image

Бүх хичээлийн лекцээ Монгол бичгээр буулгадаг “БАГШИЙН АНГИЙН ОЮУТАН”

Энэ удаагийн ярилцлагаараа МУБИС-ийн монгол хэлний багш мэргэжлээр дөрөвдүгээр  дамжаанд сурдаг Э.Дэлгэртуяатай ярилцлаа. Тэрээр хоббигоо хаялгүй олон талаар хөгжүүлж чадсан, монгол бичигт хайртай, амиа өгдөг хүмүүсийн нэг юм.  

- Багадаа ямар хүүхэд байсан бэ гэж асуултаа эхэлье?

- Яг одоо энэ өнцгөөс өөрийгөө харвал багадаа би мангар гэмээр зоригтой хүүхэд байсан  санагдаж байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, би зургаан настай сургуульд орж байсан. Манай гэр Сүхбаатар аймагт байдаг. Гэхдээ би дөрөвдүгээр ангидаа Дорнод аймагт сурна гэж шийдээд есөн настай гэрээсээ хувцсаа аваад явж байсан. Одоо бодоход тийм жоохон хүүхдэд баймгүй зориг, тэвчээр гаргасан юм шиг санагддаг. Гэхдээ ингэж явснаараа би маш их юм сурсан л даа. Наад зах нь биеэ даах, өөрөө өөрийгөө аваад явах гэдэг зүйлүүдийг сурсан гэж бодож байна. Тэгэхээр маш зоригтой л хүүхэд байсан гэж бодож байна даа.

- Тэгвэл хэзээнээс монгол бичигт хайртай болж, дурлаж сурч эхэлсэн бэ?

- Бусад хүүхдүүдийн адилаар зургадугаар ангиасаа монгол бичиг сурч эхэлсэн. Сургуульд орохоосоо өмнө л би монгол хэлний багш болно гэж боддог байсан. Яг тэр бодлынхоо дагуу өдгөө монгол хэлний багш болохоор дөрөвдүгээр дамжаанд сурч байна. Монгол хэлний багш хүн мэдээж монгол хэл, бичиг, уран зохиолын сайн мэдлэгтээ байх ёстой. Үүнийхээ дагуу мэргэжилдээ төгс эзэн байхын тулд монгол бичгийг улам хичээнгүйлэн сурсан. Монгол бичиг бол миний хувьд маш их тайвшрал. Би зүгээр сууж байхдаа хүртэл дэвтэр бал аваад кириллээр юм бичихгүйгээр монгол бичгээр юу ч хамаагүй бичээд сууж байдаг. Бас бийрээр бичээд суухад маш их төвлөрдөг. Ганцаараа байх, бясалгах, аливааг бодох хугацаа олгодог болохоор монгол бичигт маш их хайртай.

- Хичээлүүдийнхээ лекцийг  Монгол бичгээр бичдэг гэж байсан. Энэ талаараа хуваалцвал?

- Монгол хэлний багшийн ангид нэгдүгээр дамжаанд орсны дараа надад нэг бодол төрж байсан юм. Би энэ хүүхдүүдээс юугаараа илүү байх ёстой юм бол бол доо, ямар давуу талаараа ирээдүйд сайн монгол хэлний багш болж чадах юм бол гэсэн бодлоор анх лекцээ монгол бичгээр бичиж байсан. Эхэндээ багш нарын ярьж байгаа лекцийг монгол бичгээр бичихэд маш удаан, түүнээсээ болж хоцрох, заримыг нь бичиж амжихгүй үлдээх гэсэн асуудлууд гарч байсан. Шантралгүй бичээд байхаар сүүлдээ гар маань зүгшрээд бараг кириллээр бичсэнээс хурдан юм байна гэдгийг ойлгосон. Үүний хажуугаар би дуу сонсоод түүнийгээ таталж бичих нь миний сонирхлыг илүү их татаж байгаа. Одоогоор Монгол улсын төрийн дуулал , Монголын нууц товчоо , Монголын тал нутаг гэх мэт удаан ритм, аятай дуунуудыг таталж бичээд байна.

- Монгол бичиг дундаа таталган бичгийн сургалт явуулдаг гэж сонссон. Энэ талаараа яривал?

- Ид шидийн орон хүүхэд хамгааллын байгууллага дээр сайн дураараа бийрийн бичгийн сургалт явуулдаг. Хотын төв рүү ирээд сургалтад суух боломжгүй, Улиастай хавиар амьдардаг монгол бичигт дуртай, бийрээр бичих сонирхолтой хүүхдүүдэд сайн дураараа сургалт явуулдаг. Коронагоос болоод сургалт маань явахгүй байж байгаа энэ долоо хоногоос ахиад хэвийн явж эхлэх гэж байна. Хувиараа явуулдаг сургалтын хувьд яг короногийн нөхцөл байдлын үеэр  миний хувьд маш том боломж буюу нэг том алхам хийсэн гэж хэлж болно. Цар тахал гээд хүмүүсийн бизнес хаагдаад нэлээн том дампууралд орлоо шдээ. Энэ үеэр харин би таван хүнтэй монгол бичгийн сургалт аваад бийрийн бичгийн сургалт явуулсан. Таван монгол бичгийн багш байсан л даа. Тэгээд надад төрж байсан бодол бол хүн жоохон ч гэсэн чаддаг зүйлтэй байх сайхан юм байна. Чаддаг зүйлээрээ энэ хэцүү цагт өөрийнхөө хэрэглээний мөнгийг олж чадаж байна гэж бодохоор үнэхээр аз жаргалтай өөрөөрөө бахархаж байсан. Мөн тодорхой орлогоосоо ид шидийн оронд хандивладаг.

- Монгол бичиг мэддэг залуус цөөхөн болоод байгаа. Залууст монгол бичиг хэр хэрэгтэй вэ?

- Залууст маань монгол бичиг маш их хэрэгтэй. Монгол бичиг бол дэлхийд ганцхан байгаа босоо бичиг шүү дээ. Монголд л байгаа өөр хаана ч байхгүй. Өвөр Монголд хүртэл яваандаа хаагдах төлөвтэй болсон байгаа шүү дээ. Өвөр Монголд байхгүй болчихвол Монголоос өөр газар байхгүй гэсэн үг. Залуучууд бид л энэ бичгийг өвлөж авч цааш нь уламжилж түгээж өгөхгүй бол монгол бичиг гэдэг бичиг байсан юм байна лээ гэж ярих цаг магадгүй гарах ч юм билүү. Удахгүй хос бичигтэн гэсэн хөтөлбөр зохион байгуулагдах гэж байгаа болохоор залуус идэвхтэй хамрагдаж сурах байх аа. Би нэг монгол бичгийн номын дэлгүүрт ажиллаж байгаа. Залуус манай дэлгүүрт орж ирээд номуудыг сонирхоод, зарим нь сурна гээд худалдан авалт хийдэг. Үүнийг хараад байхад залууст сурах хүсэл их байдаг юм шиг санагддаг.

- Эцэст нь “Z” үеийнхэндээ хандаад нөхөрсөг зөвлөгөө хэлээч?

- Одоо үеийн залуучууд маань хэн нэгнийг баруун тийшээ алх гэвэл баруун тийшээ алхаад, зүүн тийшээ алх гэвэл зүүн тийшээ алхдаг ч юм уу нэгнийгээ даган дуурайдаг болсон юм шиг санагддаг. Хэн нэгнээс үлгэр дуурайлал авч болно гэхдээ яг бүтнээр битгий тэр хүн шиг болох гэж хичээж өөрийгөө алдаасай гэж бодож байна. Та өөрөө өөрийнхөө хамгийн шилдэг ганцхан хувилбар шүү дээ. Бас хэн нэгнийхээ чөлөөтэй, хувийн орон зай руу битгий дураараа халдаарай. Цахим орчинд эрүүл зөв, эерэг байцгаая л гэж хэлмээр байна даа.

М. Гэрэлдэлгэр

6 Сэтгэгдэл:

  1. Лантуун дохион шилдэг хүүхдүүдийн нэг. Ийм хүүхдүүд байгаа болохоор бид ирээдүйдээ итгэлтэй байдаг шүү. Баяр хүргэе ээ!!

  2. Лантуун дохион шилдэг хүүхдүүдийн нэг. Ийм хүүхдүүд байгаа болохоор бид ирээдүйдээ итгэлтэй байдаг шүү. Баяр хүргэе ээ!!

  3. Урам зориг авлаа.

  4. Урам зориг авлаа.

  5. Мундаг охинд амжилт хүсье😍

  6. Мундаг юмаа

Сэтгэгдэл илгээх