зарласан байгаа учраас очиж тоглоход олуулаа хөгжилтэй л байна байх даа. Цэцэрлэгт хүрээлэнд манай үеийн үерхдэг хосууд их очиж алхаж, бас дугуй унадаг. Цагийг зугаатай өнгөрүүлье гэвэл очих газар, хийж үзэх зүйлс олон л санагддаг. Хүйтрэхээр л жаахан хэцүү... 

https://bit.ly/3jTPquk

Сошиалд "bkghji" инстаграм хаягтай Уянга эгчийг дагах дуртай. Үзэл бодол болон нөлөөлөл нь таалагддаг. Өөрийнхөөрөө үзэл бодол хийгээд эерэг хандлагатай байдал нь суралцахад зөв санагддаг. 

https://bit.ly/3nEYYu0

Ковидын хөл хорионы үеүд нэлээн их юмнаас холдуулж бас өдөр хоногийг дэмий өнгөрүүлсэн. Гэвч хийдэг зүйлсээ дүгнэх, өөрийгөө эргэж харах, магадгүй зарим зүйлсийг шинээр эхлэх боломж үүсгэсэн гэж эерэг талаас нь харж болно. Одоо бол бид дасан зохицож илүү аюулгүй амьдралын дүрмийг баримталдаг болсон. Хүний эрүүл мэнд ямар чухал вэ гэдгийг хэн хүнгүй л ойлгож яваа цаг хугацаа үргэлжилж байх шиг надад санагддаг... 

Бүгдээрээ эрүүл мэндээ хамгаалж, үргэлж нэгэндээ хүндэтгэлтэй хандаж байя. Маралжингаас... 

 

 

1 Сэтгэгдэл:

  1. Өсвөр үеийнхэндээ эерэг, хандлагаар гэрэлтэж яваа хөөрхөн хөдөлмөрч дүүдээ илүү их амжилтын дээдийг хүсэе. Зорьсон зорилго, хүссэн мөрөөдөлдөө заавал хүрээрэй дүү минь. Өдөр бүр өөр өөр өнгөөр гэрэлтэж яваарай амжилт❤️

Сэтгэгдэл илгээх