image

Б.Золзаяа: Өөрийгөө ялан дийлж чадсанаар одоо л би жинхэнээсээ сэтгэл хангалуун амьдарч байна

Сайн уу уншигч та бүхэнд "Эерэг яриа" булангийнхаа ээлжит зочноор нэгэн гайхалтай эрч хүч ундарсан бүсгүйг танилуулж байна. Тэр богинохон хугацаанд өөрийгөө гайхалтай өөрчилж, түүнийгээ дагаад олон эерэг өөрчлөлтйиг амьдралдаа бий болгосон талаараа, мөн өөрийн хэрэгжүүлсэн бодит туршлагаасаа бидэнтэй хуваалцлаа. 

"МИНИЙ ӨӨРИЙГӨӨ ОЛСОН ХОЁР САРЫН АЯЛАЛ"

Сайн байцгаана уу. Намайг Батбаатарын Золзаяа гэдэг хоёр сайхан үрийн ээж бүсгүй байна. Та бүхэнд өөрийн хоёр сарын дотор 30 килограмм хассан туршлагаасаа хуваалцах болсондоо баяртай байна.

Би 2021 оны нэгдүгээр сард бяцхан охиноо өлгийдөж авсан. Эмнэлгээс гарах үед би 90 килограмм жинтэй, маш их хаван, өөхлөлттэй байсан. Гэртээ ирээд нэг сарын хугацаанд тайван байж, амарч, гэрийн хоол унд идээд жин маань 85 килограмм болж буурсан байсан л даа. Энэ үед ямар ч дэглэм бариагүй зөвхөн амралтын үр дүнд энэ жинд хүрсэн маань тэр.

Харин сарын дараанаас би жингээ хасъя, энэ удаа л хасахгүй юм бол би цаашид ч чадахгүй юм байна гэж бодоод сэтгэл шулуудсан. Хамгийн эхэнд авсан арга хэмжээ гэвэл жингээ хэрхэн хасах талаар уншиж судалж, ер нь яагаад таргалдаг вэ гэдэг ойлголтуудыг авч эхэлсэн. Хүн болгоны амьдралын хэв маяг, идэж хэрэглэж байгаа зүйлс өөр. Таргалалт ч мөн үүнтэй адил шалтгаан нь янз бүр байдаг.

Таргалалтанд нөлөөдөг хамгийн түгээмэл жишээг нэг нэгээр нь нэрлэвэл эхнийх нь дутуу нойр.

Хүний бие зөв цагт нойроо зөв авснаар  бие эрүүлжиж, өөхөө шатааж жингээ хасч байдаг. Харин дутуу нойртой явснаар бидний бие стрессийн горимд шилжиж, дотор өөхлөлттэй болж, хэвлий хэсгээр таргалдаг. Оройны 22 цагаас шөний 02 цагт хүн заавал унтаж, зөв чанартай нойроо авах хамгийн чухал цаг байдаг. Хөхүүл ээжүүдийн хувьд энэ нь бараг л боломжгүй. Тиймээс тааруулаад боломж гарах үед шууд л амарч байгаарай.

Дараагийн шалтгаан бол буруу хооллолт.

Хүмүүс хоол хүнсийг буруу цагт зохистой хэмжээнээс дандаа хэтрүүлэн  хэрэглэдэг. Гурилны хэтийдсэн хэмжээнээс хүний бие хордон, цавуулагтаж, бүдүүн нарийн гэдсэнд өтгөн хуримтлагдсаар байгаад цусны эргэлт удааширч, хүний бие аажим аажмаар таргалдаг.

Гуравдугаарт ус уухгүй байх.

Усыг тогтмол зөв уухгүй байснаар таргалалтын нэг шалтгаан болно. Ус ууж байна гээд хүйтэн усыг их хэмжээгээр нэг дор уух гэх мэт олон алдаа гаргадаг. Өөрийн биеийн жингээ 40-өөр үржүүлээд хүний өдөрт уух ёстой усны хэмжээ гарч ирнэ. 600 грамм тасалгааны температуртай, юм уу бүлээн усыг өглөө босоод өлөн дээрээ шууд уугаарай. Хүйтэн ус ерөөсөө ууж болохгүй. Энэ нь хоол шингээх явцыг удаашруулдаг. Бусад цагт нь үлдсэн усаа бага багаар шимж уугаарай. Ус ууж л байвал эрүүл сайн гээд манайхан ихдүүлчих гээд байдаг. Энэ нь өөрөө бөөр өвдөхөд нөлөөлнө. Харин унтахаасаа гурван цагийн өмнө усаа зогсоосноор бие амарч байх үед бөөр ачааллахгүй.

Эдгээр гурван зүйлд анхаарч, давхар би хэсэгчилсэн мацаг барьсан.

Хэсэгчилсэн мацгийг барьснаар би хоёр сарын хугацаанд 85-73 килограмм болтол жингээ бууруулж чадсан.

Хэсэгчилсэн мацаг гэдэг бол өдрийн 16 цагийн турш хоол идэхгүй биеэ амраагаад, үлдсэн найман цагт тохирсон хоол хүнсээ иддэг арга. Жишээ нь оройн хоолоо 18 цагт идсэн бол маргааш өглөөний 10 цагт өглөөний цайгаа ууна гэсэн дараалалтай. Хоол идэхгүй байх 16 цагт ус, цай, хар кофе ууж болно. Мацаг барьж байх хугацаандаа цай кофегоо шар тостой хэрэглэхгүй байх тал дээр анхаараарай. Энэ нь өөрөө хоолны төрөлдөө орчихдог учраас тохирохгүй гэж үздэг юм билээ.

Хагас мацаг барьснаар бидний бие физиологид маш олон сайн нөлөө үзүүлдэг. Жишээ нь тархины үйл ажиллагаа сайжирч, хурдан бодож сэтгэнэ. Хөгшрилт удааширч, арьс цайна. Өглөө сэрэхдээ нозоорсон хүнд сэрдэг байсан бол хөнгөн шингэн болдог. Тиймээс хэсэгчилсэн мацгийг заавал турах үедээ ч гэлгүй амьдралынхаа хэв маяг болгоход гэмгүй. Үүний дараа миний бие хагас мацагтаа дасаж 73 киллограм дээр гацчихсан. Тиймээс би нэмэлтээр дасгал хөдөлгөөн, дэглэм барих ч юмуу ямарваа нэгэн байдлаар биед орж ирж байгаа хэрэгцээгүй зүйлсээ хасах шаардлага гарсан. Үүнээс шалтгаалаад би кето дэглэмийг удаан хугацааны турш надад тохирох эсэх талаар уншиж судлаад энэхүү дэглэмийг барьхаар шийдсэн.

Кето дэглэм гэдэг бол өөх тос давамгайлж, уургийг тодорхой хэмжээнд хэрэглэж, нүүрс усыг багасгасан хоолны дэглэм гэж ойлгож болно.

Кето хооллолт гэдэг нь нүүрс ус, сахраар биш хүний бие дэх илүүдэл хуримтлагдсан өөх тосоо задалж, энергиэ хуримтлуулахыг хэлж байгаа юм. Хоолны харьцаа ямар байх вэ гэхээр өөх тос 75 хувь, нүүрс ус таван хувь, уураг 20-25 хувь бүтэцтэй байдаг. Бусад дэглмээс юугаараа давуу бэ гэхээр давсыг хасдаггүй учир, амттай хоол хийж идээд хоёр дахин үр дүнтэй жингээ хасаад байж болно.

Тухайн дэглэмд маань зөвшөөрөгдсөн хүнсийг манайхан судлаад хайгаад, мэдээд аваарай. Идэж болохгүй зүйлсийн жагсаалтийг ч мөн адил. Интернэтэд энэ талын мэдээлэл маш их бий.

Хоол дэглэмээс гадна турахад хамгийн нөлөөтэй зүйл бол мэдээж дасгал хөдөлгөөн. Миний хувьд охиноо салхилуулангаа тэргийг нь түрээд өдөрт 1-2 цаг алхдаг байсан. Мөн сүүлийн нэг сар гүйж байгаа. Манайхан ядаж л дэлгүүр гарахдаа шатаар дээш доош өгсөх нь өгзөгний булчинг чангаруулахаас гадна, бие жигд турахад дэмтэй. Тиймээс цахилгаан шат гэлгүй шатаар алхаж байгаарай.

"ӨӨРТ ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД"

Хөхүүл ээжүүд маань эдгээр дэглэмийг барихад яах бол гэж санаа зовж байж магадгүй. Ер нь бол хооллолт эрс өөрчлөгдөж, хооллох цаг солигдож байгаа учраас хүний бие дасан зохицох хугацаа зайшгүй шаардагдана. Эхэндээ миний хөхний сүү багасаж байсан, харин хоолондоо дасаад ирэхээр буцаад хэвийн болдог юм билээ. Өөр бусдаар бэрхшээл надад бэрхшээл тугараагүй ээ. Бие маань харин ч илүү хөнгөн шингэн нойрондоо сайн болсон.

Мөн сэтгэл санаанд минь маш их эерэг өөрчлөлтүүд гарсан. Өөртөө итгэлтэй болж, ямарч зүйлд тууштай, эрч хүчтэй  байх сэтгэлийн тэнхээтэй болсон. Одоо би үнэхээр кайфтай амьдарч байна. Олон жил өөрөө ч мэдэлгүй өөрийгөө голж явснаа одоо л мэдэж байна. Энэ өөрчлөлтийг оройтсон ч гэсэн эхлүүлж үр дүнд хүрсэндээ маш сэтгэл хангалуун байгаа.

Ярилцлагын төгсгөлд бүсгүйчүүддээ гэж хэлэхэд маргааш гэж ямар ч зүйлийг битгий хойш тавиарай. Яг одооноос л эхэл. Чиний амьдрал зөвхөн чамаас л шалтгаална , чи чадна.

Амжилт хүсье!

No description available.

 

 

 

 

 

 

 

 

3 Сэтгэгдэл:

  1. Мундаг шүү амжилт хүсье дүүдээ

  2. Ямар мундаг бүсгүй вэ😘

  3. Хамгийн мундаг,хүчтэй хайртай найз минь ❤️ Тэр чадсан та нар ч бас чадна 💪🏼👏🏻🙆🏻‍♀️🙆🏻‍♀️🙆🏻‍♀️

Сэтгэгдэл илгээх