image

Спортын дасгал хөдөлгөөн нь зөвхөн турахад зориулсан арга биш, амьдралын хэв маяг

Спорт нь хувь хүнээс тэвчээр шаардахын зэрэгцээ хүний эрүүл мэнд бие бялдарт эерэг нөлөө авчирна. Түүнчлэн хүн өдөр тутамдаа тогтмол спортоор хичээллэж хэвшсэнээр байнгын хэрэгцээ болдог. Сүүлийн үед хүн бүр дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэсэг болгохыг эрмэлздэг болсон. Энэ хандлага нь дасгалыг зөвхөн турах арга биш гэдгийг батална. Тэгвэл спортоор хичээллэх нь ямар ашиг тустай болохыг дараах мэдээллээр хүргэе. Та өөрийн биед тохирох төрлийн спортоор хичээллээрэй.

Усан спорт болон түүний ашиг тус: Биеийн жингээ тогтвортой барих, сэтгэл зүйн эрүүл мэндээ хадгалахад тохиромжтой спортын төрөл. Иймд хүний биеийн булчин, уушиг, зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах, уян хатан байдлыг ч мөн хадгалж, хамгаалах үүрэгтэй байна. Хэрэв та усан бассейнд явахаар төлөвлөж байгаа бол цагаан хорхойны шинжилгээ өгөх ёстой. Мөн усны хувцас, нүдний шилээ бэлдээрэй.

Багийн спорт: Бусдын үзэл бодол, байр суурийг ойлгож хардаг болох ба бие даах, үүрэг хариуцлагатай нэгэн болон хүмүүжихэд хүч болдог. Багаар ажиллах нь бусдын үгийг даах, үлгэр жишээ авах, цаг баримтлах, тууштай байх зэрэг чанарыг хүнд суулгадаг. Мөн тухайн хүнээс авхаалж самбаа шаардах бөгөөд бусадтай хамтран ажиллах чадварыг сургадаг.

Спорт бол өөрийгөө нээх боломж: Аливаа тэмцээн уралдаанаас өөрийгөө юу чаддаг хэр хэмжээний ур чадвартай байгаа гэдгээ харж болдог. Түүнээсээ суралцаж, алдаа оноогоо ойлгох бусдаас үлгэр жишээ авах боломжийг нээж өгдөг зүйл бол спорт билээ. Өөрийн гараар бүтээсэн амжилтаас урам авах нь хамгийн том шагнал гэж ойлгож болно.

Ялж ялагдах тэвчээр хатуужил бий болгодог: Ямар ч тэмцээн уралдаанд нэг нь ялж нөгөө нь ялагддаг. Тэгвэл түүнийг давах хүчийг спорт өгдөг. Найрсагаар ялагдаж чаддаг болно. Ямар нэгэн спортоор туугтай хичээллэх явцад тэвчээр хатуужил өөрөө ирдэг. Ялагдлыг хүлээн зөвшөөрч, бусдыг хүндэтгэж чаддаг хүн ялалтын төлөө илүү сайжирдаг.

Сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг: Спортоор хичээллэхэд хүний тархинаас эндофрин гэх бодис их хэмжээгээр ялгардаг учир энэ бодис нь хүний стрессийг тайлж өөрт итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн сэтгэл санаагаар унасан үед тайтгарах хамгийн шилдэг арга бол хөлсөө гаргах. Өөртөө ашигтайгаар сэтгэл зүйн байдлаа хэвийн болгохыг хүсвэл спортоор хичээллээрэй.

Спортоор хичээллэдэг хүний хувьд зөв хооллолтыг сахих, нойрны дэглэм барих, амралтаа байнга зөв зохицуулах, зугаа цэнгэлийг тааруулах, бэлтгэлээ тогтмол хийх зэрэг байх ёстой наад захын сахилга бат бий. Хамгийн гол нь спорт хүний амьдралын хэв  маягт эерэгээр нөлөөлж, сэтгэл хангалуун амьдрахад тусалдаг.

С.Цэвэлмаа

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх