image

Бичиг баримт хөөцөлдөнө гэхээс түгшдэг "дарамттай" үе хэзээ дуусах вэ, хандлага муутай төрийн алба хаагч нараа

Дэлхий хавтгай болж байна гэж бид ярих дуртай. Тиймдээ ч цахим үндэстэн болно гэж цээжээ дэлдэн, цахим мөнгө гаргаж, төрийн бүх үйлчилгээг гар утаснаас авч болохуйц шийдэл олохоор зэхэж яваа ард түмэн. Иргэний үнэмлэхээ бариад өөрийгөө гэдгийг батлуулахаар нотариат ордог иргэдийн хувьд цахим үндэстэн болох алсын хараа эхэндээ буугаагүй. Гэвч хийж байгаа сэтгэл, болгохоор шулуудсан зоригийг нь үнэлээд аажим аажимаар цахим шилжилтэд орж байна. Жолооны үнэмлэхгүй явж болно, татвараа цахимаар төлнө. Мөн нийгмийн даатгалаас эхлээд иргэдийн төрийн байгууллагад очерлодог байдлыг засахаар хэрэндээ хичээж буй. Гэвч хоорондоо авцалдахгүй юм. Иргэний үнэмлэх захиалах, газрын бичиг баримт солих, хуулийн этгээдтийн гэрчилгээ солиулах, шинээр авах гээд олны дунд түгээмэл байдаг үйлчилгээ хараахан цахимжиж амжаагүй байна. Хэдий хөрөнгө хаяж аппликэйшн, вэбсайт нээсэн хэдий ч бүрэн ажилладаггүй. Нөгөө талаар иргэдийн боловсролын түвшнээс хамааран шууд хэрэглэж чаддаггүй зэрэг асуудал хөвөрсөөр. Цахим үндэстэн гэх сүржин нэршил ч яахав. Бас л нэг гоё харагдах өнцөг. Үнэн хэрэгтээ gmail хаяг нээгээд утасны дугаартайгаа холбоод, интернет банкаа асуудалгүй ажиллуулдаг насанд хүрсэн Монгол хүн хэд билээ. Сурсан зангаараа дүүрэг, нийслэлийн байр луу өглөө эртлэн очно. Тэр цагаас эхлээд л жинхэнэ хүнд суртал, стресс гэдгийг утгаар нь мэдэрнэ дээ.

Монголын төрд 285900 хүн ажилладаг. Тэдний 25800 нь Төрийн захиргаа, улс төрийн албан хаагч буюу жижиг том дарга нар. 25400 нь эмч, сувилагч, 50200 нь багш, 1100 нь шүүгч, прокурор, 37500 нь Төрийн тусгай албан хаагч, 51600 нь үйлчилгээний албан хаагч. Харин 9700 хүн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдийг төлөөлөн сууж буй. Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газарт 78200 хүн ажилладаг. Харин Соёл, урлагийн салбарт 4500, шинжлэх ухааны салбарт 1700 ажилтан бий. Энэ тооноос манай улс шинжлэх ухааныг хэдэд авч үздэгийг харж болно. Харин шинжлэх ухааны салбарын хүний нөөцөөс ес дахин их буюу 25800 удирдах албан тушаалтан байна гээд бод доо. Нэмээд үйлчилгээний нэртэй 51600 хүн. Эд нар чинь л нөгөөх иргэдийн улаан нүүр лүү цаас шидэж, хашхирдаг даам гарсан төрийн албаныхан шүү дээ. Эдгээр хүмүүсийн боловсролыг яриад яахав. Бодвол өчнөөн медаль, жуух бичиг, цомтой биз. Хамгийн гол нь хандлага, харилцааны чадвар нь бүхий л цаг үед иргэдийн шүүмжлэлд өртсөөр ирсэн юм.

Төсөөлөөд үзье л дээ. Хуулийн этгээдийн гэрчилгээ авах гэж байна гээд. Зоолттой долоо хоног бол явна. Очих бүрдээ банкинд мөнгө төлж, улсын тэддүгээр маягт, ийм ч бичиг, тийм ч гарыг үсэг. Иргэд хэрэндээ л жагсааж бичээд эхнээс нь бэлдээд жин тан болгоод очно. Болж өгвөл ямар нэгэн зүйлийг нь дутуу байлгаад буцааж явуулах хандлагатай. Энэ хүн замын түгжрэлд нааш цааш явна, цаг гаргаад ирсэн байна гэж бодохгүй. Нэгнээ гэсэн сэтгэлгүй байгаагийн илрэл л юм даа. Хамгийн гол нь цэг таслал, дугтуйны өнгө гэх мэт өнгөн хэсэг дээр гярхай ажиллана. Харилцахдаа өндөр дуугаар, хөмсөг зангидаастай. Өдөрт өчнөөн хүнтэй ажиллаад ядардаг биз дээ. Янз бүрийн л хүн таардаг байлгүй гэж бодоод эвтэйхэн ярих гэж үзнэ. Учир байдлаа хэлнэ. Яарч, тэвдэж яваагаа учирлана. Харин ч нэг тоохгүй дээ. Тэр тусмаа нас залуу хүүхдүүдийг тас загнаад л гаргачихна. Хөгшин настай хүмүүсийг ч гэсэн маргааш ир гээд л жишим ч үгүй гаргана. Уг нь хийгээд байгаа ажил нь улсын нууцын дайтай хүнд зүйл биш. Монгол Улсын иргэн хууль ёсны бичиг баримт болон татвар тооцооны асуудалгүй явахын тулд нь төрийн байгууллагыг зорьдог. Тэрнээс хийх юмгүй хүн дүүргийн байцаагч нарыг өдөж хоргоохоор явав л гэж. Татварын хэлтэсүүд бол зүгээр л шатрын бэрс. Ядарсан аж ахуй нэгжүүдийг сэгсрээд, торгоод, хямраагаад сурчихсан. Өөрсдийгөө мэдрээд яарваганаад сууж байдаг. Ер нь төрийн байгууллагын ажилтнууд иргэдэд үйлчлэх ёстой болохоос дарга нарт пялдаганах чиг үүрэггүй биз дээ. Энэ даргын хүн гэхээр л дараалалгүй шууд оруулаад, халуун цай оочлуулангаа ажлыг нь бүтээдэг. Энгийн иргэн очихоор цайндаа орлоо, дотуур ажилтай, тэдэн цагаас хойш ир гээд л дарамталдаг. Ийм хандлагын доголдлыг яагаад хэн ч тоодоггүй юм бол. Уг нь төрөөс алба хаагчидаа сургалт, семинарт мөнгө харамлалгүй суулгаж, эрхлүүлдэгсэн. Гэвч тэд нар нь хандлага нооль. Иргэдийн хувьд хаан, дарга нарын өмнө жоом. Өнгөн хэсэгтээ нэг л их ядарсан төрийн албан хаагч нар. Цагдаа, эмч, багш нар бол жинхэнэ бор зүрхээрээ гэдэг шиг цаг наргүй зүтгэдэг нь үнэн. Гэхдээ улсын эмнэлгүүдийн хүнд суртал бол бие даасан том сэдэв. Түр орхиё. Харин захиргааны болон удирдах төвшний байгууллагад ширээний ард суудаг нөхдүүд жинхэнэ хорны эзэн. Ажил хийе, бүтээмж гаргая гэх бодолгүй суудлын нөхөөсүүд олон байна гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлж л байсан. Үнэн л дээ. Гэхдээ ажлаа хийх хийхгүй нь тэр хүний, харьяалагддаг байгууллагынх нь хэрэг. Хамгийн гол нь иргэдтэй ажилладаг гэдгээ ухамсарлаад харилцаа, хандлагаа өөр болгомоор. Сүүлийн үед хард скилл буюу модон чадваруудаас илүү софт скилл чухалд тооцогддог болсон. Бусадтай яаж харилцдаг, ажилдаа эзэн болдог уу, ажлыг төвөгтэй болголгүй амжуулах чадвартай юу гээд л. Тэгэхэд нөгөө л нэг дүүргийн нэг цонхон дээр сууж байдаг ааштай эгч. Татварын албаны ууртай ах. Сайхан зан нь хөдөлвөл ажлаа хийчхээд таагүй өдөр байвал дотуур ажилтай гээд ширээгээ хоосон орхичихдог. Ийм хүн төрийн албанд байхгүй гээд хэлэх хүн гараад ирээсэй. Маргаад, няцаагаад, ажил ингэж явдаг гээд харуулах төлөөлөл байгаасай. Гол нь байхгүй. Төрийн байгууллагаар ажил хөөцөлдөөд нүүрэндээ үрчлээ нэмж үзээгүй иргэн тун ховор биз. Бичиг баримт хөөцөлдөнө гэхээр л үстэй толгой арзайдаг ядарсан үе хэзээ дуусах юм бол доо. Мэдээж ажлаа сэтгэлээсээ хийдэг, иргэдийн төлөө ажилладаг, хандлагыг эрхэмлэдэг хүмүүс бий. Гэхдээ маш цөөхөн. 10 хүн тутмын хоёр нь гээд хэлэхэд буруудахгүй. Тэд хичнээн сайн ажилласан ч нөгөөх зүрхний хийтэй, эгогоо дарж дийлдэггүй нөхдүүд нь хэл ам дагуулдаг. Нийт төрийн алба хаагч болон төрийн албыг муухай харагдуулдаг. Төрийн үйлчилгээ гэхээр л удаан, найдваргүй, бүтэхгүй мэт ойлголт өгдөг. Энэ бүхнийг шийдэх амархан. Хандлагаа л өөрчилчих. Өөрийнхөө төлөө харилцааны чадвартаа жаахан ч анхаарчих. Дааж давшгүй хүнд даалгавар биш. Одоо цагт хандлага муутай олны дунд ад болох нь цаг хугацааны асуудал. Цалин нь цагтаа буудаг, өглөө очиж орой тарах цаг нь тодорхой, амралтын өдөртэй, хааяа нэг намын хишиг хүртчихдэг төрийн албан хаагчдын хувьд амьдрал хамаагүй хялбар байдаг биз. Иргэдтэй хэрэлддэг биш зориод ирсэн ажлыг нь бүтээгээд гаргадаг ажилтан олон байгаасай. Бичиг баримт хөөцөлдөнө гэхээр үстэй толгой арзайдаг дарамттай үе хэзээ дуусах вэ, хандлага төрийн алба хаагч нараа ....

М.Баасандэлгэр

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх