image

Хүйтэн өдөр гэртээ хурдан хийж болох амин дэмтэй ШӨЛТЭЙ ХООЛНУУД

Бид витамин, эмнэлгийн гаралтай бүтээгдэхүүнээс амин дэм авахаас илүү гэртээ өдөр бүр идэж буй хоол хүнснээсээ шим тэжээл авах нь биед илүү тустай. Гэрийн хоол бол эм. Хүйтний улирал хаяанд ирлээ. Цар тахлын улмаас хүн бүр дархлаа сайн байх ёстой болж байна. Тиймээс дараах шөлнүүдийг эзэгтэй та өөрийн хийх дуртай хоолны жагсаалт руугаа нэмээрэй. Ямар хоол хийх вэ гэж шаналалгүй биед тустай, амархан хоолны жорыг танд хүргэж байна.

Тойгоор баяжуулсан ногоотой шөл

Сүүлийн үед эзэгтэй бидний цагийг хэмнэсэн бүтээгдэхүүн олон гарч байна. Тэдний нэг нь тусгайлан савлаж бэлтгэсэн тойг болон шингэн шөл. Энэ нь хүний ясыг бэхжүүлэхийн зэрэгцээ тамир тэнхээ нэмнэ гээд олон ач тустай. Тиймээс та өөрийн дуртай ногоонуудыг бэлдэж, тойгны шөлөөр баяжуулаарай. Байцаа, лууван, цагаан манжин, саримс зэрэг шим тэжээлтэй ногоогоор шөл хийх нь амттай бөгөөд гоо сайханд ч эерэг нөлөөтэй. Хамгийн гол нь элдэв амтлагч битгий нэмээрэй. Оройн хоолонд сонгож хийхэд ч амархан. Долоо хоног бүрийн нэг өдөр ногоотой шөл, бүхэл үрийн талхтай ширээ засна гээд төлөвлөөрэй.

Аарцтай нарийн гоймонтой шөл

Зөвхөн мах, саримс, хатаасан болон хөлдөөсөн аарц, давс, ус, нарийн гоймон гэсэн орцтой. Мах болон саримсаа шөл гартал нь буцалгаад, дээрээс нь гоймонгоо хийнэ. Багахан давсаар амтлаад аарцаа нэмнэ. Цагаан өнгийн шөлтэй болтол нь аарцаа хийгээрэй. Нарийн гоймонтой болохоор идэхэд тун таатай байдаг. Яарсан үед тун хурдан болдог бөгөөд даараад орж ирсэн хүнд жинхэнэ эм болно. Мах чанасан шөлөнд илүү гоё амттай болдог. Нэмт хэлэхэд шөлтэй хоол хийхдээ заавал саримс хийж байгаарай.

Халуун ногоотой шөл

Хааяа гэнэт халуун ногоо идмээр санагддаг. Тэр үедээ бэлэн гоймон, эсвэл хоолны газрын амлтагч ихтэй хоол сонгох хэрэггүй. Өвлийн улиралд шим тэжээлтэй хоол тогтмол хэрэглэснээр ханиад, томууны өвчнөөс сэргийлж чадна. Тэгвэл идэхийг хүссэн халуун ногоотой хоолоо гэртээ амтлагч багатайгаар хийж идээрэй. Гахайн мах болон саримсаа бага хэмжээний тосонд хуураад   шинэхэн кимчи хийж 20 минут зөөлөн гал дээр жигнэнэ. Дараа нь шөлөө хийгээд хоёр халбага гучугару хийгээд 20 минут буцалгана. Дээрээс нь өндөг болон дүпү нэмж болно. Ингээд л уламжлалт солонгос хоолыг гэртээ өөрт амраар, жорыг нь өөрчлөөд эрүүл аргаар хийчихэж болно.

Хүйтний улиралд шөлтэй хоол биднийг дулаацуулдаг. Эзэгтэй та хайртай гэр бүлдээ эдгээр шөлнүүдийг заавал хийж өгөөрэй. Амттай бас биед тустай. Гэрийн хоол бол эм, бас аз жаргал. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх