image

SEXEDUCATION | Охидын үтрээний үрэвсэл үүсэх гурван шалтгаан

Охидын үтрээний үрэвсэл үүсэх шалтгаанууд хийгээд эмчилгээний талаар хүний их эмч Б.Даваацэрэн ийнхүү мэдээллэж байна. 

Орчин үед өсвөр ба бага насны охидын гадна бэлэг эрхтэн, үтрээний амсрын үрэвслийн шалтгаан, эмчилгээний асуудал чухлаар тавигдсаар байна. Охидын үтрээний үрэвсэл нь охидод тохиолдох өвчний дотор тэргүүн байранд ордог бөгөөд Англи 40,5 хувь Грек ба АНУ-д 61,8 хувь Оросын Холбооны Улсад 60-70 хувь байна. Монголд охидын үтрээний үрэвсэлт өвчний 30-42 хувь нь халдварын гаралтай байгааг онцолсон байна. Охидын бэлэг эрхтэний эмгэгийн дотор 10 хүртэлх насны охидын үтрээний амсрын үрэвсэл 85-90 хувь тохиолдож, үүний 75 хувь нь харшлын гаралтай байна гэжээ.

3-10 нас хүртэлх бага насны охидын үтрээний үрэвсэлээр өвчлөх урьдал нөхцөл нь амьсгал, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, гэдэсний халдвар, антибиотикийн замбараагүй хэрэглээ, биеийн дархлаа сулрах зэргийн үед нөхцөлд эмгэг төрөгч нянгууд идэвхижих явдал юм.

Харин 10-18 нас хүртэлх өсвөр насны охидод бөөр, давсагны өвчлөл, бэлгийн замын өвчлөл, энгийн хомхойн вирусийн халдвар нь үтрээний үрэвсэл үүсгэх шалтгаан болж байна.

Охидын үтрээний үрэвсэл үүсгэсэн шалтгаанууд:

- Охидын ихэнх ээж, аав, эмээ гээд  гэр бүлийн насанд хүрсэн хүмүүстэй хамт унтдаг. Эндээс гэр бүлийн амьдралын буруу хэв маягаас болж, хүүхдэд халдвар дамждаг байна.

- Охидын дунд анхны үзлэгээр 43,5 хувьд гадна бэлэг эрхтний ариун цэвэр хангалтгүй байсан. Иймээс бэлгийн ариун цэвэр бага сахидагтай холбоотойгоор үтрээний амсар, үтрээнд нянгийн шалтгаант үрэвсэл үүсэх нөхцөл бүрэлдэж байна.

- Гүйлсэн булчирхайн эмгэг, цагаан хорхойтох эмгэг, бөөр давсагны эмгэг, харшлын эмгэг зэргийг дутуу эмчилснээс хүүхдийн үтрээний орчин алдагдаж, зарим тохиолдолд тухайн өвчнийг үүсгэгч нян цусаар болон үтрээний амсраар дамжин орж, үтрээний үрэвслийг үүсгэж байна.

Охидод үтрээний үрэвсэл үүссэн үед илрэх зовиур:

Харшлын гаралтай үтрээний үрэвслийн үед охидод, гуяны дотор тал, өгзөг, умдаг  хэсгээр улайж, хорсох , тууралт  гарах , маажсанаас зулгаралт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Нянгийн шалтгаант үтрээний үрэвслийн үед эвгүй үнэртэй, үнэргүй идээрхэг ялгадас их хэмжээгээр гарах шинж давамгайлна. Эхэн үедээ ихэвчлэн цагаан өнгөтэй, үнэр багатай байж байгаад нянгийн үржил ихэсэхэд үнэр нь ихэсэж, цагаан юмны өнгө шаргал, шар , ногоон болж өөрчлөгдөнө.

Охидын үтрээний үрэвслийн эмчилгээ:

Үтрээний мазокын шинжилгээг авна. Охидын эмчийн үзлэгээр орж, шалтгааныг тодруулах. 

Харшил, цагаан хорхойн эмгэг, бөөр, давсагны үрэвсэл хавсарсан тохиолдолд тухайн эмгэгийг эмчилж,  үтрээний үрэвслийг дарах, мөөгөнцрийн эсрэг, дархлаа дэмжих  зорилгоор эмийг эмчийн заавраар хэрэглэнэ. Үтрээний амсрын үрэвсэл, үтрээний үрэвсэл нь 5-10 хувь дахих магадлалтай байдаг тул бэлгийн ариун цэврийг сайтар сахиулж, 2-3 хоногт нэг удаа бэлэг эрхтнийг бүлээн усаар угаана , саван хэрэглэхгүйг анхаараарай. Мөн тусад нь ор засаж, хүүхдийг ганцаараа унтуулж сургах хэрэгтэй. Мөн дулаан хувцаслаж, дороос нь дааруулахгүй байх , хоолой, шүдний өвчинг бүрэн гүйцэд эмчилж,  биед архаг халдварын голомт байлгүй байхад анхаарна. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх