image

Бодлын өрөө | Ирсэн шигээ буцах нь үнэн гэхээр бид хайрыг мэдрэх гэж л төрсөн юмуу

Ертөнцийн мөнх бус. Чи ч тэр би ч тэр энэ дэлхийд ирсэн шигээ буцна. Хаанаас ирснээ мэддэггүй шиг хаашаа явахаа ч бас мэдэхгүй. Гэхдээ явна. Тэр хар өдөр бид бүхнийг бүгдийг нь хүлээж буй ...

Гуравхан хоногийн дотор эргэн тойронд минь гурван хүн амьсгал хураалаа. Итгэж өгөхгүй байсан ч зөрөх аргагүй. Тэд явчихаж. Элгэн садан нь өмөрч, үр хүүхэд нь шаналж байна. Жам ч гэлээ арай эрт мэт санагдана. Үлдсэн хүмүүс юу эсэхийг бодох билээ дээ. Ингэсэн бол, тэгсэн бол гэж харамсахаас илүүг чадахгүй. Дотны хүн минь биш болохоор ч тэр үү. Учиргүй гуниглаж уйлсангүй. Эмгэнэл илэрхийлээд, Ум сайн амгалан болог гэж чин сэтгэлээсээ хэлээд өнгөрөв. Бусдын л ая талыг харж, буруу үг хэлэхвий гэж гацан түгдрэх энүүхэнд. Гэвч цээжин дотор нэг тийм харамсал бас айдас төрөөд байх шиг. Өмнө нь ахмад настай эсвэл хүнд өвчтэй хүнийг л арга буюу амь тавьдаг гэж ойлгодог байж. Гэтэл үгүй. Хэрэв үнэхээр эндээс явах цаг нь болсон бол чиний нас хичнээн залуу байх чинь хамаагүй. Өчигдөр л инээгээд сууж байсан хүнтэй өнөөдөр уулзахгүй байж мэднэ. Хатуу юм аа, хүний амьдрал. Аз жаргал асгаруулж ирчихээд гэнэт яваад өгөх нь гашуун юм. Төрөхөөс үхэхийн хоорондох төө хүрэхгүй хугацаанд бид амьдрал гэдгийг мэдрэх хувьтай. Тэр хугацаа хэр удаан үргэлжлэхийг бидний туулж өнгөрүүлсэн зам мөр, хувь тавилан шийддэг болтой юм. Хүн үхлийн тухай бодохгүй байж болох ч түүнийг ирэхгүй мэт амьдрах нь өөрөө үнэнээс гажсан үйлдэл болов уу. Энэ нь эрт, орой аль нэг цагт ирэх хар өдрийг хүлээн гуниглаж, сэтгэл санаагаар уна гэсэн үг биш. Газарт гишгэж нарны туяаг мэдэрч байгаа хугацаандаа хайр дүүрэн, харамсах мөргүй аж төрөх даалгавартай юм шиг. Нөгөө талаар үхэл нь гашуудал биш эрх чөлөө, магадгүй шилжилт ч байж мэднэ.

Үр удмаа үлдээж, мод тарьж, ном бичих юм бол хүн болж төрсний хэрэг бүтдэг гэж ярьдаг. Гэвч дэлхий хавтгай болж, хүн бүрийн амьдралын хэв маяг харилцан адилгүй болсон энэ цагт энэ гурван тодорхойлолтоор хүний амьдралыг хэмжинэ гэдэг хэтэрхий өрөөсгөл. Учир нь дэлхий өөр болж байна. Амьдрал бидний төсөөлдгөөс тэс өөр нотоор эгшиглэж, заримдаа тэсэхийн аргагүй чангаар хашхирч байна. Яаж амьдарвал зөв бэ гэдэг асуулт хүмүүсийн амнаас унахаа больж байна. Харин хэр их хайрлуулсан бэ, чи өөрөө хэр их хайрласан бэ гэдэгт бүх анхаарал төвлөрдөг болжээ. Нээрээ л амьсгал тасрахаар хэвтэж байх үедээ миний олсон мөнгийг хэн авах бол гэж бодох сөхөөтэй хүн байхгүй биз. Тэгэхээр хайрлах юм байна. Энэ хорвоод бид амьдрах гэж л энэ биеийг олж төрсөн аж. Эргэн тойрны хүмүүсээ энэрч, асраарай. Энэ тэр гэж ялгалгүй, эргэж буцах сэтгэлгүй бүхнээ зориулаарай. Тэр ч явна, чи ч явна. Юу ч булаацалдаж, арсалдаж, муудалцах хэрэггүй. Эцсийн бүлэгт очих цэг чинь нэг. Би хүн шиг явсан даа гэж цээж дүүрэн амьсгалах чадалтай болох хүртлээ хайрлаарай. Хар буруу санах гээд яах вэ. Үйлийн үр хаалга андуурахгүй. Үлдэх хүмүүсдээ гэм үүрүүлэхгүйн тулд зөв явах ёстой. Амьдарч чадсан хүн үхэж чаддаг юм гэнэ лээ. Ирээдүйд юу хүлээж байгааг мэдэхээс хойш өнөөдрийг хайрлая. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх ... Амьдрал бидэнд өгсөн бэлэг. Хүн болж төрсөн хувь заяагаа битгий гомдоогоорой. Хангалттай хайрлаж, халгитлаа жаргаарай. Ухаант хүн танд эрүүл энхийг хүсье. Дахин дахин гуйя. Хайраа дэлгэж, цацаж, асгаж яваарай. 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх